Эрчүүдийг найрал хөгжмийн нэг зэмсэгтэй зүйрлэвэл бүрээтэй хамгийн их дүйцэж очих болов уу.Энэхүү зэмсэг нь чадварлаг хөгжимчний гарт яруу тод, бадриун, эрхэмсэг авиа гаргадаг бөгөөд гүн, сэнхрүүлэх маягийн сэтгэгдэл төрүүлж чаддаг.Тэгтэл энэхүү зэмсэг нь ердөө гуравхан товчлууртай…
Тэгвэл эрчүүдийг бүрээтэй харьцуулах юм бол ямар гурван товчлуур дээр дарвал эр хүнээс хамгийн эрхэмсэг чанар, хариуцлага, энхрий зөөлөн романтик зан байдлыг ил гаргаж болох вэ?
Нэгдүгээр товчлуур:
Эр хүний хувьд хамгийн чухал зүйл бол амжилт болон тэр бусдаас ухаантай, шударга, хүчтэй, илүү гэдгийг мэдрэх мэдрэмж юм. Энэ тухай ярьдаггүй байлаа ч гэсэн тийм гэдгээ сонсоход үргэлж баяртай байхаас гадна, эмэгтэй хүн түүгээр бахархаж байна гэдгийг мэдэхийг хүсдэг.Эрчүүд эмэгтэй хүнээс дутахгүй магтаалын үгэнд дуртай боловч гаднах илрэл нь арай бага. Тиймээс, тухайн эр ажилдаа амжилт гаргадаг, хамт олон дунд нэр хүндтэй нэгэн байхад чи орой болгон түүнийг үгээр идэж, шалихгүй зүйл дээр шүүмжилдэг бол тэр чамд гомдож, дургуйцлаа дотроо нууж, зурагт, компьютерт шигдэж, архинд орж, тэр ч байтугай өөр бүсгүйд анхаарлаа хандуулах болно.
Эрчүүд шүүмжлэлийг тэр бүр хүлээн авдаггүй.Тэр тусмаа чиний зөв байвал бүр ч тэвчихгүй. Шүүмжлэл бол түрэмгийлэл учраас эр хүн хамгаалалтын байдалд шилжиж, хожим нь хариу барих болно. Тиймээс, байнга дутагдлыг нь хэлж, алдааг нь онцлох хэрэггүй. Харин оронд нь “хэрвээ чи … байсан бол хамгийн мундаг нь байх байлаа” гээд, дээр нь нэмээд “миний бодлоор … гэхдээ чи өөрөө л мэд” гэж хэлж болно.
Гэхдээ эр хүнтэй маргалдах үедээ хүртэл чамд өөрийн гэсэн үзэл бодол бий гэдгийг санах хэрэгтэй бөгөөд түүний үзэл бодолтой нийцэхгүй байж ч болно шүү дээ.Үзэл бодлын энэ зөрүү, өөр өөр эргэцүүлэл, зөрчил зэрэг нь эр хүнийг улам нээж өгдөг юм шүү. Өөртөө итгэлтэй, зоригтой бүсгүйчүүд үргэлж эрчүүдийн анхаарлын төвд байдаг.Тэд анчинг өдөж байгаа учраас тэднийг номхоруулах ёстой.Түүнд өөрийгөө зөвтгөх, нотлох баримтыг дэвшүүлэх боломжийг олгоорой.Өөр үзэл бодолтой байна гэдэг чинь муудалцаж байна гэсэн үг биш.
Сэтгэл хөдлөлийн асуудал дээр эрчүүд илүү эмзэг байдаг учраас түүнийг дарамтлах хэрэггүй. Өөрөөр хэлбэл уйлж, яншаад байлгүй, баяр баясгалангтай байж, зарим зүйл дээр мэдлэггүй байж, тэнэг харагдахаас айх хэрэггүй. Түүнд чамд зааж өгөх боломж нээгдэх бөгөөд өөрийгөө ухаантай, хурц цэцэн үгтэй нэгэн гэдгээ мэдрэх болно. Оюун ухааны хувьд давуу байдлаа мэдрэх нь эрчүүдэд тун чухал.
Өөртэйгээ эн тэнцүү хүнээсээ давуу гэдгээ мэдрэх нь бүр ч их үнэ цэнэтэй байх болно. Харин чи өөрийгөө хүндэлдэг, өөртөө итгэлтэй гэдгээ харуулна. Эр хүний өмнө байнга бөхөлзөж, өөрийгөө дорд оруулснаар эр хүнд хүч чадлаа харуулах боломжийг нь олгож, чи түүний хувьд шалны алчуур мэт байх болно. Эрчүүдэд магтаал хэрэгтэй, тиймээс тэдний хувьд хамгийн чухал болох ажлын амжилт, оюун ухаан, хүч чадал зэрэгт магтаалын үгээ чиглүүлээрэй.Шүүмжлэл магтаал хоёрын тэнцвэрийг бүү алдагдуулаарай. Сайн байвал түүнийг магтана гэдгийг тэр мэдэх ёстой шүү дээ.
Хоёр дахь товчлуур
Эрчүүд зөвлөгөө өгч, хүчээр ч атугай тусламж үзүүлэхэд бэлэн байдаг. Үүгээрээ тэр өөрийнхөө ач холбогдлыг тодорхойлж байдаг юм. Тиймээс, хонгор минь,хайрт минь, чамтай зөвлөлдөх гэсэн юм, эсвэл чиний мэргэн санал хэрэгтэй байна гэж хэлвэл түүний сонирхол төрж, чиний дэргэд очих болно.
Түүний тусламж, зөвлөгөө, ивээл хэрэгтэй байгааг харуулахаасаа бүү эмээгээрэй. Гэхдээ үүнд ч бас болгоомжтой байх хэрэгтэй. Хамаг асуудлаа түүний нуруун дээр үүрүүлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж болохгүй. Чи өөрөө ч гэсэн үүнийг хийж чадна, өөрийн гэсэн үзэл бодолтой гэдгээ харуулж, харин ТҮҮНИЙ үзэл бодол чамд чухал учраас зөвлөгөө авахыг хүссэн болохыг илтгэх хэрэгтэй.
Эр хүн чамд зөвлөгөө өгч, туслах үед чамд өөрийнхөө хөдөлмөрөө өгч байгаа юм. Харин энэ хөрөнгө оруулалт нь ямар ч бэлэг, мөнгө зэргээс илүү үнэтэй учраас чамайг өөрийн өмч болгон авч үзнэ. Тэгэхээр мэдээж, түүнд өөрийн өмчөө бусдаас хамгаалах зөн совин нь ажиллаж эхлэнэ.
Эрчүүдэд түүнээс юуг хүсч байгааг шууд хэлэх хэрэгтэй. Дэлгүүрт зарим эрчүүд цаас хараад бараагаа авдгийг харж л байсан биз дээ? Хэн нэг нь түүнийг эхнэрийнхээ атганд орсон гэж бодох байх л даа. Тэгтэл үгүй. Зүгээр л түүний эхнэр нь ухаантай хүн юм байна.Тэр яншаад байлгүй, харин хайртдаа даалгаварыг нь тодорхой хэлж, гүйцэтгэлийг нь хөнгөвчилж байгаа юм.Эр хүн чамд туслах төдийгүй, гэрийн хүнд ажлыг хийх дуртай байх ёстой. Тиймээс, хадаас хадаагүй байна, шүүгээний хаалга хаагдахгүй байна, гэрт засвар хийх хэрэгтэй болсон гээд ерөнхийлсөн шаардлага тавих хэрэггүй. Мэдээж, тэр дор нь босоод хадаасаа хадаж, таазаа эмульсдэхгүй шүү дээ. Түүнээс гадна, түүний чадахгүй эсвэл муу хийдэг зүйлийг нь хийхийг бүү шаардаарай. Хийж чаддаг зүйл дээр нь магтвал, дараа нь өөрөө санаачлага гарган хийх болно. Зөвхөн чиний нарийн мэдрэмж, эмэгтэй хүний байгалийн ухаан чамайг яншаа, үглээ эмэгтэй болохоос хамгаалж чадна.
Гурав дахь товчлуур.
Эр хүний хувьд амжилт олно гэдгийг мэдрэх дараагийн хамгийн чухал зүйл бол секс. Сексийн хувьд ямар ч асуудалгүй гэдэгтээ итгэлтэй л бол өөр газар амжилт олохоор гүйгээд байхгүй.
Түүнээс гадна эрчүүд эмэгтэй хүнийг сексээс юуг хүсч хүлээдэг тухай элдэв цуурхал, хов жив сонссон байдаг тул тэдгээрийг хэрэгжүүлэхийг хүснэ. Хэрвээ чи инээж, шоолох юм бол сууж байгаа мөчрөө хөрөөдөж байна л гэсэн үг. Харин ч түүнийг дэмжвэл, тэр хожим нь сурч л таарна шүү дээ. Секст харилцан адил санаачлага гаргадаг, түүнээсээ ичдэггүй эмэгтэй хүнийг эрчүүд биширдэг. Чи түүнийг хүсч байгаагаа маш нарийн чадварлагаар харуулвал, түүний сэрлийг өдөөх болно.
Та хоёр муудалцаж, чи түүнд гомдсон ч, бууж өгөхөөр болсон гэдгээ шууд харуулах хэрэггүй. Жаахан азнах хэрэгтэй. Чи түүнийг өдөж байна гэсэн сэтгэгдэлийг түүнд төрүүлж, харин тэр хариуд нь эзэгнэгчийн дүрд хувирна. Ийм тоглоомын дараа секс хүртэл сэтгэл хөдлөл ихтэй өрнөх болно
Сексийн дараа эрчүүд чамд сайхан байсан уу? гэж асуувал гайхах хэрэггүй. Энэ тэнэг ч юм шиг асуултанд өгөх чиний эерэг хариулт нь өөртөө итгэх итгэлийг нь бататгаж өгдөг юм.
Эрчүүд хүйтэн, өөрт нь хайхрамжгүй ханддаг бүсгүйчүүдэд дургүй. Мөн хиймэл секси занд ч дургүй. Тэр шууд худал хуурмагийг мэдэрч, өөрийг нь удирдаад байгааг ойлгох болно. Секс бол түүний амжилт олох ёстой хамгийн чухал талбар юм шүү дээ. Тэгтэл чи секс хийх жинхэнэ сонирхолоо харуулахгүй, эсвэл түүний “амжилтанд” шүүмжлэлтэй хандвал түүний сонирхолыг татахаа болино гэдгийг анхаараарай
Гурван товчлуурын харьцуулалтыг шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй. Эрчүүдтэй харьцахад тийм ч амар биш. Үүнд олон нөхцөл байдлыг тооцоолох шаардлагатай. Ер нь хэн хэн нь сэтгэл зүйн эрх чөлөөтэй байх ёстой гэдгийг санаж яваарай. Тэгвэл та хоёрын нийтлэг сонирхол өргөжиж, харилцааг бат бөх болгоно.Чи өөрчлөгдөж эхлэвэл, тэр ч гэсэн дагаад өөрчлөгдөнө.
Үргэлж анхаарал халамж шаардах, ямар ч шалтгаангүйгээр хардах, ажил, найз нөхөд, сонирхол зэрэгт түүнийг харамлах хэрэггүй.
Эрчүүд хяналтыг тэвчдэггүй. Ямар ч албадлагыг эрх чөлөөнд халдсан халдлага мэтээр хүлээж авдаг. Ээж дээр очьё! Дэлгүр явъя! Кино үзъе! Найз нар ирэх үед баяр баясгалантай байхыг хичээгээрэй!”гэвэл шууд сөрөг хариулт сонсох болно. Энэ бол зүгээр л эрчүүдийн онцлог.Зөв үгээ олж, зөв хэлж чадвал тэр хүсэхгүй байсан ч зөвшөөрөх болно.
Шүүмжлэл магтаал хоёрыг тэнцвэрт байлгах нь маш чухал. Түүнийг үргэлж тонуст байлгаж, эвгүйдвэл чамайг алдана гэдгийг тэр мэдэрч байх ёстой.Гэхдээ “алдах айдас нь чамд өөр эр хүн гарч ирээд чи түүнийг илүүд үзэж байна гэсэн зарчим дээр явагдах ёсгүй. Харин өөр эр хүн гарч ирж магадгүй гэсэн далд санаа байнга байх ёстой.Үл мэдэх нөхцөл байдлаас айх айдас нь хамгийн хүчтэй өдөөгчийн үүргийг гүйцэтгэдэг юм шүү.
Эх сурвалж:cosmopolitan.mn