Өнгөрөгч оны 11 сард анхны бие даасан тоглолтоо хийсэн дуучин A Cool-ын “Чиний тухай” дуу сүүлийн 3 долоо хоногийн турш шилдэг дууны жагсаалтыг тэргүүлэжээ. Ингээд та бүхэндээ дуучин A Cool-тэй уран бүтээлийнх нь талаар ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
– “Чиний тухай” дуу бүтсэн түүхийг яривал?
-Миний дууг сонсох дуртай та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний гаргасан бүтээл маань чартад тэргүүлж олон залуусын сонсох дуртай дуу болж байгаад маш их баяртай байна. Энэхүү дууг хөгжмийн зохиолч Нямдорж ах зохиосон. Хүний зүрхэнд бодогдож дотроо хүндэлж, хайрлаж явдаг, тэр хүний талаар бодохоор сэтгэлд нэг л дотно дулаахан сайхан мэдрэмж төрдөг тийм хүн байдаг шүү дээ. Тэр мэдрэмжийн талаар өгүүлсэн дуу юм. Тэр ч утгаараа олон хүний сонсох дуртай дууны нэг болсон байх.
-СУИС-ийн бүжгийн ангийг төгссөн гэж сонссон юм байна. Уран бүтээлийн гараагаа хэрхэн, хэзээнээс эхэлж байв? Анхны уран бүтээлийн тухайд?
-2007 оноос хойш уран бүтээлээ хийж байна. Мэдээж анхны гэсэн бүх зүйл хүний сэтгэлд тод дурсамж үлдээдэг. “Ариунзаяа”, “Миний сэтгэлд мөнх” гээд дуунуудаар анх гараагаа эхэлж байсан. Энэ дуунууд маань залууст их хүрсэн л дээ. Бас тухайн үедээ чартуудад тэргүүлж урлагийн зам руу орох их үйлсэд урам болж байсан даа.
-Таны дуунууд ихэвчлэн хайрын тухай, уянгын дуунууд байдаг. Ер нь ямар чиглэлээр уран бүтээлээ туурвидаг вэ?
-Амьдралын хамгийн гол цөм нь хүмүүс бие биенээ хайрлах явдал гэж ойлгодог. Хайр гэдэг энэ мөнхийн агуу сэдэв үеийн үед эгшиглэсээр хүмүүс дуулсаар байх болно. Учир нь бид хайраас ундарч, хайранд бүүвэйлэгдэж нэг нэгэндээ хайрыг түгээдэг шүү дээ. Монголын залуус нэгнийгээ зөвөөр хайрлаж, сонгосон сонголтондоо бат байж сэтгэл зүрх нь ариухан байвал энэ нийгэм маань ч гэсэн тэрийгээ дагаад зөөлөн хайраар бялхана. Ийм учраас би хайрын дууг дуулах дуртай, энэ дуунууд маань хүмүүст сайхан мэдрэмж бас үнэнч хайрыг мэдрүүлээсэй гэж хүсдэг. Уран бүтээлийн чиглэлийн хувьд Pop soul, R&B, Vocal trance стилиэр дуулдаг.
-Дуунуудаа өөрөө зохиодог гэсэн. Таны уран бүтээлээс нийт хэд орчим нь таны өөрийн зохиосон дуунууд байна вэ?
-Би тийм мундаг хөгжмийн зохиолч биш шүү дээ. Гэхдээ залуу хүн өөрөө өөртөө итгэж найдаж миний ирээдүй миний гарт гэдгийг байнга санах хэрэгтэй гэж боддог. Тийм учраас анхлан гаргасан уран бүтээл маань ихэвчлэн өөрийн маань зохиосон дуунууд байдаг. Одоогийн байдлаар 18 дууний үг, аяыг зохиогоод байна.
Мөн үе үеийн чадварлаг, мэдрэмжтэй, сайн хөгжмийн зохиолчидтой хамтарсан уран бүтээлүүдийг хийсээр байна. Та бүхэн маань сонсоод санал бодлоо илэрхийлээд байгаарай.
-”Зөөлөн хайр” нэртэй тоглолтоо хийсэн. Анхны тоглолтын сэтгэгдлээсээ хуваалцвал?
-2012 оны арваннэгдүгээр сарын 9-нд миний хамгийн анхны тоглолт амжилттай болсон. Урлаг гэдэг энэ үгийг тайлбарлавал мэдрэмж гэж би хэлнэ. Учир нь гайхамшигтай тэр бүтээлүүд хүний сэтгэлд зүрхэнд таатай сайхан мэдрэмж төрүүлдэг. Би яг л энэ мэдрэмжийг анхны тоглолтоосоо авсан. Маш олон хүн намайг дэмжиж, миний дуунд уярсан сайхан үдэш байсан. Хайртай хосууд, хайрын дуунууд гээд хэр болсон талаар сонсогчид маань дүгнэх байх. Хамгийн гол би нэг шатаар өөрийгөө ахиулж чадсан гэж бодож байгаа. Цаашид илүү ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүчийг “Зөөлөн хайр” тоглолтоос авсан шүү. Хичээнэ ээ.
-Тэгвэл дараагийн тоглолтын төлөвлөгөө байна уу? Шинэ уран бүтээлүүдийн тал дээр?
-2013 анхны бүтээл болж “Чиний тухай” дуу маань гарч байна. Тун удахгүй клип маань гарна. Мөн дараа дараагийн дуунууд дээрээ ажиллаж байна.
-Үндэсний портал GoGo.mn Монголын хамтлаг дуучдын оны шилдэг дуу шалгаруулах “GoGo Music Awards 2013” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Энэ тал дээр таны бодол?
-Би алтан үеийн уран бүтээлчиддээ чин сэтгэлээсээ талархаж тэдний хийсэн бүтээсэн зүйлээр үргэлж бахархаж явдаг. Тийм учраас урлагт амьдралаа зориулан сайн бүтээл, сайхан дуу хийхийн төлөө хичээж байна. Залуу хүнд урам хэрэгтэй бас зүтгэл хэрэгтэй. Үүнийг цэнэглэх шударга үнэн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа хамгийн чухал тийм учраас мэдээж би дэмжиж байна. Залуу үеийнхэн бид өнгөрснөөсөө суралцаж ирээдүй рүү итгэл дүүрэн урам зоригтойгоор алхах гол түлхүүр тэдний урамшуулах магтан сайшаах явдал гэж би ойлгодог. Тэр хүндэтгэлийг хүлээхийн тулд уран бүтээлч бид нар эрч хүчтэйгээр хичээх хэрэгтэй. Маш сайхан арга хэмжээ болно гэдэгт би итгэж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Нэгнийгээ хүндэлж, хайрлаж яваарай залуусаа, бид цөөхүүлээ шүү гэж хэлье дээ.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
А.Сүрэн