Монголдоо хамгийн томд тооцогдох Улаан жамсран бурхны шүрэн багийг Монгол улсын засгийн газрын 1995 оны 241 тоот тогтоолоор хосгүй үнэт өвд бүртгэсэн.
Тэгвэл энэ оны 227 тоот тогтоолоор бүрэн өмсгөлийг нь хосгүй үнэт өвд бүртгэжээ. Улаан жамсран бурхны энэхүү өмсгөлд шүрэн баг, дээл, жавдар, хиур, рүжин буюу ясан чимэг, мядаг буюу хормогч, додёг буюу цээживч, тэтэжад буюу Жамсран бурхны дагуул нөхдийн шүр, үлбэн чимэглэлтэй цаасан шуумал цамын баг зэрэг 18 зүйл багтдаг байна.
Чойжин ламын сүм музейд Монгол улсын хосгүй үнэт өв болох Улаан жамсран бурхны улаан шүрэн баг, иж бүрэн өмсгөл хадгалагддаг. Энэ бүтээлийг 19- р зууны үед хүрээний алдарт барималч Пунцаг- Осор цаасан шуумлын аргаар урлаж, алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин зэрэг эрднэсийн чулуугаар чимэглэжээ. Улаан жамсрангийн цамын багийг бүтээхдээ бурхны хилэнт дүр төрхийг 6000 гаруй цэвэр улаан шүрээр чамин хийцээр шигтгэн урласан байна. Цамын баг нь дангаараа 30 кг жинтэй бөгөөд өмсгөлтэйгөө нийлээд 70 кг жинтэй ажээ.
www.URLAG.mn