-Юуны өмнө Монголын Радиогийн дарга болсонд баяр хүргэе. Үйл явдлын сурвалжлаганд гүйж, хэвлэлийн хуралд сууж, сэтгүүлчийн ажлаа хийсээр яваад л Радиогийн дарга болов уу даа?
-Намайг хэмээн зорьж ирсэн анхны зочин нь “Ардчилал” сониныхон байсанд баярлалаа. Нэгэн үе мөр зэрэгцэн ажиллаж явсан хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.
20 гаруй жил ардчилсан хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэлээ. Өнгөрсөн хугацаанд надад төр засгаас ямар нэгэн албан тушаал амлаж байсангүй. Зүгээр л ажлаа сайн хийе, нийгэмдээ ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлье, сониноо сайн гаргая л гэж бодож ирсэн. Мөн 20 гаруй жилийн турш хэвлэлийн халуун гал тогоонд залуу сэтгүүлчидтэй мөр зэрэгцэн ажиллаж ирсэн хүн дээ. Өнөөдөр энд эрх, ямба эдлэх гэж биш, үүрэг хариуцлага үүрэх гэж ирсэн гэж бодож байгаа. Мөн Монголын Радиогийн даргын сонгон шалгаруулалтад орохдоо өөрийн гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Хэвлэлийн салбарт ажилласан туршлага, арга барил, дээрээс нь мөрийн хөтөлбөр маань МҮОНР-ын Гүйцэтгэх зөвлөлөөс дэмжлэг аваад, дараа нь МҮОНРТВ-ийн захирлын тушаал гарч ажилдаа орсон.
-Ажлаа юунаас эхэлж байна вэ?
-Хүмүүсээ сонсохоос л эхэлж байна даа. Монголын радио хэмээн их айлыг өмнө нь Н.Цэндсүрэн, Ч.Лодойдамба, Г.Дуламдорж, Мятав, У.Сарантуяа, Б.Пүрэвдаш, Энхтуяа нарын олон алдартай хүн ажиллаж байсныг нь залгуулан авч явах гэж байна. Энэ мундаг хүмүүсийн орыг залгаж ирэхэд намайг халуун дотноор хүлээж авсан Радиогийн хамт олондоо баярлалаа. Монголын Радио өнөр өтгөн юм. 150 орчим ажилтан, албан хаагчидтай. Үйл явдлыг хамгийн хурдан шуурхай дамжуулдаг “Хурд” агентлаг, мөн Нийгэм эдийн засгийн редакц, Соёл урлаг, Хүүхэд залуучуудын редакц, инженер техникийн ажилтнууд гээд бүгдтэй нь уулзаж, санал бодлоо хуваалцаж юу болж байна, юу нь болохгүй байна вэ гэдгийг хамтдаа олж харж, яаж шийдэж болохыг бас хамтдаа хэлэлцэхээс ажлаа эхэлж байна. Бүх уран бүтээлчтэйгээ уулзахад тэднээс радиогоо гэсэн сэтгэл үнэртэж байсанд их баярласан. Ажилдаа үнэхээр хайртай учраас мөнгө, албан тушаал хөөцөлдөөд явчихдаггүй хүмүүс юм гэдгийг ойлгосон.
-Хүмүүс зовлон жаргалаа танд ярьсан л байх. Товчхон дүгнэвэл МҮОНР-гийн хамт олон юунд хүсч, тэмүүлж байна вэ?
-Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулах ёстойг ойлгосон. Орон байртай, цалин нь амьдралд хүрэлцэхүйц байх ёстой. Мөн 85 жилийн түүхтэй Монголын Радиогийн уран бүтээлчдийн ажил хөдөлмөрийг төр засагт үнэлүүлэх цаг иржээ гэж бас бодогдсон. Бид удахгүй нэгдсэн нэг том хурал хийж, түүгээр гаргасан шийдвэрүүдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ гээд холбогдох хүмүүст нь асуудал болгон тавина гэж бодож байна.
-Дээр та мөрийн хөтөлбөрийн тухай дурдаад өнгөрсөн. Тэгвэл та Монголын Радиог удирдсанаар юу хийхээр төлөвлөснөө товч дурдахгүй юу?
-Юун түрүүнд байгууллагадаа шууд ардчилал бий болгоё гэж бодсон. Бүх шийдвэр ил тод, шуурхай, ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл, миний гаргах шийдвэр бол хамт олных байх болно гэсэн үг. Асуудлыг шийдэхдээ Радиогийн бүх ажилтны санаа оноог тусгадаг болгох орчин үеийн менежментийн чиг хандлагаар ажлаа явуулна. Ингэж чадвал элдэв хардлага, хов жив, атаархал үгүй болно. Цаашид бид багаар ажиллаж, зовлонгоо хамтдаа үүрч, жаргалаа хамтдаа хуваалцана.
-Аливаа байгууллагад шинэ дарга ирэхээр л хамт олны дунд халагдаж, солигдох нь гэсэн яриа гардаг. Тэгвэл таны тулах цэг бол МҮОНР-гийн хамт олон юм байна, тийм үү?
-Тийм ээ. Халаа, сэлгээ хийх тоолонд цаана нь нэг хүн, цаашилбал гэр бүлийн амьдрал хөдөлдөг учраас халъя, сэлгэе гэж бодохгүй байна. Тэгээд ч өнөөдөр энд Радиодоо хайртай, зүрх сэтгэлээ зориулсан хүмүүс ажилладаг. Амьдрал хэцүү байсан ч хаяад явж чаддаггүй, тийм л сайхан хүмүүс цугласан газар.
-Ингэхэд радиогийн сонсогч, зах зээлийн хүрээ өнөөдөр ямар байдалтай байна вэ?
-Монголын Радио гурван сувагтай. Нэгдүгээр суваг бол Монгол Улсын хэмээх тодотголтой, хүмүүсийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Харин хоёрдугаар сувгийг малчид их сонсдог шүү. Гуравдугаар суваг бол залуучуудад зориулсан, соёл, амралтын нэвтрүүлгүүдийг бэлтгэн цацдаг. Мөн Монголын дуу хоолой радио бол орос, англи, япон, хятад, монгол гээд таван хэлээр нэвтрүүлгээ цацаж байна. Дэлхийн өнцөг булан бүрт хүрч, олон орны сонсогчдоос захидал хүлээн авдаг. Монгол Улсаа дэлхийд сурталчлах үүрэг хүлээдэг. Энэ мэтээр яривал давуу тал олон байна.
-Алдаа дутагдал, цаашид засч сайжруулах зүйл их байгаа байх?
-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж, өмч хувьчлал явагдсан. Энэ үеэр олон байгууллага дампуурч, үүд хаалгаа барьсан шүү дээ. Энэ шуурганд Монголын Радио тодорхой хэмжээгээр нэрвэгдсэн юм байна. Айлууд, албан газруудаар дамжих радиогийн шугамнууд олноор эвдэрч, устсан юм билээ. Тиймээс зарим газраа радио хүлээн авч сонсох боломжгүй байгаа. Бид техникийн шинэчлэл хийх хэрэгтэй болж. Машиндаа явахдаа та 106.0, 109.0 долгионуудаар Монголын Радиог хүлээн авч сонсч болдог. Мөн цаашид бид малчид өвөртөө, эсвэл халаасандаа хийгээд явж болдог радио станцуудыг бий болгохоор судалж байна. Долгионы антеннуудаа шинэчилж, сайжруулахаас эхлээд бидэнд хийх ажил их байна.
-Анзаараад байхад радиог хамгийн их сонсдог нь малчид юм шиг ээ. Сонсогчдын хүрээг улам тэлэх боломж юу байна вэ?
-Тийм ээ. Малчид цаг агаарын мэдээнд маш их ач холбогдол өгдөг. Бод доо, Японд цунами болоход цахилгаан тасраад бүх телевиз, интернэт ажиллахгүй болоход зөвхөн радио ажилласан шүү дээ. Тэгээд ч малчид үргэлж зурагтаа тэврээд явахгүйгээс хойш радио сонсох боломж харьцангуй байгаа. Бас сүүлийн үед баригдаж буй барилгууд дандаа радиогийн шугамгүй байна. Өндөр хөгжилтэй оронд шинээр ашиглалтад орж буй барилгуудыг заавал радиогийн шугам суурилуулахыг шаарддаг. Үүнтэй адил шаардлагыг тавьдаг болгох гэх мэтээр санасан бодсон зүйл их байна.
-Хэтийн төлөвлөгөө их л байгаа байх. Гэхдээ ойрын үед ажил хэрэг болгох зүйлүүдээ дурдвал?
-Хамгийн түрүүнд шууд нэвтрүүлэг хийх тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулахаар бараг бэлэн болоод байна. Мөн нарны гэрлээр ажилладаг радиогийн аппаратуудыг оруулж ирж малчдад түгээнэ. Мөн радиогоор хамгийн гол нь соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой. Нийгэм үүнийг захиалж байгаа учраас соёл, хүмүүжлийн нэвтрүүлэг, зайны сургалтуудад анхаарлаа хандуулах ёстойг ойлгосон. Манай Радио монгол орны өнцөг булан бүрт, Москва, Бээжин, Хөх хот, Японд түгэж буй асар том агаарын сонин шүү дээ.
Б.Мөнхзаяа