Алдарт дуучин Уитни Хьюстоны ээж 79 настай Кисси Хьюстон өөрийн охины тухай “Уитниг Санахуй” хэмээх ном бичжээ.Тэрбээр Уитни Хьюстоныг өнгөрснөөс хойш сэтгэл санааны тавгүй байдалд орж, түүний талаар ном бичихээр шийдсэн гэнэ. Тус номныхоо талаар “Охиноо алдах мөчид би бүхнээ алдсан мэт санагдсан. Түүнийг өнгөрснийг дуулаад би юу хийхээ, юу хэлэхээ ч мэдэхээ байсан. Барилга даяар хүмүүс сонсогдохоор чанга хашхирсан гэж дэргэд минь байсан хүн надад дараа нь хэлсэн. Гэхдээ одоо тэр үеэс хойш нэг жил өнгөрчээ. Гэсэн ч охиноо заримдаа маш их үгүйлэх юм. Надаас түрүүлээд тэр минь явчихна гэж хэзээ ч бодож байсангүй. Энэ их уйтгар гуниг, харууслаа нимгэлэх гэж би охиныхоо талаар ном бичсэн. Би түүнийг сайн мэдэх хүмүүсийн нэг шүү дээ” гэж Опрагийн шоунд өнгөрсөн долоо хоногт оролцох үеэрээ ярьжээ.
Харин Уитни Хьюстоны охин 19 настай Бобби Кристина өөрийн ээжийнх нь талаар бичсэн эмээгийнхээ номыг ихэд шүүмжилж дуучны фэнүүдэд тус номыг худалдан авахгүй байхыг хүсчээ.Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Эмээгийн бичсэн ном ээжийн минь талаар юуг ч илэрхийлэхгүй. Ник (сүйт залуу) бид хоёр үүнд ямар ч ач холбогдол өгөхгүй байгаа. Би тэр номыг уншаагүй байгаа, унших ч үгүй. Зүгээр л намайг болон ээжийг минь хүндэтгэхгүй байгааг би тэвчиж чадахгүй” хэмээн бичсэн байна. Харин Бобби Кристина өөрийн эмээтэй тийм ч сайн харилцаатай байдаггүй бөгөөд ээжийнх нь талаар ном бичихийг анхнаасаа зөвшөөрөөгүй байна.
www.URLAG.mn