“Жинхэнэ виртуоз, гайхамшиг, супер” гэхчилэн магтаалын сайхан үгсийг харамгүй хэлмээр тийм нэгэн үдшийг “American вallet theatre” буюу “Метрополитан” театрын гоцлооч Саша Радецки сонгодог урлагийг хүндлэн, биширдэг монгол үзэгчдэд мэдрүүллээ.
Тэрбээр өнгөрсөн баасан, ням гаригт ДБЭТ-ын тайзнаа А.Аданы “Жизель” балетад гоцолсон юм. Цэцгийн баглаа, “Браво”, тасралтгүй үргэлжлэх алга ташилт. Энэ бүхэн баярлаж, догдолсон үзэгчдийн сэтгэлийн илэрхийлэл.
Бахархал, магтаалын хуранд шалба норсон өөр нэг хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Цолмон байлаа. Түүнгүйгээр энэ үдшийг төсөөлөхийн аргагүй. Ийм сайхан зүйл үзэх боломж олгосон ерөнхий зохион байгуулагч Америкийн “Blue silk travel” компанийн захирал Б.Сарантуяа, гүйцэтгэх захирал Жонатан Хоури болон ерөнхий ивээн тэтгэгч Монголын “Монре импекс” ХХК-ийн захирал Р.Туяацэцэг нарт чин сэтгэлээсээ талархал илэрхийлэн, мэхийн ёсолъё.
Дэлхийн өндөр түвшний балетчинг Монголын тайзнаа бүжиглүүлснийх нь төлөө, Монголд америк жуулчдыг татах, манай сонгодог урлагийг сурталчлах том алхам хийснийх нь төлөө ийнхүү онцоллоо. Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 16-нд Монголын тайзнаа анх удаа тоглосон Сашагийн сэтгэгдлийг сонсож, хэдэн хором ярилцсан юм. Тэрбээр бэлтгэл, сургуулилалт, тоглолт гээд нэлээд ядарсан ч цааргалалгүй цаг гарган “Өнөөдөр”- ийн уншигчидтай уулзаж байна.
-Гайхалтай тоглолт үзүүлсэн Танд баярлалаа. Монголын тайзнаа анх удаа бүжиглэлээ. Сэтгэгдэл ямар байна вэ. Монгол үзэгчидтэй хэр холбогдов?
-Сэтгэл тун өндөр байна. Үзэгчдийн уур амьсгал маш халуун байгааг мэдэрсэн. Гайхалтай байна. Яг одоо “Чингис” шар айраг байвал сэнгэнэтэл залгилмаар байна шүү.
-Миний ажигласнаар зарим хэсэгт жаахан сандрах шиг болсон. Дэндүү их хичээснийх үү, эсвэл даараад жаахан хөшчихөв үү гэж бодсон шүү?
-(Нүдээ том болгон, хөмсгөө өргөж, мушилзав). Маэстрогийн хэмнэлд тааруулах гээд зарим хэсэгт жаахан хичээлээ. (Маэстро зарим хэсэгт жаахан хурдлуулах шиг болсон).
-Хамтран бүжиглэсэн Г.Цолмонгийн чадварыг Та “Гайхалтай” гэж дүгнэсэн. Харин “Жизель”-д тоглосон монгол бүжигчдийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Энэ удаагийн тоглолт хамтдаа гайхалтай болсон. Гэхдээ Цолмонгоос бусад бүжигчний хувьд хамтран ажиллах цаг хугацаа байгаагүй болохоор ийм, тийм гэж дүгнэж хэлэх хэмжээнд мэдэрсэнгүй. Тиймээс хамаагүй ярьж болохгүй. Сургуулилалтын үед би ихэвчлэн Цолмонтой ажилласан. Бүжигчдийн ур чадварыг мэдрэхийн тулд хамтдаа бэлтгэл хийж, бас үзэгчийн суудлаас харах хэрэгтэй. Энэ удаагийн ажлыг дүгнээд хэлэхэд монгол бүжигчидтэй хамтраад сайхан жүжиг тоглочихлоо, сэтгэл хангалуун байна.
-Нэг хүний бүтээл хэдий ч тухайн улс, театрын онцлогоос шалтгаалан тавилт бага зэрэг өөр байдаг. Манай театр болон ABT (American вallet theatre)-т тавьсан “Жизель”-ийн ялгаа юу байв?
-Хоёр театрын тавилтын хувьд онцын ялгаа байгаагүй. Мэдээж, хоёр өөр тайз учраас хэмжээ, заслын хувьд жаахан ялгаа байлгүй яах вэ. Харин манай театрын хувьд тариачин бүсгүйчүүдийн бүжиг, ая нь арай өөр байдаг. Бусдаараа бол ерөнхийдөө адилхан байлаа.
-Та юуны тулд бүжиглэдэг вэ. Саша балетийн төлөө төрсөн хүн мөн үү?
-Зөвхөн балетийн төлөө заяагдан төрсөн мундаг бүжигчид бий. Харин би балетийн урлагийн төлөө байгалиас заяагдсан хүн биш. Бас балетийг ажил гэдэг утгаар нь ч хийж байгаа хүн биш. Би балетийн урлагийг шүтэж, хүндэлдэг учраас үүнд өөрийгөө зориулж байгаа хүн.
-Саша бүжигчнээс гадна дэлгэцийн урлагаар хүмүүст багагүй танигдсан юм билээ. Сонгодог урлагийн тайз, дэлгэцийн урлагийн орчин, ажилбар гээд хоёр өөр зүйл. Сашагийн хувьд энэ хоёрын ялгаа нь юунд байдаг бол?
-Бүжиг миний хувьд ямагт нэгдүгээрт байдаг. Кино бол хэл яриа оролцдог давуу талтай. Харин бүжгийг илэрхийлэхийн тулд бүх сэтгэлээ уудалж гаргадаг учраас киноноос тэс өөр.
-Тухайн уран бүтээлчийг хамгийн сайн амилуулсан нэг дүрээр нь төсөөлөх явдал бий. Таныг “Жизель”-ийн Албертаар төсөөлдөг юм билээ. Тэгэхээр Саша, Алберт хоёрт адил төстэй болон тэс өөр зан бий юү?
-Адилтгаж хэлэх зүйл огт байхгүй. Асар ялгаатай хоёр хүн. Алберт бол хүүхэмсэг, хөнгөн явдалтай, бүсгүйгээ араар нь тавьдаг бол, би хайртай эмэгтэйгээ хэзээ ч хуурахгүй.
-Монгол эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө их хүйтэн орон. Хамгийн хүйтэн нийслэлтэй орны жагсаалтад бичигддэг. Энэ жил урьд урьдынхаас илүү хүйтрэх төлөвтэй байгаа. Монгол өвлийг хэр мэдэрч байна вэ?
-Улаанбаатарт үнэхээр хүйтэн юм. Гэхдээ гудамжнаас илүүтэйгээр тайзны ард байхдаа их даарсан. Тэнд нэлээд хүйтэн байсан шүү. Монголчууд цаг агаартаа зохицоод амьдарч сурсан их өлчир хүмүүс юм. Нимгэн хувцастай хэрнээ даарсан шинжгүй, элдэв маяггүй харагдаж байна. Манай тэнд хасах нэг градус болоход л бараг нүдээ гаргахгүй шахам битүүлж, зузаалж, сүйд болно шүү дээ.
-Гаднынхан монголчуудыг морь, тал нутаг хоёроор нь төсөөлдөг. Сашагийн төсөөлж байсан Монгол одоо харж байгаа бодит байдлаас хэр зөрүүтэй байна вэ?
-Зарим жуулчин Монголыг эртний нүүдэлчин амьдралаар нь, хээр талд давхисан хүмүүс гэж ойлгодог юм билээ. Миний хувьд Монголыг тэр өнцгөөс нь төсөөлөөгүй. Бусад улсын адил соёлтой, орчин үеийн хоттой, тодорхой иргэншилтэй гэж бодож байсан. Ер нь энд ирээд харсан байдал, хөгжил нь төсөөллөөс минь нэг их хол зөрөөгүй.
-Монголд ирснийхээ маргааш XIII зуун цогцолборт очсон гэсэн. Маргааш Хустайн нуруу явах юм байна. Америкт очоод Монголын талаар хэвлэлд ярилцлага өгч, нийтлэл бичихээр төлөвлөсөн гэж сонссон. Аль өнцгөөс нь гаргаж тавих бол гэдэг нь сонирхол татаад байна.
-Яг юу бичихээ хараахан төлөвлөөгүй байна. Энэ нутгийн онцлогийг харуулсан, сонирхолтой өнцгөөс нэг нийтлэл бичих бодолтой байгаа. Гэхдээ надтай ямар хэвлэлийн газар холбогдохоос шалтгаалаад Монголын урлагийн талаар бичих үү, аялал жуулчлалын тухай ярих уу гэдгээ шийднэ. Тэр хүмүүсийн сонсохыг хүссэн чиглэлээр нь мэдээлэл өгнө.
-Саша, цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Монголын тайзнаа дахин уулзахын ерөөл тавья.
-Баярлалаа. Боломж олдвол танай сайхан оронд дахин дахин ирж, бүжиглэхэд бэлэн байна.
Саша Радецкийг “high” буюу мэргэжлийн өндөр түвшний бүжигчин гэж тодорхойлдгийн учрыг тоглолтын эхний мөчөөс л мэдэрсэн. Түүний нүүрний хувирал, өд мэт хөнгөн үсрэлт, хослон бүжигчнээ хөтөлж буй байдал, алдаа мадаггүй, чадварлаг гүйцэтгэл нь үнэхээр тасархай юм билээ. Виртуоз буюу толь бичигт тайлбарласнаар мэргэжлээ дээд цэгт нь тултал эзэмшсэн, гарамгай нэгэн балетчин Монголын тайзнаа ийнхүү бүжиглэж, мэлмий мялаалаа.
Дашрамд өгүүлэхэд, Саша Радецки украин гаралтай бөгөөд аавынх нь өвөг удам 1900-гаад оны үед Америкт ирж, суурьшсан юм байна. Тэрбээр зодооны урлагаар хичээллэдэг гэсэн. Чингис гэдэг агуу хүн, түүнийг залгамжлагчдын тухай эртнээс сонирхдог байсан учраас Монголын тайзнаа бүжиглэх урилгыг том завшаан хэмээн хүлээн авсан тэрбээр боломж олдвол Монголд дахин ирнэ гэсэн.
Ж.Эрдэнэцэцэг