Буриад улсын Ардын жүжигчин Оросын "Премьер министр" хамтлагийн гоцлол дуучин Б.Амархүү энэ сарын 15,16-нд “Гэртээ хүрэх замд" анхны тоглолтоороо монгол түмэнтэйгээ уулзах гэж байна. Түүний аав Д.Борхүү циркийн жүжигчнээс урлагтай холбогдож Улаан-Үүд хотод буриадын циркийг байгуулж мөн тэндхийн Байгаль чуулгын уран сайхны удирдаачаар ажиллаж байсан. Буриад улсын төрийн шагналт тэрбээр дуучин хүүгийнхээ хамгийн дотны зөвлөгч нь юм. Түүнтэй хүүгийнх нь анхны тоглолтынх нь талаар ярилцлаа.
-Амархүүгийн тоглолтыг үзэгчид тэсэн ядан хүлээж байна. Тоглолтынх нь талаар яриагаа эхэлье?
-Хүүгийн маань тоглолтыг ах дүү, найз нөхөд нь дэмжиж хийж байгаа. Монголын ард түмэн Амархүүг Народный артист Оросын том хэмжээний шоу, телевизийн наадамд түрүүлснээс нь хойш Монголдоо ирж тоглолт хийхийг хүсэн хүлээж байсан нь мэдээж. УГЗ Л.Балхжавын тоглолт дээр үзэгчдийн хүлээж авч байгаа байдлаас бидэнд тоглолт хийх нь зүйтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Амархүү Москвагийн том одууд байдаг компанитайгаа гэрээтэй байдаг учраас дуртай цагтаа Монголдоо ирээд байх боломжгүй. Магадгүй зарим хүмүүс хэдийд Монголдоо ирээд кинонд тоглоод, бас хамтлаг дуучдын тоглолтонд ороод байдаг байна гэж боддог байх. Гэтэл манайхны кино хийж байгаа газрууд Амархүүгийн ажилладаг компанитай тодорхой хугацааны гэрээ хийчихдэг юм билээ.
Мөн цаана нь "Премьер министр" хамтлагийн дөрөв таван уран бүтээлч хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл тианер хоолой нь байхгүй учраас тэд нь ажилгүй суучих гээд байдаг тал бий. ОХУ-ын тэр том хамтлаг энд тэнд уригдаж тоглодог нь мэдээж. Ихэнх газартай бүтэн жилийн гэрээтэй байдаг гэсэн. Хааяахан Монголдоо ирсэн өдрүүдэд тун завгүй байж байгаад буцаад нисчихдэг. Гэхдээ миний хүү монгол хүн учраас монгол түмэндээ хайртай байлгүй яахав. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолт дээр та нарыгаа санадаг шүү гэж хэлсэн.
-Тоглолтын онцлогийн тухайд?
-Бүжгийн балетын хамтлаг болон "Премьер министр" хамтлаг ирнэ. Хоёр улсын хооронд учраас хамгийн гол нь визний асуудал байгаа. Нөгөө талаас тэд гэрээгээ таслаад ирж болохгүй ч гэлээ одоогийн байдлаар ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Оросын шоу бизнесийн үнэ өндөр. Гэхдээ Амархүү монголд ирээд тэр үнээрээ тоглоно гэвэл өөр хэрэг. Нэгэнт оросын шоу бизнест нэрээ гаргачихсан учраас монголдоо уран бүтээлээ хүргэе гэж бодно уу гэхээс мөнгө хөөгөөд байдаггүй. Яагаад гэвэл ах дүү найз нөхөд нь бүгд бизнес хийгээд хөл дээрээ тогтчихсон. "Хос бэрс" компанийн ээжийнх нь дүү хоёр ах нь тоглолтыг нь ивээн тэтгэж байгаа. Ерөнхийдөө энэ тоглолт Амархүүг ард түмэнтэй нь уулзуулъя уриан дор тоглогдож байгаа. Хүүтэй минь хамтран ажилладаг хуурай ах дүүс болчихсон UBS телевизийн захирал Л.Балхжав, Айст телевиз, "Мөнхийн үсэг" компани, орос талаас нь ивээн тэтгэж явдаг Амгаланбадархандаринчен гэж хүн байгаа. Бас хамгийн сүүлд кинонд урьж тоглуулсан кино компанийн “Big fish” киноны найз нөхөд гээд олон хүмүүс ивээн тэтгэж тусалж байгаа. Амархүүгийн хувьд монголдоо арваад дуу гаргасан. “Гурван охин" хамтлагтай дуулсан дуу, “Татар ажиллагаа” киноны Батсүхтэй дуулсан дуу, хамгийн сүүлд гаргасан дуу гээд, дээр нь Л.Балхжавын олон сайхан дуунууд нь бүгд хит болсон. Мөн "Дугуй хээтэй наадам" гэж наадмын тухай том хэмжээний дуу гаргалаа.
-Монголын уран бүтээлчдээс ямар дуучид ая дуугаа өргөх вэ?
-"Номин талст" хамтлагийн дуучин Д.Батсүх, “Гурван охин хамтлаг", "Киви" хамтлагийн дуучин Аги нар оролцоно. Бас МУГЖ С.Жавхлантай дуулсан дуугаа дуулах байсан ч энэ удаад Жавхлан хөдөө ажилтай яваа болохоор тоглолтонд оролцож чадахгүй гэдгээ хэлсэн. С.Жавхлан манай монгол орон өргөн уудам юм чинь миний дүү хэзээ нэг цагт биднийгээ аваад дуулах байх, дүүдээ баярлаж явдаг шүү хэмээн мессеж явуулсан байна лээ. Жавхлан тэр дууныхаа үгийг өөрөө бичсэн юм.
-Тоглолтын тасалбарын үнэ хэд вэ?
-Бид тоглолтоо нэг их үнэрхээгүй. ОХУ-аас арваад уран бүтээлч ирнэ. Тиймээс бид тэдний ирж очих зардлыг нь тооцож байгаа. Жүжигчид, виз гээд тоглолтын зардал өндөр байгаа учраас тасалбар 30-40 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Тоглолтыг нь үзье гэсэн хүмүүс зөндөө асууж байна. Оросын шоу бизнест монголынхоо нэрийг гаргаж яваад аавынх нь хувьд баяртай байдаг.
-Тоглолтын нэр сонин хэрнээ гунигтай ч юм шиг?
-Амархүү их замд явдаг, нэг хотоос нөгөө хотод очиж тоглоод ер нь улс улс дамжаад явдаг хүн л дээ. Тэр талаас нь бодолцож “Гэртээ хүрэх замд" нэр өгсөн юм. "Гэртээ хүрэх замд" гэж дуугаа Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбат хүүд маань бэлэглэсэн. Энэ дууг мөн өөрөө дуулсан байгаа. Хэдийгээр гэр нь Москвад байдаг ч гэсэн төрсөн нутаг нь Булган аймгийн Орхон сум. Тийм учраас бид энэ дууг онцолж авсан.
-Амархүүгийн хувийн амьдрал олны анхаарлын төвд байдаг. Нэг үе орос бүсгүйтэй гэрлэх гэж байгаа гэсэн. Одоо монгол бүсгүйтэй амьдарч байгаа гээд л ярьдаг?
-Хүү маань од гэж яригдах дургүй. Нэгэнт хүмүүст танигдчихсан болохоор л янз бүрээр ярьдаг. Бидний зүгээс ч од энэ тэр ярианд ач холбогдол өгдөггүй. Яахав элэг нэгт монголчууд Амархүүг монгол бүсгүйтэйгээ суучихаасай гэж боддог юм билээ. Гэхдээ одоогоор монгол бүсгүйтэй суучихсан гэж хэлж чадахгүй. Гэхдээ одоо "Шилмэл загвар" компанийн загвар өмсөгч Ариунзул гэдэг охинтой хамтран амьдарч байгаа. Учир нь Амархүү байнгын Москвад байдаг хүн. Тиймээс монгол охин тэнд очоод хэл сурах шаардлага гарна. Тэр том шоу бизнест орно гэдэг амаргүй. Тиймийн тулд хэн хэнийгээ сайн ойлгож мэдэрсэн байх ёстой. Энэ бол энгийн хүн очоод хийчих ажил биш. Тийм учраас үүнийг Монголын ард түмэн ойлгох хэрэгтэй. Бидний зүгээс үерхэж байгаа охинд нь баярлаж байгаа. Монгол түмнийх нь өмнөөс хүний газар харж хандаад байгаад нь би Ариунзулдаа баярлаж яваа. Тэр холбогдоод байсан орос охин хамтран ажилладаг компанийнх нь дуучин охин. Урлагийн хүмүүс болохоор хамт зургаа авахуулсан байсныг нь л интернетэд татаад авчихсан юм билээ. Амархүүгийн хувьд нэгдүгээрт уран бүтээл, хоёрдугаарт Монголынхоо нэрийг гаргаж явъя гэдэг асуудал байгаа юм. Тиймдээ ч Монголын ард түмэн, төр засгаас хүүгийн минь хийсэн ажлыг үнэлж дүгнэх байх гэж бодож байна. "Universe best songs''-ийг шүүхэд тэр тогооноос гарсан болохоор хүмүүс их тааламжтай хүлээж авсан. Хоёр дахь удаагаа урилгыг нь өгсөн байх. Гэхдээ ирж шүүж амжихгүй байх.
-Амархүүгээс манайхан морь унаж чадах юм уу гээд ер нь Монголоо мартсан юм шиг л зүйл их асуудаг. Гэтэл Амархүүгийн хувьд энгийн хэрнээ их ёсорхуу байдал ажиглагддаг?
-Манай хүүгийн төрсөн нутаг Булган нутгийнхан их ёс жудагтай хүмүүс. Бас өвөө нь нутагтаа нэр цуутай, сумын арслан, аймгийнхаа бүх наадмыг "Түмэн эх" дуугаар эхлүүлж, өөрөө дуулдаг байсан хүн. Тийм учраас Амархүү хөдөө өсч буурлуудынхаа үгийг сонсдог байсан учраас ёс жудгийг сайн мэддэг баримталж ч чаддаг. Гэтэл зарим хүмүүс “Та морь унаж чаддаг уу” зэрэг янз бүрийн асуулт тавьдаг. Миний хүүгийн хувьд хүнийг хүндэтгэх үзлийг өмнөө тавьж явдаг. Бид ч гэсэн тэгж сургадаг. Хүү маань байгаагаараа л байна гэж ярьдаг. Бас "Би тэнгэрт гарах болоогүй байна, тэнгэрт гарлаа ч гэсэн хэзээ нэг өдөр газартаа бууж ирнэ, тэр үед би яах вэ гэдгийг бодоод одоо байгаагаараа байя" гэж хэлэх дуртай.
-Амархүү маань сүүлийн үед нутгаараа очиж амжсан уу. Ирэх бүрдээ төрсөн газраа очоод нэг хөрвөөчих юмсан гэж боддог байлгүй дээ?
-Амрах цаг зав маш ховор. Бас компанитайгаа хатуу гэрээтэй.
-Цалин мөнгөний хувьд хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Урлагийн хүн учраас мөнгө байх үедээ байгаад, байхгүй үедээ байхгүй шүү дээ. Хүн бүрийн амьдрал өөр. Дандаа цалгиж байна гэж байхгүй. Хэцүү амьдралыг туулж, оросуудтай алаан болж байж гарч ирсэн. Одоо ч тийм л хэмжээнд байдаг. Амархүүгийн хувьд хүний газар өөрийнхөө чадлаар л явж байгаа. Түүнээс наана цаана гэсэн асуудал байхгүй. Цалин мөнгөндөө гол нь биш. Цаашдаа урлагийнхаа нэр хүндийг өндөрт өргөөд явбал болох нь тэр. Би урлагийн хүнийг баян тарган болсон гэж дуулаагүй. Яахав ах дүү нар нь хөл дээр нь босгоод дүүгээ дэмжээд явж байгаа.
-Хүү тань яваандаа Монголдоо ирж ажиллана гэж ярьдаг уу?
-Хүн нас ахихаар нутгаа үгүйлж гүйдэг шүү дээ. Одоо нас залуу байгаа учраас Оросын шоу бизнестээ ажиллаад Монголынхоо нэрийг гаргаад явах хэрэгтэй. Хоёрдугаарт Монголын зах зээл жижиг ч гэлээ хэзээ ч яваад ирж болно шүү дээ. Харин энэ жил ганцаараа дуулах, ганцаараа тоглолтод орох, ганцаараа альбом хийх эрхээ авсан.
-"Ааваа саная" дуу нутаг ус ааваа санасан эрчүүдэд нэгийг бодогдуулсан дуу болсон байна лээ?
-Амархүү өөрөө их уян сэтгэлтэй хүн. Л.Балхжав захирал ч их гоё дуу бичиж өгсөн. Л.Балхжав гуайн аав хоёроос гурван жилийн өмнө өөд болсон. Тиймээс аавыгаа бодож, аав нь ч хүүдээ тэнгэрийн орноос онгод авьяас хайрлаж тэр агуу дууг бичүүлсэн болов уу. Түүнийг Амархүү сэтгэлдээ бодож бясалгаж гоё дуулсан болов уу. Тийм учраас энэ дуу үзэгчдэд их хүрсэн. Тэдний уран бүтээлийн хувь тохиол бүрдэж хүнд хүрлээ гэж бодож байна. "Дугуй хээтэй наадам" дуу сая анх удаа сонсогчдодоо хүрлээ. Одоо дахиад тоглолтон дээр дуулагдахаар хүмүүс бүр ч сайн хүлээж авах байх гэж бодож байна.
-Бодвол Амархүүтэй дуулж карьераа өсгөх гэсэн дуучид бишгүй байдаг байх?
-Хамт дуулъя гэсэн уран бүтээлчид олон байдаг. Түүнээс Амархүүд энэ сайн дуучин, энэ муу дуучин гэсэн ойлголт байхгүй. Гудамжинд явж байгаа хүн ч сайн уран бүтээл хийхийг алийг тэр гэх юм бэ. Харин Ардын жүжигчин, гавьяат жүжигчинтэй дуулаад сайн хоолой гарах юм бол энэ бол асуудал биш. Заавал том хүнтэй дуулна гэсэн бодол миний хүүд байхгүй. Амархүүтэй ямар хоолой таарахав, ямар хоолой таарахгүй байхав гэсэн урлагийн нарийн ньюансууд байна шүү дээ. Гоё сайхан уран бүтээл хийж ард түмэндээ хүргэх ёстой гэсэн зорилго л Амархүүд бий. Би ч тийм бодолтой явдаг.
Д.Нэргүй