Монголын рок поп урлагийн ертөнцийг өөрийн гэсэн өнгө төрх, авъяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ цаг үргэлж чимэж явдаг дуучин Ану буюу Ч.Уранхолбоотой ярилцсанаа та бүхэндээ хүргэж байна.
-Өчигдөр дэлхийн охидын өдөр байлаа. Охидын үлгэр дуурайл болсон уран бүтээлчийн хувьд энэ өдрийг хэрхэн өнгөрөөсөн бэ?
-Юуны өмнө танай уншигчдад болон Монголынхоо хацар гоо охидод энэ өдрийн мэнд хүргэе. Өдрөөс өдөрт даяарчлагдаж буй нийгэм маань бидэнд үр өгөөжөө өгч байгаагийн нэг илрэл нь дэлхий нийттэй зэрэгцээд олон баяр тэмдэглэх боломжтой болсон байх. Бидний үед иймэрхүү баяр бараг тэмдэглэдэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр өсвөр насныхнаа их азтай юм гэж бодож байлаа. Энэ өдрийг тэмдэглэх хүрээнд Чингэлтэй дүүргийн тэргүүний сургууль болох 72 дугаар сургуулийн охидтой уулзалт хийлээ. Ая дууныхаа мэндчилгээг хүргэхийн зэрэгцээ "Монгол охидын биеэ авч явах соёл" сэдвээр ярилцсан юм. Охидын асуултад хариулахдаа, тэдэнтэй уулзахдаа баяртай байлаа. Би угаасаа охидод их хайртай. Яагаад гэхээр охид юм юманд үнэнч байдаг. Намайг аль “Гала” хамтлагт байхаас сонсдог байсан охид одоо ч гэсэн үнэнч хэвээрээ байдагт нь талархдаг юм. Энд тэнд явж байхад “Ану эгчээ таныг долоо, найман жил сонсож байна” гэдэг. Охидын баярыг харин найз охидыгоо хоолонд уриад, ээждээ мэнд хүргээд тэмдэглэсэн. Яагаад ээждээ мэнд хүргэв гэхээр эмэгтэй хүн бүр охин насыг дайраад гарсан. Бүгд охин байж үзсэн. Тэгэхээр эмэгтэйчүүдийн баяр гэдэг утгаараа ээждээ мэнд хүргэж баярлууллаа.
-Маш сонирхолтой асуултууд асуусан гэсэн. Юу гэж асууж байх юм?
-Их хөөрхөн зүйл сонирхдог юм билээ. Жишээ нь нэг охин надаас "Ану эгчээ та хэзээ хамгийн сүүлд уйлсан бэ. Уйлахаараа ямар араншин гаргадаг вэ" гэж асууж байх жишээтэй. Тэгэхээр нь хамгийн сүүлд Бээжинд уйлснаа ярилаа. Бээжинд байхдаа ээжийгээ маш их санаад уйлсан юм байна лээ. Урьд нь урт хугацаагаар гадагшаа явахдаа ээжийгээ тэгж их санаж байгаагүй юм билээ. Гэтэл тэнд гав ганцаараа байгаа болохоор гэр бүлийнхнээ, тэр дундаа ээжийгээ маш их үгүйлж, санасан. Ээжийгээ санаад сууж байх яг тэр үед ээжээс маань "Ээж нь охиндоо их хайртай шүү. Миний охин хамгийн мундаг, хамгийн шилдэг нь" гэсэн мессэж ирсэн. Тэгэхэд баярлаад, санаад уйлсан юм. Харин уйлж байх үедээ орилж хашхираад байдаггүй. Намуун тайван хүн болохоор барагтайд уйлаад ч байхгүй. Хамгийн дотныхоо хүмүүсийн дэргэд л нулимсаа гаргана уу гэхээс олны нүдэн дээр аль болох уйлахгүйг хичээдэг.
-Бээжинд сурч байгаа билүү. Ямар чиглэлээр сурч байгаа вэ?
-Тэнд хэлний бэлтгэлд сурч байна. Хятадын топ их сургуулийн нэг болох "Чинхуа" сургуульд сурч байгаа. Дэлхийд данстай сайн сургууль юм билээ. Сургуулийн орчин, сурах нөхцөлөөрөө дэлхийд хоёрдугаарт жагсдаг гэсэн. Тэндхийн цэцэрлэгт хүрээлэн, номын сан, дотуур байр гээд бүх зүйл нь үнэхээр сайхан. Хэдийгээр сайхан орчинд суралцаж байгаа ч гэлээ тэр бүхэн хүний нутгийнх юм даа гэж бодохоор битүүхэн атаархал төрөөд байдаг юм. Яагаад монгол залуучууд тийм нөхцөлд, тийм орчинд суралцаж болохгүй гэж. Гэхдээ ирээдүйд сайхан болох байлгүй дээ. Тийм болгоход нь залуус бид гар биеэрээ оролцох ёстой.
-Хэлний бэлтгэлд сурч байгаа гэхээр цаашид үргэлжлүүлэн сурах төлөвлөгөөтэй байна уу?
-Үргэлжлүүлээд бизнесийн удирдлагаар магистр хамгаална гэж бодож байгаа. Гэхдээ саяхан нэг баяртай ч юм шиг гунигтай ч юм шиг мэдээ ирлээ л дээ. Италийн эстрад дуу дуулаачийн их сургуульд суралцах шалгалт өгсөн чинь тэнцсэн байна лээ. Хятад улсыг сонгоод суралцаж байхад ийм мэдээ ирсэн нь өмнөө тавьсан зорилгоо яах билээ гэсэн эргэлзээнд оруулчихлаа. Би хувьдаа эхлүүлсэн зүйлээ дуусгах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа ч гэрийнхэн маань Итали явсан нь дээр биш үү гэж зөвлөж байгаа. Тийм болохоор жаахан эргэлзээнд орчихоод байна.
-Италийн сургуульд орохын тулд ямар шалгалт өгдөг юм бэ?
-Тодорхой хэмжээний шалгалт өгч уран бүтээлээ танилцуулна. Оддыг бэлтгэдэг сургууль болохоор уран бүтээл, биеэ авч явах тал дээр голлон анхаардаг юм шиг байна лээ. Өмнө нь бодож байсан бодол маань биелсэнд баярламаар ч юм шиг. Гэхдээ ер нь миний бодлууд биелчихээд байдаг юм аа. Цэгцтэй бодож байхгүй бол болохгүй юм шиг байгаа юм. Гэхдээ ямар ч байсан хагас жилийнхээ хэлний бэлтгэлийн сургуульдаа сураад төгсчихье гэж төлөвлөж байна. Түүнийхээ дараа нэгэнт л урлагийн хүн учраас Итали явж сурч боловсроод ирвэл маш том хөрөнгөтэй болох юм болов уу.
-Оюутан байх ямар байна вэ. Оюутны байранд амьдарч байгаа юу?
-"Чинхуа" сургуулийнхаа яг урд талд байранд амьдарч байгаа. Ганцаараа байх жаахан эвгүй байгаа ч гэлээ аль болох өөрийгөө дайчлан завгүй амьдарч байна. Орой бүр тэндхийнхээ бүжгийн хичээлд явж байгаа. Хичээл нь 19.30 цагаас, тэгээд өдөр бүр хичээллэх боломжтой болохоор уйдах завгүй л явна. Улаанбаатарт байхдаа өдөр бүр бүжгийн бэлтгэлтэй байхад ядардаг байсан бол тэнд эсрэгээрээ өдөр бүр бүжиглэсэн ч ямар нэгэн шантрах зүйл алга. Утас дуугарахгүй, уулзалт байхгүй, ажлын ачаалал бага болохоор сэтгэл санаа ч тайван байж ядрахгүй байгаа юм шиг байна лээ. Ер нь нэлээн эрч хүчтэй байгаа шүү.
-Тэндхийн монгол оюутнуудтай уулзаж байна уу?
-Ганц нэг таньдаг оюутнуудтайгаа уулзалгүй яахав. Гэхдээ их хотын хэмнэлд ороод тэр бүр завгүй байх юм. Харин нэг зүйл ойлгосон нь амьдрал энгийн байх тусмаа сайхан байдаг юм байна.
Дэлхий маань тэртэй тэргүй бумбын эринд шилжлээ. Хүмүүс оюун санааны хүчийг юу юунаас илүү дээдэлж байна. Тэгэхээр аль болох энгийн, амьдралтай, байгаль дэлхийтэйгээ ойр байх хэрэгтэй юм байна гэдгийг улам бүр ухамсарлаж байгаа. Мөн очиж үзээгүй олон газраараа явж үзлээ. Урьд нь Бээжин хотод дэлгүүр хэсэх ч юм уу, аль нэг улс руу нисэхдээ дамжин өнгөрөх байдлаар очдог байсан. Тийм болохоор очиж үзээгүй олон сайхан газраараа аялж байгаа. Хот тохижилтдоо үнэхээр их анхаарсан, аюулгүй орчинтой зэрэг нь их таалагдаж байна.
Мэдээж хэрэг барууны таатай орнуудын дэргэд дутуу санагах зүйл байгаа ч гэлээ Азийнхаа хэмжээнд Хятад улс манлайлж байгаа юм байна гэдгийг нүдээрээ хараад, тэднээс суралцаад явж байна даа.
-Монголд байхдаа тод өнгөтэй хээнцэр хувцаслаад явдаг. Тэнд харин илүү өөрийнхөөрөө, энгийн байгаа юу?
-Яг тийм байгаа. Энд байхдаа өдөр болгон өндөр өсгийт өмсдөг бол тэнд кет, пүүзтэй л найзална даа. Сургууль, гэр хоёр ойрхон болохоор цэцэрлэгт хүрээлэнгээр алхангаа ханзаа цээжлээд явчихдаг. Тэр үед гоёж гоодох ямар ч хэрэггүй. Тэгсэн тэр байдалдаа бүр дасчихсан байсан. Бээжинд нэг сар болчихоод гэртээ ирлээ. Тэгээд өмсдөг хувцаснуудаа өмсөөд, өнөөх төрхөндөө орлоо. Яг үнэнийг хэлэхэд өөрийгөө толинд хараад ичээд байсан. Тод өнгийн гялгар хувцас өмсөөд гарах гэсэн чинь бүр ичээд. Юу вэ л гэж бодож байгаа юм чинь. Урьд нь долоон жил ганган явчихсан хүн чинь яагаад өөрөөсөө гэв гэнэт санаа зовоод байнаа гэж бодоод. Сургуульдаа бол юун тэгж гоёж гангалах. Бүгд хичээл номдоо шамдаад явж байхад гангалаад явбал хүн амьтан гайхна биз дээ.
-Тэнд удвал гадаад төрх чинь нэлээн өөрчлөгдөж мэдэх нь ээ?
-Гэхдээ л цусанд нь шингэчихсэн зүйл гэж байдаг. Тэр зүйл эргэж хурдан сэргэдэг юм шиг байна лээ. Би угаасаа урлагийн хүн урлагийн хүнээрээ байх ёстой гэж боддог юм. Тэгэхээр гадаад төрх маань тэгтлээ өөрчлөгдөхгүй байлгүй дээ.
-Өөрийг чинь бясалгал хийж, цагаан хоолтон болсон гэдгийг мэдэх юм байна. Одоо үргэлжлүүлж байгаа юу?
-Хагас цагаан хоолтон болсон. Монгол хүн чинь махыг ор тас хорьж болохгүй юм шиг байна лээ. Махнаас авдаг В12 витамины дутагдалд ороод. Нэг хэсэг тариагаар нөхөх гэж үзсэн. Гэтэл хоёр бугалга маань үрэвсээд, хөндүүрлээд. Тэгэхээр нь махаа бага багаар идэж байгаа. Хамгийн гол нь аливаа зүйлийн хэмжээг тааруулах хэрэгтэй. Бясалгалын хувьд би арьяабалын бясалгалд явдаг. Одоо улам бүр шимтэж байгаа. Бясалгалын хүчээр ертөнцийг, нийгмийг эерэг сайхан өнцгөөс нь хардаг болсон. Өөртөө асар их тайвшралыг олж авдаг болохоор байнга хичээллэсээр байх болно. Харин сүүлийн үед бясалгалынхаа хажуугаар иогоор хичээллэж байгаа. Бээжинд сурахынхаа хажуугаар бүжиг, иогийн хичээлд яваад цагаа үр дүнтэй ашиглаж байна. Дээрээс нь хүний гэрлэн бүрхүүл буюу аурагийн талаар судалж байгаа. Сингапурт сургалтанд сууж байхдаа гэрлэн бүрхүүлийн орос багштай танилцаж олон зүйл сурч авсан юм. Одоо гэртээ гэрлэн бүрхүүл цэвэрлэдэг лааны эмчилгээ хийж байгаа. Ер нь тэнд байхдаа амар тайван байж байгаад ирсэн. Энд ирээд ажил ихтэй ачаалалтай байна. Урьдын адил өдөрт дөрвөн цаг унтаад жаахан ядарч байгаа. Гэхдээ би ядрах дуртай. Өөрийгөө ядрааж, бэрхшээл давахын тулд зовоож байж амжилтад хүрдэг болохоор ядарлаа гэж хойш суугаад байдаггүй.
-Хүнтэй утсаар ч ярилгүй, юу ч хийлгүй амарч үзсэн үү. Ер нь амралтаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Сая Бээжинд байхдаа яг тэгж амарч үзлээ. Урьд нь ядраад за ганц өдөр амаръя гэж боддог ч ажил гарч ирээд чаддагүй байсан юм. Урлагийн хүн болсноос хойш амарсан өдөр байхгүй байх аа. Гэхдээ тэглээ гээд хэцүү санагдаж байсангүй. Харин амралтаа байгальтай ойр газар өнгөрөөх дуртай. Хүн чинь байгалийн бүтээгдэхүүн. Тиймээс газар шорооноос энерги авч байх хэрэгтэй. Зун бол хайрган дээгүүр хөл нүцгэн алхаад явж байх сайхан шүү дээ. Усанд ойр баймаар байдаг юм. Би найзууддаа "Би урьд насандаа усны амьтан байсан байх аа. Ус харахаар л тайвшрах юм" гэж ярьдаг. Мөн гоё ном уншихаар сайхан амралт болдог.
-Таныг өөрийн нэрийн сүрчиг гаргах нь гэж байсан?
-Би өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа "Хэзээ нэгэн цагт Азийн хэмжээний од болмоор байна. Тэр үедээ өөрийнхөө нэрийн сүрчиг гаргамаар байна" гээд биччихсэн юм. Ер нь хүн үнэн сэтгэлээсээ мөрөөдөж чадвал түүндээ заавал хүрдэг. Тэгээд ч заавал яагаад том гүрний одод өөрийн нэрийн сүрчигтэй байдаг юм бэ. Багахан орны нэг дуучин өөрийн нэрийн сүрчгээ гаргахад болохгүй юм байхгүй. Нэгэнт л үнэртэй усны технологийг мэддэг мэргэжлийн улсууд нь хийх учраас санаа зовоод, чадахгүй гээд байх зүйлгүй. Угаасаа тэнд би сүрчиг, хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр судалж байгаа. Тиймээс хэзээ нэгэн өдөр "Ану" нэртэй үнэртэй ус худалдаанд гарахад ойрхон байгаа байх аа. Би үнэрэнд маш их ач холбогдол өгдөг. Ирээдүйн эр нөхрөө сонгохдоо ч гэсэн үнэрийг нь голлон авч үзэх байх аа. Ганцхан үнэрт татагдаад гэр бүл болохгүй ч гэлээ ямар ч байсан хань болох хүнээ сонгоход үнэр чухал нөлөө үзүүлнэ шүү.
-Та дэлгүүр ажиллуулдаг гэсэн. Хаана, ямар дэлгүүртэй юм бэ?
-"Нано фэйшн" гээд дэлгүүр байгаа. Шинэ салбар нь дөчин мянгатад тун удахгүй нээгдэнэ. Манай гэр бүлийн бизнес юм л даа. Анх "Хөөрхөн дэлхий" хүүхдийн хувцасны дэлгүүртэй байлаа. Одоо өргөжөөд гоо сайхны салон, гоо сайхны эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй болсон. Одоохондоо бүрэн хэмжээний дэлгүүр биш ч гэлээ байнга үйлчлүүлдэг тодорхой хэмжээний үйлчлүүлэгчтэй болоод амжжээ.
-"Хөөрхон дэлхий" ТББ үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
-Одоохондоо өдөр тутмын үйл ажиллагаанаас илүүтэй бидэнтэй хамтарч ажилладаг байгууллагын санал хүсэлтээр ажлаа явуулж байна. Ерөнхийдөө сүүлийн үед үйл ажиллагаа нь сургалтын төвөөрөө явагдаж байгаа. Түүнээс байнгын идэвхтэй ажиллаж чадахгүй байна.
-Биеийнхээ хэсэгт алтан утас суулгасан гэсэн. Хаана, ямар үнэтэй хийлгэсэн юм бэ?
-Тэр бол үнэн. Монголдоо солонгос эмчээр хийлгүүлсэн юм. Арьсны гүнд сууж өгснөөрөө арьсыг дээш нь өргөж байдаг. Нүүр, шилэн хүзүү, зүрх зэрэг газартаа хийлгүүлсэн. Ямар нэгэн муу нөлөөгүй. Харин ч эсрэгээрээ урт наслуулах увдистай. Би энэ алтан утсыг эх орондоо солонгос эмчээр хийлгүүлсэн. 7500 ам.долларын өртөгтэй.
-Нэг хэсэг туулай жилд хуримлана гэж ярьж байсан. Одоо найз залуутай байгаа юу?
-Энэ уг нь миний ярих дургүй сэдэв л дээ. Яахав тухайн үед хуримын зар тарааж байлаа. Тэрнээс хойш хоёр жил өнгөрсөн байна. Хүний амьдралд юу ч тохиолдож болдог юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тэгэхээр одоохондоо сүйн бөгж, сүйт хархүү миний мөрөөдөл болж чадахгүй байна. Жам ёсоороо би нэг л өдөр ээж болно. Хүн өөрөө л хүсэх юм бол хэзээ ч гэр бүлтэй болж чадна. Оюун санаагаараа л дуудаад аваад ирчихдэг юм шиг байна лээ. Миний хувьд тэр цаг хараахан болоогүй юм шиг байна. Хайр сэтгэлийг үгүйлэх үе байдаг ч гэлээ тэрнээс илүү зорилго, мөрөөдөл маань намайг ганцаардуулахгүй байгаа. Энэ амьдрал маань тийм байлгаж чадаж байна.
-Сурахынхаа зэрэгцээ уран бүтээлийн ажлаа хойш тавиагүй биз дээ?
-Сурч байхдаа ч гэсэн уран бүтээлээ орхиогүй ээ. Өмнө нь би нэг дуу гаргачихаад олонд цацдаг байсан. Энэ удаад бөөгнүүлж байгаа. Тун удахгүй Анугийн уран бүтээл ар араасаа цуварч гарна. Сая л гэхэд шинэ дууныхаа клипний зураг авалтыг хийчихлээ. Ер нь хаана ч, юу ч хийж байсан уран бүтээлээсээ холдохгүй гэж амлаж чадна шүү.
С.АЛТАНЦЭЦЭГ