-Хоёулаа жолооч, зорчигчийн замын хөдөлгөөний соёлын талаар яриагаа эхлэх үү ?
-Замын хөдөлгөөний соёл, жолоочийн соёл гэж ярих дургүй. Би соёлтой хүн гээд ард яваа жолоочид зам тавьж өгч болохгүй биз дээ. Би ч, тэр хүн ч явдагаараа л явна. Соёлын асуудал дүрмийг хэр зэрэг биелүүлж байгаагаар л илэрнэ. Нэг нэгнээ хүндэтгэх асуудал нь соёл биш. Ер нь замын хөдөлгөөний дүрэм хэрэгждэггүй улсад засгийн газрын хөтөлбөр хэрэгжинэ гэдэг зүүд зэрэглээ. Яагаад гэвэл аливаа хүн хууль, ёс дэгийг өөр дээрээ эхлэн хэвшүүлэхгүй, бусдыг хэвшүүл гэж шаардах, хэвших байх гэж бодох ч юм уу, хэзээ нэгэн цагт хэвшинэ гэдэг ойлголт байж болохгүй. Улаан гэрэл дээр зогсдоггүй, ногоон гэрлээр гарч сураагүй жолооч татварын хуулийг биелүүлнэ гэдэг нь асуудалтай. Дүрэм журмыг өөр дээрээ хэрэгжүүлж сурсан цагт л бусад нь хэвшинэ гэж ойлгох хэрэгтэй. Бусад хэвшээд дараа нь би хэвшинэ гэсэн ойлголт байхгүй. Түгжрэлийн асуудал бол жолооч нар дүрмээ барихгүйтэй л холбоотой. Зам түгжрээд ачаалал аваад ирэхээрээ л хоорондоо хэрэлддэг, мууддаг гээд хүн хоорондын асуудал болоод нөгөө соёлын асуудал гарч ирж байгаа юм.
– Жолооч нар хичээгээд л болох асуудал мөн үү?
– Ганцхан жолоо барьж байгаа би хичээгээд болдоггүй юм. Тухайлбал, Би Сэлбийн голын гүүр гараад явж байлаа. Би хоёрдугаар эгнээгээр, өөрөөр хэлбэл сөрөг урсгалынхаа талд явж байгаа юм. Гэтэл миний зүүн гар талаас гарцгүй газраар нэг бүсгүй гүйлээ. Сөрөг урсгалаас гүйж байгаа юм. Одоо миний урдуур орж ирнэ биз дээ. Энэ эмэгтэй яарч яваа бол би зам тавьж өгье гээд тоормоз гишгээд гарсан. Гэтэл миний баруун гар талд байсан автомашинд мөргүүлчихсэн. Үнэн чанартаа, би тэр бүсгүйг дайруулж байгаа юм. Хэрвээ би, тэр хүнийг явган хүний гарцаар гарах ёстой гээд явсан бол дайруулахгүй, миний зүүн гар талд хоцрох ёстой. Би мундаг соёлтой нөхөр зам тавьж өгснөөс тэр эмэгтэй мөргүүлж байгаа юм.
-Үнэндээ манайд явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдсэн осол олон гардаг. Явган зорчигч давуу эрхтэй гэдэг байдлыг буруу ашиглах гээд байдаг?
– Хуучин нийгмийн үед гарцаар гараагүй хүнийг гурван төгрөгөөр торгодог л байсан. Гурван төгрөгөөр үдийн хоол идчихнэ. Гуляш хоёр төгрөг 70 мөнгө, зүсэм халх 10 мөнгө байсан юм. Үүнийг би буруу биш гэж үздэг. Яахаараа гарцаар гараагүй хүнд жолооч зам тавьж өгөх ёстой юм. Жолоочийг торгохоос гадна, явган зорчигчийг торгох ёстой гэж боддог. Ганцхан жолооч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тогтоож чадахгүй шүү дээ.
-Тэднийг гарцаар гаргадаг болгохын тулд яах ёстой юм?
Кант гэж их том философич байна. Түүний амьдардаг хотод явган хүний зам тавихын тулд цас орсны маргааш Кантын явсан замаар тавьсан байгаа юм. Кант бол зөв явах нь байна шүү дээ. Өөрөөр хэлбэл хүн хаагуур явж байна, түүгээр нь зам тавьяа гэж. Энэ бол нэг жишээ. Ер нь манай явган хүний гарцуудын хоорондох зай, түүгээр явж өнгөрөх явган хүний ачаалал, хэрэгцээ хэр зэрэг байгаа юм. Энэ хооронд гэрэл дохиотой уулзвар хийхэд энэ замаар өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо зэргийг тооцож үзээд үнэхээр л үүгээр хүн гарах ёстой юм байна гэж үзээд тэмдэгээ тавь. Манай явган хүний гарц үнэхээр холдоод байгаа бол дахин гарц нэмье. Гарц тавих боломж байхгүй бол түүний доогуур нүхэн гарц хийе гэсэн бодит амьдралаа бодсон зүйлийг хот, цагдаагийн байгууллага хийх ёстой.
-Сайн торгох бас хэрэгтэй юм биш үү?
Өнөөдөр гарцаар гараагүй хүн бүрийг торгоно гэдэг зовлонтой. Манайхан утааг багасгах гэж хязгаарлалтын бүс тогтоогоод байна шүү дээ. Үүн шиг бүс тогтоож болно. Бага тойруу дотор гарцаар гараагүй хүнийг торгох хэрэгтэй. Улаанбаатар даяар гэх юм бол хэцүү шүү дээ.
-Ер нь тэгээд явган зорчигч байтугай зөрчил гаргасан жолоочийг торгоход ч хэцүү байх. Дүрэм зөрчлөө гээд торгохоор замын цагдаа хатуурхлаа гэнэ.
– Би 1996, 1997 онд Германы Мюнхенд нүүдлийн циркийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан юм. Тэнд нэг машин барьдаг ухаантай. Мюнхен хотоос Коллен орох гэж яваад зогсох шугам давсан. Гэтэл 15 хоногийн дараа Коллен хотын цагдаа намайг зогсоод “Та Мюнхен хотод зогсох шугам давсан байна” гэв. Би Монгол хүн юм болохоор “Өө тийм юм мэдэхгүй” гэсэн. Гэтэл надад камерын бичлэг үзүүлэхээр нь бас л Монгол зангаа гаргаад “Мөнгө байхгүй” гэнэ биз дээ. Нөгөө цагдаа манай циркийн захирал дээр очоод “Танай хүн Мюнхенд зөрчил гаргасан, 230 маркаар торгоно” гэж байгаа юм. Манай циркийн захирал “Тэгэлгүй яахав, зөрчил гаргасан бол торгуулиа өгөлгүй яахав, би төлнө” гээд л 230 маркийг нь өгөөд л явуулсан. Дараа нь 14 хоногийн дараа миний цалингаас 230 марк хасагдсан байсан. Энэ замын хөдөлгөөн бол эрх чөлөө, ардчилал энэ тэртэй огт хамраалгүй зүйл. Замын хөдөлгөөний дүрмэнд юу гэж заасан байна түүгээр л явна. Автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа бол дүрмээ л баримтлана. Эрх чөлөө, ардчилал, хүний эрх энэ дүрмийн хүрээнд л яригдана.
-Замын хөдөлгөөнтэй холбоотойгоор таны сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг нь юу вэ?
-Бүгдээрээ нэг тоо бодож үзье. Замын цагдаагийн гаргасан судалгаагаар хоногт дундажаар нэг хүн нас барж байна шүү дээ. Ингээд болохоор жилд 360 хүн амь насаа алдаж байна. Энэ 360 хүн дотор гэртээ хэвтэж байгаа өндөр настан, манцуйтай хүүхэд байхгүй, бүгд явдаг, хөдөлмөрлөдөг хүмүүс. Ер нь 70 орчим хувь нь хөдөлмөрийн насны залуус. Эд нар чинь сайхан мөрөөдөлтэй, амьдралын төлөө ажилладаг, хөдөлмөрлөдөг, хайрладаг дурладаг, хүсдэг, хясдаг, яг над шиг 360 хүнээ машинаас болоод алдчихаж байгаа юм. Хэдэн тэр бумаар тоологдох хүнтэй улсуудад гайгүй тоо байж магадгүй. Харин манайх шиг цөөхөн хүнтэй газар маш их тоо. Энэ тоог багасгахын тулд бүгд хичээх хэрэгтэй. Энэ ярианы төгсгөлд жолооч, явган зорчигч аль, аль нь дүрмээ ягштал баримтлах хэрэгтэй. Дүрэмээ барихгүй бол жил бүр 360 хүнээ алдсаар л байна. Хамгийн гол нь 360 хүн алга болж байхад тоохгүй сэтгэлгээг бий болгож байгаа нь үндэсний аюулгүй байдал. Жилд авто ослоор 360 хүн нас барж л байдаг юм чинь гэсэн сэтгэлгээ сууж үлдэж байгаа нь үндэсний аюулгүй байдлын асуудал.