Оддын дурлалын паян дуусашгүй. Гэхдээ тэдний болзоот газар, дурлал нь нэг л хэвийн өрнөдөг нь сонирхолтой. Дурласан үедээ тэд нэг л газар очиж, нэг л зүйлийг хийх тун дуртай байдгийг мэдэх үү?
Бен Аффлек бол Холливудын хамгийн царайлаг залуусын нэг. Тэрбээр спортын улаан фэн. Тэр дундаа бейсболын “Бостон Ред Сокс” багийн тоглолтыг алгасаж байгаагүй аж. Тиймдээ ч дурлалт бүсгүйчүүдтэйгээ бейсболын тоглолт болж буй цэнгэлдэх хүрээлэнд болздог зуршилтай. Гэхдээ хамгийн онцгой бүсгүйгээ дагуулж ирдэг бололтой. Арван жилийн өмнө дэлхийн хамгийн сайхан, романтик хос гэгдэж байсан “Бенифер” хамтдаа бейсболын тоглолт үздэг байв. Энэхүү онцгой романтик орчиндоо гурван хүүхдийн эх жүжигчин Женнифер Гарнерыг мөн дагуулж очиж байжээ.
Жүжигчин, загвар өмсөгч Сиенна Миллер. Тэр бол теннисний агуу том “цохиур”. Бас энэ спортын үнэнч фэн. Тиймдээ ч хайртай залуустайгаа теннисний тоглолт үзэх дуртай. Сиенна Миллерийн болзооны нууц газрыг папарацциуд илрүүлсэн байна. Тухайлбал, 2006 онд халуухан амраг Жуд Лоутай Уимблдонд тоглолт үзэж байсан бол 2009 онд ээлжит амраг дижи Жорж Баркертай “US Open” тоглолт дээр, харин өнгөрсөн жил хүүхдийнхээ аав жүжигчин Том Старрижтай “Ролан Гаррос” тоглолт дээр байгааг харж байна.
Манай гаригийн цуутай залуусын нэг Жорж Клуни олон бүсгүйн зүрхийг шархлуулдаг шигээ өөрийнх нь зүрх олон сорвитой. Тэр дурласан үедээ мотоцикл дээр салхи татуулан давхих дуртай. 2007 онд реалити шоуны од Сара Ларсонтой төмөр хүлгээрээ зугаалж яваад осолд орж байсныг санаж байгаа биз ээ.
Жүжигчин, загвар өмсөгчдийн дурлал супер ч гэлээ салалт нь хүндхэн байдаг. Үүнийг хамгийн сайн мэдэх хүн бол Леонардо ди Каприо. Тэрбээр загвар өмсөгчдөд нүд унагаж, сэтгэл алдардаг гэдгээрээ алдартай. Жүжигчин залуугийн экологид ээлтэй амьдралын хэв маяг, загвар өмсөгч бүсгүйчүүдийн гоолиг байх хэрэгцээ, шаардлага нэг зүйл дээр нийцдэг нь унадаг дугуй.
Аманда Сейфридын найз залуус нохойнд хайртай, эсвэл жүжигчин бүсгүй тэднийг нохойд хайртай байхыг тулгадаг. Амандагийн дурлалын тухай ярихад ийм сэтгэгдэл хэн бүхэнд төрнө. Тэр Финн нэртэй австрали овчарктайгаа, найз залуутайгаа зугаалах дуртай нэгэн.
Жүжигчин, дуучин, бүжигчин гээд гялалзаж байгаа шоу од Жастин Тимберлейк чөлөөт цагаараа гольф тоглож, сноубордоор гулгах дуртай. Эсвэл романтик төсөөллийг нь цохиур, гулгадаг тавцан хөглөдөг байж болох юм. Үе үеийн үзэсгэлэнт хатагтай нартайгаа ногоон зүлэг болон, цас мөсөн талбайгаар зугаалах дуртай.
Б.МАНДУХАЙ