Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн эргэн тойрон дахь мэдээ мэдээллийн булангаараа худалдаанд гарсан эхний долоо хоногтоо нэг сая ба түүнээс дээш хувиар арилжаалагдаж бахдам амжилтыг үзүүлсэн “шилдэг” цомгууд буюу “The Platinum Certification” үнэлэмж бүхий хөгжмийн сор бүтээлүүдээс хүргэхээр сонголоо. Ингээд худалдаанд гарсан даруй эхний долоо хоногтоо “сая”-ын босгыг хол давж, хэр баргийн үзүүлээд баймгүй амжилтыг хүртсэн шилдэг уран бүтээлчдийн гайхалтай цомгуудтай танилцацгаая.
10+1. Лиль Уэйнь / “The Carter III”
Хэзээ худалдаанд гарсан: 2008.06.10
Нийт борлуулалтын тоо: 1.006.000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
2008 оны хамгийн их борлуулалттай цомгоор нэрлэгдэж байсан “The Carter III” цомог нь түүний зургаа дахь бие даасан цомог байсан бөгөөд тэрээр энэ жилдээ багтаан таван ч цомгийг гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.
10. Тэйлор Свифт / “Speak Now”
Хэзээ худалдаанд гарсан: 2010.10.25
Нийт борлуулалтын тоо: 1.047.000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
Кантри гэхээсээ илүүтэй Поп стилийн дуучин гэгдэх болсон Тэйлор Свифтийн гурав дахь бие даасан эл цомог шилдгүүдийн удаах жагсаалтад багтаж байна. Хувийн амьдрал нь нилээд тогтворгүй адтай дуучин бүсгүй маан ирэх 3 сараас “Red” аялан тоглолтоо Хойд Америкийн орнуудаар хийх юм байна.
9. Уитни Хьюстон / “The Bodyguard Soundtrack”
Хэзээ худалдаанд гарсан: 1992.11.17
Нийт борлуулалтын тоо: 1.061.000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай кино дууны цомог болох эл бүтээл дэлхий дахинаа 45 сая хувь арилжаалагджээ. Цомгийн зургаан дууг гайхалтай дуучин Уитни Хьюстон (1963 – 2012) амилуулснаараа дэлхий дахиныг шуугиулсан хосгүй бүтээл болсон билээ.
8. Ашер / “Confessions”
Хэзээ худалдаанд гарсан: 2004.03.24
Нийт борлуулалтын тоо: 1.096.000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
“Confessions” цомог бол Америкийн дуучин, бүжигчин, жүжигчин Ашер Рэймодын дөрөв дэх бие даасан цомог бөгөөд бүхэлдээ хувийн амьдралынхаа тухай хүүрнэсэн гэгддэг аялгуулаг цомог юм. Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо АНУ дахинаа 1.1 сая хувь худалдаалагдаж “RIAA” компаниас олгодог “Платинум цомог”-ийн батламжийг авсан байна.
7. Лэйди Гага / “Born This Way”
Хэзээ худалдаанд гарсан: 2011.05.23
Нийт борлуулалтын тоо: 1.108.000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
Хойд Америкаар аялан тоглолтоо үргэлжлүүлэн яваа Лэйди Гагагийн бие даасан хоёр дахь “Born This Way” цомог худалдаанд гарсан даруй эхний долоо хоногтоо ийнхүү 1.108.000 хувь арилжаалагдсан шилдэг цомгийн удаах бүтээлээр нэрлэгдэж байна. Тэрээр энэ жил “Artpop” хэмээх шинэ цомгоо гаргах ажээ.
6. 50 Cent / “The Massacre”
Хэзээ худалдаанд гарсан: 2005.03.03
Нийт борлуулалтын тоо: 1.141.000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
Хөгжмийн уран бүтээлийнхээ хажуугаар кино ертөнцөд багагүй амжилттай яваа реппэр маань 2013 онд шинэ цомгоо ч, дэлгэцийн шинэхэн кинонуудаа ч үзэгч фэнүүддээ хүргэх сурагтай байна. Шинээр гаргах цомгоо тэрээр 2010 оноос хойш туурвиж яваа бөгөөд “Street King Immortal” хэмээн нэрийдэж энэ хавартаа багтаан гаргах гэнэ. Харин “The Massacre” цомгийн хувьд хөгжмий ертөнцийн хип хоп цомгийн түүхэн дэх №3 амжилт бас нэр хүндтэй цомог ажээ.
5. Битлз / “1”
Хэзээ худалдаанд гарсан: 2000.11.13
Нийт борлуулалтын тоо: 1.258.667 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
Домогт “The Beatles” хамтлаг нь Английн уран бүтээлчдээс АНУ-д хамгийн олон цомгийн борлуулалттайгаараа дээгүүрт ордог яахын аргагүй хөгжмийн ертөнцийн сор хамтлаг бөгөөд тэдний 2000 онд гаргасан эл цомогт 1962 – 1970 онуудад гаргасан №1 синглүүд нь багтжээ.
4. Бритни Спирс / “Oops!…I Did It Again”
Хэзээ худалдаанд гарсан: 2000.05.16
Нийт борлуулалтын тоо: 1.319.000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
Дэлхийд нэр хүндтэй “Форбес” сэтгүүлийн өнгөрөгч оны хамгийн чинээлэг оддын нэгээр нэрлэгдсэн Бритни уран бүтээлийн амжилт арвин яваа цөөнгүй алдартнуудын нэг билээ. Түүнийг шинэ цомог дээрээ ажиллаж байгаа гэх мэдээлэл нийтэд түгсэн нь багагүй хүлээлт үүсгэхийн зэрэгцээ Уилл.Ай.Эмтэй хамтарсан “Scream & Shout” сингл хитүүдэд тэргүүлсээр байгаа юм. “Oops!…I Did It Again” цомгийн хувьд Попын гүнжийн хоёр дахь бие даасан бас чамгүй амжилттай цомгийн нэг юм.
3. Backstreet Boys / “Black & Blue”
Хэзээ худалдаанд гарсан: 2000.11.21
Нийт борлуулалтын тоо: 1.591.000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
1990-ээд оны хөвгүүдийн шилдэг хамтлагуудын нэг “BSB” тун удахгүй буюу энэ ондоо багтаан шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа бөгөөд тэдний 2000 онд гаргаж байсан бие даасан дөрөв дэх “Black & Blue” цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 1.591.000 арилжаалагдаж хамтлагийнхаа болон АНУ-н хөгмийн түүхэнд бахдам амжилт гаргасан цомог болжээ.
2. Эминем / “The Marshall Mathers LP”
Хэзээ худалдаанд гарсан: 2000.05.23
Нийт борлуулалтын тоо: 1.760.000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
2001 оны “Шилдэг хип хоп цомог” хэмээх нэр хүндтэй өргөмжлөлийг Грэммийн шагнал гардуулах ажиллагаанаас хүртэж байсан энэхүү цомог нь “The Real Slim Shady”, “Stan”, “Marshall Mathers” зэрэг хит синглүүдээрээ алдартай билээ. Өнгөрсөн оны байдлаар цомгийн нийт борлуулалт АНУ-д л гэхэд 10.598.000 хүрсэн байна. Тэрээр энэ жил бие даасан найм дахь цомгоо гаргах гэж байгаа ба хараахан нэрийг нь өгч амжаагүй, хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ч түүний шинэ цомог хамгийн их хүлээлт үүсгээд байгаа шилдэг цомгуудын жагсаалтын тэргүүн байрт бичигдээд байгаа ажээ.
1. N’Sync / “No Strings Attached”
Хэзээ худалдаанд гарсан: 2000.03.21
Нийт борлуулалтын тоо: 2.416.000 (Худалдаанд гарсан эхний долоо хоногийн амжилт)
“No Strings Attached” хэмээх эл цомог нь тус хамтлагийн хоёр дахь бие даасан цомог бөгөөд хамтлагийн түүхэн дэх №1 шилдэг уран бүтээл юм. “Jive Records”-той хамтран 2000 онд гаргаж байсан энэхүү цомог нь худалдаанд гарсан эхний долоо хоногийн борлуулалтаараа 2.4 сая хувь арилжаалагдаж Америкийн “RIAA” компаний Платинум батламжийг хүртэж байсан гэдэг.
www.URLAG.mn