“Чингис хааны мэндэлсний 850 жил”-ийн ойд зориулан “Монгол төрийн уртын дуу” бүтээлээ СD дээр хэвлүүлжээ. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-“Монгол төрийн уртын дуу” бүтээлээ хэзээ эхлэв?
-Бүтээлийг анх 2001 онд сэдээд, айзам уртын дууны үгийг бүрэн эхээр нь дуулах оролдлого эхэлсэн. Тухайн үед нэг хоёр бадаг буюу 3-7 минуд хэртэй дуулахаас биш 25-35 минут, түүнээс ч удаан хугацаагаар тасралтгүй дуулах чадалгүй байсан. Дуучны хувьд тасралтгүй 25-35 түүнээс дээш хугацаанд дуулах чадвар суугаагүй байсантай холбоотой байх. Тэгээд л дасгал сургуулилалт эрчимтэй хийж эхэлсэн. Нэг зүйлийг дурдахад орчин цагийн манай уртын дууны мэргэжлийн сургалтад уртын дууг бүрэн эхээр нь дуулуулж сургах аргазүй хомс байдаг. Ийм байдалд хүрэх болсон шалтгаан нь мэдээж суурин болон нүүдлийн соёл хоёрын харилцаа хамаарлаас үүдэлтэй гэдэг нь тодорхой. Бидний өвөг дээдэс уртын дуугаа өнгөрсөн зууны эхэн дунд үе хүртэл яруу найргийн бүрэн эхээр нь дуулж байсан. Гэвч тэдгээр дуунууд бүрэн эхээрээ үлдээгүй нь харамсалтай. Хоёр шад, эсвэл ганц бадаг л дуулж үлдээсэн байдаг. Ийм болохоор уртын дууг дуулах аргын уламжлалт тогтолцоотой гүнзгий танилцах шаардлага урган гарч, энэ ажилд хамаг цаг хугацаагаа зарцуулж байна даа.
-“Монгол төрийн уртын дуу”-нд ямар ямар дууг багтаасан бэ?
-“Эртний сайхан”, “Түмэн эх”, “Хуур магнай”, “Дуртмал сайхан”, “Хэрлэнгийн бараа” /баръяа/, “Их замбуутивийн наран”, “Асарын өндөр”, “Эрхэм төр”, “Энх мэндийн баяр” зэрэг Монголын төрт ёсны уламжлалтай хамаарал бүхий есөн дууг сонгосон.
-Уртын дуучин, судлаач хүний хувьд та “Монгол төрийн уртын дуу” бүтээл нийгэмд ямар ач холбогдолтой гэж үздэг вэ?
-Хэдэн зүйлийг тооцож бодсон. Нэгдүгээрт, уртын дууг хадгалах, хамгаалах, өвлүүлэх зэрэгт мэргэжлийн уртын дуучид дууныхаа яруу найргийг бүтнээр нь дуулах хэрэгтэй. Үүнтэй холбоотой Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн 2008-2011 оны хооронд монгол ардын уртын дууны орон нутгийн шинж, байдлыг судлах ажлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлаг судлалын хүрээлэн, мөн ОХУ-ын Буриадын Монгол-Төвд будда судлалын хүрээлэнтэй хамтарч хийсэн. Гурван орны тухайн бүс нутагт тархан суурьшсан нүүдэлчин монголчуудыг хамарсан найман удаагийн хээрийн шинжилгээний ажлын явцад уртын дууг яруу найргийн бүрэн эхээр нь дуулсан хүн тун цөөхөн байсан. Тэгэхээр уртын дууг бүрэн эхээр нь сурч эзэмших ажил маш чухал болох байх. Хоёрдугаарт дээрх байдалтай холбоотойгоор уртын дууг өнөөдрийн хэмжээнээс илүү гүнзгий судалж, түүний мөн чанарыг тайлбарлахад бүтэн уртын дуу хэрэгтэй байна. Бүтнээр нь дуулж байж уртын дуу, уртын дуучин хоёр өөрийн мөн чанараа харуулах учиртай юм. Уртын дууг яруу найргийн бүрэн хэмжээгээр нь дуулж байгаа болон дуулсан эх нь л “шинжлэх ухааны жинхэнэ судлагдахуун” болж чадна. Тийм учраас XXI зуунд бид уртын дуугаа илүү гүнзгий ойлгож мэдэх, хүн төрөлхтөнд үнэн тайлбар хэлж өгөхөд ихээхэн ажил ач холбогдолтой. Бидэнд нэгэн мөрөөдөл бий. Тэр бол дэлхийн томоохон театруудад уртын дуучны орон зай байгаасай гэх төсөөлөл юм. Бид үүнд зорих ёстой юм шиг. Яг үүнтэй холбоотой уртын дууны хэрэглээ, үүргийн тухай өнгөрсөн хугацаанд хийсэн “Монгол туургатны уртын дуу”-г харьцуулж судлах ажлын явцад сонирхолтой зүйл мэдэгдсэн. Нүүдэлчид уртын дуугаа дуулж байгаль дэлхийн араншинд нөлөөлдөг байсан тухай дурсамжууд, мөн уртын дуу дуулж ахуйн шинжтэй засал хийдэг байсан мэдээллүүд ч олдсон. Би дээрх сонгосон есөн дуугаа сурах явцдаа хээр талд, гол мөрний эрэг дээр, уул хадны оройд сууж дуулж, хуурдаж туршилт хийсэн. Яг тэр орчинд л уртын дуу, дуучин, морин хуурч гурав өөрийн язгуур чанараа олж авах шинжтэй юм билээ. Нэг үгээр хэлбэл, энерги дотоод мэдрэмжийн түвшинд бие биедээ уусан шингэж нэгэн цул зүйл болж чадаж байна. Уртын дуу бол “далд ухамсар”-ын дэвшилд хүрсэн хүнлэг энэрэнгүй ард түмний бүтээл юм байна. Тийм учраас мэдрэмж хийгээд далд ухамсараа хөгжүүлнэ түүний оюун, сэтгэлийн хэрэглээг монгол уртын дуу хангах үүрэгтэй гэж ойлгосон.
-Морин хуурчаар нь хэн ажилласан бэ?
-ХБК-ийн багш Б.Баттулга ажилласан. Ширэн цартай морин хуураар хуурдсанаараа онцлогтой. Харин бүтээлийн загвар, хэв маягийг дизайнер Д.Баасандорж гүйцэтгэсэн.
-Ширэн цартай морин хуурыг сонгох болсон шалтгаан?
-Орчин цагийн морин хууртай 20-иос дээш минут дуулахад тэр технологи дуучныг их ядраадаг юм байна. Эхлээд сонсгол дара нь тархи ядарна. Тархи ядрахаар дууны хөвч, төвөнхийн хөндийн булчингуудын үйл ажиллагаа суларч байгаа юм. Нэг үгээр хэлбэл орчин үеийн технологоор бүтсэн морин хуур хөгжмийн дуурсахуйн чанар нь удаан хугацаагаар уртын дуудуулахад тийм ч таатай биш юм байна гэж мэдрэгдсэн. Харин уламжлалт морин хуур бол арьс, морины сүүл гээд биологийн гаралтай бүтээгдэхүүнээс бүрдсэн байдаг. Сонсоход чихэнд уянгалаг зөөлхөн, дуучны хоолойтой эвсэлцэж заримдаа бүр хоолойн өнгөтэй тун адилхан эгшиглэдэг. Харин уламжлалт морин хуур хөгжимд нэг асуудал бий. Одоо ч байна.
-Тэр нь юу юм бэ?
-Тухайн орчны халуун агаарт цар нь хатаж хөг чангарах, чийглэг сэрүүхэн нөхцөлд суларч хөг буух зэрэг уян хатан байдал нь жаахан бэрхшээлтэй байдаг юм байна.