Шинэ оны босгон дээр албан байгууллага, хамт олон төдийгүй хувь хүмүүс хүртэл өнгөрөгч оныхоо алдаа, оноог дүгнэн цэгнэдэг билээ. Монгол түмэн “Муу бүхнийг хуучин онтойгоо үдэж, сайн сайхныг шинэ он тээн ирдэг” хэмээн бэлгэшээдэг. Энэ торгон агшинд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрөгч оны онцлох үйл явдлуудыг нэрлэсээр байна. Гэвч жилийн жилд урлагийнхны онцлох үйл явдлыг орхигдуулдаг талтай. Тиймээс “Өглөөний сонин” 2012 онд урлаг, соёлын ертөнцөд болсон үйл явдлуудаас онцлон толилуулж байна.
Э.Амартүвшин дэлхийн шилдэг гэдгээ дахин баталлаа
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртэв.
Уралдаан “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 4-10-нд болсон бөгөөд Э.Амартүвшин Америк, Итали, Хятад, Канадын 40 уран бүтээлчийг ардаа орхин түрүүлсэн билээ. Ерөнхий шүүгч Плачидо Доминго түүнийг сүүлийн шатанд шалгаран үлдэхэд “Энэ жаахан хүүхэд яаж дуулах бол доо” хэмээн бодож байжээ. Харин дуулсных нь дараа үнэхээр чадалтай хоолойтой, гайхамшигтай сайн дуучин болохыг нь мэдсэн гэдгээ тэмцээний дараа Э.Амартүвшинтэй биечлэн уулзаж хэлсэн байна.
Э.Амартүвшин өмнө нь дэлхийн сонгодог урлагийн олимп гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дэд байр эзэлж байсан. Харин “The Placido Domingo’s Operalia” уралдаан бол дэлхийн бүхий л шилдэг дуурийн дуучдын мөрөөдөл болсон тэмцээн байсан юм. Тэрбээр ийнхүү дэлхийн шилдэг баритон гэдгээ хоёр дахь удаагаа баталж чадсан билээ.
Дэлхийг гайхшируулсан монгол циркчид
“Монгол цирк мөхлөө” хэмээн халаглах хүний тоо олшров. Харин “Циркус Монголиа Хадгаа” циркийн уран бүтээлчид өнгөрөгч онд монгол циркийг дэлхийн тавцанд тунхаглаж чадлаа. Тэд 2012 онд гарсаар олон ч уралдаан тэмцээнд оролцож, циркийн олимп гэгддэг Монте Карлогийн уламжлалт 36 дахь наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртсэн. Мөн Казахстаны Астана хотод долоодугаар сарын 1-8-нд болсон “Eco Asia” олон улсын циркийн наадмаас алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд хоёр дахь удаагаа дуурсгасан юм.
Түүгээр ч зогсохгүй БНХАУ-д болсон Олон улсын циркчдийн тэмцээнээс “Хүрэл арслан” цом гардав. Тэмцээнд Монгол, Герман, Унгар, ОХУ, Болгар, АНУ, БНАСАУ зэрэг 16 орны 26 хамтлагийн 200-гаад уран бүтээлч оролцож, ур чадвараа уралдуулжээ. Манай улсын “Циркус Монголиа Хадгаа” циркийн есөн акробатчин “Storm” үзүүлбэрээрээ оролцож, дэлхийд алдартай циркчдийг алмайруулсан юм. Уг үзүүлбэр нь тус циркийн захирал, жүжигчин Ч.Хатанбаатарын бүтэн хоёр сарын хөлс хөдөлмөр, ур ухаан шингэсэн бүтээл аж.
Үндэсний консерваторитой болоход нэг алхам ойртлоо
С.Гончигсумлаагийн нэрэмжит ХБК-ийн материаллаг бааз, багш, боловсон хүчний нөөц, чадвар болон шаталсан сургалтаар бэлтгэсэн үндэсний боловсон хүчинд тулгуурлан Монголд консерватори буюу Хөгжмийн дээд сургууль байгуулах ажил нэг алхмаар урагшиллаа. ХБК-ийн шинэ байр ашиглалтад орсноор тус сургуулийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэв. Савны багтаамж ихсэхийн хэрээр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн үг.
ХБК-ийн сурагчид олон улсын тавцанд насныхаа ангилалд тэргүүн, дэд байруудыг эзэлдэг нь бүр жам ёсны мэт болсон. Зөвхөн багачууд, өсвөр насныхан гэлтгүй сүүлийн жилүүдэд залуучуудын буюу В ангилалд тус сургуулийн оюутнууд өндөр амжилт гаргаж байгаа билээ. ХБК-ийг Франц, БНСУ, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад гээд олон улсын оюутан, сурагчид төгссөн. Одоо ч сурч буй. Энэ сургуулийг төгсөгчид дотоодын урлагийн байгууллагын боловсон хүчний дийлэнхийг бүрдүүлдэг билээ. Зөвхөн нэг жишээ дурдахад Морин хуурын чуулгын бүрэлдэхүүний 80 орчим хувь нь тус сургуулийн төгсөгчид байна.
Үүнээс гадна П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын сонгодог урлагийн их наадмын мөнгөн медальт Э.Амартүвшиний авьяасыг магтан, Монголд сурах хүсэлтэй байгаагаа олон хүн илэрхийлж байсан гэдэг. Монголын урлагийн мастерууд ч “ХБК-ийн баазад түшиглэн өөрийн гэсэн консерваторитой болчихвол сургалтын чанар, дэг жаягаараа гайхагддаг Орос, Итали, Америк зэрэг орны оюутнууд Монголыг зорин ирэх нь цаг хугацааны л асуудал” гэцгээх болжээ.
Жинхэнэ монгол “Гамлет”-ыг танилцуулав
1601 оноос хойш дэлхийн бараг л бүх орны тайз, дэлгэцийн од нь болон гялалзсан алдарт “Гамлет” Монголын тайзнаа хоёр дахиа амиллаа.
Улсын драмын эрдмийн театрын хамт олон “Гамлет” жүжигт тендэр зарлаж, найруулагчид таван хүчтэй өрсөлдөгч өрсөлдсөнөөс Н.Наранбаатар ялалт байгуулсан. Түүнчлэн гол дүрийн жүжигчдийг ч сонгон шалгаруулалтаар тодруулсан билээ.
Алдарт “Гамлет”-ыг Монголын тайзнаа 33 жилийн дараа амилуулах баг тун ч залуу хүмүүсээс бүрдэв. Найруулагч Н.Наранбаатар, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Г.Эрдэнэбилэг нар нэгэн үеийнхэн. “Гамлет”-ын хайрт бүсгүй Офелияг залуу жүжигчин А.Ганчимэг хэрхэн амилуулах нь ч олон хүний анхаарлыг татаж байсан. Гэвч сонгодог жүжгийн хувьд төдийлөн туршлагагүй гэгдэх залуухан багийнхан У.Шекспирийн алдарт жүжгийг монгол хүний ухаанаар амилуулж, жинхэнэ тэсрэлт хийж чадлаа. Харин С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нарын дэргэд харьцангуй туршлагатай гэгдэх Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ У.Уранчимэг нараас үзэгчид цөөнгүй алдаа дутагдал олж харсан нь хачирхал төрүүлж байв.
Азийн топ модель гурваар нэмэгдлээ
Монголын загвар өмсөгчид дэлхийн тайзыг эзэгнэх болов. Сингапур, Таиланд, Хятад зэрэг орны загварын ертөнцөд монгол бүсгүйчүүд цахиур хагалж, алдартай брэндүүдийн нүүр царайг тодорхойлж эхэллээ. Үүний нэгэн жишээ нь өнгөрөгч онд манай улсаас Азийн топ модель цолтон гурав төрсөн явдал юм.
Загварынхны амжилтын гарааг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох эхлүүлсэн. Тэрбээр өнгөрөгч оны хоёрдугаар сард БНСУ-д болсон Азийн шилдэг загвар өмсөгч шалгаруулах тэмцээнд 18 орны 50 гаруй модельтой өрсөлдөж, “Азийн топ модель” өргөмжлөл хүртсэн юм. Мөн Монголын загвар өмсөгч С.Батцэцэг “Шилдэг фото модель”-оор шалгарсан амжилт үзүүлсэн.
Тэмцээний шүүгчид загвар өмсөгч Д.Баяртогтохыг тайзны алхаа, гишгээ, техникээрээ бусдаас ялгарч чадсан хэмээн үнэлжээ. Азийн топ модель өргөмжлөлийг Солонгосын загварын агентлагтай хамтарч ажиллах гэрээ дагалддаг аж. “Цавчуур.ком” кинонд тоглон, олны анхааралд өртөх болсон загвар өмсөгч залууг тэмцээний дараа Солонгосын нэлээд хэдэн найруулагч кинонд тоглохыг урьсан гэдэг.
Өнгөрсөн оны наймдугаар сард Өмнөд Хятадад зохиогдсон Олон улсын супер модель шалгаруулах тэмцээнд “Шилмэл загвар ордон”-ы загвар өмсөгч О.Ариунзул амжилттай оролцож, “Азийн топ модель” өргөмжлөл хүртсэн. Тэрбээр 2010 онд Монгол туургатны хувцас загварын наадмын “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”, 2012 онд Монгол туургатны гоо бүсгүй шалгаруулах тэмцээний топ 10 моделийн нэгээр шалгарч байсан билээ.
“Шилмэл загварын ордон”-ы загвар өмсөгч Ц.Алтантуяа өнгөрсөн аравдугаар сард Хятадын Наннинь хотод болсон мэргэжлийн олон улсын шилдэг модель шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Азийн топ 10 загвар өмсөгчийн нэгээр тодорсон. Мөн тэрбээр тэмцээний “Эрч хүчтэй модель” номинацийн эзэн болсон юм.
“Asian super model” тэмцээнд манай улсаас анх удаа загвар өмсөгч О.Уянга, Э.Сэлэнгэ нар оролцож, Азийн супер 10 моделийн нэгээр шалгарч байсан түүхтэй. Топ модель О.Уянга Хятадын мэргэжлийн загвар өмсөгчдийн холбооны дэргэдэх “Bentley” агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байгаа. Тэрбээр 2012 онд мөн л одтой байж, Бүх Хятадын хятад хэлний олимпиадад тэргүүн байр эзэлж, урд хөршийг шуугиулсан билээ.