Дэлхийн кино урлаг шинэ уран бүтээлээр бялхсан жил боллоо. “CNN” тэдгээр бүтээлээс шилдэг 10 киног үзэгчдийн санал асуулгаар тодруулсан байна. Шилдэг кинонд өнгөрсөн нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл гарсан уран бүтээлүүдийг өрсөлдүүлжээ. Ингээд шилдэг 10 киног танилцуулъя.
“The Avengers”
Энэхүү кино нь “Бокс оффис”-ын жагсаалтыг тэргүүлж, эхний долоо хоногтоо л дотоодын зах зээлээс нийт 623 сая ам.долларын ашиг олжээ. Киноны зохиолыг 1963 онд хэвлэгдэж байсан “The Avengers” комиксоос сэдэвлэсэн байна. “Марвел” кино студийн түүхэнд хамгийн том төсөл нь энэхүү кино төсөл болжээ.
“Dark Knight Rises”
Бетмэний сүүлийн анги “Dark Knight Rises” кино өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийсэн. Нээлтийн үеэр нь зэвсэглэсэн этгээд дайрч 12 хүн нас барж, 58 гаруй хүн шархадсан аймшигт явдал Колорадо мужийн Аврора хотод гарсан билээ. Хэдийгээр эмгэнэлт хэрэг гарсан ч энэ нь киноны борлуулалтад сөргөөр нөлөөлөөгүй байна.
“Skyfall”
“Sony Pictures”-ийн бүтээсэн Жеймс Бондын шинэ анги “Skyfall” нээлтээрээ 20.1 сая фунтын орлого олжээ. Жеймс Бондын цуврал дэлгэцнээ гарсан цагаас хойш 50 жилийн ойд энэ кино гарч буйгаараа онцлогтой. Киноны гол дүрд Британийн алдарт жүжигчин Даниэл Крейг тоглосон юм.
“The hunger games”
“Lionsgate” кино компани “Twilight” кино шиг амжилттай борлогдох цуврал бүтээхээр хичээж буй. Энэ боломжийг тэдэнд зохиолч Сьюзан Коллинзийн “The Hunger Games” гурамсан роман бий болгоно гэж үзжээ. Тус киног бүтээхэд 78 сая ам.доллар зарцуулсан байна. Сьюзан Коллинзийн хоёр дахь боть “Catching Fire”-ийг кино болгохоор найруулагч Фрэнсис Лоуренс ажиллаж байгаа юм. Уг дэлгэцийн бүтээл ирэх оны арваннэгдүгээр сарын 22-нд нээлтээ хийх аж.
“Lincoln”
Стивен Спилбергийн сүүлийн бүтээл “Lincoln” нь “Оскар” наадмын урьтал болон зохиогддог “The New York Film Critics Circle awards” наадмаас гурван шагнал хүртсэн. Их Британийн жүжигчин Дэниел Дэй-Льюис киноны гол дүр АНУ- ын 16 дахь Ерөнхийлөгч Аврам Линкольний дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн нь нэлээд шуугиан тариад байгаа юм. Энэхүү кино нь “Алтан бөмбөрцөг” наадмын 13 номинацид нэр дэвшсэн ажээ.
“Argo”
“Лос-Анжелесын кино шүүмжлэгчдийн ассоциаци”-aас шилдэг дэлгэцийн зохиолын шагналыг Бен Аффлекын найруулан тавьсан “Argo” кино хүртжээ. Энэ кино “Оскар”, “Алтан бөмбөрцөг” наадмын хүчтэй өрсөлдөгч байх болно гэж кино шүүмжлэгчид үзэж байгаа ажээ.
“Ted”
Макфарлейны найруулсан “Ted” киноны гол дүр бол та бидний сайн мэдэх Марк Уолберг юм. Энэхүү кино нь зуны турш “Бокс оффис”-ын жагсаалтын шилдэг нь байж чаджээ.
“Brave”
Диснейн “Пиксар” студийн бүтээл “Эр зориг” хэмээх хүүхэлдэйн кино нь “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг энимейшн кино номинацид нэр дэвшээд байгаа. Уг хүүхэлдэйн кино “Пиксар” студийн 13 дахь шилдэг кино болжээ. "Brave" хүүхэлдэйн кино нь түүхэн эрэлхэг эмэгтэй баатрын дүрийг гаргах тал дээр шинэлэг кино болсон байна. Диснейд урьд нь эмэгтэй баатруудын тухай “Мулан”, Покахонтас” зэрэг хүүхэлдэйн кино бүтээж басйан билээ. Эл энимейшн бүтээл 185 сая ам.доллараар бүтжээ.
“21 Jump Street”
“21 Jump Street” бүрэн хэмжээний киноны зохиолыг Иохан Хилл, Майкл Баколл нар бичсэн байна. Харин гол дүрд жүжигчин Иохан Хилл, Чаннинг Татум нар тогложээ. Сонирхуулахад 32 настай жүжигчин Иохан Хилл нь “People” сэтгүүлийн оны хамгийн тачаангуй залуугаар тодорсон юм. “21 Jump Street” киног “Columbia pictures”, “Metro golden mayer” кино компани хамтран бүтээжээ.
“The Twilight Saga”
“The Twilight Saga” киноны сүүлийн анги “Breaking Dawn Part – 2” нь олны сонирхлыг ихэд татах болжээ. 2008 оны арваннэгдүгээр сараас хойш цуврал болон гарч буй "The Twilight Saga" киноны өмнөх дөрвөн анги нийт 369.5 сая ам.доллараар бүтсэн байна. Тэдгээрийн орлого нийт 2.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Эх сурвалж unen.mn