Калифорнийн жижиг хотод амьдардаг 17-хон настай охин Кейт Хадсон анх бурхны магтаал дууны цомог гаргажээ.Харамсалтай нь тэр нь төдийлөн амжилтыг олсонгүй. Гэвч шантарна гэдгийг мэддэггүй өсвөр насны жаахан охин Лос Анжелос явж азаа үзэхээр зориг шулуудсан гэдэг. Түүнээс хойш найман жил өнгөрч, энэ хугацаанд дуу хөгжмийн ертөнцийн гялалзсан од Кейти Перри бий болжээ.Түүний хуримынхаа өмнөхөн Австралийн “Pear” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-“Өсвөр насны мөрөөдөл” шинэ цомгийнхоо аль дуунд нь илүү дуртай вэ?
-Би “Реаrl” гэдэг дуундаа хамгийн их дуртай. Энэ дуун дээр хайр дурлалаас болж өөрчлөгдөж байгаа нэгний тухай гардаг юм. Урьд нь цорын ганц “сувд” шиг эрхэм нэгэн байсан бол дараа нь тэр зөвхөн өөрийнхөө сүүдэр төдий болж хувирдаг. Хайртай хүнээсээ болж өөрийгөө элээж байгаа тухай юм л даа.
-Тэр дууг та өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн юм биш биз?
-Би зүгээр л ямар олон эмэгтэйчүүд хайр дурлалаасаа болж өөрийгөө алдаж байгааг олж хараад энэ дууг зохиосон юм. Надад ч бас ийм зүйл тохиолдож байсан.
-Та алдар нэрд хүрэхээсээ өмнө олон удаа татгалзсан хариу сонсож байсан. Бууж өгөх талаар бодож байв уу?
-Би 21 настай байхдаа өөртөө “Би 17 настайгаасаа хойш хийсэн дуунуудаа 25 нас гэхэд олны хүртээл болгож чадахгүй юм бол, урлагаас өөр замыг хөөх болно” гэж хэлж байсан. Гэвч энэ салбарт гарч ирэхийн тулд эхний үеүдэд “Үгүй” гэсэн хариултыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байх хэрэгтэй.Учир нь анхандаа татгалзсан хариуг маш олон удаа сонсдог. Би өөрийнхөө хэн болох, ямар хүсэл мөрөөдөл тээж, түүндээ яаж хүрэх талаараа их хүчтэй төсөөлөлтэй байсан. Анх удаа дууг минь бичиж үзчихээд миний тэр тэмүүллийг тусгаж аваагүй хүмүүс ч цөөнгүй байсан. Тэд миний доторхи эрчим хүчийг мэдрээгүй хэрэг.Би хүмүүст дуугаараа ямар нэг болсон явдлыг хүүрнэхийг оролддог юм. Хүмүүсийн зүрх сэтгэлд ойр уран бүтээлч болох нь надад хамгийн чухал байсан.
-Эцэг эх хоёр тань христийн сүмийн пасторууд гэсэн. Тэд таны одоогийн карьерийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хүмүүс бүгд шашны мөр хөөсөн эцэг эхчүүд поп дуучин охиноо хүлээн зөвшөөрөх ёсгүй гэсэн тэнэг бодолтой байсан. Гэвч миний хувьд тийм юм тохиолдоогүй. Тэд үнэндээ маш тайван хүлээж авсан.Миний аав биен дээрээ Есүсийн гурван шивээстэй, харин ээж маань аавтай учирч сахил хүртэхээсээ өмнө бага зэрэг рок амьдралын хэв маягтай хүн байсан. Бид хоорондоо маш сайн ойлголцдог. Мэдээж бүх зүйл дээр санал нийлдэггүй ч, болоод л байдаг юм. Би гэр бүлтэйгээ хэвийн харилцаатай.
-Та сүмийг урлагийн тайзаар яаж сольсон бэ?
-Сүмд ч бас тайз байсан юм шүү. Би есөн настайгаасаа хойш сүмд бурхны магтаал дуунууд дуулж эхэлсэн. Тэгээд 15 настайдаа магтаал дуугаа студид бичүүлсэн ч ямар ч амжилт олоогүй л дээ. “Сүмийн” гэсэн нэр тодотгол нь намайг унагаачихсан юм. Тиймээс би Лос Анжелос явж, бага багаар шашны хэв маягаасаа хагацан, шинэ зүйлийг эрэлхийлэх болсон.
-Таны урлагийн имиж бол гал халуун. Гэвч Кейтигийн сэтгэлийн гүнд романтик охин нуугдаж байдаг юм биш биз?
-Тийм шүү. Би анх Расселд сэтгэлээ илчлэхдээ сүүлт онгоцоор тэнгэрт үг бичүүлж байсан. Тэр надад хайртай гэдгээ хараахан хэлээгүй байсан л даа, гэхдээ би түрүүлж боломжийг ашиглахыг хүссэн юм. Тэр өдөр би Расселийн гэрт байхдаа “Тэнгэр лүү хар даа” гэж хэлсэн. Түүнийг дээшээ харахад нь тэнд “би чамд хайртай” гэсэн бичиг байсан. Тэр бүр гайхаж орхисон шүү. Тэр үдэш Рассел ч бас надад хайртай гэдгээ хэлсэн. Бурхны авралаар.
-Тэр танд гэрлэх саналаа яаж тавьсан бэ?
-Энэтхэгт, хамгийн романтик аргаар. Шинэ жилийн үдшээр, усан оргилуур, хэдэн мянган цэцэгсийн дэргэд. Би үүнийг хэзээ ч мартахгүй.
-Расселыг саяхан чамайг араар тавьсан гэсэн цуу яриа гарсан байсан. Бас түүний эргэн тойронд олон арван охид “зүүгдэж” байдаг. Түүнийг огт харддаггүй гэж үү?
-Тэр намайг энэ харилцаандаа итгэл дүүрэн байлгаж чаддаг. Тэр хэзээ ч надад хардах шалтгаан гаргаж байгаагүй. Би чинь эмэгтэй хүн болохоор мэдрэнэ шүү дээ. Би зөн совиндоо их итгэдэг юм. Бид одоо бурхны бас хайртай хүмүүсийнхээ өмнө тангараг тавих гэж байгаа. Энэ миний хувьд маш чухал. Олон хүмүүс хуримыг хоцрогдсон зүйл гэж хүлээж авдаг ч, энэ нь миний хувьд маш гайхалтай сайхан зүйл.
-Уламжлалт аргаар уу, эсвэл солиотой, галзуу аргаар уу?
-Би хэзээ ч уламжлапт ёс жаягийг дагаж байгаагүй. Эндээс л бараг хариулт маань харагдаж байгаа байх. Миний цомгийн ажил үстэй толгойноос их байгаа учраас хуримын бэлтгэл ажилд тийм ч их цаг зарцуулж чадахгүй байгаа.
-Таны хувцаслалт өхөөрдөм, халуухан зэргийг хослуулдаг. Энэ стилээ юунаас санаа авч бүрдүүлсэн бэ?
-Би хүүхэд байхаасаа л 40, 50-иад оны эмэгтэйчүүдийн стильд дуртай байсан юм. Би тачаангуй бариу юбка, олон янзын тод өнгийн хувцаслалтанд дуртай. Эхэндээ би өхөөрдөм харагдахыг хичээдэг байсан. Гэвч миний сонирхол өөрчлөгдсөн юм л даа. Дурлал надад улам их эрч хүчийг өгч, би өөрийн хийж буй бүх зүйлдээ бүрэн итгэлтэй байх болсон.
-Хувцас сонголтын тал дээр хэнээс зөвлөгөө авдаг вэ?
-Ихэнхдээ өөрөө өөртөө найдахыг илүүд үздэг. Би үргэлж шинэ материал, шинэ өнгийг туршиж үзэхийг хүсдэг. “Хамгийн муухай хувцасласан од”-ын жагсаалтанд хэдэн удаа орж байсныг минь бурхан л мэдэх байх. Гэхдээ үүнийг тоож байгаагүй ээ. Би зүгээр л өглөө босоод юу өмсмөөр санагдсанаа “шургуулаад” гарах дуртай.
-Та Лейди Гагагийн “Алехандро” дууны клипийг шүүмжилж байсан. Яагаад?
-Тэр хүн Мадонна байна уу, миний найз залуу байна уу, надад хамаагүй. Тачаангуй байдал, шашин хоёрыг нэг шилэнд хийгээд сэгсрэнэ гэдэг чинь сайхан юм биш. Тэд Будда, эсвэл Аллахаар оролдоогүй мөртлөө яагаад заавал Христийг сонгоно гэж. Секс үзэгдэл бол зөвхөн оюун санааны зүйл хэдий ч Христийг секстэй холих нь миний хувьд утгагүй зүйл.
Б.Дэлгэрцэцэг
ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛ ТАЙМС