Говийн ноён хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэвийг сэнтийд нь залах ёслол өчигдөр Дорноговь аймгийн Өвөрбаясгалантын энгэр, Хамрын хийдэд боллоо. Хутагтыг сэнтийд нь залах ёслолд Монгол орны бүх сүм хийдээс Хутагтын урилгаар 600 гаруй лам хуврага оролцож, Ногоон дарь эх айлдсанаар өглөөний 09:40-11:40 цагийн хооронд түүнийг сэнтийд нь залах ёслолыг үйлдсэн юм. Говийн ноён хутагтын IX дүрээр тодорсон Данзанлувсантүдэв нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Өлзийт хэмээх газар төрсөн бөгөөд н.Отгон-Амжилт хэмээх хүний арван хүүхдийн долоо дахь нь ажээ.
Говийн ноён хутагтын тавдугаар хойд дүр нь ноён хутагт Данзанравжаа бөгөөд түүнийг Догшин хэмээн тодотголоор нь монгол түмэн мэддэг бол есдүгээр дүр нь Данзанлувсантүдэв гэх номын алдартай боловч Эрдэнэ ноён хутагт хэмээн авгайлж байх ажээ. Монгол нутагт шарын шашин үүссэн тэр үеэс говь нутагт 1622 онд анхны ноён хутагт Агваангончигийг тодруулан залж байжээ. Говийн анхны ноён хутагтаас хойш найман дүрийг тодруулсан байдаг бөгөөд тэдний дундаас монгол түмэнд хамгийн алдартай нь Догшин ноён хутагт Данзанравжаа юм. Данзанравжаа нь говийн хутагтын тав дахь дүр бөгөөд 1803-1856 онд говь нутагт шарын шашныг дэлгэрүүлэх үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ соёлын үнэт өвийг үлдээсэн нэгэн юм.
Түүнээс хойш говийн хутагтын дүрийг гурвантаа тодруулсан гэнэ. Хутагтын наймдугаар дүр болох Агваансамданжамцыг 1933 онд тодруулан залсан байна. Тэрбээр 1968 оныг хүртэл амьдрахдаа хэлмэгдэж, зовж зүдэрч яваад шоронд амиа алджээ. Түүнээс хойш говьд хутагт мэндлээгүй байсан ч нутгийн олон хутагтын хойд дүр хэзээ нэгэн цагт эргэн мэндэлнэ гэсэн итгэлээ гээгээгүй гэдгийг Хамарын хийдийн захирал З.Алтангэрэл хэлж байлаа. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны өдөр Энэтхэгийн Дармасалад Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам говийн хутагтын ес дэх дүрийг тодруулсан байна. Хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэв нь бага наснаасаа сүм хийдэд шавилан суусан нэгэн. Тэрбээр 1984 оны хулгана жил Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт төржээ. Аав Отгон-Амжилт, ээж Өрганцагаан нар нь эгэл жирийн малчид бөгөөд тэрбээр айлын долоо дахь хүү юм байна.
www.URLAG.mn