Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравыг “Баасан гаригийн зочин”-оор урилаа.
ХӨГЖИМ ТОГЛОЖ СУУГАА ХҮН Л ГОЁ ХАРАГДДАГ БАЙЛАА
-Таныг Хэнтий аймгийнх гэдгийг мэднэ. Ойрхон болохоор нутагтаа олон очно биз?
-Би Хэнтий аймгийн зүүн бүсийн замд байдаг Жаргалтхаан суманд төрж, хүүхэд насаа үдсэн хүн дээ. Ер нь нутаг амьтай. 16, 17 нас хүртлээ байсан болохоор нутагтаа очихгүй удаж чаддаггүй юм. Жилд хэдэн ч удаа яваад ирдэг байлаа. Учир нь нутагт эжий минь биднийг хараад сууж байна. Ихэнх хамаатан саднууд тэнд амьдардаг болохоор сайхан.
Нутаг руугаа явна гэдэг гэртээ очиж, хайртай хүмүүстэйгээ уулзах л гэсэн үг юм. Харамсалтай нь өнгөрсөн зун анх удаа ээжгүй нутагтаа очсон. Ээж маань 93 насыг зооглоод бурхан болсон. Ээжийгээ алдаад удаагүй байсан болохоор сэтгэл хөндүүр явлаа.
-Харамсалтай. Гэхдээ төрсөн нутагтаа очно гэдэг ээжтэйгээ уулзсан мэт сайхан байсан биз?
-Тэгэлгүй яах вэ. Би чинь Цэнхэрийн голоор нутагтай хүн шүү дээ. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатын дуулдаг дуу чинь миний нутгийн тухай юм.
-Таны ая байх аа?
-Тийм ээ. Төрсөн нутагтаа, Цэнхэрийн голдоо зориулж Ц.Зоригтсайхан бид хоёр энэ дууг хийсэн юм. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат ч сайхан дуулж зон олны хүртээл болгож чадсан.
-Таныг багадаа хөгжмийн том зохиолч болно гээд нутгаа орхиод гарсан гэж ярьдаг юм билээ. Хөдөөний жаал яаж яваад хөгжимтэй нөхөрлөсөн юм бэ?
-Хөгжим гэдэг агуу зүйл намайг хөтөлж, 16 настайдаа хотод орж ирсэн. Чухам яагаад хөгжимд татагдах болсноо сайн мэдэхгүй. Үнэхээр л хөгжим тогломоор санагддаг байсан. Эхлээд гармошик тоглож байснаа сүүлдээ баяан сурсан. Сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцож, шилдэг хөгжимчин болсноосоо хойш өөрийгөө хөгжимчин болох ёстой, мэргэжлийн сургуульд нь сурах ёстой юм байна гэж бодсон. Аймгийн арван жилийн сургуульд сурч байхдаа хөгжмийн сургуулийн талаар сонирхож, Багшийн сургуульд хөгжмийн анги байдгийг мэдэж авсан. Тэгээд л есдүгээр ангиа хаяад хөгжмийн хүн болох зорилго өвөртлөн хотод ирсэн дээ.
-Тэр үед манай урлагийн салбарт ямар уран бүтээлч од болж байв?
-Бидний үед телевиз гэж байсангүй. Манай нутагт Сайнзаяа гэдэг сайн хөгжимчин байлаа. “Энэ хүн шиг л болох юмсан” гэж бодоод л биширч, шүтнэ шүү дээ. Орой болохоор нийтийн бүжиг болно. Нийтийн бүжигт хүүхдүүд ойртохгүй, холоос л харна. Тэгэхэд надад тэр олон дундаас хөгжим тоглож суугаа хүн л гоё харагддаг байлаа.
-Танай гэр бүлд урлагийн хүмүүс бий юү?
-Байхгүй. Гэхдээ урлагт дуртай, дуулдаг, хуурддаг хүмүүс бий. Миний өвөг эцэг, эцэг маань ч морин хуурыг сайхан тоглодог хүмүүс байсан.
З.ТҮМЭНЖАРГАЛТАЙГАА 40 ЖИЛ ХАМТАРЧ, ОЛОН САЙН ДУУ ХИЙСЭН
-Анхны бүтээлдээ хүн бүхэн хайртай. Таны хувьд ямар дурсамж сөхөх бол?
-Би Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид суралцан төгсөөд, яруу найрагч З.Түмэнжаргал агсан бид хоёр Нийслэлийн арван жилийн нэгдүгээр дунд сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орсон юм. Тэр үед л анхны уран бүтээл төрсөн дөө. Хүний хувь заяа гэж сонин шүү. Бид анхны уран бүтээл болох “Сургууль минь баяртай” дуугаа хийснээс хойш 40 жил хамтарч, олон сайн дуу хийсэн. Ер нь миний ажил амьдрал, уран бүтээл нэгдүгээр сургуулиас эхэлсэн гэж хэлж болно.
-Дуу хөгжмийн багш маань яаж ОХУ руу сургуульд явж, мэргэжлийн хөгжимчин болов?
-С.Гончигсумлаа багш хөгжмийн зохиолч хэмээх энэ гайхамшигт мэргэжлийг эзэмшихэд их нөлөө үзүүлсэн. Миний анхны бүтээлүүдэд зөвлөгөө өгч, өрнийн сонгодог хөгжмийн онол түүх, зохиомж, арга барил, чиглэлийг ойлгох өргөн мэдлэгээр сэлбэсэн. Тиймээс 1975-1983 оны хооронд ЗХУ-ын (хуучнаар) Свердловск хотын хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан юм. Төгсч ирээд Монголын бүх л урлагийн байгууллагатай хамтарч ажилласан даа.
-“Сургууль минь баяртай”-аас хойш өнөөдрийг хүртэл хийсэн уран бүтээлээ тоолж үзсэн үү?
-Яг нарийн тоолж байгаагүй. Тэгээд ч хүний нас, амьдрал үнэхээр богино шүү дээ. Багцаагаар миний урын санд нийт 600-аад уран бүтээл бий байх. Түүнээс 300 гаруй нь дууны ая юм. Гэхдээ уран бүтээлийг тоогоор бус чанар, хүнд хүрсэн, нийгэмдээ хэрэг болсноор нь ярих хэрэгтэй. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав гуай XX зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” гэдэг ганц л дуу зохиосон. Энэ дууг мэдэхгүй монгол хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр тоо чухал биш байгаа биз.
-Одоо та ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Би ихэнх цагаа дан хөгжмийн уран бүтээлд зориулдаг хүн. Тэр тусмаа томоохон хэмжээний уран бүтээл дээр ажиллаж байна. Уржнан зун Оюутолгойд уран бүтээлийн ажлаар зочилж очоод тэндэхийн бүтээн байгуулалтыг харж урам сэргэн, “Монгол орон бадартугай” симфони удиртгал бичсэн. Мөн төгөлдөр хуурт зориулж “Зул” уран сэтгэмжийн бүтээл хийлээ. Энэ бүтээлийг хорвоогийн мөнх бусыг үзсэн найзууддаа зориулсан юм. Тэднийхээ хойноос мөнхийн гал өргөж байгаа минь энэ. Энэ бүтээлээ төгөлдөр хуурч Б.Чинбатаар тоглуулна.
Мөн “Амьнаас үнэтэй Монгол” нэртэй поп опера жанрын дуу захиалгаар хийлээ. Ардын жүжигчин, дуучин А.Долгор шавь Солонготойгоо хамтарч дуулах юм. Нийтийн, хүүхдийн, концертын, айри, романс гээд дууны олон төрөл бий. Би бүх төрлөөр нь ажиллажээ. Дууны урлагийн хамгийн том төрөл болох “Чингис хаан” дуурийг бичсэн дээ.
ХӨГЖИМ ГЭДЭГ СЭТГЭЛИЙН ХЭЛЭЭР ХҮН ТӨРӨЛХТӨН ЯРЬДАГ
-Урлаг ч үе үеэрээ хөгжиж байдаг шүү дээ. Одоо бол жүжиг, киноны дуу илүү моодонд ороод байх шиг?
-Би одоогоор 30 гаруй киноны хөгжим бичсэн байна. Ноднин зун Өвөр Монголд нэг киноны хөгжим дээр ажилласан. Барга ардын “Үхэрт хүйтэн” гэж дуу бий. Энэ дууны домгоор Өвөр Монголын киноны уран бүтээлчид кино хийхээр ажиллаж байгаа юм. Би зохиолыг нь уншчихаад, хөгжим бичихээр шийдсэн.
-Хөгжим гэдэг агуу зүйл. Урлагийн аль ч салбарыг хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин зохиогчийнх нь хувьд та хөгжмийг тодорхойлооч?
-Хүмүүс янз бүрээр тодорхойлсон байдаг. Сэтгэлдээ буцалж байгаа зүйлийг яруу найрагчид үгээр гаргадаг. Харин хөгжмийн зохиолчид аялгуугаар илэрхийлдэг. Жишээ нь, “Сэтгэлийн эгшиг”-ийг уйтгартай, сэтгэлийн дарамттай хөгжим гэдгийг сонссон хэн ч хэлнэ. Тиймээс би хөгжмийг сэтгэлийн хэл гэнэ. Энэ хэлээр хүн төрөлхтөн бүгдээрээ ярьдаг. Хөгжимд орчуулга хэрэггүй. Монголын түүхийн тухай симфони бичлээ гэхэд аль ч улсын хүн шууд ойлгоно. Иймээс л хөгжим бол агуу зүйл. Нэгэн том хөгжим судлаач хэлэхдээ “Харь гаригаас хүн төрөлтөн ирвэл хүн төрөлхтний түүх, тэмцлийг өгүүлдэг Л.В.Бетховены есдүгээр симфонийг сонсгочихно” гэсэн байдаг. Энэ үнэн шүү.
-Та хөгжмийн зохиолоо хэзээ бичдэг вэ. Онгод хөглөдөг цагийг чинь л сонирхож байгаа юм?
-Би ихэвчлэн өглөө бүтээлээ бичдэг. Үдээс өмнө хөгжмийнхөө ард сууж, ажиллах дуртай. Яагаад гэвэл өглөө илүү мэдрэмжтэй, сэргэг байдаг юм.
-Яруу найрагчид хөдөөгүүр явж байхдаа шүлэг, яруу найргийнхаа санааг олдог гэдэг. Таны хувьд тухайн үеийн сэтгэгдлээ яаж хадгалж, бүтээл болгодог вэ?
-Миний зохиосон хөгжмүүд ихэвчлэн төгөлдөр хуураас төрсөн. Санааг хөдөө явж байгаад олж болно. Бүтээл болгоход ширээнийхээ ард сууж, задлан шинжилж, дүгнэж, боловсруулдаг. Үүнийг л мэргэжлийн хөгжим гэдэг.
-Монголд мэргэжлийн хөгжимчид олон байна уу. Хөгжмийн урлагийн хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Монголчууд урлагийн авьяастай ард түмэн. Тэр гайхамшигт уртын дууг зохиосон ард түмнийг хөгжмийн өндөр соёлтой гэхгүй бол өөр юу гэх билээ. Сүүлийн үед ч хөгжмийн авьяастай хүмүүс гарч ирж байна. Харин одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, мэргэжлийн төвшинд урлагаа хөгжүүлж, таниулах тал дээр анхаарах хэрэгтэй байна.
-Долоон настайгаасаа эхлээд тоглож наадах цагаа умартан хөгжим сурсан мэргэжлийн урлагийнхны үнэлгээ манайд маш доогуур байдаг. Үүнийг өөрчлөх, өсгөх боломж бий юү?
-Манайд анхнаасаа хөгжмийн үнэлгээ бага байсан. Бусад улс орны уран бүтээлчидтэй харьцуулах юм бол ичмээр л дээ. Хойд хөршид гэхэд нийтэд түгсэн нэг л бүтээл хийчихвэл овоо үнэлэгдчихнэ. Дан хөгжмийн бүтээл хийсэн над шиг хүн бол ОХУ болон БНХАУ-д бол “гараад өгнө” шүү дээ. Аягүй бол хауст амьдраад, онгоцоор нисээд, улс орнуудаар аялаад явж байх байлгүй. Манайх энэ тал дээрээ хол хоцрогдсон.
Гэхдээ Монголдоо би муу амьдраагүй ээ. Монгол хүн амныхаа билгээр гэдэг. Хамгийн гол нь Монголд уран бүтээл хийх бүрэн бололцоотой. Их өв соёл байна. Ард түмнийхээ өвийг хүмүүст хөгжмөөрөө дамжуулж байгаа нь азтай. Би угаасаа л хөгжим бичихээр төрсөн хүн шиг байгаа юм. Уран бүтээлч болсныхоо хэргийг гаргаж байна гэж боддог.
ТОМООХОН БҮТЭЭЛИЙГ ГАДААДАД ТОГЛУУЛНА ГЭДЭГ ХЭН ХҮНИЙ ХИЙДЭГ АЖИЛ БИШ
-Урлагийн салбарт хийж бүтээсэн юмтай хүний хувьд залуу уран бүтээлчдэд шүүмжлэлтэй хандана биз?
-Би харин ч эсрэгээрээ залуучуудаа магтмаар байна. Манай залуучууд сүүлийн үед нийтийн дууны урлаг руу хошуурах болсон. Тэр хэрээрээ нийтийн дуу сайн хөгжиж байна. Гэхдээ уран сайханчаас илүүтэй мэргэжлийн, өндөр төвшинд ажиллах хэрэгтэй байна. Уржнан Өлзийбаяр гэдэг залуу хөгжмийн зохиолчийн бүтээл Итали улсын хөгжмийн зохиолчдын уралдаанд амжилттай оролцож, байр эзэлсэн. Энэ мэтчилэн олон улсын тавцанд Монгол Улсын нэрээ гаргах ёстой. Дэлхийн мэргэжлийн урлагт өөрсдийн уран бүтээлээ таниулах хэрэгтэй байна. Олимпод оролцож байгаа тамирчидтай адил хөгжмийн зохиолчид олон улсын наадамд оролцож, хүчээ үзэх хэрэгтэй.
-Хөгжмийн зохиолчид Монгол ахуй, Монголын уламжлалт соёлыг тусгасан уран бүтээл туурвих ёстой байх?
-Заавал хийх ёстой. Ер нь бол албагүй гэж хэлэх байх. Миний хувьд шавь нартаа “Та нарын бүтээлээс монгол хүн, монгол амьдрал, байгаль харагдах ёстой” гэж хэлдэг. Ингэхийн тулд л бид монгол хүн болж төрсөн шүү дээ. Ямар ч бүтээл хийж болно. Түүндээ гагцхүү монгол уламжлалаа нэвт шингээх нь зүйтэй. Герман, Америкийн хөгжмөөс тухайн орны онцлог үнэртдэг. Тиймээс монгол хөгжмөөс монгол соёл л үнэртэх ёстой.
-Та өөрийн залгамж халаагаа бэлдэж байна уу. Таны шавь болъё гэж хүмүүс ирдэг үү?
-Би хөгжим бүжиг, нэгдүгээр сургуульд зургаан жил багшилсан. Хөгжмийн зохиолчийнхоо хувьд цөөхөн шавьтай. Мэргэжил маань ч олон шавьтай байх боломжгүй юм даа. Миний шавь нараас С.Соронзонболд Төрийн шагнал авсан. Отгон шавь маань Оки. Рок поп хөгжмийн ертөнцөд аранжировшик хийдэг. Шавь нар маань амжилттай ажиллаж Монголын хөгжмийн ирээдүйг тодорхойлох байх.
Хадаг бариад шавь орохоор ирж байсан тохиолдлууд бий. Хэдий би өөрөө багшлах сонирхол ихтэй ч миний мэргэжил боломж олгодоггүй юм. Энэ мэргэжилд багшилна гэдэг өөр зүйл. Шавьдаа хөгжим бичих арга барилыг нь хэлж өгөхөөс биш яг одоо ийм хөгжим бич, үүнийг зохио гэж болдоггүй. Тиймээс шавь бэлтгэх гэдэг дээр бусад мэргэжлээс өөр ойлголттой.
-Мэргэжлийг тань өвөлсөн хүүхэд танайд бий юү?
-Би гурван хүүхэдтэй. Дунд хүүхэд маань мэргэжлийг маань өвлөсөн. Москвад хөгжмийн академи төгсөөд ирсэн. Одоо СУИС-д багшилж байна. Анхны симфонио өнгөрсөн “Алтан намар”-ын үеэр тоглуулсан. Цаашид хөгжмийн бүтээл дээр ажиллах байх.
-Таны бүтээлүүдээс хамгийн их дуншиж, цаг зав зарцуулж төрсөн ямар бүтээл байдаг вэ?
-Миний бүтээлүүд нойргүй хоносон шөнүүд, баяр хөөр, уйтгар шаналан холилдож бүтсэн болохоор бүгдэд нь хайртай. Ер нь томоохон бүтээлүүд дээр хөдөлмөр их зарцуулна. “Чингис хаан” дуурийг бичихдээ 2-3 жилийн нөр их хөдөлмөр зарсан. Өөрөө ч өргөн цар хүрээтэй том бүтээл. Хөдөлмөрийн үр шим гарах байх гэж найдаж байна.
Нэлээн хэдэн шинэ бүтээл гараас гаргалаа. Дээр нь хуучин бүтээлүүдээ эмхэлж цэгцэлж, засч янзаллаа. “Үлэмжийн ертөнц” гэдэг дан хөгжмийн томоохон тоглолт хийж DVD гаргалаа. Найрал дуучдад зориулсан “Замба тивийн наран” гэдэг том бүтээл маань Парис хотод байрладаг Дэлхийн шилдэг хөгжмийн фондод хадгалагдаж байгаа. Энэ бүтээлээ хэвлэн гаргасан.
-2006 оны Нобелийн шагнал гардуулах ёслол дээр таны “Хэрлэнгийн домог” эгшиглэсэн. Хэдэн зууны урлагийн их соёлтой хөгшин Европт өөрийн бүтээлээ сонсох ямар байв?
-Хамгийн гол нь Нобелийн шагнал гэдэг маань юу билээ, тэнд Монголын хөгжмийн зохиолчийн бүтээл гээд зарлуулах нь ямар их нэр төрийн хэрэг билээ. Энэ бүтээл маань анх 2000 онд АНУ-д тоглогдсон юм.
2003 онд Буриев гэдэг Узбекстан гаралтай удирдаач Чикагогийн филармонийг удирдаж байхдаа “Үлэмжийн ертөнц” гэдэг жижиг хэлбэрийн симфонийг минь тоглуулсан. Хөгжмийн томоохон хэлбэрийн бүтээлийг гадаадад тоглуулна гэдэг хэн хүний хийдэг ажил биш.
Эх сурвалж: gogo.mn
Х.Монголхатан