МУУГЗ, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат их урлагт зүтгэсэн 40 жилийнхээ ойд зориулан уран бүтээлийн бие даасан тав дахь тоглолтоо “Содон аялгуу” нэртэйгээр 9 дүгээр сарын 27, 28-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд хийх билээ.
200 гаруй хүн оролцож буй амьд хөгжмийн тоглолтын найруулгыг Н.Халиун хийх бол С.Гантөмөр, Ц.Байдраг, Ц.Алтангэрэл, Д.Мөнхболд, Ю.Батпүрэв нарын хөгжимчид тоглох нь ээ. Гурван цаг гаруй үргэлжлэх түүний тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Никитон”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, Б.Баярцэцэг, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг тэргүүтэй уран бүтээлчид оролцож, содон аялгууг хүргэх юм.
Тоглолтын цөм болсон “Содон аялгуу” хэмээх шинэ бүтээлийг дуучин Б.Баярцэцэг, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын хамтаар дуулж амьдруулжээ. Дуучин Б.Баярцэцэг хэлэхдээ, “Чука ах 2003 онд надад уран бүтээл өгнө гэж амлаж байсан юм. Түүнээс хойш Чука ахын зохиосон цөөнгүй дуунуудыг бусад уран бүтээлчдийн хамт дуулж байсан ч бие даасан уран бүтээл одоог хүртэл аваагүй байлаа. Тэгэхээр 10 жил хүлээсний эцэст хамгийн хайртай, нандин бүтээлээ авлаа гэж бодож байна” гэв.
Сонирхуулахад энэхүү бүтээлийн өмнөхөн “Sweetymotion” хамтлаг "Чи миний хавар " хэмээх уран бүтээл гаргасан билээ.
www.URLAG.mn