Дэлгэсэн тэрлэг шиг Монгол нутгийн дэлхий дэлгэнэсэн дэлгэр зуны дэнж хотойлгосон наадам ирлээ. Эрхэм хүндэт наадамчин олон, эрхэмсэг Монголын залуучууд та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2222, Ардын хувьсгалын 92, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын мэндийг Монголын Залуучуудын Холбооны зүгээс өргөн дэвшүүлье. Жилийн жилд эрэмгий бөхчүүд нь ид хаваа гайхуулан барилдаж, эрхий мэргэн харваачид цэцээ сорьж, шанадаст хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулан уралдуулж нийтээрээ наадан цэнгэдэг Монгол уламжлал өнө эртнийх. Энэ сайхан уламжлал Монголчууд бид их түүх, эх соёлоо хадгалан дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлж оюуны их эрч хүчээр ирээдүйн хүчирхэг Монголыг цогцлоох эрмэлзлэлийг төрүүлдэг.
Ард түмнээрээ сэтгэл тэнэгэр ийм дэлгэр сайхан өдрүүд жилдээ олон байж, монголчууд бид тэргүүн өөдөө, хийморь лундаа наран зүг орших сайхан ирээдүй бидэнд бий. Энэхүү сайхан ирээдүйг бүтээхэд Монголын залуучуудад хийх ажил их байна. Аль ч цаг үе, нийгэмд залуучууд аливаад оройлон түүчээлж, санаачилга эрч хүчээрээ их ажлын ард гарсаар ирсэн. Өнөөдөр Монголын залуучууд бидэнд энэ л үүрэг хариуцлага зүй ёсоор оногдож байгаа. Олон сайхан оюунлаг, авъяас чадвартай залуус нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан сайн сайхан зүйлсийг санаачлан дэлгэрүүлж байгаа. Монголын нийт залуусын дуу хоолой болох үүрэгтэй 21 аймаг, 9 дүүрэг, сум, хороо, баг бүрт салбар зөвлөлтэй Монголын Залуучуудын Холбоо эдгээр санаачлага, эрэлхийлллийг нэгтгэн зангидаж төрийн шийдвэрт тусгуулан, бодит ажил болгох, олон залуусыг татан оролцуулахаар идэвхийлэн ажиллаж байгаа билээ. Өнөөдөр орон нутагт залуус маань идэвхжиж, Залуучуудын сонирхлоороо нэгдсэн 10 гаруй мэргэжлийн хороо, 380 гаруй зөвлөл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэллээ. Монголын залуус сэрж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн Газар, яамдууд, олон улсын байгууллагуудтай залуучуудын асуудлаар хамтын ажиллагаа маань улам өргөжиж байна. Энд Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж “Ардын элч” нараа илгээж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг онцлон дурьдмаар байна. Ажлын байр, Эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг манай залуу хүн бүрт тулгардаг бэрхшээл асуудлыг бид аль болох оновчтой хүртээмжтэй шударга шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэхийн төлөө хариуцсан байгууллагуудтай цаашид ч нягт хамтарч ажиллах болно.
Мөн МЗХ нийгмийн зүй бус аливаа үйлдлүүдэд хяналттай байж, шударга үнэний дуу хоолой болох, авлига, шударга бус байдалтай тэмцэх тал дээр эхлүүлсэн цөөнгүй ажлуудаа үргэлжлүүлж бодит үр дүнд хүрэх болно гэдгээ илэрхийлье.
Эдгээр дурдсан ажлуудыг бодит ажил болж амжилттай хэрэгжих нь Залуу таны идэвх оролцооноос шалтгаална. Тиймээс ч МЗХ 2013 онд санаачлан зохион байгуулж буй бүхий л ажлаа “Залуусаа Оролцъё” уриан дор явуулж буй билээ.
Залуучууд бид ид хавтай бөхчүүдийн багтаж ядсан бяр нь юм. Торгон жолоо өргүүлэх хүлгийн тогтож ядсан ир нь юм. Уухай хадаах сурын урагшлан зүтгэх эрч юм. Дэлхийд хосгүй Монгол наадмынхаа дээлээрээ гоёсон жавхаа нь юм.
Та бүхэн сайхан наадаарай.
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
АЮУШИЙН МӨНХБАТ
2013 оны 07-р сарын 10