Дөч гаруй жил сурган хүмүүжүүлэх салбарт ажиллаж, монгол хэл судлалын бүхэл бүтэн үеийг хүмүүжүүлэн, олноо Лу багш хэмээн өргөмжлөгдсөн эрдэмтэн бол Монгол Улсын төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн анхны багш нарын нэг Шадавын Лувсанвандан билээ. Лу багшийн монгол хэл шинжлэлийн салбарт оруулсан хувь нэмэр асар их. Түүнийг Гадаад харилцааны сайд Л.Болдын аав, гоо зүйч Сономын Лувсанвандантай андуурах тохиолдол цөөнгүй гардаг юм билээ.6
Лу багшийн шавь нарын нэг болох Академич Д.Төмөртогоо “Шадавын Лувсанвандан багштан бол Өрнө дахины хэл шинжлэлийн шинэхэн ололт, дорно дахины хэл шинжлэлийн уламжлалт хуучин арга хоёрыг бүтээлчээр хослуулан хэрэглэж чаддаг олон талын мэдлэгтэй эрдэмтэн. Тэрээр монгол хэл шинжлэлийн ухааныг дэлхийн төвшинд хүргэсэн, ерөнхий хэл шинжлэлд чухал хувь нэмэр оруулсан суут эрдэмтэн байсан юм” хэмээн дурсан бичсэн байдаг. Ингээд түүний хүү Л.Билэгт болон шавь, академич Д.Төмөртогоо нартай Лу багшийн талаар ийн хуучиллаа.7
-Та аав ээжээсээ хэдүүлээ вэ. Баянхонгор аймгийн аль нутгийн хүн бэ?
-Аав минь 1910 онд Сайн ноён хан аймгийн Ламын гэгээний шавийн нутаг, одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт, Галуут сумын нутагт Шадавын ууган хүү болж төрсөн. Аав минь айлын хамгийн том нь, дороо дөрвөн эрэгтэй дүүтэй. Дүү нар нь бүгд мал малладаг, мундаг адуучид байсан гэдэг. Харин манай аав авга ахындаа өсч, их энхрий байсан гэдэг юм билээ. Багаасаа л бие даан эрдэм ном сурч, 18 настайдаа нутгаасаа гарсан гэдэг. Миний аав гурван жил л сургуульд сурсан хүн шүү дээ. 6
-Танай ах эгч нараас аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн байгаа юу?
-Тийм ээ, бид эхээс зургуулаа би хамгийн отгон нь. Дээрээ дөрвөн эгч, нэг ахтай. Айлын эрх хүү байв шүү. Би аавыгаа 44 настайд нь төрсөн. Ээж минь намайг гэртээ төрүүлж, аав эх барьж авсан гэдэг. Аавынхаа буянаар бид бүгд дээд боловсрол эзэмшсэн. Яг монгол хэлний чиглэлийн хүн байхгүй ч хэлний мэргэжилтэн байгаа. Манай том эгчийг Л.Маналжав гэдэг. Бээжингийн их сургуулийг төгссөн. Хятад хэлний мэргэжилтэй. Харин удаахь эгч Л.Оюунбилэг маань Москвагийн их сургуулийг физикч мэргэжлээр төгссөн. Дараагийн эгч Л.Оюундэлгэр Берлинд техникийн сургууль төгссөн. Нэхмэлийн инженер мэргэжилтэй. Харин ах маань физикч мэргэжилтэй, Ленинградын их сургуулийг төгссөн. Бага эгч Л.Оюунгэрэл Москвагийн их сургуулийн франц хэлний ангийг төгссөн. Харин би Москвагийн Ломоносовын их сургуулийн Хүн судлалын ангийг төгссөн. Монголчуудын угсаа гарал сэдвээр дипломын ажлаа хамгаалаад тэрнээс хойш яг энэ чиглэлээрээ 35 дахь жилдээ ажиллаж байна.
-Таны аав дэлхийн олон орны нэр хүндтэй их, дээд сургуульд урилгаар багшилж байсан юм билээ. Бээжингийн их сургуульд багшилж байхдаа таныг авч явж байсан гэж сонссон юм байна?
-Тийм ээ, тухайн үед аав ээж бид хоёрыг авч явсан юм. Тэр үед том эгч маань мөн Бээжингийн их сургуульд сурч байв. Эгч оюутны байранд амьдардаг. Хааяа бидэн дээр ирэхээрээ эгдүү нь хүрээд намайг шоглочихно. Тэгэхэд нь аав, ээж хоёр намайг өмөөрөөд сүйд болдог байж билээ. Би тэр үед дөрөв, таван настай л байсан шиг санагдаж байна. Аав минь зогсоо зайгүй л ном шагайдаг хүн байж билээ. Аав намайг ес, аравдугаар ангид байхад монгол хэлний чиглэлээр суралц гэж нэлээд ятгасан. Харин би аавынхаа нөмөр дор сурвал шараа гэж бодоод өөр мэргэжлийг сонгосон. Бас их зөрүүд хүүхэд байсан шиг байгаа юм.6
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Би хотын унаган хүүхэд. Намайг бага байхад манайх МУИС-ийн хажуугийн арктай байранд байсан. Аав МУИС-д багшилдаг, тэр байранд Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ренчин, Л.Түдэв зэрэг дандаа багш нар амьдардаг байв. Манай амьдарч байсан байрыг багш нарын 28 гэдэг юм. Намайг бага байхад энэ байрандаа амьдарч байгаад сүүлд нөхцөл сайжруулна гээд Сансар буюу Цэцэг зочид буудлын хажуугийн байр руу нүүсэн. Зундаа Зүүн богины ам руу ШУА-ийн ажилчдын зусланд гарна. Тэр зусланд манай нутгийн С.Лувсанвандангийнх бас гардаг байсан. Хүү нь одоо Гадаад харилцааны сайд Л.Болд шүү дээ. Тухайн үед Болд хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн, жаахан шар хүүхэд байсан.
-Нэг сумын хүмүүс үү?
-Тийм, хоёул Сайн ноён хан аймгийн Ламын гэгээний шавийн нутгийнх. Тэднийх манайх хоёр их сонин. Тэднийх манайхтай яг адилхан дөрвөн охин, хоёр хүүтэй айл. Бага охин нь манай бага эгчтэй адилхан Оюунгэрэл гэдэг нэртэй. С.Лувсанвандан манай аавын шавь нь байсан. Зуслан дээр байхдаа хоёул эрдэм ном яриад л суучихдаг байв шүү. Нэг нутгийнх, тэгээд хоёул адилхан нэртэй болохоор Л.Болдын аав, гоо зүйч С.Лувсанванданг манай аавтай андуурах тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн үед олон Лу нэртнүүд байсан л даа. Намайг ахлах ангид орох жил тэр зуслан байхгүй болсон. Манайх гэнэт л тэндээсээ нүүсэн. Ер нь миний бага нас аавынхаа эрдэм номтой салшгүй холбоотой гэхэд болно.6
-Танайх МУИС-ийн хажуугийн байранд байсан болохоор аавынхаа сургууль дээр байнга гүйж очдог байв уу?
-Харин ёстой үгүй шүү. Нэг удаа л эгч бид нар гэртээ тоглож байгаад нэг чихмэл бамбаруушнаас айгаад бүгдээрээ хөтлөлцөөд аавыг хичээл зааж байхад нь давхиж орсон гэдэг. Тэрнээс бусдаар аавынхаа сургууль дээр очдоггүй байсан. Ажил дээр нь хүүхдүүд нь очиж бужигнаад байж болохгүй гэдгийг сайн ойлгодог байсан шиг байгаа юм.7
-Их сургуулийн гудамжийг Лу багшийн нэрэмжит болгоно хэмээн нэг хэсэг яригдаж байгаад чимээгүй болсон. Тэр асуудал юу болсон бэ?
-Уг нь энэ асуудлыг холбогдох албаныханд тавьсан л даа. Тэгээд чимээгүй болсныг бодоход дэмжигдээгүй байх. Харин Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургуулийг аавын нэрэмжит болгосонд нь их баярлаж явдаг юм. 2010 онд аавын 100 насны ойг өргөн дэлгэр, сайхан тэмдэглэсэн. Нутагт нь хөшөө дурсгал барих талаар ярьж байгаад больсон. Харин аавынхаа туурвисан ном, бүтээлүүдийг нь гадаад хэл рүү хөрвүүлж, дэлхий нийтийн хүртээл болгоё гэсэн бодолтой байгаа.
Д.ТӨМӨРТОГОО: НЭГЭН ҮЕИЙН СЭХЭЭТНҮҮД ТҮҮНИЙГ
ЛУ БАГШ ХЭМЭЭН ӨРГӨМЖИЛДӨГ БАЙСАН
-Таны багш монгол хэлний тогтолцоо, авиа зүйн судалгаа зэрэг олон шинэлэг нээлтүүдийг дэвшүүлэн монгол хэл шинжлэлийн тулгын чулууг тавьсан эрдэмтдийн нэг. Та хэдэн настайдаа багшдаа шавь орж байсан бэ?
-Би 1957 онд МУИС-д оюутан болж орж байлаа. Лу багш тухайн үед Бээжингийн их сургуульд багшилж байгаад намайг гуравдугаар дамжаанд ороход буцаж ирсэн юм. Энэ үеэс л надад хичээл заасан. Намайг их сургууль төгсөхөд буюу 1962 онд багш маань миний дипломын ажлыг удирдаж, би их амжилттай хамгаалж байв. Намайг төгсөх жил оюутнууд хамгийн анх диплом хамгаалж эхэлж байсан үе.6
-Лу багшийн түүхийг уншиж байхад ердөө гурван жил л номын дуу сонсч байсан гэдэг юм билээ?
-Тийм ээ, Лу багш маань гурван жил л сургуульд сурсан хүн. Анх 14 настайдаа Цэцэрлэгмандал аймгийн Баянзүрх хошууны бага сургуульд орж нэг жил суралцаад нийслэлд шилжин ирсэн байдаг. Ингээд Ардыг Гэгээрүүлэх Яаманд бичээчээр ажиллаж, Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургууль /одоогоор ерөнхий боловсролын гуравдугаар сургууль/-д нэг жил суралцсан. Харин үүнийхээ дараа буюу 18 настайдаа Зөвлөлт Буриадын Багшийн сургуульд нэг жил гээд нийтдээ гурван жил л сургуульд сурсан юм билээ. Багшид маань мэддэггүй зүйл, уншдаггүй ном гэж байдаггүй байсан. Сургалт бол хүнийг хөгжүүлж болно. Гэхдээ хүн өөрөө өөрийгөө хөгжүүлж чаддагийн тод жишээ бол Лу багш минь билээ.7
-Хэдийгээр гурван жил номын дуу сонссон хэдий ч их олон хэлийг бие даан эзэмшсэн гэдэг. Гадаад хэл дээр ном зохиолоо туурвиж байв уу?
-Тийм ээ, англи, орос, герман хэлийг бүрэн эзэмшсэн. Тэр ч утгаараа нэрт монголч эрдэмтэн Алексей Бобровников, Густав Жон Рамстедт, Борис Яковлевич Владимирцов, Николай Поппе, ЖонСтрит, Фрэнч Вүүдмен Кливез. Лайош Лигети, Широ Хаттори зэрэг дэлхийд нэртэй эрдэмтдийн бүтээлүүдийг орос, англи, герман хэлээр уншин танилцаж, тэдний дэвшүүлсэн үзэл онолоос суралцдаг байсан төдийгүй түүнийг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж байсан. Лу багш хэлний шинжлэлийн ерөнхий онолоос монгол хэлнийхээ бүтэц тогтолцоогоо судлахад аль нь хэрэгтэй вэ гэдгийг олж судалсан нь хамгийн агуу. Багш маань дэлхийн хэл шинжлэлийн онолд их зүйлийг хийсэн хүн. Гэвч бүтээлүүдийг нь олон улсын хэмжээнд орчуулж гаргаж чадаагүй нь жаахан харамсалтай. Гэхдээ бид гадаад хэл дээр хэвлүүлнэ гэж төлөвлөж байгаа.7
-Багшийн тань анхны бүтээл хэдийд хэвлэгдэж байсан бэ. Нэлээд хожуу Төрийн шагнал хүртэж байсан гэж сонссон?
-Багшийн маань олны хүртээл болсон анхны бүтээл нь “Лувсанвандангийн цагаан ном” хэмээн алдаршсан “Монгол хэлний зүй” хэмээх долдугаар ангийн сурах бичиг юм. Энэ ном нь анх 1939 онд хэвлэгдэж байсан бөгөөд тухайн үед багш маань 29 настай байсан. Үүнээс хойш тэрээр удаа дараалан хэвлэгдсэн дунд сургуулийн монгол хэлзүйн сурах бичгүүд, хожим 1961 онд Бээжин хотноо хэвлэгдсэн “Орчин цагийн монгол хэл” хэмээх их, дээд сургуульд зориулсан сурах бичиг зэрэг олон бүтээлүүдийг туурвин гаргаж байсан. Лу багшийн маань Монгол хэл шинжлэлийн ухаанд оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж 1971 онд Монгол Улсын төрийн шагнал, 1980 онд Монгол Улсын гавьяат багш цолоор шагнаж байв.7
-Тухайн үед хэл бичгийн салбарт Ш.Лувсанвандан, Чой.Лувсанжав, С.Лувсанвандан зэрэг олон Лу байсан гэдэг. Та тэднийг сайн таних уу?
-Тийм, мэдэлгүй яах вэ. Лу багш гэж алдаршсан нь манай Шадавын Лувсанвандан багш маань байгаа юм. Баянхонгор аймгаас хоёр Лувсанвандан төрсөн. Түүний нэг нь манай Шадавын Лувсанвандан багш, нөгөөх нь одоогийн Гадаад харилцааны сайд Л.Болдын аав Сономын Лувсанвандан гэж хүн. Тэднийг хооронд нь андуурах тохиолдол цөөнгүй гардаг. Зарим үед андуурагдаад бичигдсэн л явж байдаг юм. Л.Болд сайдын аав С.Лувсанвандан бол манай багшаас хамаагүй залуу хүн л дээ. 1954 онд МУИС-ийн монгол хэлний ангийг төгссөн, Лу багшийн маань шавь байсан юм билээ. Багшаас маань хорь гаруй насаар залуу гоо зүй, урлаг судлаач хүн. Хожим Чой.Лувсанжавыг нэг Лу гэж үзэж байсан. Чой.Лувсанжав С.Лувсанвандан нар нэг үеийнх. Мөн Лувсанцэрэн гэж МУИС-ийг төгсөөд, багшилж байгаад сүүлд нь Философийн ухааны доктор, академич болсон хүн бий. Түүнчлэн ШУА-ийн Хэл зохиолийн хүрээлэнгийн захирал байсан, толь зүйч А.Лувсандэндэв гэдэг эрдэмтэн мөн байсан. Ер нь Лу нэртэй хүмүүс манай хэл зохиолын салбарт олон байсан л даа. Тэдний дундаас олноо өргөмжлөгдсөн нь манай Шадавын Лувсанвандан багш байгаа юм.7
-Та багшийнхаа хүүхдүүдтэй холбоотой байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ, холбоотой байдаг. Хүүхдүүд нь бүгд гадаадад дээд боловсрол эзэмшсэн. Багшийн маань хань их сайн хүн байсан. Бүхий л амьдралаа хань ижил, үр хүүхдийнхээ төлөө зориулсан буянтай хүн. Багшийгаа дагаад гэрт нь ороход эхнэр нь Лу багшийн гар болон хувцас, цүнхийг нь чийгтэй алчуураар арчиж, шохойг нь сайтар арилгаж өгөөд л суулгадаг байж билээ.7
-Багш тань шавь нартаа олон зүйлийг зааж сургаж байсан байх. Эдгээрээс таны сэтгэлд хоногшсон, амьдралдаа байнга мөрдлөгө болгодог зүйл бий юу. Энэ тухайгаа хуваалцаач?
-Багшийн маань үг бүр нь үнэ цэнэтэй байсан. 40 гаруй жил багшлахдаа шавь нартаа хэзээ ч уурлаж уцаарлаж байгаагүй. Түүний тавьсан шаардлага, хэлсэн үгийг биелүүлдэггүй оюутан гэж байдаггүй байлаа. Энд нэг түүх ярихад би 1962 онд сургуулиа төгсөөд Өмнөговь аймагт багшаар томилогдсон юм. Ингээд амралтаараа багш дээрээ иртэл Лу багш миний ажил, амьдралыг сонирхоод “Чи хувцасаа өөрөө угааж байна уу л гэж байна. Тэгэхээр нь үгүй л гэлээ. Тэгсэн талхаа өөрөө барьж байна уу л гэнэ. Бас л үгүй гэлээ. Гэтэл юу ярьж байгаа юм, талхаа өөрөө барьж сур л гэж байна. Тэгснээ сургуулийнхаа галч, үйлчлэгч, жижүүрийнхээ нэрийг мэдэх үү л гэж байна. Мэдэхгүй болохоор бас л үгүй гэсэн чинь Лу багш “Чи захирал дарга нарынхаа нэрийг мэдэж байхаар үйлчлэгч, галч нарынхаа нэрийг мэдээд тэдэнтэй харилцаж бай” хэмээн их хатуу үг хэлсэн. Би ч ногоон онгоцоор буцаж явахдаа очоод л тэдний нэрийг мэдэж авъя гэж бодоод сургууль дээр очсон даруйдаа бүгдийнх нь нэрийг тогтоож багшийнхаа хэлснийг хэрэгжүүлсэн. Тэгсэн тэд надад их сайн ханддаг болсон. Сүүлд Багшийн их сургуульд багшилж эхлэхдээ жижүүр, үйлчлэгч, өлгүүрчинтэйгээ хамгийн түрүүнд танилцсан. Гэтэл тэд намайг хичээлийн завсарлагаанаар гарч ирэхэд халуун цай барьчихсан л угтдаг байв шүү. Энэ мэтчилэн багш маань бидэнд амьдралын ухааныг зааж сургасан агуу хүн.8
-Гурван жилийн өмнө Лу багшийн 100 насны ой тохиосон. Хэр өргөн дэлгэр тэмдэглэсэн бэ?
-Ой үнэхээр сайхан болсон. Багшийнхаа 100 насны ойгоор түүний ботийг хэвлүүлсэн. Хөшөө дурсгал босгож бай-хаар оюуны хөрөнгө оруулалт хийсэн нь дээр юм байна гэж ярилцсан л даа.7
Шадавын Лувсанвандан нь МУИС-д монгол хэлний багш, Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ахлах ажилтан зэрэг ажлыг тасралтгүй үр бүтээлтэй хийж яваад 1983 онд хүнд өвчний улмаас насан өөд болжээ. Тэрээр их сургуульд монгол хэл бичгийн үндсэн ангид хэл шинжлэлийн удиртгал, ерөнхий хэл шинжлэл, алтай хэл, монгол хэлний авиа зүй, үг зүй тэргүүтэй гол онолын хичээлийг заадаг байжээ. Тийм ч учраас МУИС төгссөн гарынх нь шавь нар, тэр ч байтугай шавийнх нь шавь нар, зохиол бүтээлтэй нь танилцсан нэгэн үеийн сэхээтнүүд цөм түүнийг “ЛУ БАГШ” хэмээн өргөмжилжээ..
Б.Цолмон