Сүүлийн жилд манай улсын эдийн засаг түүхэндээ байгаагүй “тэсэрч” байна. Учир нь, анх удаа бага орлоготойгоос дунд орлоготой орны тоонд оров. Нэг хүнд ногдох ДНБ 28.7 хувиар нэмэгдэж, эдийн засгийн бодит өсөлт 20 хувиар дээшилснээр түүхэндээ байгаагүй амжилт тогтоов. Гэвч жирийн иргэдийн амьдрал бахь байдгаараа. Эдийн засаг өссөн ч инфляц иргэдийн халаасыг хумсалсан хэвээр.
Сүүлийн жилүүдэд энэ байдал газар авч инфляц 13 хувиас буусангүй. Экспорт өмнөх оны сүүлчээр 95 хувьд хүрч, 117.5 сая ам.доллар буюу 41.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн өрх гэрийн худалдан авах чадвар хоёр дахин нэмэгдсэн гэх таатай мэдээ чих дэлсэвч бидний төдийлэн ойлгоод байдаггүй хэрнээ үргэлж сүүдэр шиг дагаж, халаасан дахь хэтэвчид нөлөөлж байдаг өнөөх инфляц гээч нь 15.4 хувьд хүрчихлээ. Түүнийг халууны шилээр хэмжвэл, Монголын эдийн засаг хэт “халуунтай” байна хэмээн заах биз. Яг одоо л түүний халууныг бууруулж, өвчнийг нь намдаах тариа хэрэгтэй байна. Энэ онд Монгол Улсын инфляц 16.2-17 хувьд хүрнэ хэмээн зарим эдийн засагч анхаарууллаа.
Харин Олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар энэ тооноос дээш, доош таван хувьтай хэлбэлзэнэ гэж үзэж байгаа аж. Ямартай ч инфляц хоёр оронтой тооноос доошлохгүй бололтой. Инфляцыг тогтоон барих арга байгаа эсэх талаар мэргэжилтнүүдийн үгийг хүргэе. Төвбанкны эдийн засагч “Төр иргэддээ дэмжлэг үзүүлэх бус эргээд халаасыг нь хоослож байна. Иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө тарааснаар харин ч инфляцыг улам хөгжөөсөн. Үүнээс болж, бараа бүтээгдэхүүн хомсдож үнийн хөөрөгдөл бий болж, нийлүүлэлтээс давсан эрэлт инфляцыг өсгөсөн. Бид бэлэн мөнгө тараахын эсрэг байсан. Энэ оны эцэс гэхэд манай улсын инфляц 20 хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа” хэмээн тайлбарлав. Инфляцын өсөлтийг өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа. Дээр нь шатахууны үнийн өсөлт, сонгуулийн амлалт, махны жолоодлогогүй үнэ нэрмээс болсныг эдийн засаг чид дуу нэгтэй хү лээн зөвшөөрсөн.
Инфляц хөөрөгдөхөд ташуур өгсөн махны үнийн өсөлт өнгө рөгч оны сүүлчээр хүчээ авсныг иргэд мартаагүй байх. Өдгөө кг махны үнэ 10.000 төгрөгт хүрчихсэн атал УИХ-ын эрхэм гишүүд зөөлөн суудлаа булаалдан ард түмнээ анзаарах ч сөхөөгүй суугаа. Төгрөгийн ханш унасаар. Өөрөөр хэлбэл, мянган төгрөг тутмын 200-300 нь салхинд зүгээр л хийсч буйг эдийн засагчид хэлэв. Зургаадугаар сард инфляц өнгөрөгч сараас 0.5, өнгөрөгч оны мөн үеийнхээс 14.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Манай улсад инфля цыг Үндэсний статистикийн хороо, Монгол банк хоёр л тодорхойлдог. Статистикийн хороо иргэдийн худалдан авалт дээр үндэслэн тогтоодог бол Монголбанк тус хорооны судалгаанд тулгуурлан зарим дэд бүлгийг нь хасаж инфляцын түвшинг гаргадаг. Монголбанкны тодорхойлсноор инф ляц сарын 0.5, жилийн 14.7 хувь хэмээсэн. Тус банкнаас инфляцыг 10 хувьд барина хэмээн онилж байгаа ч хэзээ ч байгаа онож бууддаггүй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр 20 хувьд хүрсэн хойно нь амаа барих вий. Төвбанк Монголын эдийн засаг дахь их хэмжээний мөнгийг татаж авах ажлыг шат дараатай хийсэн.
Өнгөрсөн жилийн хугацаанд бодлогын хүүгээ дөрвөнтөө өөрчилж, өдгөө 13.5 хувьд хүргээд байна. Сөрөг үр дагавар нь гэвэл арилжааны банкууд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлээ хумьсан. Ингээд ч болтугай инфляцыг чөдөрлөж чадаж байвал хамаа алга. Инфляц ийн 15.4 хувьд хүрснээр иргэд, тэр дундаа амьжиргааны түвшнээс доогуур орлоготой хүмүүсийн амьдрал тэр хэмжээгээр доройтно гэсэн үг. Үнийн хэт өсөлт нь бага орлоготой иргэдийн мөнгийг өндөр орлоготой хүмүүс рүү зөөдөг гүүр нь болдог хэмээн мэргэжилтнүүд үздэг. Өөрөөр хэлбэл, баян ядуугийн ялгааг улам холдуулна гэсэн үг. 2008 оны Дэлхийн эдийн засгийн хямралын үед инфляц 34 хувьд хүрч байсан түүх биднээс хараахан холдоогүй байна. Төр засгийн эрхмүүд Халамжийн мөнгийг хавтгайруулан тарааснаа их санаж, ядуурал буурсан гэх цаасан дээрх хуурай тоогоор сэтгэлээ хуурч байгаа бол том эндүүрэл гэж хэлмээр байна. Энэ их мөнгөөр үйлдвэрлэлээ дэмжсэн бол хэд дахин өсөж болохоор байлаа. Гэтэл энэ мөнгийг зүгээр л иргэдэд тараачихсан.
Бодлогогүй сонгуулийн амлалтаас болж иргэд өдгөө 15.4 хувийн инф ляц шингэсэн үнээр бараа бүтээгдэх үүнээ худалдан авч халаасаа харлуулж сууна. Олсон хэд нь оройн хоолных нь махны үнэд ч хүрэхээ больсон энэ цаг үеийг эргээд нэг хармаар. Инфляц өссөөр л байх уу. Уул уурхайн хөгжил тэлж, төсвийн тогоо улам томор соор. Энэ оны “Хүний хөгжин сан”- гийн нийт орлого 477.9 тэрбум, зарлага нь 892.1 тэрбум төгрөгт хүрч сангийн тэнцэл 414.2 тэрбумын алдагдал хүлээсэн. Тэдний бэлэн мөнгөөр хур буулгасны хар гайгаас болж, бид инфляц гээчид дарлуулж байх гэж.
Өнгөрсөн гурван жил уул уурхайн хөрөнгө оруулалтаас 1.5 их наяд төгрөгийг “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлжээ. Статистик мэдээнээс харахад гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ өнгөрөгч сарын эцэст гэхэд 891.5 тэрбум болж, өмнөх сараас 108.6 тэрбум буюу 13.9 хувь, өмнөх оны мөн үеэс 252.7 тэрбум төгрөг буюу даруй 39.6 хувиар өссөн байна. Дэлхийн банкны эдийн засагчид инфляц өснө гэдгийг анхааруулж байсан ч харамсалтай нь Монголын төр усанд хаясан чулуу шиг дууг үй суув. Хэт хурдан давхиж буй мориныхоо амыг татаж, чөдөрлөх цаг ирснийг дээрх тоо баримтууд сануулж байна. Зөөлөн сандалд тухлагчид орлого, зарлага өсөлтийн том тоо ярьж, нэг гараараа бэлэн мөнгө тараан, нөгөө гараараа инфляцыг “өрдсөнөөс” өөр зүйл хийсэнгүй. Төсвийн алдагдал жил хүрэхгүй хугацаанд 574 тэрбумд хүрсэн нь тэдний буруу үйлдлийг гэрчлээд өглөө. Хөрөнгийн зардлын огцом өсөлт нь эдийн засгийг шингээх чадварыг сулруулж, үнийг огцом өсгөж байгааг эдийн засагчид анхааруулсаар л байна.
Инфляцыг хэрхэн хазаарлах вэ?
Ч.Хашчулуун (Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны дарга, эдийн засагч)
-Мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон цалингийн хэмжээ инфляцийг бүрдүүлдэг. Махны үнэ юунаас болж өсөв. Иргэд махны нийлүүлэлт бага байгаагаас болж үнэ хөөрөгдлөө хэмээн боддог ч үүнийг төр барих шаардлагатай. “Роснефть” компани энэ сард манайд нийлүүлэх шатахууны үнээ нэмсэн гэсэн. Тонн тутамдаа 21-41 ам.доллараар өсчихөж. Шатахууны үнэ 50 төгрөгөөр л дээшлэхэд бизнес эрхлэгчид үнийн өсөлтийн цоорхойг ашиглан бараа бүтээгдэхүүний үнийг өсгөдөг хойно, тун удахгүй үнэ өсч таарна. Иймд шатахуун, махны үнийг тогтоон барьж, дээр нь цалингаа нэмэхг үй байвал инфляцыг тогтоон барих боломж байгаа. Төрийн бодлого л дутагдаж байгааг онцолж хэл мээр байна. Төвбанк бодлогын хүүгээ өсгөхөөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хэцүү болоод байна.
Ө.Ганзориг (Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийл өгч, эдийн засагч)
-Дэлхийн банкныхан “Хэрвээ төсвөө тэлбэл эдийн засаг чинь “хална” шүү” хэмээн нэгэнтээ сануулж байсан. Гэсэн ч УИХ Нийгмийн даатгалын сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар, энэ оны эхээр Улсын төсөвт нийт 161.5 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын санд 13.9 тэрбум, орон нутгийн төсөвт 8.8 тэрбум төгрөгийг тус бүр нэмэх шаардлагатай байсныг нэг бүрчлэн тусгаж өгсөн. Мөн “Хүний хөгжил сан”-гаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая, оюутнуудад 70 мянган төгрөг тараан нийгэмд бэлэн мөнгөний урсгал бий болголоо. Инфляцыг тогтоон барих арга нь хамгийн энгийнээр төгрөгийн ханшийг чангатгах юм. Өөрөөр хэлбэл долларын ханшийг сулруулж урсгал зардлыг бууруулж, уул уурхайн салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбарт мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэвэл инфляцыг чөдөрлөж болох юм.
О.БАТ-УНДРАХ