Ирэх 5-нд XX зууны хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг үзэсгэлэнт Мэрилин Монрогийн таалал төгссөний 50 жилийн ой тохионо. Мөнхийн залуу, гоо үзэсгэлэнтэй байсныхаа олон нууцыг үхэлтэйгээ хамт авч одсон түүний учир битүүлэг намтраас хамгийн саяхан шинийг нээж байсан билээ.
Хүн төрөлхтөн Монрогийн талаар өөр юу мэдэхгүй вэ. Америкийн “Business Insider” цахим хэвлэлийн сэтгүүлчид Мэрилин Монрогийн олонд мэдэгдээгүй зарим баримтаас дэлгэжээ.
ХУУРАМЧ АЛМААЗУУД
Алмааз бол эмэгтэйчүүдийн сайн найз хэмээн дуулдаг байсан жүжигчин бүсгүй үнэн хэрэгтээ харьцангуй бага урамшуулал авдаг байж.
Тухайлбал, “Жентельменүүд шаргал үстнүүдийг илүүд үздэг” кинонд Монротой хамтран тоглосон Жейн Расселийн орлого Монрогийнхоос даруй 10 дахин их байсан гэнэ. Түүний хамгийн сүүлчийн уран бүтээл болох “Ямар нэг зүйл тохиолдох л ёстой” киноны гэрээ л гэхэд Монрод ердөө 100 мянган ам.долларын орлоготой байжээ.
Гэхдээ энэ киноны зураг авалт Монро таалал төгссөн учраас дуусаагүй юм. Элизабет Тейлор ид үедээ Клеопатрагийн дүрийн төлөө нэг сая ам.долларын гэрээ байгуулсантай харьцуулахад дэндүү бага урамшуулал. Монро бүх амьдралынхаа туршид “Twentieth-Century Fox”-оос хамгийн их урамшуулал авах гэрээ байгуулсан ч дөрвөн өдрийн дараа хорвоог орхисон билээ.
Мэрилин Монро ой тогтоолт, хөгжмийн сонсгол муутайгаараа ойр хавийнхандаа алдартай байж. Нэгэн жазз төрлийн кинонд “It’s me, Sugar” гэсэн мөрийг зөв дуулахын тулд 60 удаа давтаж байв.
Мэрилин Монро 1953 онд “Playboy” сэтгүүлийн сарын онцлох бүсгүйгээр тодорч зургаа авахуулжээ. Зургийг нь ашигласны төлөө жүжигчинд 50 ам.доллар төлсөн байна. Хожим нь, тус сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер жүжигчний зургийг 500 ам.доллараар худалдан авчээ. Өнгөрсөн зун Монрогийн нүцгэн зургуудыг үзэсгэлэн худалдаанд тавьсан ч авах хүн олдоогүй юм.
Мэрилин Монро олон нэртэй байсан. Анх эцэг эх нь Норма Жин Мортенсон нэр хайрласан бол загалмайлахдаа Норма Жин Бейкер болгон өөрчилжээ. Тэрбээр, Жин Норман ба Мона Монро гэх нууц нэрээр загвар өмсдөг байв.
Зочид буудал, эмнэлгүүдэд Зельда Зонк, Фэй Миллер гэсэн нэрээр үйлчлүүлдэг байжээ. 1956 онд нэрээ Мэрилин Монро болгон албан ёсоор өөрчилсөн юм. Монро 1962 оны наймдугаар сарын 5-нд эм хэтрүүлэн хэрэглэснээс болж 36 насандаа хорвоог орхисон билээ.