Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазарыг “Хүмүүс” булангийнхаа зочноор урьж, МҮОНРТ-ийг зорилоо.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үүсч хөгжсөний 45 жилийн ойн өдрүүд тохиож байгаа учир тэрээр ердийн өдрүүдийнхээс ч их ажилтай байгаа бололтой. Гэсэн ч бид энэ удаа “ажил ярихгүй” гэж тохиролцсон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Х.Цагаанбаатарыг олимпод одгүй гэж ярьдаг шиг таныг бас “Болор цом”-д азгүй гэдэг. Таныхаар энэ үнэхээр аз, эзтэй холбоотой юу. Таны шүлгүүд энгийн хүмүүст таалагддаг хэрнээ “Болор цом”-ын шүүгчдэд таалагддаггүйн учир юунд байдаг юм бол?
-“Болор цом”-д ороод хорин хэдэн жил болсон хүн шүү дээ, би. Бүр 1986 оноос орж эхэлсэн. Тэгээд сая болдгийн өмнөх “Болор цом” дээр би “Дахиж “Болор цом”-д шүлэг уншихгүй” гэж хэлсэн шүү дээ. Зодог тайлна гэх нь ч хаашаа юм, тийм юм болсон. Миний хит болсон бүх шүлэг дандаа “Болор цом”-д уншигдсан байдаг юм.
“Монголоороо гоёдог”, “Монголын үнэртэй салхи” гээд л. Нэг жилийн дараа ч юм уу, хүмүүс бүгдээрээ миний шүлгийг мэдээд байдаг хэрнээ “Болор цом”-д ерөөсөө урагш гарч өгдөггүй л байхгүй юу. Нэг удаа үзэгчийн шагнал авч, нэг удаа Эрдэнэтийн наадамд хоёрдугаар байранд орсон. Яагаад ч юм, би өөрөө л шүлгээ уншдаг болохоос биш, намайг дэмжих бодлого байдаггүй юм, “Болор цом”-ын шүүгчдэд. Аль ч үед нь байгаагүй, би мэддэг. Тэгсэн “Болор цом”-ын шүүгчээр сууж байсан нэг зохиолч надад сүүлд тэгж хэлсэн. “ Та, “Би бол яруу найрагч биш, онгодоороо л бичиж, тэмдэглэдэг хүн” гэж их ярьдаг. Тэр чинь л их тээр болдог юм ш дээ. Хүмүүс эгдүүцдэг юм” гэж. Ер нь бол би өөрийгөө яруу найрагч мөн гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Бүтээл нь хүнд хүрч байна уу, үгүй юу л гэхээс биш. Тэр байтугай, “Би сэтгүүлч” гэж цээжээ дэлдэхгүй. Би зүгээр л энэ ажлыг хийж байгаа хүн. Би жүжгийн зохиол сонирхдог, хайртай л хүн. Тэрнээс биш, би хэзээ ч өөрийгөө жүжгийн зохиолч гэж хэлэхгүй.
Яахав, нэгдүгээрт би энэ наадамд оролцъё гэж боддог. Их гоё шүү дээ. Одоо ч оролцоод явж болох байсан. Манай Бөхийн дэвжээнд аварга, арслан, заан нь цөм байж байдаг. Тэрэн шиг “Болор цом”-ын тайзанд Дөнгөтийн Цоодол гуай, П.Бадарч гуай, Ш.Гүрбазар, Ц.Бавуудорж ч шүлгээ уншиж байдаг, бүгдээрээ үздэг байвал уг нь гоё. Тийм хэм хэмжээгээ бий болгож чадаагүй нь “Болор цом” наадмын дутагдал. Зохиолчид ч өөрсдөө хариуцлагаараа орох ёстой.
-Таныг А.Сүхбат аваргатай найз, хөршийн холбоотой гэж сонссон юм байна. “Болор цом”-оос зодог тайлснаа зарласан таны үйлдэл А.Сүхбат аваргынхтай адилхан санагддаг юм. Уг нь “Болор цом”-ын тайз, монгол бөхийн дэвжээ хоёр тэнд байгаа хэдэн шүүгчийнх биш, ард түмнийх шүү дээ. Ард түмэн А.Сүхбат та хоёрыг энэ тайз, дэвжээндээ эргэж ирээсэй гэж хүсдэг ч юм бил үү?
-Хэдэн жилийн өмнө А.Сүхбат аварга бид хоёр айл зэргэлдээ байсан. Бид хоорондоо мэндтэй устай, биенээ хүндэлдэг. Тэглээ гээд би А.Сүхбат аваргатай өөрийгөө адилсгах гэсэн юм биш л дээ. Яг үнэнийг хэлэхэд, сүүлд уншдаг шүлгэндээ их найдлага тавьж байсан юм. “Би нэг жаахан гайгүй шүлэгтэй” гэж. Нэг их сүйд болоод, миний алдрыг нэмчихгүй ч, “20 жил “барилдсан” юм чинь яахав дээ, миний дайны ганц нэг хүн авчихсан л байдаг юм, би бас нэг авч үзэх юм сан” гэж бодсон юм аа, ний нуугүй хэлэхэд. Тэгээд би тэр шүлгээрээ ер нь ч орчихлоо доо гэж бодсон чинь хасагдчихсан. Хоёрдугаарт, тэнд сууж байсан шүүгчдийн хоёроос нь би хүнийхээ хувьд гуйсан юм. “Би энэ жил шүлэг сайхантай. Жаахан бодоорой” гэж. Өөр хэлбэрээр бодолцоод нэгнийгээ гаргачихдаг тэр ертөнцийг бол би мэднэ шүү дээ. Тэгсэн бүүр тэгэхээс тэг гэж байгааг нь хараад би жаахан гомдчихсон юм. Тухайн үед хэл үггүй гараад явж болох байсан л даа. Яг тэгээд гомдчихоод арагшаа эргэтэл нэг зохиолч, “Урианхай эд нар өвгөн болтлоо үзээд байхад таныг өрөвдөөд нэг өдөр өгчих байлгүй” гэхгүй юу. Хүнийг тэгж доромжилж болохгүй л дээ. Үхэн үхтлээ “Болор цом” авах гээд л үзээд байдаг юм байна гэж боддог найрагч бас байдаг юм байна гэж бодонгуутаа шууд буцаж тайзан дээр гараад “Би 20 хэдэн жил оролцлоо. Дахиж би “Болор цом” наадамд оролцохгүй. Яруу найргийн баярт бол орно, шүлгээ уншина” гэсэн. Гэнэтхэн л шийдсэн. Тэрэндээ би харамсаад ч байсан юм байхгүй. Үзэгчид нэлээн шуугиан болоод юм хум шидлээд л явчихсан л даа.
-”Болор цом”-ын тухай яриаг ингээд цэглэе. Та өөрийнхөө амьдралын гол дүр нь. Сэтгүүлч, хөтлөгч, жүжигчин, зохиолч, аав, хань нөхөр, эсвэл найз нөхдийн алиных нь дүрийг та амьдралд илүү тод бүтээж байгаа вэ?
-Нас маань 60 руу ойртлоо. Одоо хоёр жил болоод гавьяаныхаа амралтанд гарна. Би бараг 14 настайгаасаа Монголын урлагт зүтгэж яваа хүн шүү дээ. Үүнээс өөрийгөө онцлоод, би гайгүй жүжгийн зохиолч, сэтгүүлч болчихлоо, яруу найрагч болчихлоо гээд төвлөрч бодоод байдаг юм байхгүй. Бүгдийг нь хийсээр байгаад ирсэн. Саяхан манай найз, драмын театрын найруулагч Б.Баатар телевизээр “Ш. Гүрбазар олон юм хөөгөөд аль ч үгүй хоцорлоо. Нэгд нь төвлөрсөн бол суут амьтан байх ёстой юм” гэх маягийн юм ярьсан.
Би телевизийн нэвтрүүлэг хийсэн ч, дууны үг, шүлэг, жүжгийн зохиол бичсэн ч, юм хөтөлсөн ч, алийг нь ч урлагийн өөрийнх нь түвшингээс унагахгүй байхыг хичээдэг. Хэм хэмжээнд нь барьж байвал хийж байхад яах вэ дээ. Огт болохгүй байвал хэцүү. “Энэ Гүрбазар арай ч дээ, ийм дууны шүлэг бичих гэж. Энэ бас солио тусчээ, хийх хийхгүйдээ бүр шүлэг бичдэг болж” гэвэл болохгүй. Хүмүүс намайг жүжгийн зохиолч Гүрбазар, яруу найрагч, эсвэл сэтгүүлч Гүрбазар гээд ялгаж ойлгодоггүй юм. Энэ бүгдийг нийлүүлээд нэг дүр хүмүүст үлдчихсэн юм. Тэр нь миний төв болоод үлдчихсэн.
Та нэг зүйлийн талаар сонсоогүй байгаа байх. Юу вэ гэвэл, Оросын алдартай соён гэгээрүүлэгч гэж хэлж болно, жүжгийн зохиолч, бас их жүжиглэх авъяастай, уран илтгэгч, Михайл Николаевич Задаров гэж хүн бий. Оросын Ерөнхийлөгч, Думынхан түүнийг сонсдог, их алдартай хүн байгаа юм. Михайл Задаровын өгүүлэхүйн урлаг гэдэг өөрөө бие даасан том урлаг л даа. Би үүнийг 2-3 жил судалсан. Тэгээд Монголд дэлгэрүүлэхээр шийдсэн. Ерөөсөө удахгүй, энэ аравдугаар сард эхний тоглолтоо үзэгчдэд хүргэнэ. Ердөө 300-400 хүнд тоглох юм. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр би л үүнийг хийж чадна. Яагаад гэхээр их, бага хэмжээгээр би жүжгийн зохиол сонирхдог, их бага хэмжээгээр би яруу найрагч, сэтгүүлч. Хүмүүсийн зовлон жаргалыг мэдрээд 30-аад жил сэтгүүлчийн ажил хийчихлээ. Уран уншлага, үгийн урлаг гэдэг зүйлээр 14-тэйгөөсөө эхлээд хөөцөлдөж явлаа. Тэгэхээр миний хийх ёстой дараагийн ажил энэ юм болов уу.
-Туулж өнгөрүүлсэн, цаашид туулах амьдралдаа өөрчлөгдөж, шинэчлэгдэж буй Ш.Гүрбазарыг үе шатанд хувааж үзвэл та хэдэн Ш.Гүрбазар вэ. 20 настай, 30, 40 настай, одоогийн Ш.Гүрбазарын сэтгэлгээнд ямар өөрчлөлтүүд гарсан бол?
-2000-2012 оны хоорондох энэ Гүрбазар. Өөрөө өөрийгөө таална гэж юу байхав, их зүгээр байгаа юм. Яагаад гэхээр би урьд нь зүгээр л урсгалаараа явсан. 2000 оноос хойш миний хийж байгаа, бодсон, зорьсон зүйлүүд нэлээд ажил хэрэгч болсон. Магадгүй, хүн 50 гараад ирэхээр тэгдэг байх. Энэ бол миний амьдралын нэлээд идэвхитэй хэсэг. Эсвэл нөгөө, “Маргааш буудуулах юм шиг амьдраарай” гэж яараад байгаа юм уу, бүү мэд. Үнэнийг хэлэхэд, миний үеийн 50 гарсан хүмүүс жаахан зогсонги болчихоод байгаа юм. Хүний авъяас чадвар, мөн чанар хэзээ ч илэрч, идэвхтэй хэлбэрээрээ харагдаж болно. Б.Лхагвасүрэн гуай л гэхэд надаас арав ах хүн шүү дээ. “Монгол тулгатны 100 эрхэм” гээд нэвтрүүлгийг хөтөлж байна. Ямар гайхамшигтай байна. Түүн шиг, хүнээс юм гарч л байх хэрэгтэй, ер нь өөр замгүй л дээ. Ний нуугүй хэлэхэд үүнийг хийж байж л таван цаас олж амьдарч байгаа шүү дээ.
-Таны шүлгүүдийг сонсохоор сэтгэл зүйч ч юм шиг санагддаг. Та ер нь өөрийгөө хүмүүсийг хэр мэддэг гэж боддог вэ?
-Би анзаарга их сайтай шүү дээ. Түүнээс биш, миний уншсан, мэдсэн сурсан юм нэг их биш. Сэтгүүл зүй, яруу найргийн уран бүтээл хийгээд байгаа нь миний хувийн анзааргад байдаг. Хүний сэтгэлийг, байдлыг ер нь гадарлана даа. Тэрийгээ бүтээлд л хэрэглэдэг. Ялангуяа телевизийн нэвтрүүлэгчид анзаарга их чухал. “Энэ хүнээс ингэж асуувал сэтгэлээ ярих юм байна. Ингэвэл уйлах юм байна, ингэвэл худлаа ярих юм байна” гэдгийг би мэднэ.
-”Хоршоо Дэрэм” шүлгийг сонсох бүрт нэгэн ядарсан өвгөний зураг сэтгэлд буудаг. Дэрэм шиг өвгөдийг харахаараа та юу боддог вэ?
-Би настай хүн ядарч байгааг харж ерөөсөө чаддаггүй юм. Үнэхээр хэцүү. Би Батсүмбэрт байдаг ахмадын халамжийн газраар ерөөсөө нэвтрүүлэг хийж чаддаггүй. Нэг хийсэн. Олигтой ч нэвтрүүлэг болоогүй. Цаг хугацааг яллаад байгаа юм шиг, цаг хугацаанд өөрөө яллагдаад байгаа ч юм шиг, их хэцүү. Настай хүн ядарч болохгүй. Эргэж буцалтгүй болсон хүнийг яаж ч болдоггүй юм шүү дээ. За яахав ээ, “Бидний амьдралыг энэ хүргэсэн юм, энэ зууны өнгөрсөн зууны ачааг үүрсэн юм, социализм гэдэг нэрийн дор энэ улсыг авч явсан юм” энэ тэр гэсэн тэр гоё үгнүүдээ больчих. Ерөөс, өвгөдийг, настай хүнийг ядраадаггүй тийм л улс орон байвал их энэрэнгүй. Төрийн зүрхэнд, монгол хүний зүрхэнд, Монголын өвгөд ядарч болохгүй гэсэн ганцхан зарчим байх хэрэгтэй. Хэзээ ч гуйлгачин байж болохгүй. Хамаагүй, залуучууд өлөн зэлмүүн байж болно. Өвгөд нь тэнүүн амьдардаг л байх учиртай. Тийм бодлого гаргах ёстой. Тэд бол бидний төгсгөл. Бидний очих цэг. Хүмүүсийн өөрийнх нь ертөнц. Ийм л санаагаар би “Хөхүүл Ёндон” , “Хөх Лосол”, “Хоршоо Дэрэм” мэтийн шүлгийг бичсэн.
-Хариуцлага гэдгийг та юу гэж боддог вэ. Хариуцлагын үнэ цэнэ юу юм бол?
-Урваж болохгүй зарчим л юм даа. Огт урваж болохгүй зарчим. Амьдрал дээр ч, сэтгэл дээр ч тэр. Эхнэр бид хоёр анх 16-тай танилцсанаас хойш 40 гаруй жил амьдарч байна. Би чинь урлаг уран сайхнаар их явсан, Монголын сайхан бүхний дундуур туучсан хүн юм ш дээ. “Монголын сайхан бүсгүй”-г арван жил хөтөлж, хажууд нь гүйж явлаа шүү дээ. Гэсэн ч надад энэ миний хань, гомдоож болохгүй гэсэн нэг тийм хатуу зарчим байсан юм. Түүнээс биш, хамгийн сайхантай нь би суучихаагүй шүү дээ. Хорвоо ч бас алаг эрээн , гоё юм Гүрээг хүрээлж л байсан шүү дээ. Худлаа яриад яах юм. Үүнтэй адилхан, ерөөсөө ямар ч ажлыг хийсэн “За болохгүй ээ, би муу ч гэсэн энэ улсын Их хурлын гишүүн шүү, би муу ч гэсэн нэг сайд нь шүү, энэ дээр нэг жаахан хязгаартай байя” гэсэн урваж болохгүй зарчмыг өөртөө тогтоох ёстой. МҮОНТ-ийн сэтгүүлч юм даа, би гэж боддог. Манайх чинь улсын төв телевиз юм даа гэж бодоод зарим зүйлийг, өөрийнхөө онцлогт тааруулаад зоригтой дуугарахыг хүсдэг байхгүй юу. Тэглээ гээд , “Танайх ёстой ардчилсан телевиз биш байна, би өөр телевиз рүү явлаа. Та нар яагаад үүнийг ярьж болдоггүй юм” энэ тэр гээд байж болохгүй л дээ. Зарчим нь өөрөө тийм юм чинь. Хууль тийм байна.
-Сэтгүүл зүйд зэрэг, зиндаа байх ёстой юу. Мэргэжил гэдэг утгаараа “Сэтгүүлч” гэсэн тодотголыг дөнгөж сургуулиа төгссөн хүүхдүүд хүртэл нэрнийхээ өмнө хайр найргүй “хэрэглэж” байна л даа?
-Хуучирсан юм ярилаа гэж залуучууд харах л байх. Би ялгаа байх ёстой гэж боддог хүн шүү дээ. Үзэг, диктафон, камер барьсан болгон сэтгүүлч биш шүү. Сурвалжлагч, сэтгүүлч, тоймч гэж байх ёстой. Гурван өөр ажил. Монголын бүх телевиз одоо тоймчгүй болчихсон байна. Тэгэхээр сэтгүүл зүй ядуурч байна гэсэн үг. Занхайсан тоймчид гараад ир л дээ. Харъя л даа, байна уу өнөөдөр. Гарч ирээд шууд суугаад ярьдаг, төр айдаг тэр хүнээс, нийгэм сонсдог, УИХ-ын гишүүд гөлөлздөг, аймшигтай сэдвүүдийг гаргаж ирж ярьдаг тийм тоймчтой болохын тулд сэтгүүлчид урагшаа алхах ёстой, тийм тоймчийг бид бэлдэх ёстой.
Х.Хулан