Холливудын жүжигчин Анжелина Жоли “Оскар”-ын шагнал гардуулах үеэр Жин Хершолтын нэрэмжит нэр хүндтэй шагнал хүртэнэ гэж “Пипл” сэтгүүл мэдээлжээ.
Жүжигчний хүмүүнлэгийн үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж дээрх шагналыг олгож байгаа аж. Жоли НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын сайн дурын элч төлөөлөгчөөр ажилладаг. Дүрвэгсдийн эрхийг хамгаалах хүрээнд Кени, Таиланд, Эквадор, Судан, Косово, Ангол, Шри- Ланк, Иордан зэрэг оронд ажиллаж байв. Хершолтын шагнал бол Жолигийн кино академиас хүртэж байгаа хоёр дахь “Оскар” юм. Анжелина 2000 онд энэ шагналыг шилдэг туслах дүр номинацид авч байсан удаатай. Хершолтын нэрэмжит шагналыг 1956 оноос эхлэн олгож байгаа юм. Харин Анжелина Жоли 36 дахь шагналтан болох ажээ. Америкийн кино урлагийн академи ирэх онд тус салбарт оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж жүжигчин Анжела Лэнсбери, зураач Пьер Този нарт шагнал олгохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: new.mn