Попын хатан хаан гэгддэг нэрт дуучин Уитни Хьюстонд 1990-ээд оны эхээр фэнүүдээс нь заналхийлсэн, сүрдүүлсэн өнгө аястай захидалууд ирдэг байсан тухай Холбооны мөрдөх товчооноос мэдэгджээ. Холбооны мөрдөн товчооныхон 1988-1992 оны хооронд Хьюстонд шүтэн бишрэгчдээс нь ирүүлж байсан 128 хуудас бүхий захидлуудад шалгалт хийж байгаа гэнэ. Дээрх захидлуудад нэрт дуучныг сүрдүүлж, мөнгө нэхсэн байсан төдийгүй өнгөрсөн оны хоёрдугаар сард таалал төгссөн дуучин бүсгүйн үхэлтэй ч холбоотой байж болзошгүй тул ийнхүү нарийн мөрдөн шалгалт эхлүүлжээ.
Холбооны мөрдөх товчооны мэргэжилтнүүд эхний ээлжинд хоёр хүнийг сэжиглэн байцааж байгаа гэнэ. Тэдний нэг нь Хьюстонд хаяглан 79 удаа захидал бичсэн Вермунт мужийн оршин суугч аж. Тэрбээр АНУ-ын армид алба хашиж байсан, өдгөө эрхэлсэн ажилгүй нэгэн бөгөөд нэрт дуучинд бичсэн захидалдаа түүнд хайртайгаа илэрхийлж, гэрлэхийг хүссэн байжээ. Харин нэг ч удаа хариу захиа хүлээж аваагүй тул сүүлдээ Хьюстоны нэр хүндэд халдсан, заналхийлсэн захидал бичдэг байсан гэнэ.
Харин хоёр дахь сэжигтэн нь нэрээ нууцлан 1992 онд захидал илгээсэн нэгэн аж. Тэр мөн л алдарт дуучинтай хайр сэтгэлийн холбоотой байхыг хүссэн бөгөөд сүрдүүлсэн, заналхийлсэн үгсээр дүүрэн байжээ