Намуухан хөгжмийн ая эгшиглэж бүдэг ягаан гэрэлд шилэн аягатай жүүсийг аяархан шимэн суухдаа өөрийн эрхгүй догдлон байгаагаа мэдэрч бугуйн дахь цаг нь дэндүү удаан явах шиг санагдаж, урьд нь дандаа хоцорч ирдэг байсан өөрийгөө буруутгаж, хайртыгаа яаж тэгж тэсгэл алдалгүй удаан хүлээдэг байсныг нь гайхлаа. Харин өнөөдөр Уянга өөрөө түрүүлээд бүр цаг гаруйн өмнө ирчихээд цонхоор ширтэн нилээд суугаад одоо дахиад хүлээх ёстойгоо мэдэрнэ. Ямар ч онигоо сонсоогүй, инээдмийн кино ч үзээгүй байж өөрийн эрхгүй инээмсэглэж, зүрх нь дэндүү чанга магадгүй бусад хүмүүст ч сонсогдохоор чанга цохилох шиг. Энэ мөчийг хичнээн удаан хүлээлээ дээ. 5 жил 7 сар. Уйлж, инээж, итгэж, зарим үед итгэл алдарч хүлээсэн. Хурдхан л түүндээ хэлж баярлуулахсан. Ямар их баярлах бол гэхээс тэсгэл алдан мессежээр ч болол хэлчихмээр. Гэхдээ бүр илүү гэнэтийн бэлэг барьж түүнийхээ баярлахыг хармаар. Хайрт нь сонсоод л шууд, үнэн үү гэж асуугаад түүнийг чимээгүй толгой дохиход тэвэрч аваад үнсэнэ. Тэгээд баярлалаа гэж хэлнэ. Тийм болохоор хүлээх л хэрэгтэй. 7 болоход 15 минут дутуу байна. Энэ цаг ямар удаан өнгөрнө вэ. Уянга гараараа гэдсээ зөөлхөн илбэж
"Үр минь аав чинь чамайг энд байгааг сонсоод их баярлана даа. Ямар их баярлана гэж бодож байна. Чи хараад лав итгэхгүй дээ. Чиний аав дэндүү сайхан залуу байгаа. Эелдэг даруухан, хөөрхөн хар нүдтэй. Өндөр цагаан залуу. Ээжийг нь яаж тоосон юм гэмээр" гээд л өөрөө өөртэйгөө ярьж инээмсэглэнэ. Цонхоор гадаах байдлыг хараад бүсгүй бүр ч их баярлаж, догдолж байлаа. Түүний нүдэнд гагцхүү хүүхдээ тэвэрч, бас хүүхдээ хөтөлж жаргалтай алхах залуус л харагдана. Ингээд бодоход бүсгүй хайртайгаа учраад 9 жилийг ардаа орхижээ. Эхлээд хоёулахнаа байхдаа дэндүү аз жаргалтай байдагсан. Түүндээ эрхэлж, түүнийгээ хайрлаж бас хайрлуулаад. Гэхдээ нэг л тэд хүүхэд гэх жаахан амьтныг хүсэж хүлээх болсон. Тэдний амьдрал хүүхэд гэх жаргалын эх булаг дутагдаж байгааг мэдэрч хэн хэн нь хүүхэд тэвэрсэн, хөтөлсөн хүмүүст өөрийн эрхгүй атаархах болсон. Болдоо "Хайраа хоёулаа хурдхан хүүхэдтэй болъё. Эхлээд чамайг дуурайсан охин, дараа нь намайг дуурайсан хүү. Охиндоо Урьхан гэдэг нэр өгнөө. Харин хүүдээ Болдбаяр" гээд л ярих нь эхлээд тэднийг баяр баяслаар тэтгэж харин хэсэг хугацааны дараа нэгэн шаналалыг бий болгосон. Яагаад хүүхэдтэй болохгүй байгаагынхаа шалтгааныг мэдэх гэж эмчид хүртэл хандсан. Сүүлд нь лам, бөө гээд л гэхдээ хариу гараагүй. Хэн хэн нь тэссэн. Бе биедээ хайртай, тэгээд хэн хэн нь эрүүл саруул хэрнээ яагаад хүүхэдтэй болохгүй байгаа юм бол насаараа ингэж хүүхэдгүй амьдарна гэж үү гэсэн айдас ч бий болсон. Сүүлийн нэг сарын хугацаанд бүр ч хүндхэн байсан. Болдоо үе үе гашуун ус амсдаг болж, хааяа оройтдог болсон. Гэхдээ Уянга юу ч хэлж чадаагүй. Тэр өөрийгөө л буруутгаж чимээгүй дотроо уйлж байсан. Хайртай хүндээ хүүхэд төрүүлж өгч чадахгүй байна гэдэг эмэгтэй хүний хувьд дэндүү том шаналал.
Нэг л өдөр Болдоо нилээд согтуу ирээд "Хайрт минь уучлаарай би хүүхэдтэй болохыг дэндүү их хүссэн" гээд уйлж суухад нь түүнийгээ бүр ч их өрөвдсөн. Үнэхээр ч 30 гэдэг хоёр гурван ч хүүхэдтэй болоод тогтсон сайхан амьдралтай байх нас. Үеийн хүмүүс бүгд л тэгж л амьдарч байна. Гэтэл…
Бүгдийг бодож суусаар нэг л мэдэхэд Болд хажууд нь ирчихсэн.
-Ирчихээ юу гэж асууж байлаа. Уянга нулимс цийлэгнэсэн нүдээр инээмсэглэн түүний толгой дохиод түүний зүг догдлон харлаа.
-Сайн уу Уянгаа гэх Сарнайгийн дууг сонсоод ойрд уулзаагүй найзтайгаа уулзсан даа баярлавч "Яагаад хамт ирсэн юм бол. Уг нь эхлээд ганцхан өөрт нь л хэлсэн бол" гэж дотроо гомдлонгүй бодсон ч
-За алив суу л даа. Ойрд уулзаагүй хүн байх чинь. Чи ч бүр сүүлийн үед намайгаа тоохоо больжээ гэхэд Сарнай муухан жуумалзаж
-Харин ажил амждаггүй ээ. Өнөөдөр чамд нэг юм хэлэх гээд гэж хэлэх нь нэг л хөндий сонсогдоно. Гэхдээ тэр цаанаа л баяртай, жаргалтай байх нь мэдрэгдэнэ.
-За тэгвэл хэл л дээ гэхэд Болдоо инээмсэглэх аядавч цаанаа л гунигтай. Түүний харц нь хүртэл уйлж байх шиг.
-Эхлээд хоолоо захиалж идье гээд Болдоо хоолны цэсийг харж сууснаа урьдын л адил Уянгаагийн идэх зүйлийг захиалаад өөртөө хоол захиалж сүүлд нь Сарнайгаас ямар хоол идэхийг нь асуун захиаллаа. Хэн хэн нь юу ч ярилгүй чимээгүй хооллож дуусахад Сарнай тэсч ядан байх шиг байснаа
-Уянгаа, гээд үгээ дуусгаагүй байтал Болдоо үгийг нь тасалж
-Хайраа, намайг уучлаарай гэхэд нь Уянгаа бага зэрэг гайхавч
-Юунд тэр вээ? гэж хэлэхэд Болдоо
-Найзынхаа үгийг битгий таслаарай. Уянгаа чи ч мэдэж байгаа. Би чамдаа дэндүү их хайртай. Би хүүхэдтэй бол чамтайгаа насан туршдаа амьдрахыг хүсч байсан. гээд хэсэг чимээгүй сууснаа Гэхдээ бид хичнээн хичээгээд ч хүүхэдтэй болоогүй. Харин гээд дахиад л чимээгүй суулаа. Уянгаа юу ч юм гадарлах авч яг юу гээд оноогоод хэлчихэж чадахгүй хий дэмий л ямар нэгэн муу юм болох гээд байгаа мэдэрнэ.
-Сарнай бид хоёр хүүхэдтэй болчихжээ гэхэд нь Уянгын хувьд хорвоо цөмөрчих мэт санагдаж, түрүүхэн догдлон байсан сэтгэлийнх нь баяр хөөр хананы хар цаасанд уусан арилчих шиг санагдаж юу ч хэлэхээ мэдэхгүй хий л амаа ангалзуулна. Хэн хэн нь хэсэг чимээгүй суулаа. Уянга Болдоод гомдовч түүнийг бүрэн буруутгаж чадсангүй. Ганцхан өөрийгөө буруутгаж хэвлий дэх үр ээ энхрийлэх мэт гэдсээ илэн хэсэг сууснаа
-Нэгэнт та хоёр шийдчихээд л надад хэлсэн биз дээ. Тийм болохоор сайхан амьдраарай гэж хэлэхдээ Уянга яагаад ч юм их тайван байгаагаа мэдэрлээ. Түүний нүднээс нулимс ч урссангүй. Уянга ширээний голд 10 мянгатын дэвсгэрт гаргаж тавихад Сарнай
-Хэрэггүй дээ. Би төлчихье гээд түүний өөдөөс мөнгийг буцаан сарвайхад Уянга мөнгийг авалгүй чигээрээ гарч одлоо.
Уянга цонхоор харвал Болдоо хоёр гараараа толгойгоо барьчихсан харин Сарнай нурууг нь илбэн байхыг харж түрүүхэн л ширгэчихсэн мэт байсан нулимс хацрыг нь чийглэсээр урслаа.
"Ээжээ би өнөөдөр онц авсан" гээд хөөрөн инээмсэглэх хүүгээ хөтөлсөөр явсан Уянга хүүгийнхээ сургуулийн гадаа Болдтой таарна гэж бодсонгүй.
Хэн хэнээ хараад хөшсөн мэт хөдөлгөөнгүй хэсэг зогсоод зөрөх гэтэл Болд түүний гараас атгаад
-Уянгаа, гэж аяархан шивнээд
-Сайн уу гэхэд бүсгүй
-Сайн. Чи сайн уу гээд хэрэндээ л тайван дуугарахыг хичээлээ. Элдвийг ярин өнгөрүүлсэн 7 жилийн амьдарлаа ярилцаад Болд явах болж хүүгээ үнсээд гарч одлоо. Харин Уянга цонхоор ширтсээр нулимсаа арчин хоцорлоо.
-Ааваа, гээд гүйн гарч ирсэн Болдбаяр хүү түүний гарнаас аяархан атгаад нулимс цийлэгнэсэн нүдээр тортой зүйлийг өгөөд "Ээж танийг бээлийгээ хаячихаад даарч яваа биз гээд жил болгон бээлий авдаг юм. Та энийг аваад яв" гээд цааш эргэн алхахад Болд зангирсан хоолойгоо чичрүүлэн байж "Миний хүү" гэж дуудахад хүү нулимсаа арчин эргэж хараад
-Та яагаад бидэнтэй цуг байж болоогүй юм бэ. Ээж шөнө болгон л уйлдаг. Би ээжийгээ уйлахыг харах дургүй. Та ээжтэй хамт байж болдоггүй юм уу. Миний ангийн Батаагийн ээж аав муудалцсан ч гэсэн дандаа л хамт байдаг. Та хоёр муудалцсан байсан ч хамаагүй хамтдаа байж болдоггүй юм уу. гээд цурхиран уйлсаар бор хаалгаар гүйн орлоо.
Хамт байж болдоггүй юм уу гэсэн үгс Болдын чихэнд цуурайтаж харин болохгүй гэдгийг нь сануулж "Сарнай" гэсэн дуудлага утсанд нь ирлээ.
Ж.Эрхэмцэцэг
www.URLAG.mn