Монгол түмэн Лондоны олимпийн жүдогийн тэмцээн болж байгаа цэнгэлдэх хүрээлэнд уухай түрэн чуулсан байв. Эх нутагтаа зурагтаар үзэж байгаа монголчуудын хувьд камерын эсрэг талд төрийнхөө алтан соёмбот далбаагаа намируулан зогсох залуу их хань болж байлаа. Гэсэн ч медаль авна гэж хүлээж байсан жүдогийнхон маань тэмцээнээ азгүй байдлаар үргэлжлүүлэв.
2008 оны Бээжингийн олимпод О.Гүндэгмаа булган сүүлтэй мөнгөн медаль хүртэж, монголчууд дуу дуугаа авалцан медаль хүртэж, баярлалдаж байв. Харин өнөөдрийн хувьд Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн төрлийн шигшээ тоглолтод шалгарч чадаагүйгээр азгүйтлыг эхлүүлсэн байж ч болох. Гэхдээ түүнд ирэх сарын 1-нд өөрийн үндсэн төрөл болох гар бууны 25 метрийн төрөлд даагаа нэхэх боломж бий.
Монголчууд олимпийн наадмаас медалийн горьдлого тавьдаг гол төрлүүдийн нэг болох жүдогийн тамирчдаас Х.Цагаанбаатарт илүү найдлага тавьдаг. Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар “Лондон 2012” зуны ХХХ олимпоос бардам алт авна гэж бид найдаж байв. Харамсалтай нь эзэн орны бөхөд ялагдсан. Түүнд дагах барилдаан хийх боломж байгаагүй. Гавьяат тамирчин М.Бундмаа ч бас дагах барилдааны эрх авч чадалгүйгээр ялагдсан. Уг нь М.Бундмаа өрсөлдөгчөө цэвэр ялаад л, араас нь Цагаанаа маань ч ялаад монголчууд хэсэгтээ л баяртай байв. Төд удалгүй гонсойсон.
Гонсгор ням гарит манай таван тамирчин өрсөлдөх байснаас эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах төрөлд өрсөлдсөн манай тамирчин Г.Оюунгэрэл хагас шигшээ тоглолтод шалгарч чадсангүй. Тэрбээр улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг ч 100 метрийг 1.27.17 дольд туулсан нь сүүлээсээ хоёрт орох амжилт байлаа. Манай тамирчин залуу, мөн цагаан хуудсаар оролцсон гэдгийг бодолцож болох. Гэхдээ олимп бол туршилт биш.
Хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр цэнгэл зуны XXX олимпийн наадамд өнөөдөр эх орноо төлөөлж оролцох тамирчдын сүүлчийнх нь боксын ОУХМ Б.Түвшинбат. Манай ширэн бээлийтнүүд ч медаль авах шаанстай. Жиндээ дээгүүрт эрэмбэлэгддэг. Б.Түвшинбат маань Лондонгийн олимпийн рингнээ 69 кг-ийн жинд гарна. Түүнийг гонсгор ням гаригийг аварч гялалзсан амжилт үзүүлнэ гэж найдъя. Б.Түвшинбат Монголын цагаар 22.00 цагт Габоны боксчин Янник Митумба Мбемитэй тулалдана.
Нэмж хэлэхэд, Олимпод амжилт гаргаагүй тамирчиддаа гомдлын үг хэлэх нь тусгүй боловч, үлдсэн тамирчиддаа ялагдах эрх байхгүй гэдгийг сануулж, Лондоны тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал эгшиглэн, алтан соёмбот туг маань намирч байхыг харахыг хүссэн монголчуудынхаа сэтгэлийг дайх нь чухал юм.
М.Бүүвэй
www.time.mn