Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р… галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.
Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиуртай захидал цахилгаануудыг авчирч өгөв.
Зохиолч захидлуудыг залхуу нь хүрсэн янзтай задлан үзэж, хаягийг нь унших зуураа дэндүү зузаан санагдсан үл таних эмэгтэйн захиаг хажуу тийш нь тавилаа.
Тэрээр зөөлөн сандалд тухлан суугаад зарцынхаа авчирсан цайг ууж, тамхи татангаа сонин уншиж, дараа нь өнөөх захидлыг задлав. Энэ нь захидал гэхээсэн илүү гар бичмэлтэй төстэй, бараг гуч шахам хуудас танихгүй эмэгтэй хүний гараар яарч сандран муруй хазгай бичсэн зүйл байсанд Р… өөрийн эрхгүй дугтуйд нь дагалдах зурвас байгаа үгүйг үзэхэд дугтуй нь юу ч үгүй хоосон, тэр ч бүү хэл ямар нэгэн нэр, гарын үсэг, буцах хаяг ч байсангүй.
Зохиолч гайхалтай юм хэмээн өөртөө хэлээд захиаг уншиж эхлэв. "Намайг хэзээ ч танихгүй чамдаа" гэж эхэлсэн ядахдаа мэндийн үг ч үгүй захиаг их л гайхашран цааш уншлаа. Хэнд хандсан байж таарах вэ, надад уу эсвэл өөр хүнд үү? Энэ л асуулт зохиолчийн сонирхлыг хөдөлгөж, үргэлжлүүлэн уншихаар шийдлээ.
Миний хүү өчигдөр нас барлаа. Түүнийхээ үхэлтэй тэмцэж буй бяцхан биеийг аврах гэж гурван өдөр гурван шөнө сахив. Халуу шатсан духан дээр нь мөсөн жин тавьж, жижигхэн гарыг нь өдөр шөнөгүй атгаж, дөчин нэгэн цаг орноос нь ч холдолгүй биеийг нь хөртөл хамт байсан.Гурав дахь өдрийн шөнөөс нь миний тамир барагдаж өөрийн мэдэлгүй нүд анилдан хатуу сандал дээр суугаагаараа гурав дөрөвхөн цаг цурамхийх чөлөөнд үхэл хүүг маань аваад явчихсан юм. Одоо хүү маань өөрийнхөө нарийхан орон дээр намайг сэрэхэд хэвтэж байсан тэр л чигтээ цагаан цамцтайгаа, ухаалаг хархан нүд нь аниастай хэвтэж байна.
Хүүгийн минь бяцхан нүүрэнд туссан лааны гэрэл хөдлөхөд тэр минь амьд ч юм шиг харагдан, одоохон босож ирээд хүүхдийн гэнэн хонгор дуугаар ээждээ ямар нэгэн юм хэлнэ дээ гэж итгэхэд ч бэлэн сууна. Гэвч хүүгийнхээ хэзээ ч сэрэхгүйг мэдэж байгаа болохоор өөртөө тэгж бүтэлгүй найдлага төрүүлэхгүйн тулд тийшээ харахыг ч би хүсэхгүй байгаа юм. Миний хүү өчигдөрхөн нас барж, одоо надад ганцхан чи, миний амьдралын тухай юу ч мэдэхгүй, амьдралаар ажиггүй тоглож яваа ганцхан чи л үлдлээ. Миний үргэлж хайрлаж явсан, намайг хэзээ ч мэдэхгүй ганцхан чи минь л надад байна.
Би тав дахь лаагаа асааж, захидал бичиж буй ширээнээ тавив. Энэ аймшигт хоромд нас барсан хүүгийнхээ дэргэд уй гашуугаа хэнтэй ч хуваалцаж чадахгүй ганцаараа байхдаа чамаасаа өөр хэндээ ч хандах билээ. Одоо надад ганцхан чи л бүхнийг орлон үлдлээ. Би бүрэн гүйцэд ойлгуулж чадахгүй ч байж мэднэ. Яагаад гэхээр толгой минь өвдөж ухаан санаа минь самууран байна.
Хэрвээ хүүгийнхээ адил томуу хүрээд халуурч байгаа бол айх ч юм алга, хүүгийнхээ хойноос яваад л өгнө. Байсхийгээд л нүд минь харанхуйлж захиагаа дуусгаж чадахгүй болов уу гэхээс айж байгаа ч намайг хэзээ ч таньж мэдэхгүй хайрт чамдаа бүхнийг ойлгуулах гэж эхний бөгөөд эцсийн удаа бичиж буй захиагаа ямар ч гэсэн гүйцээх л болно. Би чамдаа юуны өмнө чи хэзээ ч мэдээгүй атлаа бүхий л амьдрал нь хар нялхаасаа чамтай холбогдсон өөрийнхөө тухай ярих гэсэн юм.
Харин чи миний энэ нууцыг надад хариу хэлэх ямар ч боломжгүй болж, намайг үхсэний дараа л мэдэх болно. Яагаад тэр вэ гэвэл халуундаа чичрэн байсан бие минь хөрч эхлээд хэзээ хэзээгүй үхэх гэж байгаагаа улам гүнзгий мэдэрсээр байна. Хэрвээ үхдэггүй юмаа гэхэд энэ захидлыг урж хаячихаад урьдынх шигээ хэнд ч юу ч хэлэхгүй үг дуугүй явах болно. Энэ захиа хэзээ нэгэн цагт чиний гарт ордог юмаа гэхэд өөрийнхөө бүхий л амьдралын турш сүүлчийн мөчөө хүртэл чамайг л гэж амьдарч байсан энэ эмэгтэй хорвоог орхиод явчихсан байна. Нэгэнт үхсэн хүн юу ч шаардаж баяр гуниг, дурлал хайр алийг нь ч хүсдэггүй болохоор чи миний үгнээс айх хэрэггүй ээ.
Гагцхүү миний бичсэнд итгээрэй. Хорвоод ганцхан үрээ алдчихаад байгаа эх хүн яаж худлаа хэлэх вэ? Би чамаасаа энэ бүгдэд итгээрэй гэж залбиран гуйж байна. Би чамдаа өөрийнхөө амьдралынхаа тухай юу ч орхихгүй ярья. Чамайг харахаас өмнө миний амьдрал нэг л бүрхэг бүүдгэр мананд хучигдсан мэт өөрт минь тодорхой юу ч санагдахгүй юм. Миний амьдралын сүүлчийн амьсгал шингэсэн энэ захиаг уншиж буй одоо чиний амьдарч байгаа өрөөний чинь өөдөөс харсан шатны дэргэд би анх чамайг харсан юм. Тэгэхэд би дөнгөж арван гуравтай байлаа. Манайх танай өөдөөс харсан хаалганд амьдардаг байсан.
Үргэлж л гашуудлын хувцастай явдаг түшмэлийн бэлэвсэн эхнэр, туранхай жаал охин хоёрыг чи одоо мартаа биздээ. Бид өөрсдийн хомс тарчиг амьдралыг бусдаас нуудаг байв. Магадгүй чи бидний нэрийг хэзээ ч сонсоогүй байх. Учир нь манай хаалганд нэртэй пайз ч байхгүй, манайхаар хэн ч ирдэггүй, биднийг хэн ч асууж сурдаггүй байсан билээ. Энэ бүхэн арван тав зургаан жилийн өмнө болсон болохоор чи мэдээж санахгүй л байгаа. Харин би бол огт санаад оромгүй жижиг зүйлийг ч өнөөдөр л болсон юм шиг тодхон санаж байна. Чиний тухай сонсож, чамайг анх харсан, миний өмнө бүхий л дэлхий ертөнц нээгдсэн тэр өдрийг би санахгүй байж яаж чадах юм бэ? Хайрт минь намайг бүр эхнээс нь ярихад битгий дургуйцээрэй.
Бүхий л амьдралынхаа туршид чамд дурлаж, хайрласан сэтгэлийг минь бодож хэсэгхэн хором тэсвэрлэж сонсоорой. Чамайг нүүж ирэхээс өмнө танай байранд ой гутам хэрүүлч зодоонч айл суудаг байсан болохоор бид ч тэднийхтэй сайн харилцаатай байгаагүй. Гэрийн эзэн архичин хар юм эхнэрээ сав л хийвэл нударгална. Айл амьтан унтчихсан хойно сандал ширээ тачигнуулан аяга тавгаа хагачиж, төдөлгүй үс гэзэг нь сэгсийж цус нөжиндөө хутгалдсан эхнэр нь гарч зугтаах ба согтуу нөхрийх нь хараал зүхэл урсган элдэх чимээг сонсож тэднийг зохицуулахаар хөршүүд нь арга буюу сэргийлэх дууддаг байв.
Ээж маань энэ эр эм хоёроос хөндий байж, намайг хүүхдүүдтэй нь ч ярихыг хориглодог байсан бөгөөд, тэд аятай тохиолдол бүрт надаас хариугаа авдаг байсан юм. Хүүхдүүд нь гудамжинд таарчихаад хүртэл араас харааж зүхнэ. Нэг удаа цасаар шидэхэд нь миний нүүр нил цасанд будагдаж билээ. Ойр тойрных нь айл амьтан ч тэднийхнийг нэг нүдээр хялайдаггүй байсан юм. Гэтэл нэг удаа яагаад ч юм бэ? Магадгүй нөхөр нь хулгайн хэргээр шоронд орж тэднийх гэр бүлээрээ нүүгээд явчихсан хойно л бид арайхийн чөлөөтэй амьсгалах болсон билээ. Түүнээс хойш хоёр гурав л хоносон байх, байрыг худалдах зарлал гарч, удалгүй нэгэн нэр цуутай зохиолч суухаар болсныг бид мэдсэн юм. Тэгэхэд л би анх чиний нэрийг сонсож билээ.
Дахиад хоёр гурав хоносны дараа засварчид ирж, өмнө нь байсан айлын тортог буртгийг цэвэрлэж, будаж янзлав. Тэд үргэлж хадаж, хусаж, нүдэж байсан ч ээж маань бузар булай хөршөөсөө салж амарсандаа баяртай байлаа. Чамайг харах цаг хараахан болоогүй бололтой.
Бүхнийг чиний зарц дунд зэргийн нуруутай, бууралтсан үстэй, юмыг дээрээс нь доош нь нүдээ гүйлгэн ширтэж хардаг, ажилсаг байрын хүн жин тан болгож байв. Тэр ямар ч хүнтэй эелдэг зөөлөн харьцах ба хэнийг ч их бага гэж үздэггүй, бусад зарц нартайгаа элдвийн үг ярьдаггүй зөвхөн үүргээ л гүйцэтгэдэг онцгой чанар нь биднийг бишрүүлсэн юм.
Анхны өдрөөсөө л миний ээжтэй яг л язгууртан эмэгтэйн адилаар хүндэтгэн мэндэлж, намайг бяцхан охин гэж үл тоомсорлолгүй үнэн санаанаасаа эелдэг харьцаж байлаа. Тэрээр чиний нэрийг хэлэхдээ гүн хүндэтгэлтэй биширмээр өгүүлж байгаа нь ердийн зарц нарын эзэндээ ханддагаас их л өөр байж билээ.
Энэ эелдэг хөгшин Иоганид, чиний дэргэд үргэлж хамт байдагт нь би хэдийгээр атаархдаг байсан ч сүүлдээ түүнийг хайрлах болсон юм. Би яагаад ийм инээд хүрмээр жижиг зүйлийг хүртэл орхихгүй байгаа юм бэ?Гэвэл өөрийнхөө чамд ямар байсныг бүр эхнээс нь ойлгуулахын тулд л тэр шүү. Чамайг миний амьдралд оролцохоос бүүр өмнө эргэн тойрон чинь бүрхүүлтэй мэт нэг л нууцлаг битүү, баялаг гэрэл гэгээнд хучигдан манай байрныхан чамайг бүгдээрээ л тэсэж ядан хүлээцгээж билээ.
Манай байранд ямар сайхан хүмүүс амьдардгийг чи мэднэ. Намайг нэг удаа хичээлээсээ тараад ирж явтал манай байрны үүдэнд тавилга ачсан бүрхүүлтэй тэрэг зогсож байв. Зөөгч нар том юмнуудыг аль хэдийн дээш гаргачихсан дотор нь тавьдаг жижиг сажиг зүйлсийг л зөөж эхэлж байлаа.
Би хаалга налан зогсоод хэзээ ч харж байгаагүй чамин ганган эд хогшлыг нүд салгалгүй ширтэж эхлэв. Энэтхэг бурхад, Итали баримлууд, том том гоёмсог зургууд, хамгийн сүүлд нь хэрвээ би өөрийнхөө нүдээр хараагүй бол итгэхийн аргагүй ховор нандин номууд байлаа. Зарц Иогани тэдгээрийг харж хандан зөөлгөж байв. Учиргүй сонирхсондоо зүрх минь догдлон хэдийгээр зарц намайг хөөгөөгүй, би өөрөө номуудыг үзэхийг хичнээн хүсэж байсан ч гэсэн нэг ч номонд гар хүрч зүрхэлсэнгүй. Би зөвхөн нэрсийг нь л харж байв.
Тэр номнууд англи, франц, зарим нь миний огт мэдэхгүй хэлээр бичигджээ. Хэрвээ ээж намайг дуудаагүйсэн бол тэнд хэдэн цаг ч зогсох байсныг бүү мэддээ. Чамайг танихгүй мөртлөө тэр оройжингоо л би чиний тухай бодлоо.
Надад өөрөө уншсаар байгаад ноорчихсон арваадхан ширхэг хямдхан номнууд байдаг байв. Миний толгойд ийм олон ном уншсан, ийм олон хэл мэддэг боловсролтой чинээлэг ямар хүн байдаг бол гэсэн бодол орж ирлээ. Ийм хүн бурхан шиг л байдаг байх гэж бодлоо. Санаандаа чамайг газарзүйн багш шигээ урт цагаан сахалтай, нүдний шилтэй, түүнээс ч илүү эелдэг сайхан хүн байх ёстой гэж бодож байсан юм.
Тэгээд тэр шөнөдөө чамайг анх удаа зүүдэлж билээ. Дараа өдөр нь чамайг ирэхэд зөндөө олон удаа сэмхэн шагайсан ч чамайг олж харж чадсангүй. Миний сониуч зан туйлдаа хүрэв. Гурав өдөр нь чамайг хараад хүүхдийн сэтгэлээр ургуулан бодож байсан нүдний шилтэй, сайхан сэтгэлт хөгшин биш харин хичнээн жил өнгөрсөн хойно ч ерөөс өөрчлөгдөөгүй одоогийн байгаа төрхөөрөө л чи харагдсан юм.
Чи тэгэхэд цайвар хүрэн өнгийн гоёмсог биеийн тамирын хувцас өмсчихсөн залуу хүний сэвэлзсэн алхаагаар шатны гишгүүр алгасан харайсаар гарч ирсэн. Гартаа бүрх малгайгаа барьсан чиний цайвар үстэй сэргэлэн царайг би гайхан ширтэж билээ. Үнэнийг хэлэхэд би гол шиг сайхан залууг хараад айх шиг болсноо санаж байна. Гайхалтай их юм уншсан, боловсролтой өөрийн уран бүтээлд хатуу чанд атлаа залуу хүний адал явдалт тоглоомд дуртай чиний хоёрдмол амьдрал намайг төдийгүй бусад хүмүүсийн гайхшийг төрүүлэх нь аргагүй юм байна гэдгийг би тэрхэн агшинд тун ч хурцаар мэдрэв.
Би санамсаргүйгээр чиний хоёрдмол амьдралын нэг нь хүмүүсийн боддог шиг ил тод гадаад байдлаар чинь илэрхийлэгдэж байдаг, нөгөө нь бол зөвхөн чиний өөрөө л мэддэг нууцлаг битүү амьдрал гэдгийг арван гурван настай охины балчирхан ухаанаар ойлгосон юм. Одоо чи хүүхдээрээ шахуу надад ямар их гайхамшигтай сэтгэл татам оньсого шиг хүн санагдсанаа ойлгож байгаа биздээ. Хайрт минь? Хэн хүний мэдэх ном зохиол бичсэн хүндэтгэн биширч байсан хүн маань хорин тавхан настай ганган хээнцэр залуу байсан болохоор л тэр. Энэ өдрөөс л миний амьдарч байсан хүүхдийн ертөнц маань надад ямар ч сонирхолгүй болж, арван гуравхан настай охин намайг ганцхан чиний амьдрал, чиний тухай бодохоос өөр юу ч эзэмдэхээ байсан юм.
Би чиний сонирхдог зүйлс,танайхаар ирдэг хүмүүсийн тухай сонирхон судалж, ялангуяа танайд янз бүрийн насны, есөн шидийн хүмүүс тасардаггүй нь миний сонирхлыг улам ихээр татдаг байв. Чиний танилууд зөвхөн театрт л харсан хатагтай нар, дохиур барьсан гараас нь өөр юм олж үзээгүй хөгжмийн нэрт удирдаач, худалдааны сургуулийн оюутан бүсгүйчүүд, даржин оюутнууд гээд л зөндөө хүмүүс хөл татрахгүй, тэр дундаа олон бүсгүйчүүд ирнэ.
Би эдгээр бүсгүйчүүдийг огт гайхдаггүй тэр ч бүү хэл нэгэн өглөө хичээлдээ явахдаа танайхаас шигүү торон гивлүүртэй хатагтай гарч явааг хараад огтоос тоогоогүй билээ. Тэгэхэд дөнгөж арван гурав хүрч байсан би чамайг харуулдан дагаж, нуугдан хүлээдэг байсан хачин сонирхлоо хэмжээгүй дурлалынхаа эхлэл байсныг яаж мэдэх билээ дээ. Гэхдээ би бүх л сэтгэл зүрхээ чамдаа үүрд өгсөн өдөр цагийг тодхон санаж байна. Би найз охиныхоо хамт зугаалганаас буцаж ирээд орцныхоо үүдэнд дэмий ярин зогсож байтал бидний хажууханд нэгэн суудлын тэрэг ирж зогсов. Тэр машинаас чи нөгөө л өөртөө итгэлтэй хурдан шалмаг хөдөлгөөнөөр буугаад шат өөд хурдлан өгсөв. Би өөрийн мэдэлгүй чамд хаалга онгойлгож өгөхөөр ухасхийхдээ чамтай золтой л мөргөлдчихсөнгүй.
Чи намайг зөөлөн энхрий дулаар харцаар харж нөхөрсөг намуухан дуугаар "Их баярлалаа бүсгүй минь" гэв. Ингээд л бүх юм гүйцсэн ч тэрхэн зуур чиний зөөлөн дулаан харцыг мэдрэхдээ өөрийгөө чинийх гэдгийг би ойлгосон юм. Гэвч би тун удалгүй чамайг бүх л хүмүүстэй тэр дундаа, худалдагч, үйлчлүүлэгч зэрэг эмэгтэй хүн бүхэнтэй харьцахдаа тийм эелдэг зөөлөн энхрий ялдам, чин сэтгэлийн наалинхай зангаар харьцдаг энэ нь ямар ч илүү зорилгогүй болохыг мэдсэн билээ.
Гэсэн ч арван гурван настай жаахан охин би үүнийг огтхон ч сэжиглэлгүй, сэтгэлд минь нар гийх шиг л болсон юм. Тэр энхрий ялдам зан ганцхан надад зориулагдсан гэдэгт итгэж бүсгүй хүний зөн билэг маань үүрд чинийх байхсан гэдэг бодол төрүүлсэн юм шүү. Найз охин маань надаас "Энэ чинь хэн бэ?" гэж асуусан. Би түүний асуултад тэр дороо хариулж чадаагүй. Энэ аз жаргалтай хоромд би нэрийг чинь ч хэлж зүрхэлсэнгүй.
"Манай байранд амьдардаг" юм гэж би ичингүйрэн бувтнав. "Тэгвэл чи яагаад улайж орхив" хэмээн найз маань хүүхдийн хорлонтой зангаар тавлан инээв. Намайг шоолж нууцыг минь мэдэх гэсэнд миний хүзүү хүртэл халуу оргин ичсэндээ түүнд хандан заналхийлсан дуугаар "Усан тэнэг" гэж хашгирлаа. Найз маань намайг шоолон улам чангаар хөхрөхөд би хэрвээ чаддагсан бол багалзуурдаад авмаар байсан ч хүч хүрэхгүйдээ бачимдан нүдийг минь нулимс бүрхэв. Тэгээд бушуухан эргэж дээшээ гүйлээ. Энэ учралаар л би чамд дурласан юм. Чамд ийм үг хэлсэн хүн зөндөө байгааг би мэдэж байна. Гэсэн ч надаас өөр хэн ч ингэж боол мэт үнэнчээр дурлаагүй гэдэгт итгээрэй. Миний энэ дурлал чамаас бусад хүүхнүүдийн адил юу ч улиглаж шаардаагүй, энэ дэлхий дээр өөр юугаар ч сольшгүй хүүхэд насны минь дүрэлзсэн халуун дурлал хэвээрээ чамд үнэнчээрээ үлдсэн юм. Бусад хүүхнүүд бол аль хэдийн хамаг юмаа хэнд ч хамаагүй чалчиж, зарим нь айдсаа бусдад нялзаахыг санаархдаг, тэд бүгдээрээ энэ тухай үе үе сонсож, уншиж мэдсэн байдаг бөгөөд энэ нь хэн бүхэн зайлшгүйгээр дайран өнгөрдөг зүйл билээ.
Тэд дурлалыг тохуурхан дооглож, үүнийг эрэгтэй хүүхдүүд анх удаа тамхи татсанаа гайхуулдаг шиг сайрхан ярьцгаадаг. Би хэнд ч итгээгүй болохоор хэн ч надад зөвлөж болгоомжлуулсангүй. Ямар ч туршлагагүй гэнэхэн амьтан би харанхуй ангал мэт өөрийнхөө хувь заяа руу өөрөө л зүтгэсэн юм. Эцэг маань эрт нас барж, тэтгэврийн хэдээрээ амь зуудаг ядуу бэлэвсэн эхээсээ хөндий байдаг, сургуулийн хөнгөн зантай найз охид маань намайг ойлгодоггүй болохоор би ганцхан чамд өөрийн хүсэл мөрөөдөл болсон чамдаа л итгэдэг байлаа.
Би чамд яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Чи бол миний хувьд бүхнийг орлосон амьдрал минь байсан юм. Чамд хамаатай бүхэн сэтгэлийг минь эзэмдэж миний амьдралд нөлөөлөх боллоо. Хайхрамжгүй тааруухан сурч байсан би ангидаа тэргүүний сурагч болж чиний номд дуртайг мэдсэнээсээ хойш хэдэн зуун ч ном уншив. Мэдэхгүй. Чамайг хөгжимд дуртайг мэдээд төгөлдөр хуур хөгжмөөр уйгагүй хичээллэдэг болсон минь ээжийн гайхшийг төрүүлж билээ. Чиний нүдэнд арчаагүй муухай харагдахгүй гэж даашинзаа үргэлж цэвэрлэж индүүднэ.
Ээжийн хуучин бошинзоор хийсэн дөрвөлжин нөхөөстэй хормогчноосоо хачин их ичдэгсэн. Энэ нөхөөсөө чамд харагдуулахгүйг хичээж номынхоо цүнхийг баруун гартаа барин шатаар гүйж гардаг байв. Чамайг харчих вий гэхээс ухаан алдталаа айна. Миний айдас ямар хөгийн байгаа вэ. Гэтэл чи намайг бараг хэзээ ч хараагүй шүү дээ. Би бүх л өдөржин чамайг харуулдаж өнжинө. Манай хаалганы зэс хүрээтэй шагайвчаар танай хаалга яг харагдана. Намайг шоолж инээх хэрэггүй хайрт минь.
Тэгэх тусмаа одоо бүүр ч хэрэггүй, энэ нүх надад бүх л бүтэн ертөнцийг нээдэг байсан болохоор чамайг л харах гэж гартаа ном барин ээжийг мэдчих вий гэж айн айн өдөржин бээртлээ суудаг байв. Чамайг ойртон ирэхийг мэдмэгцээ би чивчирсэн хөгжмийн утас луугаа чичирч эхэлдэг байлаа. Би чамайг хэзээ ч орхилгүй чиний юу хийж буйг байнга ажиглаж яг л чиний дандаа хэрэглэж, үргэлж халаасандаа авч явдаг цагны чинь пүрш шиг үл анзаарагдах хэрнээ хэзээ ч хамт байсны минь мэдэхгүй.
Чиний тухай бүгдийг өөрөөр хэлбэл юу сонирхдог, ямар ааш араншинтай, хэдэн зангиа, хэдэн костюмтай, тэр битгий хэл ямар өнгөтэй болохыг ч би мэддэг байсан. Удалгүй чиний танилуудыг хүртэл андахаа байж тэднийг өөртөө таалагддаг таалагддаггүй гэж хоёр хэсэгт хувааж билээ. Би арван гурваас арван зургаан нас хүртлээ чамтай хамт амьдарч чиний төлөө л төрсөн юм шиг байдаг байсан.Би ямар их тэнэг юм хийдэг байсан гэж чи санана. Чиний гар хүрсэн хаалганы бариулыг үнсэж, чиний татаад хаячихсан тамхины ишийг түүдэгсэн. Орой бүр ямар нэг шалтаг олж зөвхөн чиний гэрэлтэй цонхыг харж чамайг тэндээ сууж буй эсэхийг мэдэх гэж өчнөөн, төчнөөн удаа гудамжинд гүйж гараад л…
Тэгээд чамайг аль нэг тийшээ явахаар болж, зарц хөгшин чиний шар чемоданыг доош нь буулгаж ирэхийг харахаараа зүрх минь базагдах шиг болж, олон арван хоногоор миний амьдрал утга учраа алдан хүйт даадаг байв. Гунигтай,дүнсгэр, уур уцаартай болсон миний нүдэнд нулимс цийлэгнэн хичнээн зовж шаналж байгааг ээж маань ч үл анзаарна. Би чамдаа хүүхдийн инээдэмтэй түүх ярьж байгаагаа мэдэж байна.
Энэ бүхэн ичгэвтэр хэдий ч би хэзээ ч ичихгүй, яагаад гэхээр миний дурлал тэртээ хүүхэд ахуй цагий минь бахархал болсон ариун нандин асаж дүрэлзсэн хэвээр байгаа билээ.
Миний зүсийг ч бараг мэдэхгүй чамд тэр үед чиний төлөө амьдарч байсныгаа бүтэн цаг, бүх л өдөржин ярьсан ч чадна. Би чамтай шатан дээр таарчихаараа гал шиг харцтай чинь тулгарахаасаа айж толгойгоо гудайлган хажуугаар чинь галаас зугтан ус руу гүйж буй хүн шиг хурдхан өнгөрдөг сөн. Хэдийгээр би чиний тэр үеийн амьдралын тухай бүхэл өдөржингөө өчүүхэн ч зүйл орхилгүй ярьж чадах боловч чамайг зовоож залхууг чинь хүргэхийг хүсэхгүй байна. Би зөвхөн хүүхэд насныхаа аз жаргалтай мөчүүдийн тухай л дурсах гэсэн юм.
Чи намайг битгий шоолоорой. Энэ явдал өчүүхэн зүйл боловч жаал охин надад хэмжээлшгүй их аз жаргал байсан юм шүү. Лав нэг сайн өдөр тохиолдсон санагдана. Тэр үед чи эзгүй, зарц чинь том хивс сэгсэрч цэвэрлээд, танай өрөөний хаалгаар оруулж яваа харагдсан. Хөгшин зарцыг хүч хүрэхгүй ядарч байхыг нь хараад шууд зориг гарган очиж, би хамжилцах уу гэж асуухад зарц өвгөн гайхсан боловч туслахад минь татгалзсангүй. Чиний өрөөнд би тэгэж анх удаа орж үзсэн юм.
Өрөөнд чинь байгаа эд агуурс, чиний суудаг ертөнц, хөх ваартай цэцэг тавьсан чиний бичгийн ширээ, ном шүүгээг ямар их хайр хүндэтгэлтэйгээр элэгсэг дотно харж байснаа хэлэх үг олдохгүй байна. Чиний үнэнч зарц Иогани мэдээж намайг дэргэд нь очиж харахыг зөвшөөрөхгүй байсан болохоор чиний амьдралыг хальт хараад өнгөрч билээ. Харин ингэж цорын ганц удаа харахдаа би чиний тасалгааны юм болгоныг нүдэлж аваад энэ явдал чамайг хүсэн мөрөөдөж, өдрийн бодол шөнийн зүүд болж санаашран суухад сэтгэлийн тэжээл болдог байж билээ. Өчүүхэн энэ мөч, энэ явдал миний хүүхэд ахуйн амьдралд хамгийн аз жаргалтай нь байж.
Намайг гэж танихгүй чи минь дэргэд чинь амьдралаа чамд зориулсан нэг хүн яаж уйтгарлаж, яаж тэсэж ядан байсныг мэдэж аваг гэсэндээ л үүнийг ярьж байгаа юм шүү. Чамд ярьж буй энэ явдлын дараахан өөр нэг аймшигтай явдал тохиолдсон юм. Би чамаас бусад юм болгоныг мартаж, ээжийгээ ч тоохоо больж, ер юуг ч анхаарахаа байсан гэж чамд хэлсэн шүү дээ. Инсбург хотоос ээжийн минь холын садан сүлбээ нэг хижээл насны худалдаачин манайхаар байсхийгээд ирж удтал ярьж суудаг байсныг би анзаарсангүй. Заримдаа тэр хүн ээжийг минь театрт юм үзүүлэхээр авч явахад нь би харин баярладагсан.
Ганцаараа үлдээд ямар ч саадгүй чамайг бодож, чиний ирэхийг харуулдан суух нь миний ганц дээдийн жаргал байсан юм. Тэгтэл нэг өдөр ээж минь намайг өрөөндөө дуудаж аваачаад их чухал юм ярина гэхэд нь ямар нэг юм тааварлан, сэжиг аваагүй байгаа гэж айхаас царай минь хувхай цагаан болоод, зүрх хүчтэй цохилж эхлэв. Хамгийн түрүүнд л ертөнцтэй намайг холбож өгч байгаа нууц чи минь л бодогдов.
Үргэлжлэл бий…
Стефан Цвейг