Өнгөрсөн сарын 28-30-нд Хонконгд болсон Олон улсын хэмжээний ой тогтоолтын нээлттэй тэмцээнээс манай баг тамирчид 39 медаль хүртэж, багаараа хоёрдугаар байрт шалгаржээ.
Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож 18 алт, зургаан мөнгө, 15 хүрэл медаль хүртсэн нь Монголын Оюун ухааны академийн тамирчдын хувьд өмнөх амжилтаа хоёр дахин давуулсан шинэ дээд амжилт боллоо. Тус тэмцээнд 11 орны 110 тамирчин ой тогтоолтын 10 төрөлд бага, дунд, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлджээ. Манай тамирчин Б.Намуунтуул Хонконгийн нээлттэй тэмцээний дунд насны ангилалд хоёр алт, зургаан мөнгө, нэг хүрэл медаль хүртэж дэлхийн чансаанд 1700 гаруй тамирчнаас 51 дүгээрт бичигдсэн өвөрмөц амжилтын эзэн болов.
Оюун ухааны академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар “Энэ тэмцээн манай улсын ой тогтоолтын тамирчид ирэх сард Лондон хотод болох Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход бэлэн гэдгээ харууллаа” хэмээн онцлов.
Эх сурвалж: 24tsag.mn