"Хувьсал" продакшнаас драмын урлагт хөл тавьж өөрийн гэсэн өнгө төрх авьяасаараа ялгарч чадсан жүжигчин бол МУСТА Г.Отгонцэцэг юм. Тиймдээ ч тэрээр олон кино, жүжгээрээ залуусын зүрх сэтгэлийг ямагт эзэмдэж байдаг. Жүжигчин бүсгүйг "Ододтой бүжиглэе-3'' шоунд амжилттай оролцож Гранпри шагнал хүртээд удаагүй байхад нь уулзаж ярилцлаа.
-Олон авьяаслаг оролцогчдын дундаас шалгарч Гранпри хүртсэнд баяр хүргэе?
-Надад ТВ-5 телевиз "Ододтой бүжиглэе" шоуныхаа анхны дугаарт оролцох санал тавьсан юм. Гэвч би ажлын ачааллаас болоод орж амжихгүй байсаар байгаад энэ удаагийнхад оролцлоо. Дуучин, модель, жүжигчин, циркчин зэрэг олон авьяаслаг залуучууд энэ шоунд оролцож шударгаар өрсөлдсөн. Бүжгийн спорт хүнийг эрүүл чийрэг болгодгоороо маш гайхамшигтай. Энэ сайхан урлагаар өрсөлдөж Гранпри шагнал авсандаа маш их баяртай байна. Театрын хамт олон маань сайхан хүлээж авсан. Намайг сэтгэл зүрхээрээ дэмжиж мессеж бичиж, цаг бүр бидэнтэй хамт байсан энэ бүх хүмүүсийн дэмжлэгээр би түрүүлсэн гэж бодож байна. Тиймээс тэдгээр сайхан хүмүүст баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна. Эндээс бүжигчдийн хөдөлмөр ямар хүнд байдгийг маш сайн ойлгож мэдэрсэн. Асар их бэлтгэл сургуулилтын цаана гарч байж энэ амжилтад хүрдэг гэдгээр би бүжигчдээрээ үнэхээр бахархсан.
-Шагналаа юунд зарцуулах вэ?
-Шоунд оролцохдоо бүжгийн хувцаснаас эхлээд багагүй мөнгө зарцуулсан. Ер нь аливаа зүйлд урсгал зардал хамгийн их гардаг юм байна. Шагналаа одоогоор ямар нэг зүйлд зарцуулаагүй байгаа. Ямар ч байсан Арабын Эмиратын Дубай явах эрхийн бичгээр шагнуулсан. Мэдээж явахдаа шагналынхаа мөнгөнөөс зарцуулна гэж бодож байгаа.
-Та хэдийд ингэтлээ сайн бүжиглэж сурсан бэ?
-Надад бусдаас илүү бүжиглэж сурсан юм байхгүй. "Маск продакшн"-ы жүжигчин Ц.Ганзориг, загвар өмсөгч Ч.Содтуяа, дуучин ноён Бондгор бид хамтдаа нэг дор бэлтгэл хийдэг байлаа. Нэг багш хоёр шавьтай байдаг. Бондгор бид хоёрын багш эмэгтэй, Содоо Ганзоо хоёрын багш эрэгтэй багш байсан. Бид өдөр, шөнөгүй хамтдаа бэлтгэл хийсээр байгаад нэг ангийн хүүхдүүд шиг болцгоосон. Ер нь би энэ шоунд оролцсоноороо маш сайхан хамт олонтой болсондоо баяртай байгаа. Бүжгийн спортын үнэ цэнэ, утга учир хаана байдаг юм, түүний нарийн нандин сайхан зүйлүүдийг олж мэдсэн. Бас бүжгэнд маш их дурласан. Гэсэн ч одоо ажил ихтэй байгаа учраас бүжгэндээ үргэлжлүүлж явж чадахгүй байна. Цаашдаа цаг зав гарвал бүжгээрээ дагнаж хичээллэнэ гэж бодож байгаа. Ер нь би усан спорт, фитнесээр хичээллэх дуртай. Гэвч тогтмол цагийн хуваариараа явж амжихгүй юм. Заримдаа алжаалаа тайлах гэж саун, массажинд ордог. Энэ бүгдийн аль алиныг нь хоцрогдуулахгүй яваад байх нь тодорхой хэмжээгээр хүний гоо сайханд нөлөөлдөг юм билээ.
-Ойрын үед хийж бүтээх ажлаасаа сонирхуулбал?
-Сая манай театр "Тэнгэрийн хүү", ''Гамлет", "Парисийн дарь эхийн сүм", "Нууц амраг чинь болъё" зэрэг том жүжгүүд дээр DVD бичлэг хийлгэсэн. Удахгүй уламжлал болсон "Гэгээн муза" наадам болох гэж байгаа. Энэ хүрээнд Гэгээн муза наадмын Гранпри наадмын тэргүүн шагналыг хүртсэн уран бүтээлүүд тоглогдоно. Мөн Эмэгтэйчүүдийн баяр, Гэгээн Валентиний өдрийг тохиолдуулан шилдэг шилдэг жүжгүүдээ тоглохоор төлөвлөсөн. Гэгээн Валентиний баяраар "Парисийн дарь эх"-ийн сүм жүжиг тоглогдоно. Дараа нь "Гамлет", "Оролмаа эх'' зэрэг жүжгүүд ар араасаа тоглогдох юм.
-Та үргэлж эрч хүчтэй байх юм. Ингэж өөрийгөө өдөр бүхэн цэнэглэж байж ч амжилтад хүрдэг байх?
-Хүн өөрийгөө 100 хувь мэддэггүй. Гэтэл сая "Ододтой бүжиглэе" шоунд оролцож явахдаа маш олон хүнтэй харилцаж, шинэ хүмүүстэй танилцсан. Шүүгч нараас, хамтран бүжиглэж байгаа портнёроосоо, багшаасаа хамт бэлтгэл хийж байгаа уран бүтээлчдээсээ эрч хүчтэй гэдэг үгийг маш их сонслоо. Тэгээд би өөртөө дүгнэлт хийгээд үзэхэд үнэхээр өөрийгөө дайчилж байж санасандаа хүрдэг юм байна. Тэр хэмжээгээр илүү их эрч хүчтэй байж амжилт гаргах юмсан, хийж бүтээх юмсан гэсэн хүсэл эрмэлзлэл дүүрэн болсон. Яагаад гэвэл тэр бүх хүмүүсийн надад хайрласан урмын үгсээр би өөртөө итгэх итгэл маань ч дахин нэмэгдсэн гэж хэлж болно.
-Бас та "Гоолингоо" жүжгийн гол дүрийг бүтээгээд бас дуулсан. Ер нь та нэг үе ардын дуу дуулж олны анхааралд өртсөн шүү дээ?
-Миний хувьд дууныхаа тал дээр дагнан ажиллаж чадахгүй л байна. Гэхдээ дууныхаа урын санг баяжуулаад явж байгаа. "Гоолингоо" дуулалт жүжгийн гол дүрд тоглоод, мэргэжлийн дуучидтай хамтарч оркестр хөгжимтэй дуулахдаа үнэхээр сайхан байлаа. Тэр тусмаа дэлхий хэмжээний дуучинтай хамтарч дуулна гэдэг бүр ч ховор завшаан. Г.Ариунбаатар маш авьяаслаг залуу уран бүтээлч. Бүхэл бүтэн оркестр хөгжим дээр амьдаараа дүрийн үүднээс дуулахад сэтгэлийн хөдөлгөөнөө барих, хөгжмийн нот тактаа сонсох, ансамбль, портнёроо мэдрэх дээр нь өнгө алдахгүй байх зэрэг таван мэдрэхүйгээ зэрэг ажиллуулах шаардлагатай. Наад зах нь уйлж байхдаа дуулна гэдэг бүр хэцүү. Уйлж байхад хүний хоолой чичирнэ, нус нулимс гардаг. Гэтэл энэ бүхнийг тохируулж дуулна гэдэг үнэхээр амаргүй юм билээ. Эндээс маш их зүйлийг сурсан.
-Үзэгчид ихэнхдээ жүжигчдийг дүрээр нь хүлээгээд авчих тохиолдол байдаг. Түүн шиг таныг хүйтэн хатуу сэтгэлтэй гэх хүмүүс байх нь бий?
-Би хувьдаа өөрийгөө хүйтэн хатуу гэж бодохгүй байна. Яахав "Орхидос" киноны хойд ээжээр тэгж боддог тал бий. Ер нь амьдрал, кино дүр шал өөр шүү дээ. Тийм учраас би тийм биш гэж хэлэхээсээ илүү цаг хугацаа бүхнийг харуулна гэж бодож байгаа. Мэдээж би залуу хүн учраас цаашдаа маш олон дүр бүтээнэ. Үүнээс ч муухай дүр дээр ажиллахыг үгүйсгэхгүй. Манай багш жүжигчин хүн үзэсгэлэнт гүнжээс үзээрийн муухай шулмын дүрд хувирч чаддаг чадвартай байх ёстой гэж хэлдэг. Би ч гэсэн тэгж хувирахыг хүсдэг. Монголын нөхцөлд л хүмүүс үүнийг хүлээж авч чадахгүй байгаа болохоос Холливуд, баруунд ямар сайхан хүүхэн хичнээн муухай дүрд хувирна төдий чинээ түүний ур чадварыг үнэлдэг. Гэтэл манайд нэг хөөрхөн хүүхний дүрд тоглочих юм бол энэ ёстой хөөрхөн хүүхэн шүү гээд л хүлээгээд авчих жишээтэй. Тэр нь дүр болсон ч юм уу, үгүй ч юмуу хэлж мэдэхгүй шүү дээ. Нөгөө талаас жаахан эсрэг дүрд тоглочих юм бол энэ ёстой зэвүүн хүүхэн гээд л ойлгочих жишээний. Үүнтэй би санал нийлдэггүй. Хүний хөдөлмөр, ур чадварыг үнэлэх ёстой гэж боддог. Ганцхан би биш надаас өөр эсрэг талын дүр бүтээж байгаа олон уран бүтээлчид байгаа.
-Та "Хувьсал" продакшнаар овоглож урлагт хөл тавьж байсан. Гэтэл та орлого ихтэй кассын урлагийг хөөгөөгүй. Драмдаа үнэнчээр яваа жүжигчний нэг?
-Анхнаасаа би хөгжимт театрын жүжигчний мэргэжлийг эзэмшсэн. Драмын жүжигчин болох хүсэл мөрөөдөл дүүрэн сургуулиа дүүргэсэн. Тэрхүү хүсэл зорилгынхоо дагуу драмын театрт ирсэн. Төсвийн бага цалингаар амьдрахад хэцүү гээд зовлон тоочоод байвал зөндөө бий. Гэлээ гээд би илүү зүйлд шунаагүй. Мэргэжилдээ хайртай учраас үнэнчээр зүтгэж явна. Түүнээс хошин урлагт ороод явж болно л доо. Гэхдээ хошин урлагийн төрөлд би тохирох уу, үгүй юү гэдэг нь өөрөө асуудал. Манай хошин урлагийн жүжигчид маш чадварлаг авьяастай хүмүүс байдаг. Тиймээс би тэнд дураараа ороод, дураараа гараад тэдний хөдөлмөрийг үл хүндэтгэж болохгүй шүү дээ. Энэ утгаар мэргэжил бүхэн үнэтэй. Тийм учраас хүн өөрийнхөө хүссэн чадах зүйлээ л хийх ёстой гэж боддог.
Д.Нэргүй