“Шилмэл загвар” ХХК-аас зохион байгуулж буй “Mongolian beauty” тэмцээний финалын шат энэ сарын 29-нд Богдын музейд болох юм. Энэ талаар "Шилмэл загвар" ХХК-ийн тайзны алхааны багш топ модель Э.Сэлэнгэтэй ярилцлаа.
-Энэ удаагийн “Mongolian beauty” тэмцээний хамгийн гол онцлог?
-Мисс ,моделийн тэмцээнийг хамтатган хийж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн өсвөр насны загвар өмсөгчдөд олон улсын тэмцээнд оролцох том боломж олгож байна.
-Оролцогчдод тавигдаж буй шалгуурууд?
Тайзан дээр гоё сайхан байхын зэрэгцээ амьдрал дээрх тухайн хүний авьяас чадвар, хэлний мэдлэг, хувцаслах соёл, харилцаа, биеэ авч явах соёл гээд бүх талаар нь шалгуур тавигдаж байгаа. Тэр ч утгаараа сар гаруйн хугацаанд хүүхдүүдтэйгээ хамт ажиллалаа.
-Таны хувьд олон улсын уралдаан тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож байсан. Оролцогчиддоо ямар зөвлөгөөг түлхүү өгч байгаа вэ?
Тайзны алхаа, тайзан дээр биеэ хэрхэн авч явах вэ?,мөн олон улсын шүүгч нар аль үзүүлэлтийг түлхүү хардаг вэ гээд өөрийн туршлагаасаа хуваалцаж байгаа.
-Таниас гадна “Шилмэл загвар” ХХК-ын багш нар ямар үүрэгтэйгээр оролцож байгаа вэ?
-“Mongolian beauty” тэмцээний маань багш нар дандаа “Шилмэл загвар”-ынхан. Тэд оролцогчдын харилцаа, тайзны зохион байгуулалт гээд олон зүйл дээр нь анхаарч хичээл орж байгаа.
-Тэмцээний шүүгдийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтаж байгаа вэ?
-Одоогоор шүүгчдийн бүрэлдэхүүнийг хэлэх боломжгүй. Тухайн үедээ нэр нь тодрох байх. Зочин шүүгчдээр ажиллаж байгаа хүмүүс бий.
-Тасалбарын үнэ хэд байгаа вэ, мөн хаанаас авах вэ?
-19900 төгрөгийн үнэтэй байгаа. Нийт 250 билет худалдаалагдана. Шилмэл загвар төвөөс билетээ ирж авах болмжтой.
-Энэхүү тэмцээнээс та бүгд яг ямар оролцогчдийг хайж байгаа вэ?
-Олон улсын тэмцээнд тухайн орноо төлөөлж чадахуйц шилдэг оролцогчид ирдэг. Тиймээс монголын нүүр царай болж чадахуйц чадварлаг, авьяаслаг,боловсролтой моделиудыг шалгаруулж оролцуулахаар хайж байгаа.
–Түрүүн “өсвөр насныхан” гэж ярьж байсан. “Mongolian beauty” –д хэдээс хэдэн насны залуучууд оролцож байгаа вэ?
-14-22 насныхан оролцож байгаа. Сүүлийн үеийн хүүхдүүд их өсгөлүүн болсон байна. 14 ,15 настай хүүхдүүд гэхэд 180 см өндөр байдаг болж. Тиймээс залуу үеийн моделиудаа дэмжих хэрэгтэй.
-Өмнөх жилүүдэд оролцсон манай моделиуд энэхүү олон улсын тэмцээнүүдэд хэр амжилттай оролцож байсан бэ?
-Манай мисс, загвар өмсөгчид азиуд дундаа нэлээн чадварлаг гол өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор ордог. Мэдээж оролцсон тэмцээнүүддээ маш амжилттай оролцож өмнөх жилийн амжилтуудаа дандаа ахиулдаг.
-Таны бодлоор Азийн загвар өмсөгчдөөс манай загвар өмсөгчдийн ялгарах гол онцлог?
Орон болгоны моделийн алхаа, биеийн порпорцийн хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Ерөнхийдөө азийн орны загвар өмсөгчид яс жижигтэй, өндөр байдаг. Харин Монголын загвар өмсөгчид миний бодлоор их өсгөлүүн ясархаг байдаг. Энэ нь тайзан дээр давуу тал болж чаддаг юм шиг. Монголын загвар өмсөгчдийн хувьд бүх талаараа дасан зохицох чадвар сайн тэвчээртэй өөрсдийнхөө зорьсон зорилгод үнэнч тэрнийхээ төлөө тууштай явж чаддаг.
-Тэмцээний шагналын хувьд?
-Мэдээж олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд оролцох эрх, Шилмэл загвартай хамтран ажиллах гэрээ? мөн бусад ивээн тэтгэгч компаниудтай хамтран ажиллах гэрээ шагналууд гээд олон байгаа.
-Эцэст нь…?
-Энэхүү тэмцээн маань цуврал нэвтрүүлэг болон Монгол телевизээр финалын дараа үзэгчдэд хүрнэ. Тэмцээнд түрүүлсэн оролцогчид маань тухайн өдрийн байдлаар тэмцээндээ хэрхэн оролцож байгаагаар дүгнэгдээгүй. Өмнө нь тэмцээндээ хэрхэн оролцож байснаар дүгнэгдэнэ гэдгийг хэлье.
Д.Төгс