Шинэ оны өмнөхөн шинэ дууны клипний teaser-ээ цацаж, сонсогч залуусаа гэгэлзүүлээд авсан “Anemone” хамтлагийнхан “Хэлээгүй” дууны клипээ үзэгчдийн хүртээл болгож эхэллээ. Хүн бүхний хамгийн мартагдашгүй, нандин дурсамжийг хөглөж байдаг гайхалтай шинэ жилийн баярын уур амьсгал дуусаагүй байгаа энэ үед “Anemone” хамтлагийнхан гэгээн хайрыг өгүүлэх цоо шинэ дуу, шинэ клиптэйгээр үзэгч тантай мэндчилж байна.
Сонсогч, фенүүдийнхээ дунд багагүй хүлээлт үүсгээд байсан “Anemone" хамтлаг өнгөрсөн хугацаанд шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан орж, дуусах шатандаа оржээ. Харин одоо танд хүрч байгаа “Хэлээгүй” дууных нь аяыг “UP MUSIC” продакшны хөгжмийн продюсер Н.Халиун зохиосон бол үгийг залуу яруу найрагч П.Нарангэрэл бичжээ.
Мөн энэхүү дууны микс, мастеринг буюу дууны тохиргооны ажлыг Сингапурын “Микс” студийн саунд инженер Жерри Чуа хэмээх эрхэм хийж гүйцэтгэсэн нь дууны дуугаралтыг мэргэжлийн, өндөр түвшинд дуугаргаж өгчээ. Энэ эрхэм өмнө нь Монголоос “Камертон” хамтлагтай хамтран ажиллаж байсан бөгөөд тэдний “Retro to Remix”, “Celebration”, “June-2004”, “Өнөөдөр”, “Хайрын хот” зэрэг ихэнх цомогт нь гар бие ажиллаж байсан юм.
Мөн тэрээр Сингапурын хөгжмийн зах зээлд томоохон төлөөлөгч төдийгүй энэ жилийн “Grammy awards”-т гитарчин Arun Shenoy-ийн “Rumbadoodle” хэмээх цомогт бөмбөр болон хөгжмийн тохиргооны ажлыг хийж гүйцэтгэснэрээ “Grammy awards”-ийн “Шилдэг поп хөгжмийн бүтээл” номинацид тус цомгийн уран бүтээлчдийн хамт нэр дэвшиж байгаа юм байна. Энэ баярт үйл явдал нь түүнд төдийгүй нийт Сингапурчуудад бахархууштай үйл явдал болж байгаа гэнэ.
Сайхан аялгуу, үгтэй дууг өнгө будаг нь таарсан клипгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ нүсэр ажлыг "V" студийн чадварлаг баг хамт олон гүйцэтгэн бүтээсэн байна. Үнэхээр хийц, өнгө сайтай, дуутайгаа тохирсон гэмээр энэхүү дууны клипний зургийг энгийн атлаа, үзэмжтэй бас үзэсгэлэнтэйгээр авчээ.
Мөн хамтлагийн охидын энэ удаад бүрдүүлсэн стиль имиж нь ямар гайхалтай зохицсоныг клипнээс нь харж болно. Тэдэнд байгаагүй шинэ дүр төрхийг “Киви” хамтлагийн дуучин Ука бүтээж, имиж мейкерээр нь ажилласан байна.
Чамбай менежмент мөн туурвих уран бүтээлүүддээ чанарыг эрхэмлэн ажиллаж байгаа “Anemone” хамтлагийн дуунууд цагийн ая даасан, хүний зүрхэнд хүрсэн аялгуутай, олон жилийн настай байх нь дамжиггүй ээ. Үүгээр ч тэдний уран бүтээлийн онцлог, үнэ цэнэ тодорхойлогдох юм.
Ийнхүү хүүхэд, залуусын шүтээн болох зорилго өвөртлөн мэргэжлийн продюсеруудын удирдлаган дор уран бүтээлээ чанартай, чансаатай туурвиж байгаа охидын өгүүлэх ээлжит шинэ хайрын түүхийг хамтдаа сонсоцгооё залуусаа.
Тэд үнэхээр шинэлэг зүйл арвинтай шинэ бүтээлээрээ үзэгч таны сонор бас мэлмийг баясгах болно.