1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг ирэх долоо хоногт манай эх оронд хүрэлцэн ирнэ. Азийн орнуудаар хийх аялан тоглолтынх нь нэгд Монгол Улсыг оруулсан одод ирэх сарын 7,8-нд “UB Palace”-д тоглоно. “Paint my love”, “25 minutes”, “That’s why go away”, “Sleeping child”, “Take me to your heart” хит дуунуудаар нь Монголын залуус сайн мэдэх “Michael Learns to Rock” хамтлагийн тоглолтыг “Evento” ХХК санаачлан, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Залуучуудын холбоо ажиллаж байна. Харин төслийн зөвлөхөөр хөгжмийн зохиолч Б.Долгион, хөгжим гэрэлтүүлгийг “Тotal Music” компани, хамтран зохион байгуулагчаар “Вагнер Ази”, “Улаанбаатар палас”-ын хамт олон оролцож байгаа юм.
“Michael Learns to Rock” хамтлагийн тоглолтын талаар “Пентатоник” академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Долгионтой ярилцлаа.
-1990-ээд онд залуусыг байлдан дагуулж байсан “Michael Learns to Rock”хамтлаг Монголд тоглох гэж байна. Хамтлагийн тухай сонирхуулаач?
-Манай роп поп урлагийнхан, “Пентатоник” академи орчин цагийн хөгжмийг хөгжүүлэхээс гадна залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, гадаадын том дуучин хамтлагуудын уран бүтээлээс сонирхуулах, урьж авчрах зэрэг ажил хийх ёстой. Хүн бүр гадагшаа явж чадахгүй шүү дээ. Тиймээс эх орондоо гадны нэртэй хамтлагийн тоглолтыг үзэх боломжоор хангахын тулд энэ ажлыг хийж байна.
“Universe best songs” нэвтрүүлгийг шүүж байхад “Michael Learns to Rock” хамтлагийн дууг залуучууд их дуулдаг юм. Дуунууд нь аялгуулаг учраас Монголын гэлтгүй Азийн залуучуудын сэтгэл зүрхийг эзэмдэж чадсан дэлхийд алдартай Данийн хамтлаг. Зүүн өмнөд Ази болон Хятадад явж байхад караокед нь энэ хамтлагийн дуу явж байх жишээтэй. Тэгэхээр Ази чиглэл рүү цохилтуудаа зөв хийж чадсан хамтлаг гэж би дүгнэдэг юм.
–Яагаад энэ хамтлагийг эх орондоо урих болов?
-Рок хөгжим дундаа хамгийн хүнд болох металл роп тоглож байсан. Тэгээд амжилт гаргаж чадаагүй учир хэсэг хугацааны дараа софт рок буюу зөөлөн рок чиглэлээр тоглох болсон. Энэ нь чихэнд их эвтэйхэн дуугардаг. Хайрын сэдэв зонхилсон дуунууд дуулдаг. Залуусын ахуй амьдралын бүх л сэдвийг тусгасан учир хүмүүст ойрхон байдаг.
Энэ хамтлаг бүрэлдэхүүнээрээ байгаа учир нэр хүндтэй. Хоёр жил тутамд шинэ цомог гаргадаг. Есдүгээр сард албан ёсоор борлуулагдаж эхэлсэн “Scandinavia’’ цомгоо сурталчлах зорилготой энэхүү аялан тоглолтоо хийж байгаа юм билээ.
–Тоглолтыг “Evento” ХХК санаачлан, төслийн зөвлөхөөр та ажиллаж байгаа. Монголд тоглооч гэсэн саналаа та бүхэн яаж зөвшөөрүүлж чадав?
-“Evento” ХХК-д Ганхүү, Батжаргал бид гурав байгуулаад хагас жил болж байна. Батжаргал маань Лондонд амьдардаг. Энэ хамтлагтай Батжаргал маань биднийг холбож өгсөн.
Бидний өмнөх төсөл өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатарын талбайд “Bootleg Beatles” хамтлагийг урьж авчран үнэгүй тоглуулсан. Ганхүү маань их сайн зохион байгуулсан учраас дараагийн төслөөрөө бид “Michael Learns to Rock” хамтлагийг урьсан юм. Тэдний аялан тоглолтын төлөвлөгөөнд манайх ороогүй байсан учраас нэлээд удаан ярилцаж, хэлэлцсэний дүнд зөвшөөрүүлж чадсан. Хамтлагийн нөлөө бүхий гишүүн нь Чингисийн эх орон Монгол гэдгийг сонсоод сонирхсон.
–Хоёр өдөр тоглуулах шийдвэр яаж гаргуулав. Амаргүй байсан уу?
-Манайд тоглолтын том ордон байхгүй учир хоёр өдөр тоглооч гэдэг хүсэлтийг бид тавьсан юм.
Би энэ ажлын хүрээнд сүүлийн үед гадагшаа олон газруудаар явж туршлага судалсан. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Шанхайд болсон Элтон Жоны тоглолтыг үзлээ. Тэнд 50 мянган хүний суудалтай том ордон дүүрэн үзэгчтэй. Үзэгчдийн 30 гаруй хувь нь гадныхан байсан.
Ийм том тоглолт тухайн орныг сурталчлахад том тээгч болдог. Жишээ нь, “Michael Learns to Rock” хамтлаг манайд тоглохоор болонгуутаа дэлхийд цацдаг сайтдаа “Бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “UB palace” ордонд тоглоно” гээд зарлачихаж байгаа юм. Энэ нь бидэнд маш том сурталчилгаа болж байна.
–Буудал болон тоглох газартаа ямар шаардлага тавьж байх юм?
-Би энэ хамтлагийг их даруухан гэж үнэлсэн. Учир нь тэд өндөр шаардлага тавиагүй. Том хамтлагууд буудлын өрөөнд болор саванд 100 амьд сарнай тавьсан байх, цонх нь далай руу харсан байх ёстой зэрэг олон шаардлага тавьдаг. Харин “Michael Learns to Rock” хамтлагийнхан биднийг тэгж хүндрүүлсэнгүй.
Тэд Индонезоос халуун орноос ирж байгаа учир цас үзэх сонирхол ч байна. Амьд хөгжимтэй тоглодог хамтлаг болохоор техникийн тал дээр бага зэрэг бэрхшээл гарсан. Гэсэн ч урлагийн бидний нүүрийг үргэлж тахалдаг “Тоtal music” маань хариуцаж, тус болж байна.
Бид бүгдийн эцсийн үр дүн нь “Michael Learns to Rock” хамтлаг манайд тоглоод “Чингис”-ийн Монгол гэж ийм улс байдаг юм байна, роп поп урлаг нь ийм төвшинд хөгжсөн, бидний дууг сайн мэддэг юм байна гэсэн өндөр сэтгэгдэлтэй буцах нь чухал. Нуулгүй хэлэхэд зарим улсууд монголчуудыг морио унаж, мал хариулахаас өөрийг мэддэггүй гэж боддог хэвээрээ байна. Тиймээс аль болох улс орноо эерэг талаас нь харуулахыг зорьж байна.
–Монголчууд энэ хамтлагийн хэр олон дууг нь сайн мэдэх бол. Залуус хэрхэн хүлээж авах бол?
-Миний судалсанаар 30-45 насны залуус их сонирхдог юм билээ. Бид бүх гоё хит дуунуудаа дуулаарай гэсэн хүсэлт тавьсан. Дурсамж болсон олон сайхан уянгалаг дуунууд нь эгшиглэх учир тоглолтын турш манай залуус заалаараа хоршиж дуулна гэж найдаж байна. Хамгийн чухал нь залууст амьд хөгжмийн гайхамшгийг үзэх боломж олдож байгаа юм. Манайхан Б.Жаргалсайханы буянаар олон сайхан амьд шоу тоглолтыг үзсэн. Энэ удаад дэлхий болон азид домог болсон хамтлагийн тоглолтыг эх орондоо үзэх нь том аз завшаан юм. Том хамтлаг ямар байдгийг үзэх л хэрэгтэй. Тоглолт бүхэлдээ аялгуулаг ертөнц байх болно.
Энэ тоглолтоо амжилттай зохион байгуулчихвал үүндээ урамшаад бид ирэх жил өөр том хамтлаг, дуучдыг урих бодолтой байна.
–Тасалбарын үнэ ямар байгаа вэ?
-Суудлаа ангилж 40000, 60000, 80000 төгрөгийн үнэтэй борлуулж эхэлсэн. Дэлхийн хэмжээний хамтлаг ч харьцангуй хямд үнэ тогтоолоо. Би сая Элтон Жонын тоглолтыг Шанхайд үзэхдээ 170 доллараар тасалбар худалдаж авлаа. Домог болсон энэ гайхалтай хамтлагийн тоглолтыг үзэхэд улаан фэний хувьд мөнгө хайрладаггүй. Гэхдээ бид монголчуудын амьдралын төвшинг харгалзан үзэж тоглолтын үнийг 100 доллараас хэтрүүлээгүй юм шүү.
–Нууц биш бол хамтлагтай хэдэн төгрөгийн гэрээ хийв?
-Үнийн дүн нь хэлэлцээр хэр зэрэг хийснээс шалтгаална. Тодорхой стандартууд бий. Шоу бизнес учраас үнийг нь би хэлмээргүй байна. Бусад хамтлагуудыг бодвол харьцангуй хямд тоглож байгаа. Пол Макартни, Элтон Жон нарыг авчрахад хэцүү л дээ. Пол Макартни гэхэд гурван сая доллар авдаг юм билээ. Тэгэхээр чанга байгаа биз. Бид “Bootleg Beatles”-ийг үнэгүй тоглуулсан учир энэ удаад ийм үнэтэй тасалбар борлуулж байгаа юм.
–Хамтлагийн залуусыг Монголд хаана байрлуулж, юу үзүүлэхээр бэлдэж байна?
-Хамгийн гол нь тоглолтоос залуучууд маань хөгжмийг мэдэрч, хамтлагийнхан монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй буцаасай гэж хүсч байна. Улаанбаатараа бүхэлд нь харуулах “Blue sky” буудалд буулгана. Тэднийг үндэснийхээ уламжлалт ахуй соёлтой танилцуулах үүднээс Жаргалантын аманд байрлах Чингисийн өргөөнд аваачина. Тэнд монгол гэрт байрлуулж, зургийг нь авахуулах зэргээр танилцуулна. Тэд 9-ний өдөр буцна.