Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Б.Жаргалсайхан: Уран бүтээлчийн замнал анхны бүтээлээс их шалтгаалдаг
Үндэсний хөгжим

Б.Жаргалсайхан: Уран бүтээлчийн замнал анхны бүтээлээс их шалтгаалдаг

Урлаг Урлаг08/04/2013Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
hasar_jagaa8119973002013-04-08-10-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай уран бүтээлч хийгээд хувь хүнийх нь орон зайн талаар ярилцлаа.
-Та урлагтай амьдралаа холбоод 25 жилийг ардаа үлджээ. Энэ хугацаанд олон ч бүтээлд дүрээ мөнхөлсөн. Харин “Хаан түүх”, “Хай­рын домог” хоёр чухам ямар шалгуураар сонгосон юм бол?

-1996 онд “Гоо марал” гэдэг урлагийн сайхан наа­дам анх болж байлаа. Би “Хаан түүх” жүжгээрээ тэр наадмаас “Оны шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн. Энэ жүжиг маань надад асар өндөр ха­риуцлага үүрүүлэхийн зэ­рэгцээ амьд­ралд минь нэгэн сайхан гэрэлт дурсамж үлдээсэн.

Тэгээд ч сонгодог зохиол цаг үеэсээ хэзээ ч хоцор­доггүй шүү дээ. Тэр ч ут­гаа­раа тог­лох бүрт цоо шинэ зүйл нээж, соргог мэдрэмж аван, гүнзгий утга агуулгынх нь гүн рүү ойртдог юм.

Харин “Хайрын домог” жүжиг сүүлийн үед тоглосон бүтээлүүдийг маань төлөөлж байгаа. Залуу үеийнхнийг жинхэнэ хайр сэтгэлийг ойл­гож, ханиа сонгоход нь багагүй нөлөөлөх болов уу гэж найдаж байна.

-Тэгвэл дээрх хоёр жү­жиг танд хэрхэн нөлөөл­сөн бэ?

-Жүжигчин хүн уран бүтээл бүрээсээ л ухаарал, сэхээрэл авдаг. Энэ ч үүд­­­нээсээ “Хаан түүх”, “Хайрын домог” жүжгүүд маань надад хоорондоо эрс ялгаатай хоёр ертөнцийг нээж, эрс тэрс бодрол ухаа­рал хайрласан. Тиймээс ч би эндээс олж авсан бод­рол ухаарлаа хү­мүүст дам­жуулахсан гэж хүсдэг учраас дахин дахин тоглох дуртай.

-Та урлаг дахь орон зай­гаа бий болгохын тулд хэр зэрэг эрч хүч, эр зориг зарцуулсан бэ?

-Орон зай гэдэг хяз­гааргүйн илэрхийлэл. Энэ ч утгаараа би өөрөө л өөрийн­хөө орон зайг бий болгох учиртай. Тэр орон зайгаа бусдад алдчихгүйн тулд өөрийгөө ямагт цэнэглэж, асааж байх ёстой.

Би 1987 онд сургуулиа төгссөн. Анх энэ л театрын­хаа тайзан дээр Г.Дорж­самбуу агсны най­руулан тавьсан “Халуун газар” жү­жигт Батсуурь гэдэг ажил­чин за­луугийн дүрд тоглож бай­лаа. Тэр үед “Энэ театрт би ирээдүйд ямаршуу орон зайг бий болгох вэ” гэдгийг бодож тунгааж л явсан.

Харин “Хүний хүн” киноны Бадарчийн дүрээр анх дэлгэцийн бүтээлийн га­раагаа эхэлж байлаа. Уран бүтээлчийн замнал анхны бүтээлээс их шалтгаалдаг болохоор тэр үед хүсэл мө­рөөдөлдөө хөтлөгдөж, дэв­­­рүүн загнахаасаа илүү­тэй­гээр үүрэг, хариуцлагаа ухам­сарлаж байсан.

Тэр ца­гаас хойш 25 жил өнгөр­чээ. Энэ хугацаанд би өөрийн­­хөө байх ёстой орон зайг бий болгож чадсан. Тэр л орон зайндаа уран бүтээлээ туурвиж явна.

-Бүтээж чадахгүй болов уу гэж эмээж байсан дүр бий юу?

-Хэдийгээр жүжигчин хүн ч гэлээ шинэ дүр бүхэн сонин содон байдаг. Энэ ч утгаараа дүр авах бүрт “Би яах бол” гэсэн эмзэглэл төрдөг. Түүнээс биш “Би үүнийг чадахгүй байх вий” гэсэн бодол хэзээ ч төрж байгаагүй.

-Хувь хүний хувьд хэр том орон зай бий болгов доо?

-Анх Урнаатайгаа хоёулх­­­наа айл гэр болж бай­сан бол одоо бид есүүлээ бол­сон байна. Энэ бол миний орон зай тэлж байгаагийн нэгэн илрэл.

Ер нь үр хүү­хэд, хамаатан садан, найз нөхдийн минь хүрээлэл ми­ний хувь хүний орон зайг бүрдүүлдэг гэж боддог.

-Таны орон зай дахь хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ?

-Миний гэр бүл, үр хүүх­дүүд. Орон зайгаа би тэдэнгүйгээр төсөөлж ч ча­дахгүй. Надад тэднээс минь том орон зай үүсэх үндэс­­лэл ч байхгүй.

-Амьдрал дээр өөрийнхөө яг хүссэн дүрийг бүтээж чадаж байна уу?

-Намайг тойрон хүлээж байгаа хүмүүс өөр өөрийнхөө цензурээр л үүнийг дүгнэж хэлэх байх. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд чадаж байна л гэж боддог.

-Таны цензурт бүрэн нийцэх эр хүн ямар байх ёстой бэ?

-Хүн бүр жинхэнэ эр хүнийг өрхийн тэргүүнээрээ төсөөлөн боддог байх. Энэ ч утгаараа миний гэргий, үр хүүхдүүд, найз нөхөд маань өөр өөрийнхөө шаардлагыг надад тавьж байгаа. Би ч бас өөрийнхөө цэнзурыг тэдэнд тавьдаг.

Гэхдээ би тухайн хү­ний чадвар чадамж, хэ­рээс хэтэрсэн шаардлага тавь­даг­гүй. Энэ утгаараа бүх хүнд адил цензур тавих боломжгүй.

-Ойр дотныхон чинь таныг “Үгүй” гэж чаддаг­гүй, их зөөлөн хүн гэлцдэг. Магадгүй, энэ нь орон зайг тань эзэрхийлэхийг хүссэн нэгэн байдаг бол таныг “эзлэхэд” тун ч амархан мэт санагдуулдаг байх даа?

-Би өөрийнхөө орон зайд хийх ёстой зүйлээ хийж чадаж л байвал хэн ч түүнд халдаж чадахгүй. Орон зайгаа бусдад булаалгахгүйн тулд би өөрөө л хичээх хэрэгтэй.

Би аливаа зүйлийг бү­­тээх талаас нь бодож, болж өгвөл болгочих гээд л үз­­чихдэг. Гэхдээ юм болгонд “Тэгье. Чадна” гээд байх нь нэг талаар буруу. Тиймээс “Үгүй” гэж хэлж сурах нь зүйтэй юм билээ.

-Ямар үед “Үгүй” гэж хэлж чадах бол?

-Тухайн нөхцөл байдлыг хэрхэн, яаж харж дүгнэж бай­гаагаас л шалтгаалах байх. Хийж чадахгүй зүйл­­дээ бол “Үгүй” гээд шу­луухан хэлчихдэг байх хэрэгтэй.

-“Цаг цагаараа бай­даг­гүй. Цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэгчээр хүн хүртэл цагийн аясаар өөрч­лөгддөг. Таны юу тань хам­гийн их өөрчлөгдсөн байна вэ?

-Огт өөрчлөгдөөгүй зүйл гэвэл нэр минь л байна даа. Нас нэмэх тусам бие организм өөрчлөгдөж байна. Гэвч би жүжигчин гэдэг утга учраа авч үлдэхийн тулд өтөлнө гэдэг асуудлыг хойш тавих ёстой. Бие организм төдийгүй сэтгэл санааны хувьд өөрийгөө дайчилж, цаг үргэлж залуу байх учиртай.

Өнөөгийн нийгэм маш хурдацтай хөгжиж байна. Энэ нийгмээс түрүүлж цойл­доггүй юм гэхэд хормойноос нь зуурчихаад, чирүүлээд ч болсон урагшлах хэрэгтэй шүү дээ.

-Жүжигчин хүн өдөр бүр л өөр дүрд хувирдаг. Олон дүрд хувирсны үрээр хувь хүний мөн чанар өөрч­лөгддөг болов уу?

-Хүмүүс яаж хардгийг мэдэхгүй юм. Миний хувьд би өөрөөрөө л байгаа юм шиг санагддаг. Ямартай ч олон дүр бүтээж, амжилтад хүрч, шагнал урамшуулал авлаа гээд түүндээ эрдэж “Би”-гийн өвчин туссангүй. Ажил, амьдралын ийм, тийм зүйл бүтэхгүй байна гэж гуньж гутарч, архи дарсанд шунасангүй.

Би гэр бүл, үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулах зо­рилго тавьдаг. Тэгэхийн тулд өөрийгөө цаг үргэлж хурцалж байх учиртай. Миний үйлдэл, өөрийгөө авч яваа байдлаас гэр бү­лийн минь өнгө төрх их хамааралтай. Энэ ч утгаараа зорилго, мөрөөдөл минь хэзээ ч өөрчлөгдөхгүй.

-Ингэхэд та амьдралд хэр хайртай бэ?

-Би хүн байх л гэж энэ хорвоод мэндэлсэн. Тиймээс амьдралд маш их хайртай. Нэгдүгээрт би Монгол хүн болж төрсөн. Хоёрдугаарт Б.Жаргалсайхан гэдэг хү­ний намтрыг Монголын урлагийн түүхэнд бичиж явна.

Намайг өнөөдөр гэр бүл, найз нөхдөөс минь өөр хэн ч таньдаггүй байсан бол харамсалтай шүү дээ. Гэтэл өнөөдөр ард түмэн намайг мэддэг. Энэ бол миний бахархал. Амьдралд хайртай байхын бас нэгэн шалтгаан нь миний гэр бүл, үр хүүхдүүд.

-Амьдрал таныг зөөл­рүүл­сэн үү, аль эсвэл хатуужуулсан уу?

-Аль алийг нь л тэнцүүлж байна. Өөрөөр хэлбэл, амьд­рал намайг зөв хүн байхад илүүтэй сургасан гэж боддог.

-Алхам тутамдаа аминч­лан захидаг зүйл бий юу?

-Хамгийн гол нь зөв явж, жинхэнэ хүн байх ёстой гэдгийг өдөр тутам өөртөө сануулдаг.

-Гэр бүл бат бөх байхын үндэс нь юу гэж боддог вэ?

-Урнаа бид хоёр анх­наасаа бие биенээсээ юу­гаа ч нуухгүй байя гэж тохи­ролцсон. Энэ нь бид хоёр насан туршдаа хамтдаа байхын гол үндэс болно гэдэгт итгэсэн. Бид алдаагүй. Болж өнгөрсөн өчүүхэн үйл явдлыг ч ханиасаа нуулгүй ярьдаг маань биднийг зангидсан гар шиг байлгах үндэс болдогт эргэлзэхгүй байна.

-Зарим хүн гэр бүлийн хоёр нэг дор ажиллах нь уйтгартай гэж ярьдаг. Таны хувьд?

-Хамгийн сайхан шүү дээ. Бие биедээ үнэнч зөв­лөгч болж чаддаг. Миний өдий зэрэгтээ яваа маань Урнаагийн л зөвлөгөө, шүүмж­лэлийн ач шүү дээ. Гэхдээ Урнаа бид хоёрт хардалт, үл ойлголцол гэдэг зүйл байдаггүй.

-Эрэгтэй хүн ямагт эх­нэрээсээ мөнгө царайчлах хэцүү. Тиймээс цалингаасаа ба­гахан хэмжээний мөнгө нуугаад аваад үлдчихмээр санагдах үе гарч байв уу?

-Бид нэг мэргэжлийн хүмүүс. Авдаг цалин то­дорхой. Хань маань юм бүрийг шалгааж, зоос бүрийг тоолоод байдаггүй ч би түүнээс нууж, тусдаа мөнгө жоорлоод ч яах юм билээ. Өөр хэндээ зориулна гэж ханиасаа мөнгө нуух вэ дээ. Олсон бүхнээ гэр бүлдээ л зарцуулна шүү дээ.

-Урлагийнхан бидний хөдөлмөрийг үнэлэхгүй байна гэж үргэлж гомдоллодог. Үнэндээ насаараа урлагийн төлөө зүтгэчихээд хэдэн гялгар одонгоос өөр зүйлгүй үлддэг нь ч нууц биш?

-Хийж бүтээсэн зүйл нь тухайн хүний амьдралын баталгаа болж явах учир­тай. Гэтэл урлагийнхан хэ­рэг­цээ­нээсээ давсан мөнгө ху­римтлуулж чаддаггүй л дээ.

Гэвч бид амьдралаа ба­тал­гаажуулах нөхцөл бо­ломжийг бусдаас, төр зас­гаас шаардахаасаа илүү өөрс­дөө бий болгож сурах хэрэг­тэй.

Зах зээл, нөхцөл бо­ломжоо судлаад, хийж чадах зүйлээрээ л өөртөө баялаг бүтээх нь зүйтэй.

Эх сурвалж: "Өглөөний сонин" Ц.Баттуяа

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.