Кембрижийн олон улсын шалгалтын 2026 оны үнэлгээний дүнгээр Монгол Улсын төрийн, төрийн бус өмчийн 11 сургуулийн 55 сурагч Кембрижийн шилдэг суралцагчийн шагнал хүртэж, олон улсын хэмжээнд өндөр амжилт үзүүллээ.
Боловсролын Яамны мэдээлснээр, шагналт сурагчид Кембрижийн олон улсын ерөнхий боловсролын дунд шатны хөтөлбөр, Кембрижийн олон улсын ахисан түвшний AS шатны хөтөлбөр, Кембрижийн олон улсын ахисан түвшний A Level хөтөлбөрийн 40 гаруй хичээлээр улсын болон дэлхийн хэмжээнд тэргүүлэх үнэлгээ авсан байна. Энэ жилийн шалгаруулалтын онцлох амжилтын нэг нь төрийн өмчийн “Шинэ эрин” олон улсын сургуулийн сурагч С.Хангай IGCSE математикийн хичээлээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээ авч, “Дэлхийн шилдэг” шагнал хүртжээ.

Мөн The English School of Mongolia сургуулийн сурагч Х.Цэцэнбаатар “Кембрижийн IGCSE-гийн найман хичээлийн нийлбэр дүнгээр шилдэг суралцагч”, төрийн өмчийн “Шинэ эхлэл” сургуулийн сурагч Р.Арвинзаяа “AS Level-ийн дөрвөн хичээлийн нийлбэр дүнгээр шилдэг суралцагч”, Орчлон сургуулийн сурагч Г.Мөнххишиг “A Level-ийн гурван хичээлийн нийлбэр дүнгээр шилдэг суралцагч” төрөлд Монгол Улсын хэмжээнд тэргүүлжээ. Түүнчлэн математик, физик, хими, биологи, эдийн засаг, компьютерын шинжлэх ухаан, англи хэл зэрэг олон хичээлээр монгол сурагчид “Монгол Улсын шилдэг суралцагч” шагнал хүртэж, мэдлэг, чадвараа олон улсын жишигт нийцүүлэн харуулсан байна.
Кембрижийн олон улсын боловсролын байгууллагаас олгодог энэхүү шагнал нь тухайн хичээлээр хамгийн өндөр амжилт үзүүлсэн суралцагчдыг тодруулдаг ба дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын хүлээн зөвшөөрдөг нэр хүндтэй үнэлгээний нэг юм. Иймээс уг шагнал нь зөвхөн өндөр онооны баталгаа бус, олон улсын түвшний академик бэлтгэл, судалгааны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг үнэлсэн үзүүлэлт болдог.

Монгол Улсад одоогоор Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль үйл ажиллагаа явуулж, жил бүр эдгээр сургуульд суралцахаар 4000 гаруй хүүхэд өрсөлддөг. Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургууль, их, дээд сургуулийн дэргэдэх болон олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулах бодлого хэрэгжүүлж байна. Ингэснээр сурагчид өөрийн сонирхол, авьяас чадварт нийцсэн хичээлээ сонгон судлах, цаашид эзэмших мэргэжлийн чиглэлээрээ эртнээс бэлтгэх, чанартай боловсрол эзэмших боломж нэмэгдэх аж.
Монголын сурагчдын гаргасан энэхүү амжилт нь суралцагчдын хичээл зүтгэл, багш нарын мэргэжлийн ур чадвар, сургалтын байгууллагын чанартай үйл ажиллагааны бодит үр дүн юм. Мөн Монгол Улсын боловсролын салбар олон улсын түвшинд өрсөлдөх чадамжаа бэхжүүлж буйн тод илэрхийлэл болж байна.


