Нийтийн дууны нэрт мастеруудын олон сайхан хит болсон дуунуудын хөг аялгууг амьдруулж дуунд дуртай, дуучин монгол түмэндээ уран бүтээлээрээ хэдийнээ танил болон хүндлэгдсэн хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн үнэхээр шилдэг хөгжмийн зохиолч гэдэг ээ дахин батлан харуулсан үйл явдал болжоо. Учир нь 2012 оны нийтийн дууны бүх уран бүтээлчдийн хит болсон олон арван дуунуудаас шилдэг 20 дууг олон мянган сонсогчдын санал асуулгаар тодруулсанаас МУСТА Б.Пүрэвсүрэн зохиолчын 4 уран бүтээл шилдэгээр шалгарчээ.
Өнгөрсөн 2012 оны нийтийн дууны шилдэг 20 дууг шалгаруулах тус санал асуулгыг бүтэн жилийн турш “Best fm 98.5” радиогоос санаачлан явуулсан бөгөөд хотод төдийгүй хөдөө орон нутагт цацагддаг хамгийн олон сонсогчтой радио юм.
Түүнчлэн 2012 оны нийтийн дууны шилдэг 20 дуугаар шалгарсан уран бүтээлүүдийг үзэгч түмнээ толилиулах, шилдэгүүдэд цом шагналыг нь гардуулах ёслолын арга хэмжээ өнгөрсөн 12 дугаар сарын 19-нд монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдсан ажээ.
Ийнхүү "Ирж яваа цаг" хэмээх гурав дахь уран бүтээлийн тайлан тоглолтоо монгол бөхийн өргөөнд толилуулаж үзэгч, сонсогч түмнээсээ шилдэг хөгжмийн зохиолч хэмээн өргөмжлөгдсөн түүний Л.Төмөрбаатарын шүлэг МУСТА Б.Буянжаргалын “Аавын борлог морьд” мөн Л.Төмөрбаатарын шүлэг МУСТА Б.Мөнхбаярын “Аргаүй чамдаа даслаа”, Б.Отгонтуулын шүлэг П.Жимсээгийн “Зүрхний уяанга”, Б.Батцэцэгийн шүлэг Р.Бадралмаа, Б.Оюунбат нарын “Зүрхний наран” зэрэг дуунууд нь шилдэгийн шилдэгээр шалгарч үнэхээр энэ цаг үеийн нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч гэдгийг нь батлан харуулжээ.
Дашрамд дуулгахад хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэнгийн "Ирж яваа цаг" хэмээх нийтийн дууны шилдэг цомог нь тоглолтынх нь үеэр дуусаж дахин хэвлэлтэнд явуулаж өчигдөрөөс эхлэн худалдаанд гарсан гэнэ.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn