24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголын хамгийн олон шүтэн бишрэгчидтэй рок хамтлагуудын нэг “Хурд” хамтлагийнхны хувийн гэрэл зургуудийг дэлгэж байна. Ингээд тэртээ 90-ээд оноос рок хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвиж, монголын мянга мянган сонсогчдыг “галзууруулж”, доргиож ирсэн энэ хамтлагийн үүсэл, амжилтыг өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу.
Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.
“Арми”: Хар пиджактай Д.Төмөрцог, цагаан саравчтай малгайтай Д.Ганбаяр нарын толгойлогчтой армийг харж байна. Төмөр зам дагасан замчдын гэр бүлийн амьдрал галт тэрэг ирж, буцах, дайран өнгөрөх бүрт өөрчлөгдөж, арван “бакал”, нэг охин дор дороо шуугилдана. Нам гүм өртөөг нүргэлсэн галт тэрэг хэсэгхэн хором доргиочихоод дахиад л нам гүм. Хөгжмийн гойд сонсгол, авъяасыг нам гүмээс олсон уу эсвэл үе үе ирэх галт тэрэгний өндөр дуунаас олов уу.
“Замчин аав, ээж”: Аав Ц.Дамба, ээж П.Лхамжав нар нь төмөр зам дагасан замчид. Нэг охин, арван хүүгийн эцэг, эх. Хүүтэй айл хөлтэй гэдэг. Харин арван хүүтэй айл ямар байх бол? Хүүхдүүд л болсон хойно барилдаж, ноцолдоно. Тэгэхээр арвуулаа ноцолдохоор өнөө өртөөний умгар байшингаа ч нураачих шахна даа. Гэхдээ их хүмүүжилтэй. Том ах дүү нарын хувьд ерөнхийлөгч л гэсэн үг.
“Ах, дүү хамтлаг”: Хүн амьтан цөөн, нам гүм жижигхэн гацаанд амьдрах гитар тоглосон, бөмбөр нүдсэн сайртай бор жаалуудыг хожмын Монголын алдарт рок хамтлаг болно гэж хэн санах вэ. Тэр тусмаа “Хурд”, “Чоно” гэсэн ах, дүүсийн, рок попын нэртэй хоёрын хоёр хамтлаг үүснэ гэж төсөөлөө ч үгүй байв.
“Хурдаас үүссэн Хурд”: 1980 оны сүүлээр төмөр замын Рашаант өртөөнд хэдэн залуучууд нийлээд “Хурд” хэмээх хамтлаг байгуулан хаа нэг тоглодог байж. Анхны “Хурд” хамтлагийнхантай одоогийн “Хурд”-ын Д.Ганбаяр танил байж. Тэгж явсаар хамтлагт нь орсон боловч төд удалгүй тарчихсан юм. Дуулах, хөгжимдөх их хүсэл нь хамтлаг тарахтай хамт алга болчихоогүй Д.Ганбаяр хуучин “Хурд”-ын суурин дээр шинэ “Хурд”-ыг бий болгов.
“Чиний дуулдаг гэж юу байдаг юм”: Д.Ганбаяр шинээр байгуулсан “Хурд” хамтлагтаа дүү Д.Отгонбаатар, Д.Отгонбаяр нарыг авсан ч гоцлол дуучин дутуу байв. Дуулдаг, рок хөгжим сонирхдог залуусаас хамтлагийнхаа дуучныг хайсаар байв ч таарсан нэгэн олдохгүй л байлаа. Гэтэл нэг өдөр дүү Цогоо нь “би дуулаад үзэх үү” гэж ахдаа хэлтэл ах нь “Цогоо минь чиний дуулдаг гэж юу байдаг юм” гээд голоод халгаадаггүй шүү. Цогоо гуйсаар шалгуулахаар болж, дуулж үзүүлсний дараа Д.Ганбаярын бодол өөрчлөгджээ. Ингээд Цогоо хүү “Хурд”-ын гоцлол дуучин болов.
“Урт үс, уранхай жинс”: Шинэ “Хурд” Монголын рок попын ертөнцөд орж ирсэн ч тухайн үеийн хүмүүс урт үстэй, уранхай жинстэй, ковбой гутал өмссөн, эрээн алчуур эв хавгүй боосон, тэгээд бүр сагсалзаж, сэгсэлзэж, рок дуулдаг горзгор залуусыг хүлээж авахад бэлэн биш байсан юм. Гэвч өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд маш ихээр хөдөлмөрлөж байв.
“Хар салхи”: Төд удалгүй хөдөлмөрийнхөө үр шимийг тайлагнаж “Хар салхи” хэмээх анхныхаа тоглолтыг хийлээ. Рок стилийг утгаар нь мэдрүүлж, тайзан дээр “галзуурч” эхэлсэн залуусыг хараад бөөн бөөнөөрөө татагдаж, дэмжиж эхлэв. Энэхүү анхны тоглолт нь 1995 оны гуравдугаар сард болсон юм.
“Анх удаа”: Монголд дөнгөж хөгжиж байсан рок хөгжмийн урсгалд хүчтэй давалгаа бий болгон гарч ирсэн “Хурд”-ынхан Монголд анх удаа “Амплаггед” концертийг тоглосон. Мөн дараагаар нь “Симфони хурд” хэмээх концертийг амжилттай тоглосон юм.
“Цомог”: “Хурд” хамтлаг нийтдээ CD-гээр есөн цомог, мөн 2009 онд Монголын анхны “Live DVD” концерт, 2005 онд “Талархлын тоглолт”-оороо “Акоустик-2” DVD-ийг мөн гаргасан юм. Урын сандаа 200 орчим дуу, 70 гаруй клиптэй.
“Шагнал”: “Хурд” хамтлаг олон хит дуугаараа, тоглосон концертуудаараа Монголын рок поп хөгжмийн дээд шагналуудын нийтдээ 12 удаа хүртсэн юм.
“Эх орон”: “Хурд” хамтлаг ардын жүжигчин Б.Дамчаатай хамтран “Эх орон” хэмээх дууг дуулсан нь монголчуудын дунд одоо ч хүртэл аялагдсаар байдаг. Зураг авалтын үеэр.
“Хайчилсан дөрвөлжин нүх”: Ард түмний дунд “Хурд”-ын алдартай дуунууд маш олон. “Аавдаа би хайртай”, “Эх орон”, “Цэргийн бодол”, “Чи минь байгаа болохоор”, “Нэг ангийнхан”, “Зураг шиг бүсгүй”, “Шинэ жил”, “Нулимсаа тэвчье”, “дурлалд битгий яар” гэх мэт нэрлээд байвал маш олон. Дээхэн үед “Хурд”-ын дууны үг сонин дээр хэвлэгдлээ л бол аль хэдийн тэр сонин дээр хайчилсан дөрвөлжин нүх үлддэг байж.
“Цэргийн бодол”: “Хурд”-ын алдарт “Цэргийн бодол” дуу армийн өглөөний дуу болохоор шахсан. Тухайн үедээ ёстой л байлдан дагуулж байв. Энэ дууг том ах Д.Ганболд нь одоогоос гуч гаруй жилийн өмнө зохиож байсан юм. Хэдий том ах нь өөд болсон ч дүү нар нь зохиосон дууг нь олонд хүргэж, тэр үеийн хүмүүсийг телевиз, радио, кассетны хөгжимтэй “уяж” чадсан.
“Гоцлол дуучин Д.Төмөрцог”: 1969 оны 6-р сарын 18-нд төрсөн. Есөн насандаа гитар тоглож сурсан бөгөөд анх “Хурд”-ын гоцлол дуучин болоод “Чоно” хэмээх дуугаа тухайн үеийн ЗХУ-ын хоёр ширхэг “Весна” магнитофон ашиглан нэгэнд нь дууныхаа фонаграммыг, нөгөөд нь хөгжмөө сонсон дуулж, дуучны гараагаа эхэлжээ.
“Хамтлагийн ахлагч Д.Ганбаяр”: 1963 оны 6-р сарын 6-нд төрсөн. 1981 онд нийслэлийн 51 дүгээр сургуулийг төгссөн. Багаасаа хүүхдийн олон хамтлагт гитарчин, бөмбөрчин хийж байсан ба гадаадын алдартай рок хөгжмийн хамтлагуудаас суралцаж иржээ.
“Хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр”: 1973 оны 12-р сарын 28-нд төрсөн. Гуравдугаар ангиасаа хүүхдийн “Ган зам” хамтлагт бөмбөр, гитар тоглож байсан. Шүтдэг хамтлаг нь “Guns N’ Roses”, “Металлика” зэрэг.
“Басс гитарчин Н.Наранбаатар”: 1974 оны 7-р сарын 24-нд төрсөн. Багаасаа л 80-аад оны рок хамтлагуудыг сонсож, дууриаж, шүтэж ирсэн. “Хурд” хамтлагийн тулгуур болсон авъяаслаг хөгжимчин юм.
“Бөмбөрчин Д.Отгонбаатар”: 1974 оны 11-р сарын 30-нд төрсөн. Рок, хурдан хэмнэлтэй дуу тоглох нь түүнд маш их таашаал, эрч хүчийг авчирдаг ба 10 настайдаа гитар тоглодог байсан ч 14 наснаасаа бөмбөрөөр хичээллэж эхэлсэн юм. Анх бөмбөр тоглож сурч байхдаа өдрийн найман цагаар хичээллэдэг байсан.
“Хурд”: Эр цэргийн баярыг тохиолдуулан алдарт “Хурд” хамтлаг эрчүүддээ зориулж “Цэргийн бодол” хэмээх тоглолтоо энэ сарын 18-ны 19 цагаас “UB Palace”-н концертийн их танхимд тоглохоор болсон.