Монголын рок попын түүхэнд төдийгүй дэлхийн рок хөгжмийн түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар яваа хамтлаг бол “Хурд” гэдэгтэй уншигч бүр санал нийлэх биз ээ. Энэ жил 20-н жилийн ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонин содон гэнэтийн бэлгүүдийг дэлгэж буй тэдний тоглолт үзэгч фенүүдээ эрч хүчээр цэнэглэсэн юм.
Сэтгэл зүрхэнд эгшиглэсэн тэр л сайхан аялгуут дуугаараа үзэгч сонсогчидтойгоо дахин уулзсан “Хурд”-ын тоглолт бахархах зүйлээр дүүрэн байлаа. Хайр итгэл, харуусал гуниг, нууцхан үнэнийг дуугаараа илэрхийлсэн энэ үдэш Монгол түмний минь эх орноо гэсэн омогшил, ижий аавыгаа энэрэх хайр элбэрэл, элэг нэгт ахан дүүстээ туслах халуун сэтгэл жинхэнэ утгаараа мэдрэгдсэн сайхан үдэш боллоо.
Хорин жилийн турш уран бүтээлээ тасралтгүй туурвисан тэдний хувьд дэлхийд алдартай хамтлаг дуучдын туршлагаас судлан сонсогч фэнүүддээ өөрсдийн гэх дурсгалын зүйлсээр сюрприз барихаар шийдсэн.Тиймээс хамтлагийнхаа билэг тэмдэг бүхий хүзүүний зүүлт, бугуйвчаас эхлээд малгай, пудболка, гитар, бөмбөрийн цохивороос гадна баримтат кино, ном, зурагт хуанли гаргажээ. Хамгийн гайхалтай нь, эх орондоо төдийгүй Азийн хамтлаг дуучдаас анхлан “Алтан пянз” хэвлүүлж, өнгөрсөн хугацаанд гаргасан хит бүтээлүүдээсээ шигшин байж найман дуугаа багтаажээ. “Алтан пянз”-аа дээжлэн АНУ-ын Лос-Анжелос хотын “Gitar center”-т залсандаа ихэд баяртай яваа “Хурд”-ынхан ийнхүү хүмүүнлэгийн үйлст хувь нэмрээ оруулахаар зэхсэн гэнэ.
Энэ ч утгаараа, тоглолтын тайзнаа 99 мянган төгрөгөөс эхэлж дуудсан “Алтан пянз”-ны үнэ таван саяд хүрсэн бөгөөд тус хамтлагийн гоцлол дуучин Цогоогийн багын найз гэх нэгэн залуу түүнийг худалдаж авчээ. “Никитон”-ы Цогоо, “Хурд”-ын Цогоо бид гурав багаасаа эхэлж үерхсэн андууд. Энэ хоёр маань урлагийн салбарт, би барилгын салбарт хувь нэмрээ оруулж яваадаа ихэд бахархдаг. Тиймээс найзынхаа уран бүтээлийг үргэлж дэмжиж явдаг дотны анд, бас хамтлагийнх нь үнэнч фэн гэдэг утгаараа би “Алтан пянз”-ыг нь авч байна. Бас найз Цогоодоо өөрийн зүгээс бэлэг болгож арван сая төгрөг өгье” хэмээн зарласан мөнөөх залууг үзэгчид өргөх нь холгүй тойрон хүрээлж, танхим дүүрэн алга ташилтаар мялаасан юм. Мөн хамтлагийн ахлагч Б.Ганбаяр өнөөг хүртэл уран бүтээлийг нь дэмжиж туслан, өөрийн чадах бүхий л зүйлээр сэтгэл гарган ханддаг тухай онцлон “Алтан пянз”-аа гардуулах гэж зарласан хүн нь “MCS” группын захирал Х.Од байлаа. Тэрбээр уран бүтээлч анд нарынхаа бэлгийг зүгээр ч нэг аваад зогссонгүй, сэтгэгдлээ хуваалцан “Алтан пянз” өнөөдөр таван сая төгрөгийн үнэд хүрсэн болохоор би ч гэсэн энэ хүмүүнлэгийн үйлст зориулан өөрийн хувь нэмрийг оруулмаар байна. Энэ мөнгийг дээрхи хоёр эмнэлэгт хандивлаарай” хэмээн таван сая төгрөг өгөхөөр болсон юм.Хорин жил уран бүтээлээ туурвиж, сонсогч фэнүүдтэйгээ хамт байсаар ирсэн хурдтай, бас хүчтэй “Хурд”-ынхандаа баярлалаа.
www.URLAG.mn