Залуу дуучид дундаас монголжуу төрх, гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал “Домогт Ану” хатан киноны Ану хатны дүрийг бүтээж байна. Тиймээс түүнтэй ярих зүйл сонирхолтой байна биз ээ.
-Дуучин хүн кинонд, тэр тусмаа түүхэн дүрд тоглоно гэдэг амаргүй байх аа. Хичээж байгаа биз?
-Жүжигчин хүнийг авчраад ари дуул гэвэл шуудхан сайн дуулчихгүй л байх. Түүнтэй л адилхан дуучин хүн кинонд тоглохоор дүр нь шууд л амилчихгүй шүү дээ. Тэгэхээр маш их хичээж, хөдөлмөрлөж, мэргэжлийн уран бүтээлчдээс зөвлөгөө авч байна. Анх надад кинонд тоглоно гэдэг бодол хэзээ ч төрж байгаагүй. Нэг л өдөр Ану хатан романы зохиолч Шүүдэрцэцэг утасдаад пробонд орох санал тавьсан. Үүнийг сонсоод ямар их баярласан гээч. Дэлгэцэнд хатны дүрээр мөнхөрнө гэж бодохоор надад олдох алтан боломж юм шиг санагдсан. Ингээд л пробонд орсон. Гэтэл харин найруулагч маань хоёр сарын дараа утасдаад дүрдээ тэнцлээ, кинонд тогло гэж хэлсэн.
-Дуучин хүн кинонд тоглосон гэж бодохоор дуулдаг хэсэг байгаа болов уу гэж бодогдсон шүү?
-Байхгүй ээ. Харин киноныхоо дууг би өөрөө дуулсан.
-Ану хатны түүхийг хүмүүс мэднэ л дээ. Гэхдээ Д.Отгонжаргалаас ямар Ану хатан төрөх бол?
-Дайны талбарт зэвсэг барин тэмцэлдсэн хоёрхон хатан Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Мандухай сэцэн хатан, Ану хатан. Тэгээд ч монгол хатдын ухаан чадал, гоо үзэсгэлэн дэлхийд гайхагддаг шүү дээ.
Ану хатан бол хайр сэтгэлийнхээ төлөө амиа зольж буй баатарлаг эмэгтэй.
Киноны төгсгөлд Галдан бошигт хаан дайсны бүслэлтэд орчихоод ялагдахын даваан дээр Ану хатан зуутын цэрэгтэйгээ бүслэлтийг сэтэлж ордог. Ингэж нөхрөө, хүүхдүүдтэйгээ авраад, өөрөө амиа алддаг юм. Энэ хэсэг дээр хамгийн их сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй нулимс унагасан шүү.
-Тэгэхээр та зэвсэг бариад тулалдах нь ээ?
-Тийм ээ. Морь унаад, сэлэм бариад тулалдана. Харин Ану хатны дүрд тоглосноосоо хойш морь маш сайн унаж сурсан.
-Та хэдэн настай хатны дүрд тоглосон юм бэ?
-18 настай Ану хатанд өргөмжлөгдөх үеэс нь эхлээд 45 настайдаа дайны талбарт амиа алдах хүртэл тоглоно.
-Киноны хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсгийн тухай ярьж өгөхгүй юу?
-Миний хувьд бүх л хэсэгт сэтгэл хөдөлсөөр байсан. Хатны өмсдөг хувцас гоё, хэлж буй үг хэллэгүүд нь гоё. Бас Галдан бошигт бид хоёрын анхны шөнө хэзээ ч мартагдашгүй сайхан. Хамгийн сүүлд нөхрөө авраад өөрөө үхдэг хэсэг ч бас үнэхээр сэтгэл хөдөлгөм.
-Анхны шөнөө өнгөрөөсөн Галдан бошигт хааны дүрд хэн тоглосон юм бэ?
-Guyss-666 хамтлагийн дуучин Мягмар тоглосон. Гэхдээ тэр бол мэргэжлийн жүжигчин хүн шүү дээ.
-Бид алдарт Мандухай сэцэн хатныг ардын жүжигчин Н.Сувдаар төсөөлж ирлээ. Ану хатныг ч бас магадгүй өөрөөр чинь төсөөлөх байх. Энэ бол том хариуцлага шүү?
-Миний монгол орон чинь агуу их түүхийн эзэд. Тэр дотроо ухаант, хатдынхаа түүхийг мөнхлөх ийм кинонд тоглоно гэж бодохоос анх их сүрдсэн л дээ. Гэхдээ өөрийнхөө хувьд хамаг хүчээ шавхан хичээсэн.
-Судалгаа хэр их хийв?
-УДЭТ-ын тайзнаа амилсан Ану хатан жүжгийг кинонд тоглохоо мэдээ ч үгүй байхдаа очиж үзсэн юм билээ. Дараа нь романыг нь дөрвөн ч удаа уншсан. Мөн түүхэн дүрээр гаршсан ахмад болоод үе тэнгийн уран бүтээлчдээсээ зөвлөгөө авах зэргээр байдаг чадлаараа л хичээж байна.