Уурлахаараа яаж ч мэдэх одод
Филипп Киркоров
Манай улсад хэд хэдэн удаа ирж “гэгээн дүрээ” харуулаад буцсан энэ Болгар эр тун огцом ууртай, гарандаа бяртай нэгэн гэнэ. Мэдээж Оросын супер одод зангараг гэж байлгүй яахав. Гэхдээ л тэрээр биеэ барих, хүлээцтэй хандах гэгчийг мэддэггүй ажээ. Нэгэн концертийн үеэр тайзан дээр дуулж байхдаа өөрийнхөө шүтэн бишрэгч нэг эмэгтэйг унатал цохисон гэж байгаа. Бичлэг нь интернэт бий. 1998 онд өөрт нь саад болоод байсан зураглаачийг цэцгийн баглаагаар бялба нүдэж орхижээ. 2004 онд хэвлэлийн бага хурал дээр Ароян гэх сэтгүүлч эмэгтэйг тун ч эвгүй байдлаар хараасныг сонссон хүмүүс олон гэдэг. Хамгийн сүүлд өнгөрсөн оны сүүлээр Яблокова гэдэг найруулагч эмэгтэйг унагаж байгаад үсдэж зодон дуулиан гэдгийг жинхэнэ тарьж орхисон. Ингээд дуусахгүй ээ. Энэ оны эхээр концертийн үеэр уурандаа нойтон шалны алчуур хаанаас ч юм олж ирээд үзэгчид рүү чулуудаж бухимдлаа гаргасан гэж байгаа.
Кристиан Бейл
Кристиан Бэйл уураа хүрэхээр хэнийг ч хамаагүй цохидог, эсвэл шууд хараадгаараа “алдартай”.
Аймшигтай нь уурандаа ээжийгээ зодох гэж удаа дараа оролдож байсан тухай түүний “маам” нь сэтгүүлчдэд ярьсан байдаг. Эмэгтэй дүүдээ хайр найргүй гар хүрдэгийг нь олон хүн мэддэг.
2008 онд “Терминатор”-ын сүүлийн хэсгийн зураг авалтын үеэр кадрт санамсаргүй орж ирсэн зураглаачид аймшигтайгаар уурлан хэлэх нь битгий хэл сонссон хүний чих улайсахаар айхтар үгээр хараан зүхжээ. “Англи хэлтэй” хүмүүсийн хэлэх дуртай F үсгээр эхэлдэг үгийг минутын дотор 35 удаа хэлж, эцэст нь зураглаачийг нэн даруй ажлаас халахыг шаардсан байна. Харин хөөрхий зураглаач “Үгүй би зүгээр л гэрэлтүүлгийг үл мэдэг янзалсан төдий шүү дээ” гэж хэлсэн ч тайвширалыг үл олжээ. Энэ тухай бичлэг тэр даруй интернэтийн “супер хит” болсон.
Харин удаа дараалан зодуулахаа шахаж байсан ээж, зодуулж байсан дүү хоёр нь түүнийг цаг алдалгүй сэтгэцийн эмчид үзүүлэхийг сэтгүүлчдээр дамжуулан зөвлөсөн байна.
Шон Пенн
Жүжигчин, найруулагч, продюссер Шон Пенн нь бүр 1980-аад оны дунд үед дуучин Мадоннатай сууж байх үеэсээ л дургүйг нь хүргэсэн хүнтэй нэг их нялцаганаад байдаггүй хүн гэдгээ харуулах болсон аж.
Хамгийн эхний дуулиан нь дуучин Мадоннад гэрлэх санал тавьсан өдрөө папарацци нартай нэгийг үзсэн байдаг. 1987 онд мөн л папарацци нартай эрэгчин, эмэгчинээ үзэлцээд 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байв.
Энэ мэтийн жижиг зодоон, хэрүүл ер тасралгүй өдий хүрсэн. 2009 онд мань эр нэг зурагчинг бялба нүдсэн бол 2010 онд Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хуучин эхнэрийнхээ шинэ найз залууд нударганы амт үзүүлэн дуулиан дэгдээж байлаа.
Наоми Кэмпбелл
“Хар ирвэс” хочит Наоми догшин ширүүн ааштайгаараа алдартай нэгэн. 2000 онд туслах эмэгтэйгээ гар утсаараа зодож бөөн хэрэг мандааж, улмаар нэлээн хэдэн доллар өгч байж шүүх цагдаа бололгүй дууссан гэдэг.
2003 онд ахиад л бас нэг туслах эмэгтэйнхээ толгой руу нь гар утсаараа “нүүлгэж” хэрэгт дуртай олныг дахин нэг шуугиулаад авсан.
Дараа жил нь гэрийнхээ үйлчлэгч эмэгтэйг муу ажилалаа гэж алгадан унагааж бас л олныг гайхашруулсан.
2006 онд Лондонд байхдаа нэг эмэгтэй рүү дайрч доромжлон нүүрийг нь маажсан.
2008 онд нисэх буудлын ажилтнууд руу хүч хэрэглэн дайрсан хэргээр цагдаад саатуулагдсан. Энэ завсар дээрхтэй адил өч төчнөөн хэрэг мандуулсан байдаг. Ямар ч л байсан жолооч, туслахууд, бие хамгаалагчид гээд хамт ажилладаг хүмүүсээ элдэв өнгөөр харааж, гар хүрэхийг юман чинээ тоодоггүй нэгэн.
Хамгийн сүүлд жолоочийнхоо толгой руу арын суудал дээрээс “кунфу” хийж тийрэхэд, жолооч нь жолоогоо мөргөн нүүрээ хөх эрээн болгоод авсан. Яагаад дандаа хаа явсан газраа ийм авир гаргадаг тухай асуусан сэтгүүлчийн асуултанд “Яагаад ч юм хаа явсан газар намайг бүччихсэн явдаг элдвийн мал шиг тэнэг хүмүүс, эсвэл миний тун энгийн хүслийг биелүүлж чаддаггүй найз залуучуудаас болж би ийм байдалд хүрдэг. Үүнээс болоод би дандаа стресстэй явдаг ” гэж хариулсан байна.
Чарли Шин
Чарли Шин бол зодоонч, архи хэтрүүлэн уудаг, агсам тавьдагаараа Голливудад зартай нэгэн. Уурыг нь хүргэсэн л бол шууд гар хүрнэ. Түүний тарьсан хэргүүдийг жагсаана гэвэл тоймгүй.
1996 онд найз бүсгүйгээ зодоод хоёр жилийн тэнсэн авсан.
2009 онд эхнэрээ хайр найргүй зодолдож улмаар цагдаагийн хэлтэст хүргэгдэж байж тайвширсан. Түүнээс нэг их удалгүй эхнэрээсээ салсан байдаг.
Өнгөрсөн оны 10 сард зочид буудлын нэг өрөөг юу ч үгүй болтол нь нурааж эвдлээд найз бүсгүйгээ хүчиндэх гэж байгаа цагдаа нарт баригдсан.
Мэл Гибсон
Хатан зүрхтэй, эх оронч жүжигчин маань бас л биеэ барьж, хүлээцтэй хандана гэдгийг мэддэггүй гэж байгаа.
2006 онд согтуугаар машин барьж яваад цагдаа нарт баригдчихаад еврей үндэстэнд дургүй гэдгээ элдэв үгээр илэрхийлж бөөн дуулиан тарьсан.
Орос найз бүсгүйгээ нэг бус удаа зодож, тэр бүү хэл нэг шүдийг нь хуга цохьсон. Ингээд ч зогсохгүй Орос бүсгүй өөрөөс нь сална гэхэд уурлаж утсаар элдэв муухай өнгөөр харааж зүхсэнийг бичлэгээр баталгаажуулсан бүсгүй интернэтээр цацаж бөөн дуулиан дэгдээсэн билээ.
Эминем
Эминем төрөл садангуудтайгаа байнга л хэрүүлийн алим шидэлцэж байдаг аж. Ээжийгээ дуундаа тэнэмэл архичин гэж дуулаад 1999 шүүхдэлцэж байсан удаатай. Дараа нь буруу хүмүүжүүлсэнээс нь болж хар тамхинд орсон хэмээн ээжийгээ шүүхэд өгч бөөн хэрэг мандаасан.
Бас нагац ахынхаа дуу хоолойг нь дуундаа ашиглахын тулд эмээтэйгээ шүүхдэлцэж байсан гэдэг.
Удаа дараалан зодож, хэл амаар доромжилж байсан гэж хуучин эхнэр нь шүүхэд өгч нэг хэсэгтээ л олны “хараа овоонд” орсон.
Бас хааяа нэг хуучин эхнэрийнхээ шинэ найз залуучуудыг буугаар айлгаж байгаад зоддог тухай шуугиад авсан ч азаар тэгсхийгээд намжсан.
Рассел Кроу
Түүнийг сайн мэддэг хүмүүс “Расселийн яваа газар ямагт хэрүүл маргаантай” гэж өөр хороондоо ярьдаг гэж байгаа.
Тэрээр хүнтэй ярьж байхдаа албаар нүүр рүү нь тамхиныхаа утааг үлээж уурыг нь хүргэх дуртай гэнэ.
“Гладиатор” киноны зураг авалтын үеэр кино зохиолч, найруулагч хоёртойгоо байнга хэрэлддэг байсан төдийгүй нэг продюссерийг нь ална гэж сүрдүүлсэн аж.
2002 онд Английн шилдэг кино шагнал гардуулах ёслолын үеэр тайзан дээрээс нүүр улайм хараалын үг урсгаж, дараа нь Лондоны нэг зоогийн газар зодоон хийсэн.
2005 онд “Нокдаун” киноны зураг авалтын үеэр хошин үг хэлсэн хамгаалагч эрийг үгийн сөхөөгүй нүдсэн.
Мөн тэр жилдээ Нью-Йоркийн нэгэн зочид буудлаас гэр рүүгээ ярих гээд чадаагүйдээ уурлаж, буудлын зохицуулагчийг утсаар зодсон гэж байгаа.