“A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн: Багаасаа Монгол дуу сонсдоггүй байсан. Тиймээс Монгол хэл дээр шүлэг зохиож үзье гэхээр ерөөсөө надад төсөөлөгддөгүй юм аа
“A Sound” гэдэг хамтлагийн нэрийг нь л хэлэхэд таны толгойд тэдний уянгaлаг дуунууд шууд л бодогдож байгаа байх. 6 жилийн өмнө зүгээр л бааранд дуулж мөнгө олох зорилготой нэгдэж байсан бол тэд одоо өөрийн гэсэн өнгө аястай, шилдэг хамтлагуудын нэг болж чадсан. Энэ удаагийнхаа “дугаарын зочин”-оор хамтлагийн дуучин Ц. Тэмүүлэнг урилаа. Ярилцлага авах явцад дөлгөөн, даруухан залуу гэдэг нь тодорхой болж, танихгүй хүнтэй юм ярьж чаддаггүй гэж хэлсэн ч дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.
-Анх хамтлаг байгуулагдаж байсан түүхээс ярилцлагаа эхлүүлье. Өмнө нь танай хамтлагийнхан нэгнийгээ мэддэг байсан юм уу?
6 жилийн өмнө 8-р сарын 21-н билүү 22-нд анх байгуулагдаж байсан юм. Үүнээс өмнө хамтлаг бүрэлдэх гэж нилээн юм болсон л доо. Гэхдээ яг энэ өдөр бид бэлтгэлээ хийж эхлэсэн. Надаас бусад нь нэгнийгээ таньдаг. Багаасаа бүгд хөгжим тоглодог, бас өөр хамтлагт хөгжим тоглоцгоодог. Тэгээд шинэ хамтлаг байгуулья гээд нэгдчихсэн, дуучингаа шалгаруулж байсан юм билээ. Тэгээд би очиж шалгуулж тэнцээд “A Sound” хамтлаг анх үүссэн түүхтэй.
-Хамтлаг байгуулах гол шалтгаан нь анхандаа бааранд дуулж, мөнгө олох зорилготой байсан гэж сонсож байсан юм байна. Үнэн юм уу?
Анх намайг Мөнхболд дуудсан л даа. Бид хоёр танилууд байсан. Тэр үед ч би “1060” гэдэг хамтлагт дуулдаг байлаа. Мөнхболд чи бааранд цуг дуулхуу, тэгнэ гэвэл бид нэг хамтлаг бүрдүүлэх гэж байгаа юмаа. Ирээд шалгуулчих гэсэн л дээ. Би ч шууд л тэгье гээд зөвшөөрч байсан.
-Анхны тайз болон мөн A Sound” гэдэг нэрний талаар сонирхуулаач. Хэн нь энэ нэрийг өгөх шийдвэр гаргасан юм бэ?
13-р хороололд байдаг нэг pub-д тухайн үед бидэнд бэлтгэл хийх газар байхгүй учраас өдөр нь тэнд бэлтгэлээ хийгээд орой нь тоглодог байсан. Тэр л бидний анхны тайз юм даа. Харин нэрний тухайд гэвэл анх санааг төгөлдөр хуурч Пүрэвсүх гаргаж байсан юм. Нэрээ өгье гээд дор бүрнээ бодсон ч үнэхээр хэцүү юм билээ. Тэгээд бүгд дэмжээд л зөвшөөрсө
-“Release” цомог гарсан даруйдаа л сонсогчдод таалагдаж, хамгийн их борлуулалттай цомгоор шалгарч байсан. Ер нь ийм амжилтанд хүрнэ гэж төсөөлж байсан уу?
Анхны цомгоо бараг жил зүтгэж байж гаргаж байсан. Цомгийн маань ажилд “River Sounds” болон “Hi Fi Label”, “440 Герц” студийнхэнтэй хамтарч ажилласан. Цомгийн онцлог гэвэл дөрвөн англи, таван монгол дуутай гарч байлаа. Олон төрлийн хөгжмийг багтаасан, альтернатив чиглэлийн дуунууд орж байсан юм. Тэр нь ч үзэгчдэд их таалагдсан нь бидний хувьд юутай ч харьцуулашгүй сайхан зүйл л дээ.
-Зарим дуунуудын чинь үг их сонирхолтой санагддаг л даа. “Шал дэмий” “30 жил” гээд дуунуудаа бодит амьдралаасаа сэдэвлэн бичсэн үү?
Бидний дуунуудын Монгол үгийг басс гитарчин Мөнхболд бичдэг л дээ. Миний хувьд Монголоор шүлэг бичиж үзээгүй. “Шал дэмий” дууны хувьд би ерөөсөө мэдэхгүй. Бүр хамтлаг бий болохоос өмнө Мөнхболд биччихсэн байсан юм билээ. Хамгийн сонирхолтой нь Мөнхболд өмнө нь шүлэг зохиодоггүй байсан. Ганцхан “Шал дэмий”-г бичсэн байсан. Дуунууд гараад ирэхээр шүлэг хэрэгтэй болсон л доо. Тэгээд бид бараг л хүчээр чамаас өөр шүлэг бичих хүн байхгүй гээд бичүүлдэг, цаас харандаа барьж сууж байгаад ямарч байсан дуусгачихдаг л байсан.
-Та Англи дууныхаа үгийг хэрхэн зохиодог вэ? Шүлгийнхээ үйл явдлыг хэрхэн төсөөлж бичдэг юм бэ?
Эхлээд сэдвээ олчих юм бол амархан санагддаг. Хамгийн анхны зохиосон “Forever” дуугаа хийх гээд аяа сонсож байхад эхний 4 мөр нь шууд ороод ирсэн. Тэгээд л цааш нь зохиочихсон. Багаасаа Монгол дуу сонсдоггүй байсан учраас Англи хэл дээр шүлэг зохиох нь илүү надад амар ч юм шиг санагддаг. Монгол хэл дээр шүлэг зохиож үзье гэхээр ерөөсөө надад төсөөлөгддөгүй юм аа.
-Сүүлийн үед танай хамтлагийнхан алдарт “Beatles”-ын дуунуудыг орчуулж дуулаад байгаа. Англи хэлээр нь дуулвал танай хамтлагт илүү зохих юм биш үү?
Тэр бидний санаа биш л дээ. “Beatles”-ын улаан фен Буд-Эрдэнэ ах энэ төслийг хэрэгжүүлсэн. Бүх дуунуудаа өөрөө орчуулсан. Тэгээд манай хамтлагаар дуулуулах хүсэлтэй байна гэсэн л дээ. Бид ч зөвшөөрч хамтарч ажилласан.
-Хамгийн сүүлийн үеийн сонин сайхан юу байна даа?
Одоо шинэ жил болж байгаа учраас тоглолтууд ихтэй байна. Мөн удахгүй 3 дах цомгоо гаргах санаатай. Яг ямархуу байдлаар хийх вэ гэдгээ бодоод л байгаа. Бидний 2 дах цомог “Зуу наст”-д орсон дуунууддаа клип хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Саяхнаас нэг шинэ төслийн ажлыг эхлүүлээд байгаа. Зохиолч Д.Төрмөнх ах нэг шүлэг бичээд бидэнд санал тависан, Бүх дуунууд нь өөр өөр зүйл хэлсэн ч бүгд хоорондоо холбогдож нийлээд нэг утга санааг илэрхийлэх зохиол маягийн альбом гаргах гэж байгаа. Ийм альбом Монголд ерөөсөө гарч байгаагүй. Он гараад түүн дээр л ажиллах байх. Хүний амьдралын болон үйлийн үрийн тухай гүн ухааны сэдэвтэй шүлэг байгаа. Амралтын хувьд бид чинь хүссэн үедээ амраад л хүссэн үедээ ажилладаг хүмүүс шүү дээ.
-Өнөө хэр Монголоос дэлхийд байтугай Азид нэрд гарсан хамтлаг, дуучин төрөөгүй л байна. Үүний шалтгааныг та юу гэж боддог вэ?
Мэдээж дэлхийн хэмжээний од болохын тулд англиар дуулах ёстой байх. Дээрх асуултын хувьд шалтгаан мянга түм бий. Жишээ нь, Монгол гэлтгүй Азийн дүр төрхийг барууныхан нийтээрээ хүлээн авах дургүй байдаг гэдэг ч юм уу.
-Тэгэхээр та англи хэл дээр дуулдаг болохоор Дэлхийд удахгүй танигдана гэж найдаж болох уу?
Би гадагшаа өөрийгөө таниулахын тулд англи хэл дээр дуу зохионо гэсэн зориолго анх байгаагүй. Зүгээр л англи хэл дээр дуулахад хэллэг нь их зөөлхөн, сонсоход ч амархан байдаг юм шиг санагддаг. Гэхдээ миний хувьд удахгүй тийм боломж олдох юм шиг санагддаг.
-Хамтлаг дуучид шинэ жилээр тариф тогтоочихсон байдаг. Танай хамтлагийн хувьд нэг дуугаа хэдэн төгрөгөөр дуулж байна вэ?
Манай хамтлаг, дуучид өөрсдийгөө үнэлсэн тодорхой үнэлэмж тогтоодог л доо. Бид ч бас 3-4 дууг 2 сая төгрөгөөр дуулж байгаа.
-Удахгүй гадаадад суугаа Монголчууддаа зориулж тоглолт хийнэ гэж байсан.
Бид сая энэ сарын 8-нд Лондонд суугаа Монголчуудтайгаа уулзаж, тоглолтоо хийгээд ирсэн. Монголчууд маань бодож байснаас ч илүү, үнэхээр гоё хүлээж авсан. Ихэнх нь залуучууд, бидний дууг ч бараг бүгд мэдэж байсан. Мөн цагийн зөрүү их учраас надад их хэцүү байсан л даа. Бид тэндхийн цагаар 21 цагт тоглосон. Харин манай цагаар дөнгөж үүрийн 4 цагийн үед байх. Хамтлагийнхан маань бүгдээрээ сүүмийчихсэн, миний хоолой ч бүр унтчихсан байсан. Тэгээд л тайзан дээр гарсан нэг мэдэхэд л дуусчихсан. Биднийг үзэж байгаа үзэгчид маань маш өндөр сэтгэл хөдлөлтэй, энд байгаа Монголчуудтайгаа харьцуулхад үнэхээр өөр байсан. Манайхан тоглолт үзэхээрээ сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, ихэвчлэн суудал дээрээ л сууж байдаг. Харин Лондонд суугаа Монголчууд үгээр хэлэхийг аргагүй сайхан сэтгэгдэл төрүүлсэн.
-Танай хамтлагийнхан оройн цагаар “club”-уудад тоглодог байсан. Одоо хэвээрээ байгаа юу?
Өө бид чинь анхандаа янз бүрийн л газар тоглодог байлаа. Сүүлийн үед тоглохоо болиод их удаж байна. Харин 11-р сард “Central tower”-ын 17 давхарт байдаг ресторанд оройн цагаар тоглосон. Одоо бол тоглохгүй байгаа.
-Танайхан бүгд өөр өөр чиглэлийн хөгжим сонирхож сонсдог гэсэн. Таны хувьд ямар урсгалын хөгжим сонсдог вэ?
Тийм л дээ. Бүгд өөр өөр төрлийн хөгжим сонсдог. Гэхдээ эрс тэс биш л дээ. Анх хамтлаг бий болж байх үед нилээн өөр байсан. Одоо үргэлж цуг байгаа болохоор нэг нэгэндээ бараг л уусчихсан даа. Намайг амьд хөгжимд дуртай болгоход нөлөөлсөн хамтлаг гэвэл “Coldplay”, “Queen”. Одоо ч гэсэн сонсох дуртай
-Та багадаа их даруухан хүүхэд байсан байхаа. Тэгж л санагдаад байдаг юм.
Манай хамтлагийнхан ер нь бол бүгд дуу цөөтэй, танихгүй хүнтэй харьцахдаа нилээн бүрэг гэх юм уу нэг тиймэрхүү талдаа. Гэхдээ хоорондоо бол тийм биш л дээ. Таньдаг болоод ирэх юм бол эсэргээрээ яаж ч тоглож магадгүй. Миний хувьд хүүхэд байхдаа их л даруухан, хичээл ч нэг их хийдэг хүүхэд байгаагүй. Ер нь найзуудтайгаа байх дуртай, нийтэч талдаа л байсан байх
-Таны мэргэжил урлагаас тэс өөр зүйл. Яагаад эмч мэргэжилтэй хүн дуучин болох гээд шалгуулах болов оо? Ямар зүйл нөлөөлөв?
Би угаасаа хөгжимд дуртай байсан л даа. Гэхдээ хүмүүсийн өмнө дуулж чаддаггүй, их ичимхий хүүхэд байсан шүү. Нууцаар шахуу ганцаараа л байх үедээ дуулдаг байсан. Тэгээд их сургуульд ороод 3 курст байхдаа гитар тоглож сурсан. Гитар тоглохоор яах ч аргаггүй цаанаасаа дуулаад л, тэгээд л ер нь амьд хөгжимд дуртай болсон. Эмч мэргэжил аав ээж маань мэдээж тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэхдээ бараг өөрөө сонирхоод л орчихсон. Мэргэжлээрээ ажиллах үгүйгээ одоохондоо мэдэхгүй байна. Хамтлагийн хэтийн зорилго мэдээж сайн сайхан байгаа. Тиймээс би эмч хүний хувьд буяны тоглолт хийгээд эрүүл мэндийн салбарыг дэмжихийг хүсдэг.
-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Хөөрхөн охин тань одоо их том болсон байх даа.
Одоо охин маань 4 нас хүрч байгаа. Харин эхнэрийг минь Цацрал гэдэг. Эрүүл мэндийн яаманд ажилладаг.
-Тэгэхээр анагаахад байхдаа эхнэртэйгээ танилцсан гэсэн үгүү?
Би анагаахын төгсөх курс харин эхнэр маань төгсчихсөн байхад танилцаж байсан.
-Анх танилцахдаа танидаггүй хүмүүстэй юм ярь чаддаггүй байсан гэсэн. Эхнэртэйгээ ч бас тийм байсан уу?
Үгүй шүү. Үнэхээр сонин. Анх танилцахад л яагаад ч юм надад нэг л дотно санагдаад тийм мэдрэмж төрөөгүй. Яагаад тийм чөлөөтэй байснаа бодоод олдоггүй юм. Цаанаасаа л учрах ёстой хүмүүс байсан юм шиг байгаа юм.
-Охин чинь таныг дуурайсан даруухан уу? Эсвэл…
Бараг л адилхан талдаа. Танихгүй хүнтэй бол юу ч дугарахгүй. Гэхдээ надаас илүү ээжтэйгээ илүү их төстэй.
-Ер нь та охиноо дуучин болгоно гэж бодож байсан удаа бий юу?
Сонсгол сайтай гэдгийг нь мэдсэн л дээ. Урлагийн их мэдрэмжтэй юм шиг санаддаг. Гэхдээ одоо жаахан байгаа болохоор заавал дуучин болгоно доо гэсэн бодол байхгүй байна. Одоохондоо бүжгэнд дуртай байгаа. Балетийн дугуйланд явдаг.
-Залуу хүнийхээ хувьд хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач.
Миний хувьд дуу бүтээж дуулдаг дуучин уран бүтээлч хүн. Тийм учраас миний хийсэн хөгжим, дуу хүмүүст хүрч хүмүүс сонсож байвал тэр л миний зорилго. Ямар ч хүн хийж чаддаг зүйлдээ эзэн болж чаддаг шиг залуучууд маань ч гэсэн тийм байгаасаа гэж хүсэж байна. Мөнгө олохын тулд чадахгүй зүйлээ хийж, өөрийгөө зовоож амьдрах утгагүй санагддаг.
-Манай залуусыг залхуу, ажилгүй хийх юмаа олж ядсан гэх мэтээр шүүмжилдэг. Гэхдээ чадахгүйгээсээ илүү хийж бүтээдэг залуус зөндөө л байгаа шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна.
Тийм яриа гадуур их байдаг л даа. Магадгүй манай залуус тэр үгэнд нь хурцлагддаг ч байж магадгүй шүү дээ. Яахав муулж л байг. Тэр нь ч бараг дээр ч юм билүү. Хэн нэгний хэлснээр бид явахгүй шүү дээ. Өөрийнхөө чаддаг зүйлд тэмүүлсэн хэн ч болов амжилтанд хүрэх нь тодорхой шүү дээ.
Ярилцсан Х.Оюундарь
Эх сурвалж: Залуучуудын Үнэн сонин