Энэ дэлхий дээр эхийн сүүг орлох юу ч байдаггүй. Энэ ч утгаараа монголчууд бид эрт дээр үеэс хүүхдээ хөхөөр хооллож эрүүл энх өсгөн торниулсаар ирсэн уламжлалтай.
Монгол Улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого"-ыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Мөн Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн сангийн удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр өнөөдрийг хүрсэн.
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоног буюу 1-7-ны өдрүүдэд хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Хүүхдээ хөхөөр хооллохын давуу тал
Хөхний сүү нь хүүхдэд шаардлагатай бүх тэжээлийн бодисыг нярайн хоол боловсруулах системийн онцлогт тохирсон найрлагатайгаар агуулж байдаг байна. Мөн хөхний сүү нь хүүхдийн дархлалын системийг бүрэлдэн тогтох хүртэл нь элдэв өвчнөөс, тэдгээрийн дотор харшлаас хамгаалдаг бодисыг агуулдаг юм.
Нярайг томрохын хэрээр эхийн сүүний найрлага нь өөрчлөгдсөнөөр хүүхдээ хэрхэн хооллосноос бие, сэтгэц, оюун ухааны хөгжил нь ихээхэн шалтгаалах нь ээ. Эхийн сүү нь өөр өөрийн гэсэн онцлогтой. Жишээлэхэд, үнээ ба ямааны сүү нь биеийн жинг нэмэгдүүлэх нөлөөг голлон үзүүлдэг байхад эхийн сүү нь хүүхдийн тархины хөгжлийг хурдасгагч бодисуудыг агуулсан байдаг байна. Иймд эхийн сүү нь нярайн эхний хагас жилд, түүний дотор эхний гурваас дөрвөн сард нэн чухал үүрэгтэй юм.
Энд ангир уураг маш чухал ач холбогдолтой. Төрсний дараах эхний цаг, өдрүүдэд ялгардаг ангир уураг нь амин дэм, фермент, эрдэс бодисуудаар баялаг болохоор хүүхдийн гэдсэнд ашигтай биобактериудын зөв тогтолцоо бий болоход зайлшгүй шаардлагатай юм. Харин энэ нь гэдэсний хэвийн бичил орчин алдагдах болон түүнээс үүдэлтэй эмгэгүүдээс хүүхдийг сэргийлж байдаг.
Эхийн сүү нь найрлагын хувьд нярай хүүхдэд бүрэн тохирдог учраас амархан шингэдэг юм.
Хүүхдээ хөхөөр хооллох арга
Нэгэн үе нярай хүүхдийг зөвхөн цагаар хооллохыг зөвлөдөг байсан ч сүүлийн жилүүдэд ийм дэглэмээр бус, харин хүүхдийг өлсөх тоолонд нь хөхүүлж байхыг хамгийн зохистой гэж үзэх болсон. Өлсөлт нь хүүхдэд эхийн хэвлийд байхдаа амсаж үзээгүй шинэ мэдрэмж байдаг. Ийнхүү хүүхдийн хоол боловсруулах систем зөвхөн үүсч хөгжиж эхэлж байхад нь хөхүүлэх зай холдоход хэт ховдоглон агаар залгиж, хэт их сүү ууснаар хоол боловсруулахад нь бэрхшээл үүсдэг байна. Иймд хүүхдийг бага багаар олон удаа хооллох нь хамгийн зөв арга юм.
Хиймэл тэжээлээр хооллох нь хөхүүл хүүхдийн гэдсэнд хэвийн бичил орчин бүрэлдэхэд саад болдог нь тогтоогджээ. Түүнээс гадна хүүхдээ амлуулах тал дээр анхаарч эрт амлуулах нь нярайд шарлалт үүсгэдэг билирубины хортой үйлдлийн магадлалыг бууруулдаг байна.
Хүүхдээ угжаар хооллох
Хүүхдийг угжаар хооллох эсэх нь бас чухал асуудал юм. Эхийн хөхнөөс ба угжнаас хөхөх арга нь хоёр өөр байдаг. Угж хөхөх үед хүүхдийн хацрын булчин ажилладаг бол хөхнөөс хөхөхөд хэлний булчин ажилладаг. Улмаар хацрын булчинг ажиллуулах нь харьцангуй хялбар гэдгийг хүүхэд хурдан ойлгодог учраас угжаар хооллосон хүүхэд хөхөө хөхөх дургүй болдог байна.
Мөн эхийн хөхний толгой хагарах, чинэрэх зэрэг таагүй асуудал үүссэнээр хүүхэд тэжээвэр хооллолтонд ордог. Гэвч эмч, судлаачид байгалийн үнэгүй бэлэг болох ангир шар уургаараа л хооллохыг зөвлөдөг.
Эх ба нярай хүүхэд хоёрын харьцааг хамгийн бат бэх болгодог зүйл юу вэ?
Энд хүүхдээ хөхөөрөө тэжээх гэхээс өөр хариулах хариулт олдохгүй бизээ. Хүүхдийг хөхөөр хооллоход хөхний хэмжээ огт хамаардаггүй бөгөөд эхийн сүүний ялгарал, хүүхдээ хөхөөр хооллох дадал хоёрыг эс тооцвол бусад нь байгалийн зохилдлогоо буюу эмэгтэй хүнээс юу ч шаарддаггүй зүйл юм. Эхийн сүү зөвхөн хүүгийн (охины) чинь заяаны хоол, өөр юугаар ч орлуулж үл чадах гайхамшигтай рашаан, бурхан тэнгэрийн хишиг ажээ. Яагаад гэвэл эхийн сүү хамгийн чухал шимт бодис болох уураг, тослог, нүүрс усыг хүүхдийн биед хамгийн зохистой харьцаа, хамгийн шингэцтэй хэлбэрээр агуулдаг тул хүүхдэд юугаар ч сольшгүй тэжээл болно.
Ийнхүү хүүхдээ наанадаж дөрвөн сар, чадвал зургаан сар хүртэл нь зөвхөн хөхөөрөө хоолло. Хөхүүл хүүхэд тэжээвэр хүүхдийг бодвол рахитаар хоёр, тураалаар гурав, уушгины хатгалгаар тав, суулгалт өвчнөөр гуч дахин цөөн өвчилдөг нь элдэв өвчнөөс хамгаалах хөхний сүүний ид шидийг харуулж байна.
Хүүхдээ хөхөөр хооллох нь эхэд ямар ашигтай вэ?
Хүүхдээ хөхүүлснээр хөхний хэлбэр алдагдана гэдэг буруу ойлголт манай эмэгтэйчүүдийн дунд байдаг. Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраас сэргийлдэг болохыг судалгаа харуулжээ. Мөн түүнээс гадна төрсний дараа хурдан жин хасах, сэтгэл санаа өөдрөг байх болон санхүүгийн гээд олон талын ашигтай.
О.Чанцалдулам