Манай улсын Ургамал хамгааллын хүрээлэн өнөөдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд гарын үсэг зурснаар манай хоёр улс ойрын таван жилд ургамал хамгааллын чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улс ОХУ-ын Новосибирск хотын “Сиббиофарм”, “Сибхолдинг”, Санкт-Петербург хотын Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Эрхүү хотын хөдөө аж ахуйн академи, “Август” ферм, Буриад улсын хөдөө аж ахуйн төв зэрэг шинжлэх ухаан үйлдвэрлэлийн байгууллагуудтай хамтран 2008 оноос гэрээ хэлцэл байгуулан ажиллаж байна. Цаашдын хамтын ажиллагааны үр дүнд тариа, төмс хүнсний ногооноос арвин ургац авах шинэ технологийг өөрийн орны нөхцөлд нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Мөн 20 гаруй шинэ төрлийн ургамал хамгааллын бодисыг хэрэглэж болох технологи боловсруулж, улаан буудай, ургамлын өвчинтэй тэмцэх, жижиг оврын үйлдвэр барих юм. Ингэснээр гаднаас авдаг хор, ургамал хамгааллын бодисыг багасгах аж. Мөн ОХУ-ын хил орчмын нутгийн тархалт хүрээ нь ихсэж байгаа мэрэгч амьтан, нугын бор эрвээхэй, царцааны тархалтын судалгааг хамтран явуулах аж.
Энэ тухай Ургамал хамгааллын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Амаржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хамтран ажиллах хугацаанд ямар ажил хийх вэ?
– ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвийн удирдлагууд ХХААХҮЯ-ны Ургамал хамгааллын хүрээлэнтэй ойрын таван жилд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Бид 2008 оноос Сибирийн салбартай хамтран ажилласан. Өнгөрсөн жил ой хээрээр тархсан хог ургамал, мэрэгч амьтны тархалттай хэрхэн тэмцэх талаар ажиллаж тариалангийн чанартай бүтээгдэхүүн хурааж авсан. Цаашдаа энэ салбарт ажиллах залуу боловсон хүчин бэлтгэх ажилд туслалцаа үзүүлнэ. Оросын нутаг болон манай хил орчимд оготно, царцаа, мэрэгч амьтан хэр тархсан байгааг судална. Жил бүр үр тариа, төмс тарьж байна. Тиймээс манай улс аль болох гаднаас химийн бодис авахаас татгалзаж, ургамлын өвчин болон мэрэгчдээс хамгаалах бодис гаргах шаардлагатай байна. Мөн энэ салбарт ажиллах ажлын хэсэг өнөөдөр байгуулагдлаа. Цаашдаа ургамал хамгааллын бодисыг дотооддоо үйлдвэрлэх үйлдвэр байгуулна.
-Ургамал хамгааллын хүрээлэн жилд хэдэн га газрыг хамгаалж байна вэ?
-Манай улс 50-60 мянган га газарт зөвхөн байцаа тарьж байна. Үүнд маш их хор хэрэглэж байгаа. Тиймээс хүнсний аюулгүй байдал, ногооны өвчнөөс хамгаалахаар 10-20 мянган тонн биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тиймээс хортон шавьж устгах хорыг гаднаас авахгүй дотооддоо үйлдвэрлэх боломж байгаа юм. Эхний ээлжинд Буриадын Хиагт, Байгаль нуурын орчмоор мэрэгч болон ургамал устгагчийн судалгаа явуулна.
-Бэлчээрийн мэрэгчтэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Үлийн цагаан оготнотой тэмцэх ажилд жилд 150-250 тонн биологийн бэлдмэл үйлдвэрлэж байна. ХХААХҮЯ-тай хамтран 550-650 га газар бэлчээрийг хамгаалдаг. Мөн бэлчээр хөнөөж байгаа царцаатай тэмцэх ажлыг хийдэг. Хүнсний үр тариаг өнөөдөр тарьчихаад маргааш хураачихдаг ажил биш. Улаан буудай, төмс хүнсний ногоонд янз бүрийн бодис хэрэглэж байна. Энэ бодисын хэрэглээ их байна уу, хүний биед сөрөг нөлөө байна уу гэдгийг сайтар хянах хэрэгтэй.
-Ургамал хамгааллын чиглэлд багаж, техникийн туслалцааг ОХУ-аас үзүүлнэ гэсэн үү?
– ОХУ-ын техникийг лизингийн журмаар худалдан авах боломж байгаа. ОХУ-ын санхүүгийн байгууллагын хүмүүстэй ярилцана.
Б.Ариунаа