-Хамгийн сүүлд тайзнаа тавьсан “Сэрүүн хасын нууц” жүжгээс яриагаа эхэлье. “Х Түц” продакшны тавьсан хоёр дахь сонгодог жүжиг. Нэлээд олон өдөр тоглосон болохоор үзэгчид хэр байв, магтаал шүүмжийн алийг нь их сонсов?
-“Х Түц” продакшн болж гарснаас хойш драмын жүжгийн хувьд тав дахь нь. Хоёр нь Америкийн кохиолч Айн Рэндийн жүжиг, нэг нь Ц.Балдорж агсны “Хориотой жүжиг”, үлдсэн хоёр нь дорно дахины сонгодог бүтээл болох Цао Юугийн “Аянгын бороо”, Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжиг. “Аянгын бороо”-ноос хойш гурван жилийн дараа энэ жүжгийг тавилаа л даа. Ямар ч байсан “Аянгын бороо”-ноос дордуулахгүйн тулд маш их эрэл хайгуул хийсэн. Явсан нохой яс зууна гэдэгчлэн сайн бүтээлийн үзүүрээс атгаж авсан, сайн тавихын төлөө их хичээсэн, бас нэлээдгүй хөрөнгө мөнгө зарж хийсэн. Хамгийн гол нь үзэгчдэд сайн бүтээгдэхүүн очих ёстой. Сайхан бүтээл болж чадлаа, ард нь гарлаа. Нийтдээ 26 хоног завсаргүй тоглолоо. Ардчилсан орнуудын уулзалтаас болж дунд нь зургаа хоног завсарлаагүй бол 32 хоног тоглох байлаа. Уран бүтээлчид маань их сайхан тоглолоо. Үзэгчдээс ч маш их магтаал, бас шүмжлэл сонссон. Гэхдээ 90 хувийн магтаал, 10 хувийн шүүмжлэл байсан.
-Магтаал бол ойлгомжтой. Харин шүүмжлэл нь юу байсан бэ?
-Яагаад “Х Түц” заавал дорно дахины, тэр дундаа Хятадын зохиолыг тавьдаг юм гэдэг ч юм уу. Бид бол заавал дорнын зохиолоор жүжиг тавина гээгүй л дээ. Хамгийн гол нь сайн бүтээл хийх, бүтээлдээ жүжигчид маань дурлаж тоглох, үзэгчид түүнээс нь уйдахгүй байх гэсэн эрэл хайгуулаас энэ жүжгийг тавилаа. Нээрээ ч эргээд харсан чинь хоёулаа л дорнын зохиол байсан. Хувь уран бүтээлчийнхээ байр сууринаас хэлэхэд дорнын зохиол үнэхээр гайхалтай бичигддэг юм билээ. Чюн Яо бол эмэгтэй зохиолч, одоо 75 настай, Тайваньд амьдарч байгаа. Эмэгтэй хүн угаасаа амьдралыг илүү нарийн мэдэрдэг юм байна лаа. Олон жилийн өмнө бичигдсэн зохиол, энэ зохиолоор кино ч хийж байсан.
-“Шүэке бүсгүй”, ерээд онд манайд гарч байсан санагдаж байна…
-Тийм ээ. Дорнын аж амьдрал, ахуй байдал ерөнхийдөө манайхтай их төстэй шүү дээ.
-Жүжигчдийн дүрдээ орох, үзэгчдийн хүлээж авах байдал ч гэсэн өрнийн жүжгүүдээс арай л өөр, илүү ойр санагдсан л даа?
-Өрнийн жүжгүүд бол шал өөр л дөө. Трико өмсөөд, парик зүүгээд л тоглоно шүү дээ. Дүрүүдийнх нь нэр ч гэсэн бидний ахуйгаас хол шүү дээ. Дорнынх бол илүү ойр. Хятадууд ч гэсэн бидэнтэй адил Манжийн дарлалд байсан улс. Жүжиг маань Манж гүрний сүүл, шинэ Дундад улс үүсч байх үеийн он цагийн зааг дээр бичигдсэн. Ер нь дорнын зохиол гэдэг их дотогшоогоо бичигддэг юм байна. Ахуй амьдрал, гэр бүл, хайр сэтгэл, удам угсаагаа хайрлах тэр байдал нь бидэнтэй их төстэй. Монгол хүн бол “үхтэл үр харам” шүү дээ. Энэ зохиол дээр ч гэсэн яг тийм. Тэр эх хүн үхэн үхтлээ ач охиныгоо “Ээжтэй нь л уулзуулчихвал боллоо” гэж амьдралынхаа эцсийн хором хүртэл зүтгэдэг. Тэр мэтчилэн сэтгэлгээний юмаар үнэхээр “нүдчихэж” байгаа юм л даа. Уран бүтээлчдээс илүү их ажиллагаа шаардсан жүжиг. Уран бүтээлч хүн тийм бүтээлд илүү их дуртай. Илүү их ажиллагаа, эрэл хайгуул шаардсан, өөрийг нь эвдсэн бүтээл уран бүтээлчийг илүү их задалж өгдөг. Аглуугаас юу гарах ёстой юм, цаана нь ямар нөөц бололцоо байна, түүнийг нь ил гаргаж өгдөг.
-Азидаа манайхаас өөр оронд тавигдсан уу? Орчуулгыг нь хэн хийсэн бэ?
-Хятад хэлний орчуулагч, багш Болдбаатар гэдэг хүний орчуулгаар манайд хэвлэгдэж байсан. Яг драмын жүжиг хэлбэрээр бол Азид тавигдаагүй юм билээ. Харин кино нь бол алдартай. Киноны төгсгөлд Шүэкег үхүүлэхгүй гэж Хятадад бослого хүртэл гарч, тэр дагуу нь киноны төгсгөлийн өөрчилсөн түүх хүртэл байдаг юм билээ. Жүжгийн найруулагчаар УГЗ Найдандорж найруулагч ажилласан.
-“Х Түц”-ийн хошин шогийн хөтөлбөр хамгийн ихдээ хэдэн удаа тоглогддог вэ?
-Жилдээ 1-2 хөтөлбөр хийж байгаа. Нэг тоглохдоо 25-30 удаа тоглоно, сайн тоглолт бол шүү дээ. Тааруухан юм хийвэл хүн үзэхгүй шүү дээ.
-Нэг үе “Хүмүүс хошин шогоос өөр юм үзэхээ болилоо, харанхуй байна” гэж драмынхан ялангуяа их халагладаг байсан. Гэтэл өнөөдөр драмын жүжиг бүтэн 26 хоног үзэгчтэй байна гэдэг чамлахааргүй амжилт. Эсвэл “Х-Түц”-ийнх учраас тэр үү?
-Ер нь бол тийм, шударгаар хэлэхэд. Өнөөдөр үзэгчид маш баян сонголттой болсон. Интернетийн ертөнц хөгжөөд мэдээллийг хаанаас л бол хаанаас авч байна. Автобусанд явахдаа л гар утаснаасаа мэдээлэл авч байна шүү дээ. Тиймээс хошин урлагийн продакшнүүд асар эгзэгтэй үед ажиллаж байгаа, гэхдээ маш сайн ажиллаж байгаа. Үзэгчдээ алдахгүй байна гэдэг бол сайн ажилласны үр дүн. Хүмүүс жүжиг үзэж байна, балет үзэж байна, дуурь, хошин шоу үзэж байна. Хүн юу хүсдэг юм, аз жаргалыг л хүсдэг. Орой болгон “funny” байхыг хүсч байна. Тэр утгаараа ч хошин урлагийнхан дандаа гэрэл гэгээтэй зүйлийг хийдэг. Тэр утгаараа хошин урлагийнхан ямар ч урлагаас илүү үзэгчтэй байдаг. Хэрэв бид сайн драмын бүтээл хийвэл бас л дүүрэн үзнэ. Хэр сайн бүтээл хийж байгаагаасаа л шалттгаалж байгаа. Түүнээс биш драм үзэхээ болиод хошин шог үзээд байгаа юм биш. Драмын театрынхан ч гэсэн сайн л уран бүтээл хий л дээ. Маркетингаа сайн хий. Тэгвэл ялгаагүй л үзнэ. Харин сайн маркетинг хийчихээд муу бүтээл хийвэл нэг үзээд л хаяна. Сайн бүтээл хийчихээд муу маркетинг хийвэл хүн үзэхгүй. Хайран мөнгө урсаад л өнгөрнө. Тийм учраас маркетинг, уран бүтээл хоёроо яг зэрэг авч явах ёстой.
-“Аянгын бороо” бол тухайн үедээ тэсрэлт болсон жүжиг. Сая “Сэрүүн хасын нууц”-ад тоглоход Аглуу хэр өссөн байна, өөрчлөлт гарсан уу, мэдрэгдсэн үү?
-Ер нь бол урд зүгийн дүр гэдгээрээ хоорондоо төстэй байсан. Гэхдээ нэг нь цэвэр хятад хүн, нөгөө нь манж үндэстэн. Өмнө нь 60 гарсан ядуу гуйлгачин, ажилчин өвгөний дүр бүтээсэн бол энэ удаа ван язгууртан хүний дүрийг бүтээсэн. Ялангуяа найман жилийн өмнөх ван, найман жилийн дараах вангийн дүрийг бүтээнэ гэдэг надад хэцүү байсан. Тэгээд чадан ядан бүтээлээ.
-Т.Бархүү их том дүр авчээ гэж бодсон,,,
-Том, жижигтээ биш. Хамгийн гол нь жүжигчин хүн хийх л ёстой байхгүй юу. Дүрийн хувьд бол Т.Бархүүгийнх том дүр, зөрчилтэй ч дүр. Тэгээд ч сайн бүтээж чадсан. “Х Түц” сайн ажилласан.
-Дараачийн уран бүтээл юу вэ? Шинэ кино хийх гэж байгаа гэж бас сонссон….
-Одоохондоо нарийн хэлмээргүй байна. Нэг бүтээл дээр ажиллана, ямар гэдэг нь яваандаа мэдэгдэнэ байх. Гаднынхантай хамтарч ажиллах, туршлага солилцох санаа байна. Одоо бол 100 хувь шийд нь гараагүй, хэлцлийн шатандаа яваа. Шийд нь гарвал “пад” гээд л дэлгэгдэх байх даа. Шат ахих хэрэгтэй байна шүү дээ.
-Нарансолонго хамтлагаасаа гарсан юм уу?
-Манайхаас нэлээд олон залуу уран бүтээлчид гарсан. Түвшинтөр, Тэмүүжин, Нарансолонго, жилийн өмнө Батаа маань гарсан. Бүгд уйлаад гарсан. “Аглуу ахдаа, Х ТҮцдээ баярлалаа, үнэхээр сайхан байсан шүү” гээд уйлаад гарсан.
-Яагаад?
-Үгүй яах вэ, санаа нийлээд хамтраад юм хийе гээд л гарсан. Энэ чинь ардчилсан нийгэм, хувь хүний эрх шүү дээ. Хүн чөлөөтэй ажиллах, өөрийнхөө толгойгоор амьдрах эрхтэй.
-Өнгөрсөн жилийн сонгуулиас өмнө урлагийнхан сонгууль болохоор л намуудыг, нэр дэвшигчдийг дагаад гардаг байсан. Одоо хуулинд өөрчлөлт ороод урлагийн тоглолтыг хориглочихсон болохоор ямархуу байна?
-Надад бол таалагдаж байгаа, нэг талаасаа. Би 1997 онд сургууль төгссөн. 2000 оны сонгуулиас эхлээд би Ардчилсан нам, ардчилсан үзлийг дэмжсэн. Түүнээс хойш дөрвөн сонгуульд оролцлоо. Нэр дэвшиж биш, нэр дэвшигчийг дэмжиж. Тиймээс харин ч би энэ хуулийг их сайшаалтай хүлээж авч байгаа. Яагаад гэвэл урьд нь бид уулзалтан дээр очихоороо дуулаад, эсвэл нэг номер үзүүлчихээд л хөшигний ард хүмүүсийн яриа сонсоод суудаг байсан. Одо өөрсдөө тэр ярианд нь оролцож эхэлж байна. Хувь хүнийхээ оролцоогоор дэмжиж байна. Нэг хэсэг хүмүүс “Аа, та нар орлогогүй болчихсон уу” гэж л байна. Тэгж ярьвал тэр чинь бидний албан ёсны орлого биш шүү дээ. Нэр дэвшигч л өөрсдийгөө дөвийлгөх гэж урлагийхныг мөнгөөр цохиж авч явж байснаас биш.
Сонгогчид ч гэсэн “Урлагийнхан мөнгө төлсөнд нь л үйлчилдэг, өөрсдийн үзэл бодолгүй хүмүүс” гэж хүлээж авдаг байсан байх?
-Тийм шүү дээ. Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулиас эхлээд би жинхэнэ өөрийнхөө оролцоогоор, нэр дэвшигчийг дэмжих үнэмлэх аваад явж байгаа. Энэ нь ч зөв, би улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Хэрвээ тэнд миний дуу хоолой хэрэгтэй бол. Түүнээс биш гавьяатаа авчихлаа, орох орон, унах машинтай болчихлоо, би болж байвал бусад нь яах вэ гэж боддоггүй. Надад тийм совесть байхгүй. Нэг хүнд ч гэсэн нэг зүйлийг ч гэсэн ойлгуулахыг л боддог. Миний найз ирээд “Аглуу, чи тэр номерийнхоо CD-г өгөөч. Ах маань архи уугаад байна, үзүүлэх гэсэн юм” гэхэд би нэг юм бодно оо доо. Тэр уран бүтээлийг хийхийн тулд би асар их судалгаа хийдэг, асар их эмзэглэл тээдэг. Тийм учраас би ч гэсэн энэ нийгмийн оюун санааны нэг хэсэг нь. Үүнийгээ л урлагаас нь салгаад өөрийн биеэр хүмүүст хүргэж байгаа байхгүй юу.
-Өмнө нь зөвхөн урлагийн од, жүжигчний хувиар сонгуульд оролцдог байсан бол өнөөдөр бие хүн, нийгмийн зүтгэлтний хувиар оролцож байна гэсэн үг үү?
-Яг тийм. Яагаад болохгүй гэж. Би өнөөдөр 38 настай. “За нэг 50 хүрч байгаад хүмүүст үг хэлнэ дээ” гэж болохгүй шүү дээ. Би чинь өөрөө хүүхдүүддээ аав нь. Миний хүү гудамжинд шүлсээ хаяж болохгүй, аав нь машиныхаа номерийг сольж болохгүй, хуулиа биелүүлэх ёстой гэж хэлдэг биз дээ. Өнөөдөр 28-29-тэй УИХ-ын гишүүд байна. 31-32-той залуучууд сайд хийж байна. Сайд биш юмаа гэхэд УИХ-ын гишүүний нас надад байна шүү дээ. Тийм учраас хойшоо суух эрх надад байхгүй. Зүгээр л тоглолтоо хийчихээд, эсвэл нэг рекламанд тоглочихоод мөрөөрөө явж байя гэж би боддоггүй. Энд нэг согтуу хүн машинд дайруулах гээд гуйвж явахад татаад авах тэнхэл надад бий. Тэнд хүн өлсөөд сууж байхад би гуанзанд идэж байсан хоолоо хаяад гарч чаддаггүй. Цэвэрхэн савлаж боогоод аваачаад өгчихдөг. Яагаад гэвэл би тэр хоолыг мөнгөөрөө худалдаж авсан.
-Сонгуулийн сурталчилгаанд явахаар чинь хүмүүс танаас юу асуудаг вэ?
-Аглуу, чи аль намынх юм бэ л гэж хамгийн их асуудаг. Би бол ардчилсан хүчин, ардчилсан үзлийг л дэмждэг. УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаар явж байхад надаас нэг хүн “Ардчилсан намын чинь хүмүүс яагаад хуулиа зөрчөөд байгаа юм бэ?” гэж асууж байсан. Олон хүн сайнтай муутай байдаг шиг Ардчилсан намд ч гэсэн болох бүтэхгүй хүмүүс байж л таарна. Тэр хүмүүстэй бид хариуцлага тооцож чадна аа, бидэнд тийм эрх нь байгаа гэж би хэлдэг. Би 24-25 наснаасаа энэ ардчилсан нийгэм, эрх чөлөөтэй байх, эрх чөлөөтэйгээр уран бүтээлээ хийх гэдгийг үзлээ. Гэхдээ эрх чөлөөтэй байна гээд энэ сандлыг хугалж болдоггүй юм байна. Эрх чөлөө гэдэг уяанаасаа алдуурсан нохой шиг явахын нэр биш. Ард нь хариуцлага гэдэг юм заавал дагаж явдаг. Наанадаж татвараа төлдөг байх ёстой биз дээ.
-Мэдээж таны, бас бидний үеийнхэн, түүнээс дээшлэхээр ардчилсан нийгэм гэж юу юм, өмнө нь ямар нийгэм байсан бэ гэдгийг мэддэг. Гэтэлд одоо ардчиллын 20 жилд төрж өссөн, одоо хорь хүрч байгаа хүүхдүүд ардчилал гэж юу яриад байгаа, ардчилалгүй бол ямар нийгэм байх байсан гэдгийг төсөөлөх ч үгүй өсч байна…
-Магадгүй, угаасаа л ийм байсан гэж бодож байж магадгүй. Гэхдээ би одоогийн залуучуудад итгэдэг. Би Баянхонгорт өнгөрсөн сонгуулиар ажиллахдаа Баянхонгорчуудаар маш их бахархсан. Тэр хүмүүс сонголтоо хийж чадсан, амьдралаа өөрчилсөн.
Үнэнийг хэлэхэд би нэг удаа ангийн дарга болох гэж үзсэн байхгүй юу. Багш маань “Нэг, хоёр, гурав” гэхэд гараа өргөсөн хүн ангийн дарга болно шүү гэсэн юм. Гэтэл би “өргөх үү, болих уу” гэж бодсоор байгаад арай гэж гараа өргөтөл аль хэдийн гурван хүүхэд гараа өргөчихсөн байсан. Хамгийн түрүүнд гараа өргөсөн хүүхэд ангийн дарга болсон, ангийн хүүхдүүд ч гэсэн түүнийг 100 хувийн саналаар дэмжсэн. Яагаад гэвэл намайг ангиа удирдах хэмжээнд хүрээгүй байна гэдгийг манай ангийн хорин хүүхэд мэдэж л байсан байхгүй юу. Би бас тэнэг биш, өөрийгөө мэднэ шүү дээ. Тэгээд “Би арай болоогүй юм байна, анги удирдах хэмжээнд очоогүй юм байна, би бол удирдагч биш юм байна” гэдгээ ойлгоно шүү дээ. Зугаалганд явахад ч гэсэн нутгийн индианууд зодох гээд ирэхэд дунд нь зохицуулалт хийдэг нэг хүн заавал байдаг биз дээ. Хамаагүй нэг нь цамцаа өгье, цамцаа өгөөгүйгээс болж хэн нэг нь нүд амгүй болбол яана. “Зодолдъё” гээд байгаа нэгийгээ дарж чаддаг, бусдыгаа дагуулж чаддаг, энэ нь илүү сайн зурдаг, тэр нь арай ухаантай гэхчлэн аав шиг, ээж шиг бүгдийг харж чаддаг нэг хүн байдаг даа. Тийм л хүн айл гэрийг ч, төр улсыг ч авч явах ёстой. Зөв хүнээ гараад ирэхээр бид чинь бөөнөөрөө нэг баярладаг даа.
-Дөрвөн жилийн өмнө нэг удаа тэгж баярлаж байсан байх, тийм үү?
-Тийм ээ. Дөрвөн жилийн өмнө бид яаж баярлаж байлаа даа. Тэгэхдээ хэн нэгнийгээ муулж ерөөсөө болохгүй. Зүгээр сонгох, сонгогдох эрхийн хувьд бол хэн ч сонгогдох эрхтэй. Би ч сонгуульд оролцох эрхтэй, энэ Дорж, Дулмаа ч сонгуульд оролцох эрхтэй. Энэ намын бүх хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй. Мэдээж нэг намаас нэг хүн нэр дэвшинэ ч, нэг хэсэг нам нийлээд нэр дэвшүүлж болно ч гэдэг юм уу, цаанаас нь зааж өгсөн тоо байдаг л байх. Гэхдээ сонголтоо хийх хүмүүс нь бид нар. Энэ улс орны төлөө хэн нь юу хийж чадах вэ гэдгээ л ярих ёстой. Ард түмэн харж байгаа шүү дээ. Мэдээж улс төрийн аль ч намд өрсөлдөгчөө шүүмжлэх, өөрийнхөө нэр дэвшигчийг дээгүүрт үзэх зүйл байдаг. Тэр нь хэрээсээ хэтрэхгүй л байх хэрэгтэй. Би өөрийнхөө багаар жишээ авч ярих их дуртай л даа. Би жишээ нь өөрөө чадахгүй мөртлөө Онон ах, эсвэл Одноо эгчийн тоглох гэж байгаа дүрийг би авна гээд улайраад байвал манайхан мэднэ шүү дээ. “Яан аа, Аглуу ах энэ дүрийг чадахгүй ш дээ. Тэгсэн мөртлөө ямар аймаар чичирдэг юм бэ” гэнэ. Тэгж бодоод манайхан сонголтоо хийнэ. Чадахгүй мөртлөө, царай зүс, бие хаа юугаараа ч таарахгүй байж мянга тэдэнд “Ахыгоо сонго” гэж хашгираад яах юм. Аглуу ямар жүжигчин бэ, энэ дүрд тоглож чадах уу, үгүй юу гэдгийг “Х Түц”-ийнхэн мэдэж байгаа. Ард түмэн ч гэсэн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа.
-Сонгууль болгоноор нь “хар пи ар” гэж нэг юм гарч ирдэг. Ялангуяа одоогийн Ерөнхийлөгчийн тухай “хүзүүгүй”, “хужаа“, “намхан жижигхэн” гээд элдвээр л бичдэг. Та гайхдаг уу?
-Би заримдаа сөрөг намуудын ярьж хэлж байгаа зүйлийг хараад үнэхээр гайхдаг. Надаас ухаантай хүмүүс байгаа даа л гэж би дотроо боддог. Тэгээд яагаад тэд нар нь хараа хяналт тавьдаггүй юм. Шударгаар л өрсөлд л дөө. МАН бол маш олон лидертэй нам, МАХН-д ч гэсэн тулхтай олон хүн бий. Тэд нар нь яагаад тэр штабынхандаа “Болохгүй шүү” гэж хэлдэггүй юм. Нэг л өдөр сонгууль дуусна, нэг нь Ерөнхийлөгч болно. Бид эргээд л наадмынхаа талбай дээр цуглана, бөхөө барилдана, сураа харвана. Бие биентэйгээ инээмсэглээд л уулзана шүү дээ. Тийм учраас бие биенийхээ сэтгэлд битгий юм хийгээсэй, сонгогч түмнийхээ сэтгэлд битгий юм хийгээсэй л гэж хүсч байна. Өнгөрсөн сонгуулиар Баянхонгор аймагт ажиллаж байхад Шинэ жинст сумын Ардын нам, Ардчилсан намын дарга нар нь төрсөн ах дүү хоёр байсан. Мэдээж тийм байж болно л доо. Гэхдээ нэг байшингийн хоёр хаалгаар өглөө хоёр тийшээ дуугарахгүй гараад орой нь дуугарахгүй ирж унтдаг байсан. Тэгээд Ардчилсан намын дарга нь “Ах аа, сонгууль нэг л өдөр дуусна. Би цагаан сараар танд хадаг бариад л золгоно шүү дээ” гэж хэлсэн, тэгээд эвлэрсэн. Яг л тийм байхгүй юу. Гэхдээ яах вэ, хүн хүний шахалтаар биш, өөрөө өөрийнхөө үзэл бодлоор сонголтоо хийдэг болсон цаг. Тийм учраас сонгууль сайхан болох байх, үнэн ялах байх, эв нэгдэл ялах байх.
Б.СЭМҮҮН