Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн ӨМӨЗО-ны Ордос хотод сар хэртэй хугацаанд зохион байгуулагдаж хэдхэн хоногийн өмнө өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж найруулагч, зохиолч Ц.Хүсэлбаатар, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин С.Өлзийхүү нарын охин Баярмаа амжилттай оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Тэмцээнд 116 орны үзэсгэлэнт бүсгүй оюун ухаан, урлаг спортын авьяас, төгс галбираараа өрсөлдсөн. Түүнийг аавтайгаа “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд ирээд байхад нь уулзсан юм.
-Сайн явж ирэв үү. Ядраагүй биз дээ?
-Сайн явж ирлээ. Ядралт гайгүй ээ. Гэхдээ сарын хугацаанд амралт багатай байсан болохоор үнэнийг хэлэхэд жаахан ядарсан. Монголдоо ирэх сайхан байна. Элэг нэгт хүмүүстэйгээ уулзах бүр ч сайхан байна.
-Үүнээс олон хоносон бол бүр балрах нь ээ?
-Харин тийм ээ. Би чинь гэр амьтай хүн шүү дээ. Ээжийгээ л их саналаа. Бас дүүгээ. Дүүгээ ярихгүй бол гомдчих байх аа (инээв).
-Тэмцээний талаар бидэнд сонирхуулаач?
-Тэмцээнд амжилт гаргахад амаргүй байлаа. Яагаад вэ гэвэл долоо хоногийн хугацаанд бэлтгэл хийсэн болохоор тэр.
-Та топ моделийн 47, далайн эргийн гоо сайханд 40, авьяаслаг мисст 10, үндэсний бүжигт есдүгээр байр эзэлсэн. Долоон хоногийн хугацаанд амжуулж бэлтгэл хийхэд хэр хүндрэлтэй байв?
-“Ганцхан сар болох юм чинь” гэж бодоод л гүрийсэн. Заримдаа 24:00 цагт өрөөндөө орж амарчихаад 03:00 цагт бэлтгэлдээ гардаг байсан.
-Улсаасаа явах шалгаруулалтаа яаж өгсөн юм бэ?
-Тухайн үед би “Дэлхийн мисс”-т оролцох бүсгүйчүүдийн анкетийг бөглөж байна гэж мэдээгүй байлаа. Гэтэл одоогоос хоёр сарын өмнө ээж маань “Disart meda” группийн захирал Эрхэмээ ахын ажлаар ороход нь “Дэлхийн мисс”-т оролцох бүсгүйчүүдийг бүртгэж байна” гэж хэлсэн байна билээ. Ингээд ээж надад “Миний охин юу ч гэсэн бүртгүүлээд үзэх үү. Юмыг яаж мэдэх вэ” гэсэн. Тэгээд л ээжийнхээ саналын дагуу бүртгүүлж тэнцсэн дээ.
-Манай улсаас хэдэн бүсгүй бүртгүүлсэн байна вэ. Зохион байгуулагч орон нь ямар шалгуур тавив?
-Зөвхөн англиар анкет бөглөөд зурагтайгаа хамт зохион байгуулагч руу нь Э-майл хаягаар явуулдаг юм билээ. Нэг их удалгүй намайг тэнцсэн гэсэн хариу ирсэн. Тэр үед би бараг итгээгүй. Баярласандаа ээждээ “Ийм юм гэж байж болохгүй шүү дээ” гэж хэлээд тэвэрсэн.
-Эх орноосоо мордохоос өмнө аль нэг номерийг нь бэлдсэн үү?
-"Сарны чулуу" чуулгын бүжиг дэглээч Төгсөө багш Жалам хар бүжгийг сонгож өгч би өөрөө дэглэж, найруулж, бүжиглэсэн.
-Өөрийн тань өмнө байгуулалцсан “Free Beat” бүжгийн хамтлагт гүйцэтгэж байсан хөдөлгөөн нөлөөлсөн байх даа?
-Нөлөөлөлгүй яах вэ. Түүнчлэн “Boomtown” хамтлагийн гишүүн Г.Ган-Очир ахдаа баярлаж байна. Энэ хүн надад олон зүйл заасан. Одоо гэрээрээ орчихоод Г.Ган-Очир ахдаа очиж баярласнаа илэрхийлж, үнсүүлнэ.
-Ямар ч бэлтгэлгүй хэрнээ “Дэлхийн мисс”-т оролцоно гэж бодохоор тухайн үед сандарч байсан байлгүй?
-Маш их сандарсан. Хамгийн их тайвшруулсан хүн бол ээж маань. “Миний охинд ховорхон олдож байгаа боломж энэ. Тиймээс сандралгүй чадах бүхнээ хийх хэрэгтэй. Битгий сандар. Санаа зовох зүйлгүй” гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод “Би жүжигчин хүн. Аав, ээжийн маань авьяас надад бий. Тэр авьяасыг дэлхийн гоо бүсгүйчүүдэд харуулах ёстой. Ард түмэн нь ч хараг” гэж бодоод зоригжсон. Нэмж хэлэхэд манай улсын бүсгүйчүүд дэлхийн аль ч улсын бүсгүйчүүдийн дунд илт үзэсгэлэнтэй харагддаг. Хамт оролцсон миссүүдийн амнаас ч сонслоо. Тиймээс Монгол Улсынхаа иргэн болж төрсөндөө баярлаж байна.
-Та өөрийгөө тэдний тоонд оруулах уу?
-Улсынхаа гоо бүсгүйчүүдээс шалгарсан болохоор орох байх аа. Би ч өөрийгөө нэг их доогуур орохгүй гэж боддог шүү.
-Өмнөд хөршид очиход иргэд нь хэрхэн хүлээн авч байна вэ?
-Онгоцноос дөнгөж буухад л нутагтаа очиж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Учир нь биднийг хүлээж авсан хүмүүс мөнгөн аягатай сүүгээ хадагтай барьж угтсан. Яг л манай нутгийн ёсоор. Тэд намайг Монголоос ирсэн гэсэн чинь “Тийм үү. Монгол бүсгүйг харъя. Ямар хөөрхөн, өндөр юм бэ” гэж байсан. Ер нь тэр өдрөөс л наадам зохион байгуулагч нь Хятадын мисс бид хоёрыг өглөө, өдөр, оройн зоогонд хамт урих эсвэл хэн нэгэн нэр хүндтэй хүмүүстэй уулзалдахаараа байнга авч явсан. Бараг л зүгээр суулгаагүй.
-Та дээхэн “Хятадын мисс бид хоёрыг хүмүүс харьцуулаад байх шиг байна” гэж хэлж байсан. Яаж мэдрэгдэв?
-Биднийг тус тусдаа тайзан дээр гарах бүрт үзэгчид нь “Монгол Монгол” гээд л хашгирч байсан. Мөн бид хоёр хамтарч дуу дуулсан шүү дээ. Тэгсэн чинь улам чангаар “Монгол” гэж дуудсан. Хоол идэж байсан ч хараад л байсан. Ар, Өвөр Монголын иргэн болохоор бүр сонирхолтой санагдсан байх л даа.
-Шалгаруулалт хэр шударга болсон бэ. Эзэн орны мисс түрүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг их гонсойлгоод байгаа?
-Шүүлт шударга болсон. Бид нэг групп байсан болоод ч тэр үү түүнийг түрүүлэхэд би маш их баярласан. Тэр надад “Намайг битгий мартаарай. Дараа нь уулзана шүү. Би чамайг санана байх даа” гэж байсан. Би ч түүнийг их санах байх аа.
-Тэмцээний үеэр хамгийн их сэтгэл догдлуулсан мөчөө нэрлээч гэвэл аль үеийг хэлэх вэ?
-Миний хувьд 14 хоноход маш хэцүү болсон. Учир нь өмнө нь найз байсан бүсгүйчүүд нэг л мэдэхэд ширүүн өрсөлдөгчид болчихсон байсан. Тэмцээн эхэлчихсэн байсан болохоор арга ч үгүй биз дээ. Тэмцээний үеэр Хятадын мисстэй тоглолт хийхэд би “Эхийн сэтгэл” дууг дуулсан. Тэр үед өөрийн эрхгүй ээж нүдэнд харагдаад нулимс цийлэгнээд эхэлсэн. Гэрээсээ хол байгаагийн зэрэгцээ ядарсан болохоор ээжийгээ их санасан л даа. Тэгсэн чинь үзэгчдийн дунд байсан 14 улсын мисс босч ирээд “Mongolia” гэж чангаар хэлж сэтгэлийг минь сэргээж өгсөн. Тэр л миний сэтгэлийг сэргээсэн мөч байсан даа. Тоглолт дууссаны дараа нөгөө 14 мисс “Бид чиний хэлийг ойлгоогүй ч ээжийн тухай дуу дуулж байгаа тань мэдрэгдсэн. Тэгээд л чи уйлсан байх. Чи сайн дуулсан. Үнэлгээ өндөр авсан байх” гэж байсан.
-Үндэсний хувцастай бүжиглэхэд тань үзэгчдийн анхаарлыг их татсан байх даа?
-Тийм. Бүгд “Гоё харагдаж байна” гэж байсан. Миний гоёлын даашинз, үндэсний хувцсыг “Шилмэл загвар” компанийн загвар зохион бүтээгч Б.Цэлмэг эгч урласан. Интернэтэд олон орны үзэгч бидний тухай сэтгэгдлээ үлдээсэн байсан. Тэднээс хамгийн их сэтгэгдэл хүлээж авсан нь би. Ихэвчлэн сайнаар. Зарим хүмүүс “Баян Монголын оролцогч гоё хувцас өмссөн байна” гэж бичсэн байна билээ. Тэгэхээр нь яагаад баян Монгол гэж бичсэнийг нь хүнээс асуухад “Танай улс газар нутаг, эрдэс баялгаараа баян биз дээ” гэж хэлсэн.
-Хоолонд нь дасав уу?
-Хэтэрхий халуун ногоотой болохоор идхэд хэцүү байсан. Гэрээсээ гарахдаа 68 кг жинтэй байсан бол одоо 62 кг болсон. Нэг их удахгүй өмнөх жиндээ орох байх аа.
-Өрөөндөө хэдүүлээ байсан бэ?
-Нипалын мисстэй. Ер нь хоёр хоёроор нь хувиарласан байсан л даа.
-Хамгийн их дотносон нь аль улсын мисс бэ?
-Өрөөнийхөө бүсгүйгээс гадна Еврей, Израль улсын миссүүдтэй.
-Та нар нутаг буцахдаа салах гэж нэлээд юм болсон байх даа?
-Өрсөлдөгч ч гэлээ амархан дасдаг юм билээ. Тэврэлдэж уйлалдаад л бөөн юм болсон. Хэн хэндээ нэрийн хуудасаа өгч дараа уулзахын ерөөл өргөсөн.
-Та нар Чингисийн онгонд очсон гэсэн. Танд ямар санагдав?
-Чингис хааны тухайн болон Монголын түүх соёлыг дэлгэрэнгүй илэрхийлсэн сайхан газар байна билээ. Анх удаа очсон болохоор завтай байсан бол улам удаан танилцмаар санагдсан. Даан ч амжаагүй. Дараа нь тухтай очино оо.
-Оролцогчдын хамгийн бага нь хэдэн настай аль улсын мисс байсан бэ?
-Гандрасын мисс 17 настай. Дөнгөж оюутан болох гэж байгаа гэсэн. Эмч мэргэжлээр суралцах гэж байгаа юм билээ. Ахмад нь 25 настай Ахмадын мисс. Ер нь энэ наадамд 16-аас 25 насныхан оролцох ёстой.
-Өрсөлдөгчид тэмцээнд хэрхэн бэлтгэсэн байна вэ?
-Сайн бэлтгэсэн байна билээ. Манай улсынх шиг зөвхөн анкет бөглөөд оролцоогүй гэсэн. Улсдаа хэд хэдэн үетэй тэмцээн зохион байгуулж шалгарсан нь ирсэн байсан.
-Аавыгаа үзэгчдийн суудалд сууж байхад ямар санагдав?
-Аавыг олж хараагүй ээ. Маш олон үзэгчтэй байсан болохоор танихад хэцүү юм билээ. Бүр хол нэг хүн манай улсын төрийн далбааг барьсан байгаа харагдсан. Түүнийг аавыг байх гэж бодсон.
-Одоо болтол ааваасаа “Хаана сууж байсан бэ” гэж асуугаагүй юм уу?
-Мартчихсан байна аа. Хариад асууна аа. Би нэг зүйл нэмж хэлэх үү.
-Тэг л дээ?
-Хөтлөгчөөр ажилласан бүсгүй байсан шүү дээ. Майлийн Класс гэж. Тэр Хятадын хамгийн нэр хүндтэй жүжигчин гэсэн. Түүнтэй оройн зоогонд хамт орсон. Мөн дэлхийн миссийн ерөнхийлөгч Робин Дрхоптой. Гоё байгаа биз дээ.
-Тийм байна. Та загварын ертөнцөө хөөгөөд уран бүтээлээ орхихгүй биз дээ?
-Орхихгүй ээ. Аав, ээжийнхээ бий болгосон продакшндаа ажиллана. Чадвал театр байгуулна.
-Одоо ямар уран бүтээлд ажиллах гэж байна вэ?
-Киноны уран бүтээлд ажиллах гэж байгаа. Мөн нэг гадаадын жүжгийн зохиол орчуулсан. Түүнийгээ тайзны бүтээл болгоно. Бэлэн болчихвол ном болгоно.
-Та биеийнхээ форумыг яаж барьдаг вэ. Хичээл, ажил гээд зав хэр гарч байна вэ?
-Фитнессээр хичээллэж, усанд сэлдэг. Мөн хоолны дэглэм барьдаг. Дүү маань бокс, жүдо бөхөөр хичээллэдэг. Дүүтэйгээ хааяа боксоор хичээллэнэ. Миний чөлөөт цаг ингэж л өнгөрдөг дөө.
-Найз залуугүй юм уу?
-Одоогоор байхгүй. Сайхан сэтгэлтэй ханхүү таарах байлгүй дээ.
У.Баярсайхан