Дэлхийн есөн том театрын нэг Английн хатан хааны “Рояал Альберт”-д уран бүтээлээ тольлуулсан анхны Монгол хамтлаг бол яах аргагүй “Хөсөгтөн”. Монгол хөгжим орчин үеийн хөгжимтэй хэрхэн хосолдогийн гайхамшигийг үзүүлж, олон сая үзэгчдийг байлдан дагуулж чадсан тэдний тоглолтыг “BBC”-ээр цацаж байсныг үзэгчид толдхон санаж буй за.
“Хөсөгтөн” бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний их найрлын бүрэлдэхүүнээс төрөн гарсан цорын ганц хамтлаг юм. Иймээс тус хамтлагийнхан чуулгын үйл ажиллагаа, хамтлагийн уран бүтээл гээд ихэд завгүй байдаг.
Тэрчлэн удахгүй болох Монгол “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан тоглогдох гэж байгаа “Монгол төгсөшгүй” тоглолтод уран бүтээлийнхээ дээжийг өргөхөөр бэлтгэлээ базааж байгаатай таарлаа. Ингээд хамтлагийн уран бүтээлчидтэй цөөн хором ч гэсэн халуун яриа өрнүүлснээ уншигчиддаа хүргье.
“Хөсөгтөн” хамтлаг 6 гишүүнтэй
СТА Д.Ариунболд-Хөгжмийн зохиолч, морин хуурч, хөөмийч /ахлагч/
СТА Г.Адъяадорж-цохиур хөгжимчин, лимбэчин, хөөмийч
СТА О.Чулуунбаатар-морин хуурч, хөөмийч
СТА В.Батзориг-морин хуурч, хөөмийч
СТА Х.Уалмбарч-товшлуур хөгжимчин, морин хийлч, хөөмийч
СТА Ч.Амарбаягалан-ятгач /ганц эмэгтэнй гишүүн/
-Удахгүй “Монгол төгсөшгүй” тоглолт болох гэж байна. Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна даа?
Д.А: -Манай хамтлаг чөлөөт уран бүтээл хийхээс гадна бүгдээрээ Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний их найралд багтдаг. Тийм болохоор улсын ажил, хувийн уран бүтээл давхцаад цаг зав муу л байна. Улсынхаар бол “Салхины дууль” тоглолт, хувийн уран бүтээлээр бол “Монгол төгсөшгүй” тоглолтын бэлтгэлд гарчихсан. “Монгол төгсөшгүй” тоглолтын бэлтгэлд бусад хамтлагуудаа бодвол хожуу эхэлсэн. Тийм болохоор бэлтгэлээ их шаргуу базааж байна.
-Энэ тоглолтод этник чиглэлийн хамтлагууд оролцох юм гэсэн. Тоглолтын сониноос дуулгавал?
Х.У: -“Монгол төгсөшгүй” тоглолт хоёр дахь жилдээ зохиогдож байна. Өмнөх жил “Монгол” нэртэйгээр таван хамтлагийн тоглолтоор болж байсан. Харин энэ удаа долоон хамтлаг оролцохоор болсон. Тоглолтын онцлогийг хэлэхийн өмнө оролцож буй хамтлагуудын онцлогийг дурьдсан нь дээр байх.
“Монгол төгсөшгүй”-д долоогийн тоог бэлгэдэж байгаа. Үндэсний хөгжимт урлагаа орчин үеийн хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Хөсөгтөн”, “Алтан ураг”, “Домог” зэрэг долоон хамтлаг оролцох юм.Харин тоглолтын онцлог гэвэл Үндэсний их баяр наадам “Цагаан сар”-ын өмнө болж буйгаа онцлог.
“Цагаан сар”-ын баяр бол үндэсний гэсэн тодотголтой бүхнийг илэрхийдэг сайхан баяр шүү дээ. Иймээс энэ баяраар ард түмэн маань үндэсний дуу хуур, урлагтайгаа ойр байх хэрэгтэй юм шиг санагддаг. Иймдээ ч тоглолтыг зохион байгуулагчид Үндэсний урлагийн өдөртэй болох зорилгоор энэхүү тоглолтыг уламжлал болгон “Цагаан сар”-ын өмнө зохион байгуулж байгаа юм. В.Т: -Энэ тоглолтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор Төрийн соёрхолт Д.Сосорбарамын найруулгаар тавина.
-Ямар ч баяр наадмыг дуу хуургүйгээр төсөөлөх аргагүй. Үндэсний урлагийн өдөртэй болно гэдэг сайхан санаа байна. Үндэсний урлаг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослох нь үзэгчдийг эрхгүй татна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр энэ тоглолтод ямар уран бүтээлээ хүргэх гэж байна вэ?
О.Ч: -Тоглолтод оролцож буй долоон хамтлаг тус бүр хоёр уран бүтээлээ үзэгчиддэд тольлуулна. Мөн эдгээр хамтлагууд хамтраад бас хоёр уран бүтээлийг шинэлэг байдлаар хүргэхээр зэхээд байна. Энэ нь“Алтайн магтаал”, “Жалам хар” гэсэн бүжгийн хөгжим юм.
-Тэгвэл өмнөх жилийн “Монгол” тоглолтоос юугаараа ялгарах бол?
О.Ч: -Оролцох хамтлагуудын тоо нэмэгдсэн. Тухайн үед таван хамтлаг дөрөв, дөврөн бүтээл хүргэж байсан бол энэ удаа өөр байгаа.
-Ерөнхийлөгч айлчлалаар явахдаа Монгол үндэсний урлагаа гаднынханд сурталчилах зорилгоор танай хамтлагийг дагуулж явдаг тухай сонсч байсан?
Д.А: -Тийм ээ. Ерөнхийлөгчийн айлчлалаар БНХАУ, Халимаг хоёрт хамтлагаараа явж байсан. Манай хамтлаг бол энэ чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Улсын өмчит ганц хамтлаг шүү дээ. Иймдээ ч эх орноо сурталчилж гадаад, дотоод явна гэдэг бидний үүрэг. Бидний ажил юм.
-Үүнээс гадна хувиараа ч гэсэн олон орноор явсан байх. Гадны үзэгчид хэрхэн хүлээж авдаг вэ?
Ч.А: -Их сайхан хүлээж авдаг. Манай хамтлагийн хөөмийлөх нь хөөмийлж, хөгжимдөх нь хөгжимдөөд, морин хуур тоглоод л… Үзэгчдийн баярласан, гайхсан мэдрэмж тайзан дээрээс ч мэдрэгддэг юм.
-Английн хатан хааны “Рояал Альберт”-д уран бүтээлээ тольлуулсан анхны Монгол хамтлаг бол яах аргагүй танайх. Тэр үеийг эргэн дурсвал?
-“Рояал Альберт” театр бол дэлхийн есөн том театрын нэг. Үүнд тоглолтоо хийсэн анхны Монгол хамтлаг болсондоо их бахархаж баярлаж явдаг. Сая сая үзэгчдийн хэрхэн хүлээж авсан, тайз гэрэлтүүлэг гээд бүгд сэтгэлд хоногшин үлдсэн.
-Гадны улс орнуудад тоглолтоо хийгээд явж байхад танай хамтлагийн чухам юуг нь илүү их сонирхож байна вэ?
Г.А: -Манай Ардын урлаг дэлхийд байхгүй аялгуутай. Азийн урлаг соёл дэлхийд угаасаа гайхагддаг. Иймээс өөрийн урлагаа Өрнийн дэг соёлтой хослуулна гэдэг бас нэг гайхамшиг шүү дээ. Барууны орныхонд энэ нь их сонин санагддаг юм шиг байгаа юм.
Одоо Дэлхий нийт Монголыг соёл урлагаар нь мэддэг, сонирхдог болж байна.
-Ингэхэд урын сандаа хичнээн уран бүтээлтэй байна вэ?
В.Т: -2009 онд хамтлагийнхаа нэрээр “Хөсөгтөн” гээд цомог гаргасан. Одоо хоёр дах цомгийнхоо ажилд орох гээд байж байна. Харин урын сандаа 20 гаруй бүтээлтэй.
-“Хөсөгтөн” хамтлаг байгуулагдаад хэдэн жил болчихов оо?
Д.А: -Таван жилийн өмнө “Хөөмийн түрлэгтэй эх орон” тоглолтыг манай чуулгынхан хийсэн шүү дээ. Энэ тоглолтод бид зургаа хамтдаа “Торой банди” зохиолын хөгжмөөр оролцсон. Энэ үеэс л “гар нийлэх юм байна. Хамтлаг байгуулаад цаашид ч энэ чиглэрээр уран бүтээлээ хийгээд явбал болох юм байна” гээд хамтлагаа байгуулж байсан.
-Эмэгтэй уран бүтээлчээс асуухад, дан эрэгтэй хүмүүстэй ажиллах ямар байна. Ялангуяа хол замд явахад хэцүү байдаг уу?
Ч.А -Анхандаа ч эвгүй л байсан. Биеэ бариад л. Сайн ойлголцож чадахгүй ганцаардах үе ч байсан. Харин одоо бол дундаа ороод чөлөөтэй болсон. Олон жилийг хамтдаа нэг багт ажиллаж уран бүтээлээ хийгээд ирэхээр бие биенээ их сайн мэддэг, ойлгодог болдог юм билээ.
В.Б: -Харин ч бид ганц эмэгтэйгээ халамжилдаг шүү дээ.
Их бэлтгэлийн хажуугар цаг гарган ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсэе.
Г.Уянга