Өнөөдрөөс 20 жилийн өмнө буюу 1990-ээд оны эхэн үед дэлхий нийтийг хип хоп хөгжмөөр байлдан дагуулж байсан "ОNҮХ" хамтлаг Монголд ирэхээр болжээ. Энэ сарын 20-нд болох тус хамтлагийн тоглолтод "Click click boom" бүлгийнхэн оролцох юм байна. Хип хоп урсгалын алтан үеийн амьд домог гэгдэж байгаа тус хамтлагийн түүхээс танилцуулъя.
Нью-Йорк хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй, тэр дундаа танхайчуудын гэж нэрлэж болохоор "Queens" дүүргийн үсчний салонд гурван залуу танилцсан нь "ОNҮХ" хамтлаг байгуулагдах эхлэл болжээ. Энэ бол 1989 он байв. Хамтлагийн амин сүнс болсон Стики Фингаз, Суэйв, Биг Ди Эс, Фредро Стар гэсэн дөрвөн залуугийн амьдрал тухайн үед тун хүндхэн байсан гэнэ. Амьдрал нь хүнд хэцүү байсан ч тэд хип хоп хөгжимтэй ойр байж хип хопын хамгийн хүнд төрлөөр дуулж эхэлжээ.
Анх хүмүүст өөрсдийн уран бүтээлээ хүргэхийг хүссэн тэд дүүргийнхээ цэцэрлэгт хүрээлэнгүүдэд сайн дураараа багахан хэмжээний тоглолт хийдэг байжээ. Тэр үед ингэж олны өмнө тоглолт хийх нь нийтэд хүлээн зөвшөөрөгдөхөөсөө илүүтэй маш их доромжлол амсуулдаг байсан гэнэ. Гэсэн ч залуучууд бууж өгөлгүй тоглосоор байлаа. Ингэхдээ элдэв хараал, доромжлолыг өөртөө тусгаж авахгүйн тулд мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэдэг байжээ. Удалгүй тэдний уран бүтээлийг олон нийт сонирхох болж байгуулагдсан цагаасаа нэг жилийн дараа буюу 1990 онд Америк даяар нэр алдартай болж чадсан юм.
"ОNҮХ" гарч ирсэн цагаасаа эхлэн хип хоп урсгалаар, тэр дундаа хамгийн хүнд төрлөөр уран бүтээлээ хийдэг байв. Тухайн үед тэдэнтэй зэрэгцэн маш олон хамтлаг шинээр байгуулагдаж, уран бүтээлээ хийдэг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам шигшигдэж үлдсэн цөөн хэдэн хүчирхэг хамтлаг оршин тогтнож байсны нэг нь "ОNҮХ" юм. Тэдний анхны уран бүтээл "Ahh, and we do it like this" байлаа. Уг дуу олны хүртээл болсон даруйдаа хүмүүсийн анхааралд өртөж эхэлсэн гэнэ. Иймд гудамжны хамтлаг хэвээрээ байх биш аль нэг студид харьяалагдах хэрэгтэй гэж үзээд "RUN-DMC" бичлэгийн студид хандсан нь нүдээ олсон шийдвэр болжээ.
Тус студийн продюссер Жэм Мастер Жа тэднийг ирээдүйн од болох хүчирхэг хамтлаг болно гэж итгэж байсан учраас "Колумбиа Рекордс"-ынхонтой гэрээ байгуулахыг зөвлөсөн байна. Тэнд очсоноор анхныхаа цомгийг гаргажээ. "Bacdafucup" нэртэй анхны цомог нь худалдаанд гарсан даруйдаа нэг сарын дотор л гэхэд сая гаруй шүтэн бишрэгчтэй болгожээ. Ингэж тэд санаанд оромгүй амжилтынхаа үр дүнд "Колумбиа Рекордс"-ынхонтой байгуулсан нэг жилийн гэрээгээ сунгахаар болсон байна. Тэднийг ийнхүү нэр алдрын оргил өөд тэмүүлж байхад “The source” сэтгүүл "Нийгмийн хамгийн доод давхаргын амьдралыг тэр чигээр нь гаргасан. Тэдний цомгоос ядуусын хорооллын бүдүүлэг танхай үнэр үнэртдэг" хэмээн шүүмжилж байсан гэнэ. Мөн тэдэнтэй зэрэгцээд алдарт "Биллбоард"-ынхон "Тэд зөвхөн харгис хип хопоор дуулаад зогсохгүй арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхагчдыг доромжилсон дуу бүтээж байна" хэмээжээ. Үнэндээ тэдний уран бүтээлээс цагаан арьстнуудыг дайрч, доромжилсон агуулгатай олон дууг сонсож болно. Магадгүй ийм уран бүтээл туурвидаг болохоор Америкийн хар арьстнуудын дэмжлэгийг бусдаас илүүтэй хүртэж байсан биз ээ. Хөгжмийн нэвтрүүлгүүд, урлагтай холбоотой сонин сэтгүүлийн тэргүүн нүүрнээс салахаа байсан тэднийг дэмжигч мянга мянган залуус өдрөөс өдөрт нэмэгдэж байжээ. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэдгийн адил эсэргүүцэх хүн л олон байсан гэнэ. Эсэргүүцэгчдийн эгнээнд Боб Доул, Уиллиам Беннэт, Долорес Такер нарын улстөрчид хүртэл байсан юм. Тэд тус хамтлагийн эсэргүүцэж байгаа шалтгаанаа тайлбарлахдаа "Тэд америкчуудын санааг зовоох болсон нийгмийн бүх л асуудлын үр үндэс болж байна. Тэд буруу үзлийг дэлгэрүүлж байна" гэжээ. Гэвч хамтлагийнхан үнэндээ хар арьст хүмүүсийн өдөр тутмын хүнд хэцүү амьдрал, арьс өнгөөр ялгаварлан үзэгчдийн дарангуйлал зэргийг тод томруунаар уран бүтээлдээ тусгаж байсан юм. Хатуу ширүүн эсэргүүцлийн дунд тэд хоёр дахь цомгийнхоо ажилд ханцуй шамлан оржээ. Ингэхдээ өөрсдийн үзэл бодлоо арай зөөлнөөр илэрхийлэх болсон байна. Энэ үед хамтлагийн бүрэлдэхүүн ч өөрчлөгдөж Биг Ди Эс хамтлагаас гарч, Суэйв тайзны нэрээ өөрчлөн Сони Сиза гэгдэх болжээ. Хамтлагтаа үлдсэн гурвал ямаршуухан авьяастай вэ гэдгээ харуулж чадсан бөгөөд дуундаа амьдралын бодит байдал, амиа хорлохоос наагуур хэрхэн амьдарч байгаа зэргийг харуулсан байдаг. "All we got iz us" цомогтоо тэдний өссөн гудамжинд хэнд ч итгэж болохгүй, арга буюу хүчтэй болохгүй бол чамайг бяц дарж орхино гэсэн санаа бодлоо нэвт шингээж чаджээ.
1993 онд гаргасан тэдний "Slam" дуу хип хоп урсгалын түүхэн дэх дэлхийн хамгийн алдартай дуу болж чадсан юм. Залуу реппэрүүдийг 1995-1996 онд кинонд тоглохоор урьсан бөгөөд урилгыг хүлээн авч хамтлагийн гишүүн тус бүр өөр өөр дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхлөөд амжжээ. 1990-2000 он бол тус хамтлагийн хувьд оргил он жилүүд байлаа. Зөвхөн тэдэнтэй хамтран тоглох гэж тухайн үеийн хамтлагууд мөрөөдөж байсан гэдэг. Тэд ч хүсэлтийг нь биелүүлж 2000 онд "Sticky Fingaz Blacktrash" цомогтоо олон алдар хүндтэй уран бүтээлчдийг урьж хамтын бүтээлээ гаргасан юм. Дараа нь "Bacdafacup part II" нэртэй цомог гаргасан боловч төдийлөн амжилт олоогүй байна. Харин 2003 онд гаргасан "Trigganometry" гэх цомог нь өмнө дуулж байсан бүх дууны цуглуулга болжээ. Энэ үеэс эхлээд хамтлагаараа бүтээл туурвихаас илүүтэй оролцогчид бие даасан уран бүтээлдээ анхаараах болсон байна. Харин "Оникс" гэх нэрээ аль болох их хэмжээний орлого олох хэрэгсэл болгон хувиргажээ. Үүний тулд тэд хамтдаа аялан тоглолт хийж эхэлсэн бөгөөд анхны томоохон хэмжээний тоглолт нь Европт болж байсан юм.
С.АЛТАНЦЭЦЭГ