“Монгол туульчдын урын сан”-гийн улсын анхдугаар үзлэгийн тусгай байрын шагналт Ховд аймгийн Дуут сумын туульч Н.Дамдиндоржтой ярилцлаа. Тэрээр урианхайн баатарлаг туулийг 12 жил хайлсан төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн ач хүү ажээ.
-Ховд аймаг баатарлаг урианхай туульсийн эх нутаг. Танай нутгаас энэ уралдаанд хэдэн туульч оролцсон бэ?
-Анхдугаар уралдаанд хот, хөдөөгийн 18 туульч оролцсон юм. Ховд аймгийн дөрвөн туульч оролцсон. Энэ нь манай аймагт тууль хайлах өв соёлоо хадгалж байгаагийн илрэл болов уу. Уралдаанд төрийн соёрхолт туульч Б.Авирмэд, соёлын тэргүүний ажилтан Б.Уртнасан нарын удмын гурван туульч оролцсонд баяртай байна.
-Та ямар төрлийн тууль хайлдаг вэ. Анхдугаар уралдаанд хэдэн цаг тууль хайлсан бэ?
-Би “Наранхүү хаан” туулийг дөрвөн цаг 25 минутын хугацаанд хайллаа. “Наранхүү хаан” нь дайны тууль юм. Хийморио сэргээе гэвэл “Дован хар бөх”, өнөр өтгөн, үр хүүхэдтэй болохыг хүсвэл “Аргил цагаан өвгөн”, туулийг хайлдаг ёстой.
-Та хэдэн настайдаа тууль хайлж сурсан бэ. Туулийг өвлүүлж буй шавь бий юу?
-Туулийг 16-гаас дээш настай хүн хайлдаг. Урианхай туулийг хайлахад хоолойгоо шахдаг учраас хүч их зарцуулдаг юм. Тиймээс бага насны хүүхэд тууль хайлах боломжгүй. Би анх 16 настайдаа Б.Авирмэд авгаасаа “Алтайн магтаал”-ыг заалгаж байсан. Би Дуут сумын 12 жилийн сургуулийн бага ангийн багш хүн л дээ. Зөвхөн тууль биш ардын язгуур урлагийг хөгжүүлж, экил, цуур, бие биелгээ, туулийг хүүхдүүдэд зааж өгдөг. Мөн язгуур урлагийн “Дуут нуур” хэмээх хамтлагтай. Ховд аймгийн “Яргуй” наадамд олон жил амжилттай оролцож байгаа. Зарим залуус дөрвөн бадаг хэлчихээд, “Би туульч хүн” гээд биеэ тоож байна. Уралдаанд оролцож буй туульчид “Туулийг хэрхэн өвлүүлэх вэ. Ямар аргаар сургавал тохиромжтой бол” гэж ярьж байна.
-Урианхай тууль бусдаас ямар онцлогтой вэ?
-Тууль дотроо урианхай тууль хэцүү төрөл юм. Үгчилж дуулж байгаа нь халх тууль. Урианхай тууль хоолойны хүч, ая дан хайлдаг онцлогтой.
-Туульч болоход унаган авьяас хэрэгтэй юу. Хичээл зүтгэл чухал уу?
-Уйгагүй хөдөлмөрлөж, сонирхдог байх хэрэгтэй. Дундаж тууль 3- 5 мянган мөр шүлэгтэй байдаг. Энэ бүхнийг цээжилнэ гэж байхгүй.
-Тэр олон мөр шүлгийг цээжлэх боломжгүй гэлээ. Туулийг онгодоороо хайлдаг гэсэн үг үү?
-Тууль хайлахад онгод гэж бий. Туулийг бүтэн өдөр, хоёр гурван цаг ч хайлдаг. Нэг тууль бүтэн номын хэмжээтэй. Түүнийг бүгдийн цээжилнэ гэж байхгүй. Туульд гардаг баатруудыг тогтоочихоод, өөрийн үгийн баялагаар баяжуулж хайлдаг юм. Эмээлийг “Зааны ясан гэртэй, зандан модон бүүрэгтэй” хэмээн магтаж болно. Урианхай ёсонд тууль хайлахыг “аргадах” гэдэг. Тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадана гэсэн үг л дээ. Туулийг сонирхсон хүн сурахад амархан. Туулийн тухай ном, зохиол ч олон болж.
-Ихэвчлэн туулийг өвөл хайлдаг гэсэн. Үүний учир юу вэ?
-Өвлийн улиралд тууль хайлна. Зун тууль хайлдаггүй. Учир нь хоолой нь хүч их шаарддаг. Мөн зуны улиралд хүний цус шингэрч, цус хөөрнө гэж үздэг.
-Туульч хүн айлын хойморт суудаггүй. Хойморт хангайн савдаг морилдог гэж ярьдаг. Туульчдад өөрсдийн ёс бий юу?
-Туульч тууль хайлуулахаар урьсан айлд л очдог. Туулийг гэртээ урихын тулд урьдаас хэлж, зөвшөөрөл авдаг. Тэгээд хөтөлгөө морьтой залж ирдэг юм. Урианхай ёсонд туульч “Алтайн магтаал”- ыг эхэлж хайлдаг. Дараа нь айлын хүмүүсээс ямар тууль хайлах талаар санал авдаг. Туульч хүн олон тууль мэддэг байх ёстой. Мөн урианхай туульчид бие биенээсээ зөвшөөрөл авдаг уламжлалтай. Намайг 1992 онд “Монгол туургатны их наадам”-д оролцоод, тусгай байрын шагнал авахад авга ах маань туульч гэж хэлүүлж болно гэсэн.
-Туулийг товшуур хөгжмийн аялгуунд хайлдаг. Энэ хөгжмөө өвлөж авсан уу?
-Товшуур хөгжмөө нутагтаа захиалж, хийлгэсэн. Товшуур нь хоёр чавхдастай, туульч талын утсан бүдүүн, нөгөө нь нарийн байдаг. Дээр үед хөгжмийн утсыг морины хялгасаар хийдэг байсан. Янз бүрийн хольцгүй харгай модыг урлаж хийдэг юм. Туульчдыг ард түмэн дундаасаа гаргаж ирдэг. Хэргэм цол гэж байхгүй.
-Нутагтаа айлуудад уригдаж тууль хайлдаг уу. Одоо гэртээ туульч урьдаг айл байдаг болов уу?
-Манай нутагт туульч урьдаг ёс байсан. Орчин үед энэ ёс байхгүй болсон. Тууль хайлбал уйдаад, ойлгохгүй байх. Ер нь сонирхож буй хүн алга.
-Монголд Урианхай ястангууд хэр олон байгаа бол?
-Урианхай ястан цөөн бий. Ихэвчлэн Ховд аймгийн Дуут, Манхан сумд л урианхай түмэн амьдарч байна.
-Тууль хайлахын ач холбогдол нь юу юм бэ?
-Тэвчээртэй зан төлөвшүүлдэг. Өглөөнөөс орой хүртэл сууж, тууль хайлна. Туульд гардаг үлгэр, домгийн баатруудаас үлгэр дууриал авдаг юм. Тууль хайлах нь амар биш. Туульчдын анхдугаар үзлэгийг зохион байгуулж байгаа нь маш зөв.
А.Цээсүрэн