Энэ цаг үеийн урлаг, утга зохиол, шүүмж судлалын асуудал олон хүний анхаарлыг ихэд татаад байгаа юм . Яагаад гэвэл өнөөгийн Монголын нийгэмд урлагийн шүүмж бичдэг эрдэмтэн судлаач өдөр ирэх тусам ховордож байна. Шүүмжлэлгүйгээр урлаг, утга зохиолын хөгжил доройтолд ордог . Энэ талаар хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, судлаач шүүмжлэгч П.Батхуягтай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
-XXI зуунд гарч ирсэн яруу найрагч, зохиолч залуус танд шавь орж, номынхоо өмнөтгөлийг бичүүлэх болжээ. Залуу зохиолчид яагаад тан руу ингэж хошуураад байна вэ?
-Намайг сайн хүн эсвэл сайн зохиолч, сайхан царайтай болохоор гэх үү. Би яг юунаас болсныг хэлж мэдэхгүй юм. Хүнд бусдыг татах, нөлөөлөх хэдхэн л зүйл байдаг шүү дээ. Хэнийг ч их бага, цэрэг дарга гэж ялгахгүй байх сэтгэл. Энэ бол миний багын хүмүүжил. Амьдралын энэ дээшээ доошоо хэмнэлийн дотор би ямагт сэтгэл зүрхээ нээлттэй байхыг л хүсдэг. Би хэний ч өмнө үгээ зөөж ядан, хэлэх үгээ нууж дарахыг хүсдэггүй. Хэлэх үгээ хэлэх үедээ хэлдэг. Миний бодол санаанд юу бууж байна, түүнийгээ л гаргадаг. Энэ бол миний оюун санааны зарчим. Энэ зарчим маань залуучуудыг надтай ойр байхад, надаас суралцахад, би тэднээс суралцахад нөлөөлдөг юм болов уу. Би хэн нэгэнд нөлөөлөх, хэн нэгэн надад нөлөөлөх гэдгээс илүү энэ амьдрал бие биеийхээ нөмөр, хүч, тус дэмэнд, бие биенийхээ итгэл дунд явж байдаг улаан шугам юм болов уу бодож байна. Би залуу үеэс л их итгэл, сэтгэл, ирээдүйг харж байна. “Уул нуравч чулуу үлддэг” гэдэг дээ. Утга зохиолд миний хийж байгаа үйл хэрэг уул ч байж магад, биш ч байж магад. Би үүнийг хэлж чадахгүй. Хэлэх ч шаардлагагүй. Мэдэж байсан ч хэлэхгүй. Миний үлдээж байгаа чулуу хожим босох уулын суурь байгаасай л гэж боддог. Ердөө л тэр.
-Таныг утга зохиолд шунан дурлахад аав тань их нөлөөлсөн гэж сонссон. Таны хүүхэд нас ямар хэмнэл дунд өнгөрөв?
-Хүний амьдрал бол утаа шүү дээ. Үгүй бол дэлхий нарыг тойрох шиг, эсвэл магнайн дээр гарсан үрчлээс шиг юм. Нэг үгээр хэлбэл амьдралд бүх юм үргэлжилж байгаа юм шиг боловч дотоод мөн чанараараа тасалдаж байдаг. Би бол нэг тасарсаны эхлэл, магадгүй дараагийн эхлэлийн таслал. Амьдрал бол ерөөсөө л цэг таслал юм.
Таслал болох цаг ч удахгүй ирнэ. Миний аав, миний хүүхэд нас одоогоор цэг байгаа юм. Би энэ цэг дээр оршиж, амьсгалж, миний амьдрал тэжээгдэж байна. Яагаад гэвэл дэндүү сайхан өнгөрөөсөн юм бүхэн хүний сэтгэл зүрхэнд дэндүү сайхан дурсамж үлдээдэг. Уран зохиолын ертөнцтэй зууралдаж, сэтгэл, зүрх дуу хоолойгоо түүний төлөө гаргаад байгаа зориг хүслийг миний аав л бий болгосон. Бүх юмны эхлэл бол тэр хүн. Миний оюун санаанд хүчтэй нөлөөлөөгүй юм аа гэхэд, миний зөв явах амьдралд маш их нөлөөлсөн. Тиймээс би уран бүтээлчдийг бичсэн зохиолоос нь илүү туулж өнгөрүүлсэн хүүхэд наснаас нь олж харахыг хүсдэг. Хүүхэд насны дуу хоолой, мөрөөдөл, дурсамж бүхэн хожим өөрийгөө олоход нөлөөлсөн байдаг юм. Яруу найраг, уран зохиол бол хүүхэд насны дурсамж дүүрэн сайхан өдрүүдээс эхэлдэг. Тэгээд ч дэлхийд алдартай олон зохиолчийн бүтээл дурсамжинд тулгуурласан байдаг л даа .
-Дурсамжийг хэдий насанд бичдэг юм бол. Сүүлийн үед хүн бүр л дурсамж бичлээ, дурсамжийн ном гаргадаг болж?
-Миний хувьд дурсамж бол гэгээрэхүй, гэрэл, ухаарахуй, эргэн сэрэхүй юм. Гэтэл манай зохиолчид хэн нэгэнд хэлж ярьсан, ууж идсэн, хаа газар наргиж цэнгэснээс үлдсэн зүйлээ бичдэг. Энэ бол зүгээр л амьдралын намтар шүү дээ. Чиний амьдралын намтар хүн бүхэнд тийм ч сонирхолтой биш. Энэ бол чиний л юм.
Дурсамж бол цаанаа л дотогшоо байдаг гэгээн, нандин, эрхэмсэг зүйл шүү дээ. Тэр зүйлээ л гаргаж бичээсэй гэж хүсдэг юм. Тэгэхээр дурсамж үнэ цэнэтэй зүйл мөн. Дурсамжийг хайрлах ёстой. Монголчуудын хэлдгээр чулуу болгох ёстой. Хэт залуудаа хэт их дурссан зохиолч ер нь бол дуусдаг. Ид бичиж, ир нь ханаж байгаа үедээ залуу хүн аль болох дурсамжаас зайлсхийх хэрэгтэй. Яагаад гэвэл бичих цаг хугацаа хожим ирнэ шүү дээ. Хүн энэ амьдралыг аяндаа л бодоод эхэлнэ. 50, 60 насны босгон дээрээс эргээд харна, дурсана, гунина, баярлана. Тэр цагт чамд нэг юм байх ёстой шүү дээ. Тэр бол дурсамж. Нас дээр гарсан хойноо сайхан дурсамж бичдэг зохиолчдыг би ойлгодог. Тэр хүн зөв явсан юм байна гэж боддог.
-Таны бодлоор Монголын уран зохиолын гарцаагүй зүйл юу вэ?
-Гарцаагүй гэхээр гарцаагүй нэг олж хэлэх болох нь дээ Үндэстний ирээдүй гэрэл гэгээтэй бол уран зохиолын ирээдүй мөн л гэрэл гэгээтэй байна. Энэ бол хамаарал холбоо. Үндэсний маань оюун санааны ирээдүй өнөөдрийнх шиг харанхуй байх юм бол Монголын утга зохиолын ирээдүй бас л тийм байна.
Одоо бидний амьдралаас бүр залуучуудаас уран зохиолын дүр босгож харах юм бол Москва-Петушкагийн би баатар шиг юу ч бодож санахгүй, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг залуус олон болчихож. Нөгөө талд нь Фауст шиг гүн бодолтнууд, залуу хүний хөөрч дэрвэсэн юм байхгүй, бүгд тооцоолсон томъёолсон дүртэй болчихож. Гурав дахь хэсэг нь Тристан шиг юунаас ч буцахгүй зоригтой атлаа цаад, наадахыг боддоггүй залуу олон болжээ. Харин азаар тэдний дунд өөр бодол санаа, хүсэл эрмэлзэлтэй нь байлгүй л яах вэ. Тэр залуучуудын талаар халуун дотноор бодож, халуун сэтгэлээр бичдэг, бичихийг ч хүсдэг. Магадгүй миний утга зохиолын амьдралын нэг хэсэг нь тийм залуучуудыг дэмжихэд байгаа юм.
Ний нуугүй хэлэхэд бид ичих хэрэгтэй. Тэр тусмаа зохиолчид. Манай утга зохиолд бичдэг нь бичиж байгаа л юм байгаа биз, сэтгэдэг нь сэтгэж л байгаа юм биз. Хамгийн гол нь дэргэд байгаа, нэг тогооноос хоол халбагадаад сууж байгаа, хамт мөр зэрэгцэн алхаж буй хэн нэгнийхээ тухай яагаад халуун дотноор бичих сэтгэл зориг байхгүй болчихсон юм бэ. Энэ бол жигшүүртэй явдал. Яагаад ийм хувиа хичээсэн бодолтой, өөрийн юм болж байвал өрөөл хамаагүй гэсэн явцуу хараатай болчихов. Энэ жалга довоо тойрдог, энэ биеэ боддог байдал Монголын өнөө цагийн эмгэнэл. Энэ эмгэнэл цааш үргэлжилбэл ирээдүйн эмгэнэл. Тиймээс хэзээ нэгэн цагт монгол зохиолчид бие биенийгээ хайрлах, биесээ нээх, ойлгож ухаарах нь гарцаагүй. Хэрэв нэгэндээ ганц халуун үг унагах сэтгэлгүй байх юм бол энэ хамгийн том харамсал. Энэ бол сэтгэлгүй ертөнц. Сэтгэлгүй ертөнцөд хүний сэтгэлийг мөстлөг хүлээж байдаг юм. Хүний сэтгэлийн мөс зузаарах тусам хайлуулахад хэцүү болдог. Тэгэх тусмаа үндэсний оюун санаа мөхдөг. Түүнийг дагаад хэл, соёл үгүй болдог юм.
-Урлаг, утга зохиолын талаар шүүмж бичдэг, хэлдэг, дуу хоолойгоо хүргэдэг хүн ховор болжээ. Хэвлэл мэдээллийн байгууллага ч энэ талаар учир дутагдалтай хандах юм?
-Монголд шүүмжлэгчид бий юу, бий. Энэ хүмүүст утга зохиол, соёл урлагт сэтгэл зүрхээрээ, үнэнч шударгаар дуу хоолойгоо гаргах индэр алга. Оюун санааны индрүүдэд нь тэр салбаруудыг атгадаг мөнгөтэй эзэд суучихаж. Тэд нэг юм бувтнаад байгаа юм. Гэхдээ үндэсний ирээдүй, үндэстний оюун санаанд хэрэг болох юм бувтнахгүй байна. Өөрийнхөө халаасыг түнтийлгэх тухай л бувтгнаад байгаа юм. Үнэнч шударга дуу хоолой үүний ард орхигдоод байна. Үүнийг сонсдог индэр хэрэгтэй байна.
Нуулгүй хэлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага бол эздийн явдал. Тэгэхээр яах юм, юуг шүүмжлэх юм, шүүмжлээд юунд хүрэх юм, юу өөрчлөгдөх юм. Энэ бол өнөөдрийн мухардал. Шүүмжлэхийг хүсч байгаа залуус байна, шүүмжилмээр юм олон байна. Гэтэл цаана нь бүх асуудлыг атгачихсан байна шүү дээ. Хөгжим, театр, утга зохиолын шүүмж Монголд байна уу. Ганц байгаа нь хошин урлаг л байна шүү дээ. Нэг талдаа ялимгүй гутранги үзэл. Өнөөдөр шүүмж хэрэгтэй юу, хэрэгтэй гэдгийг нь хүн бүхэн мэддэг ч гарч ирэхгүй байна. Манайхан нэг хэсэг шүүмж судлалыг доромжлон гутаахуй, үгүй бол өргөмжлөн магтахуй гэж ойлгосон. Энэ хоёр бол шүүмжийн туйл юм. Үнэндээ энэ цагийн сэтгэлгээ шүүмжийн мөн чанар юу байна вэ гэхээр хувь хүнийг үгүй бол нийгэмд байгаа үзэгдлийг нээхэд л байгаа юм шүү дээ. Би шүүмжийг нээхүй л гэж ойлгодог. Тиймээс ч хувьдаа Дорж нь сайн, Дулмаа нь муу гэхээс илүү аливаа үзэгдэл юмсын дотоод мөн чанарыг нээхэд л бичээд байгаа зүйлээ зориулж байна.
Хүн өөр дээрээ хариуцлага авч сурах хэрэгтэй. Өөр дээрээ ирээдүйг хараад, түүний төлөө тэмцэж, шаналж сурах хэрэгтэй. Энэ бол залуу хүний ажил. Түүнээс биш нэг том хүний ард суугаад, нэг том хүний энгэр эсвэл бөгсөнд наалдчихаад “Би болж байна, хийж байна” гэж бодож яваа залуу хүн бол зүгээр л сүүдрийн сүүдэр, хэн ч биш. Хийх бүтээх хүсэл зоригтой байхын тулд сайхан сэтгэл, сайн боловсрол хэрэгтэй. Саар муу явдал ч хэрэгтэй. Би шүүмжлэгч хүнийг тийм л байгаасай гэж боддог. Алдахдаа ч амаа барьдаггүй, олохдоо ч онгирч хөөрдөггүй байгаасай. Эр зоригтой байх хэрэгтэй. Шүүмжлэл бол хүнд нэр, нүүрээ алдах гээд байна гээд хулхи нь буудаг аавын хүүгийн хийдэг ажил биш.
-Өнөөгийн Монголын нийгэм уран зохиолд хэр нөлөөлж байна?
-Монголд болж байгаа юм ч, болохгүй юм ч байна. Уул нуруугаа ухлаа, алт мөнгөтэй боллоо, шинэ хот шинэ юм бий болно л гэнэ. Гэтэл таван торгон дээлтэй болчихоод тархиндаа юу ч байхгүй дээшээ хараад л, идэж уугаад л, өнөөдрөөрөө амьдардаг, алсаа хардаггүй нийгэм болж хувирах гээд байна. Тархин дотроо таван сайхан торгон дээлтэй л баймаар санагдаад байгаа юм. Мөрөн дээрээ углах юмандаа л санаа зовдогоос биш тархин дотор нь утаа, хий хоосон зүйл л байна шүү дээ. Энэ утаат байдал залуучуудын тархи толгойг ч утаж байна. Гаднаа таван сайхан дээлтэй баймаар байна гэсэн нийгмийн дур хүсэл залуу үеийг татаад байна шүү дээ. Зовж, зүдэрч, хөлсөө урсгаж байж юм бүтээнэ гэхээс илүү амар хялбар руу хошуураад байна. Энэ бүгд залуусын уншдаг зохиолуудад ч нөлөөлж байна. Шүлгийг ямар амар хөнгөхөн бичиж байна вэ. Уран зохиолыг ямар хөнгөхөн ойлгож байна вэ. Зугаа төдий бодож, хялбар аргаар төсөөлж байна. Ингэж бодож явдаг хүмүүст хэдэн жилийн дараа асар том цохилт бууна.
-Ажиглаад байхад бидний үеийн залуус номын дэлгүүр ороод дэлхийн хамгийн баян хүмүүсийн түүх намтар, яаж сайн аав ээж болох вэ, гэр бүлийн амьдрал гэх мэт ном авч уншдаг болж. Энэ бас нийгэмтэй холбоотой юу?
-Би жаахан хийсвэр юм ярья. Хүний чанар, төрөл муудаад байгаа шүү дээ. Энэ нийгмээс ч болж байгаа юм биш, байгаль дэлхий, сансар огторгуй биднээс ангид орших оюун санаа нөлөөлж байгаа юм. Хүн муудаад байгаадаа ч биш, бидний эргэн тойрны бүх юмны чанар муудаад байгаа юм. Нэг үгээр хэлбэл, бүтээсэн амьдрал маань хялбар болоод байна. Бүтээсэн амьдралын маань анхны зорилго бүх юмыг хялбар байлгах хүсэл байсан. Алхаж явдаг байсан бол морь барьсан. Сүүлдээ машинтай болсон. Бүгдийг хялбар болгохыг зорьсон анхдагч хүсэл маань оюун санаа, уран зохиолд нөлөөлөөд байгаа юм. Тиймээс хүмүүс тийм ном авч уншихад хүрч байна. Арай л ухаж бодож уншихаас төвөгшөөж хялбар руу тэмүүлж байна. Амьдралд бүхнийг хялбарчлах гэсэн хүн төрөлхтний анхны зорилго буруу байсан байна.
-Энэ бүхэн танд харамсал, харуусал төрүүлдэг үү?
-Үгүй дээ. Наадах чинь үйлийн үр. Харин би нэг л зүйлд харамсч байна. “Энэ хүн л бичнэ дээ” гэж юм хүлээж байгаа үеийн маань зохиолчид нэг мэдсэн хальтираад өөр тийшээ явчих юм. Өөр тийшээ ч юу байх вэ. Өнөө хялбар руу. Хөнгөн хялбар уран зохиол руу яваад байгаад харамс ч байна. Дээрээс нь сайхан хүсэл мөрөөдөлтэй, шинэ залуу үеийг хялбар юм руу татан оруулж байгаа явдал бол манай утга зохиолын бас нэг харуусал. Бас эмгэнэл. Энэ эмгэнэл хэзээ эхэлснийг би хэлж мэдэхгүй юм. Хэзээ дуусахыг ч мэдэхгүй. Аливаа юм эхэлсэн бол дуусдаг жамтай. Энэ бүхэн нэгэн цагт дуусна. Тэр цагт бид уран зохиолыг арай өөрөөр хардаг болно. Энэ тайзны, хэрэглээний, мессежний хөнгөн хялбар зохиол бичиж байгаа зохиолчид одоохондоо тодроод байгаа юм. Харин ирээдүйд хэцүү шүү.
-Энэ харанхуй байдал, хүмүүсийн хар бодлууд яван явсаар амьдралын үнэ цэнийг бууруулаад байна уу даа гэж бодогдох юм?
-Бууруулахаар барах уу. Бид хүнийг хайрлахдаа хүртэл хүнийг нь биш мөнгө, нэр хүнд, албан тушаалыг нь хайрладаг болчихож. Сонин сэтгүүлд хэний тухай бичиж байна вэ. Баян-Өлгийд алим тарьсан хасаг өвгөний тухай биш, банк ухаж, улс сүйрүүлсэн, албан тушаалтай болсон, бузар аргаар мөнгө олсон хүний тухай л бичиж, сурталчилж байна. Энэ хөнгөн сурталчилгаанууд чинь залуу оюун санаанд нөлөөлж байна.
Өнгөрсөн нийгмээ бид буруутгаж муулдаг. Өнгөрсөн нийгэмд гэрэлтэй юм байсан уу, байсан. Гэрэлгүй ч зүйл их байсан. Одоо бидний амьдралд гэрэлтэй юм байна уу, байна. Харанхуй ч юм байна. Би өнгөрсөн нийгмээс ганц зүйлийн гэрлийг олж хардаг юм. Жинхэнэ хөдөлмөрлөдөг, ажилладаг үнэнч шударга хүмүүсээ сурталчилж чаддаг байжээ. Гэтэл өнөөдөр авах идэхийн замаар амьдралаа босгосон хүмүүсийг сурталчилж байна. Энэ нь ирээдүйн оюун санаанд хамгийн их хор тарьж байна. Магадгүй энэ ярилцлагыг уншсан хүмүүс энэ үгийг тунгааж бодоосой. Бид хэнээс үлгэр дуурайлал авч, хэнээр зам мөрөө заалгаж, хаана явж байгаагаа бодох л хэрэгтэй. Хэнээр зам мөрөө заалгаад хаа хүрэхээ ч бодох л хэрэгтэй. Амьдрал бол тийм биш. Амьдрал өөрөө гэрэл гэгээ шүү дээ.
Б.ХАДБААТАР