Монголын утга зохиолын шинэ үеийнхэний дунд Ганболдын Баяр хэмээх нэр орж ирсээр нилээд хэдэн оныг өнгөрөөсөн. Тэрээр “Дөрвөн нүдтэй дэлхий”, “Азиза” гэсэн хоёр яруу найргийн түүврээ хэвлүүлсэн бөгөөд тун удахгүй гурав дахь номоо өлгийдөн авахаар зэхэж байгаа ажээ. Г.Баяр Архангай аймгийн Цахир сумын уугуул. Хэдийгээр тэргэнцэр дээр суудаг, хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн яруу найргийн амьдралдаа бол тэрээр хэнээс ч дутахгүй бие хаатай.
…Ингээд л элс имрээд суугаад байх уу?
Уруулаа нээх хэцүү байгаа юм бол
Ус руу ядаад ганц чулуу унагаач дээ
Улаан лоольхон минь… хэмээн уншчихаад чанга чанга инээж суух залуу уран бүтээлчтэй Усан могой жилийн босгон дээр ярилцлаа.
-Танд Усан могой жилийн сар шинийн мэнд хүргье. Ойрд юу хийж байна даа.
-Өөрт чинь ч гэсэн могой жилийн мэнд хүргье. Их сайхан жил гарч байна. Ойрд золгуутын хөлд дарагдаад л сууж байна даа. Энэ жил аав, ээж хоёр маань хөдөөнөөс ирж шинэлж байгаа. Анх удаа хотод сар шинэ гаргаж байгаа болохоор хүмүүс тэр “ховор хүмүүс”-ийг их сонирхож байх шиг байна.
-Ойрд ямар уран бүтээл дээр сууж байна
-Нилээд хэдэн шүлэг бичлээ. Хоёр номны материалтай болчихоод л сууж байна. Чадвал энэ намар нэгийг нь хэвлэлтэнд өгөх санаатай байгаа. Сүүлийн үед нилээд хэдэн дууны үг бичсэн. П.Батхуяг ах “Дууны шүлгийг муу яруу найрагч бичдэг” гэж хэлдэг юм. 20 гаран дуу зохиосон байна. Сар шинийн өмнөхөн ноён Бондгорын дуулсан “Дүү минь“ гэж дуу минь шилдэг хорин дууны нэгээр шалгарч, цом авсан. Их сайхан урам орсон. Ер нь уран бүтээлч хүнд мөнгө төгрөгнөөсөө илүүтэй урам их хэрэгтэй юм байна гэж бодогдсон шүү. Сүүлийн үед огт зүгээр суухгүй байна. Бие маань жаахан тааруу болоод байхад оюун санаа минь улам гялалзаад байгаа.
-Шинэ ном тань ямар нэртэй, хэдэн шүлэгтэй гарах вэ?
-Одоогоор нэрийг нь бодож олоогүй л байна. 2011 онд гаргасан “Азиза”-аасаа хойш бичсэн шүлгүүдээсээ сорчилж байгаад 60 орчим шүлэгтэй жижиг ном гаргахаар л бодож сууна. Ер нь уран бүтээлч хүмүүс чинь байнга эрэл хайгуул хийж байдаг улсууд. Өөрийгөө олчихлоо гэх нь хаашаа юм. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд бичиж л байна.
-Өөрөө Залуу зохиолчдын холбооны гишүүн хүн. Залуу уран бүтээлчийн хувьд монголын утга зохиолын залуу үеийг хэрхэн харж, үнэлдэг вэ?
-Монголын утга зохиолд “шинэ ногоо” ургаад удаж байгаа. Тун удахгүй дөрөө шүргэтлээ ургах байх. Үүнд итгэлтэй байдаг. Ер нь монголын уран зохиолд шинэ урсгал, өнгө аяс орж ирсэн. Харин үүнийгээ цаашид яаж хөгжүүлэх вэ гэдэг л бидний гол асуудал. Өвгөдийнхөө тулгыг галтай байлгах эсэх нь залуу зохиолчид биднээс л шалтгаална. Бид маш өндөр үүрэг хариуцлагыг нуруун дээрээ үүрч байна. Тиймээс бид нилээн чанартай, чансаатай юм хийх хэрэгтэй. Бид нарын залуу хүмүүс гэж цээжээ дэлддэг үе өнгөрсөн. Бид нар чинь одоо бол анхлан бичиж байгаа хүмүүсийн дэргэд бол арай өөр л дөө. Хөөргөн сэтгэлээр шүлэг бичдэг цагаа ардаа орхиж нилээд хариуцлагатай, бодож бичих ёстой. Сайхан, сайхан уран бүтээлчдийн очиж үзэх юмсан хэмээн бодож байсан голын эрэг дээр бид хөлөө тавих ёстой. Сумо бөхөд багшийнхаа ачийг хариулахын тулд багшийгаа заавал хаях хэрэгтэй гэж сургадаг шүү дээ. Үүн шиг ахмад, сайн уран бүтээлчдээ хүндлэхийн нэр бол тэднийг давж бичих хэрэгтэй. Үнэхээр бид Д.Урианхай, О.Дашбалбар гээд энэ хүмүүсийн үргэлжлэл мөн юм бол тэднээс илүү бичих ёстой.
-Шүлэг, яруу найргаа яаж олж, бичдэг вэ?
Янз бүр дээ. Гэхдээ гунигтай үедээ арай түлхүү бичдэг. Яруу найрагчийн зовлонг яруу найрагч л ойлгоно гэдэг биздээ. Энгийн хүмүүс бол ойлгохгүй. Зүгээр нэг хэлбэр хөөсөн нөхдүүд гэж ойлгодог. Яруу найрагч, уран бүтээлч байна гэдэг хэцүү л дээ. Энгийн нэг нь бол яахав арай гайгүй байж болох юм. Харин арай нэг сонгодог руу тэмүүлж байгаа хүмүүст бүр хэцүү. Би ингэж л боддог.
-Таныхаар яруу найраг гэж яг юу юм бэ?
-Яруу найргийг тийм, ийм гээд дүгнээд хэлчих хэцүү л дээ. Хүн бүр өөр юм хэлэх байх. Яруу найраг бол тогтмол хэмжигдэхүүн гэж А.Блок хэлсэн байдаг ш дээ. Би бол яруу найргийг тайлагдашгүй нууц зүйл гэж боддог. Яг л зүүд шиг л. Өмнө нь бичих гээд чадахгүй байсан зүйл энгийн тамхи татаад сууж байхад гэнэт ороод ирнэ. Яг л цаанаас нь хэн нэгэн шивнээд байгаа юм шиг.
-Өөрийн тань шүлгүүд Дорнын өнгө аястай байдаг л даа.
Би өөрийгөө дүгнэнэ гэж юу байхав. Судлаач, шүүмжлэгчид л хэлэх байх. Яахав миний өнгө аяс тийм байж мэдэх л юм. Ер нь дэлхий нийтийн урлаг 2000-аад он гарснаар дорнолог өнгө аястай болчихсон ш дээ. Өрнө бол нэг тийм хананд тулчихсан. Дорно бол тийм юманд тулахгүй. Яагаад гэхээр дорнын ард түмэнд Зэн Буддизм гэж гайхамшиг байна. Оюун санааг усанд байгаа загас мэт чөлөөтэй сэлүүлдэг. Их чөлөөтэй сэтгэдэг ард түмэн шүү дээ. Буддизм бол хүний баригдсан сэтгэлийг чөлөөлж, задгайлж өгдөг.
-Нутаг усныхаа талаар жаахан яриач.
-Манай аав, ээжийн нутгийнхан их наргианч, бие биенийгээ шүлгээр цаашлуулж байдаг хүмүүс байсан. Би бол тэд нарын л нэг урсгал юм шиг байгаа юм. Аав маань Цахирын Очирхайрхан уулын хүн. Энэ уулын зургийг авах гэхээр манан татчихаад болдоггүй их догшин, мөнх цастай хайрхан л даа. Би бол тэр сайхан уулаасаа энерги авдаг. Мөн Тэрхийн цагаан нуур маань байна. Энэ хоёр сайхан газраас хуурын хоёр чавхдас шиг мэдрэмж, энерги надруу урсаж байдаг юм. Шүлэгч болохоос өөр аргагүй тийм л газар төрсөн дөө.
-Сүүлийн үед утга зохиолыг наадам, уралдаанаар хэмждэг болчихлоо гэж их ярих юм. Таныхаар?
-Яруу найргийг уралдуулах нь сайнгүй л зүйл. Ер нь урлагийг уралдуулж болохгүй л дээ. Ямар морь, бөх биш. “Болор цом” наадамд З.Дорж гуай нэг шүлэг уншиж байна лээ. “ДОХ өвчин тарахыг Доод үедээ хэлж явлаа” гээд. Энэ бол уг нь шүлэг биш юм л даа. Гэтэл яруу найргийн наадам дээр уншиж л байгаа байхгүй юу. Ер нь ингэж уралдуулахын оронд лааны гэрэлд, төгөлдөр хуурын аянд шүлгээ уншдаг сайхан сонгодог үдэш бий болговол зүгээр юм даа гэж би боддог. Ингэвэл хүмүүсийг арай өөр тийш нь хандуулж чадах байх. Одоо ч тэгээд шоу болчлоо доо.
-Цаг үетэй л холбоотой. Энэ шоу болгоод хийгээд байгаа хүмүүс авьяас байхгүй гэдгээ мэдэж байгаа ш дээ. Гэхдээ тэдэнд ичих булчирхай алга байна л даа. Уг нь ичиж байх хэрэгтэй. Өөрийгөө эртхэн мэдсэн бол болиод өөр юм хийх хэрэгтэй. Энэ шоуны гайгаар оюуны үнэлэмж асар доошоо унаж байна ш дээ.